Б.Лагшми: Эдийн засгийн хүндрэл 2016 он хүртэл үргэлжилнэ

Автор | Zindaa.mn
2014 оны 11 сарын 06

Доллар 2500 хүрнэ гэсэн төлөв ажиглагдаж байна

Манай улсын эдийн засаг 2013 оноос хүндэрсээр өнөөдөр гадны хөрөнгө оруулалт буурч, ажилгүйдэл нэмэгдэж, ноён ногоон өндрөө авсаар байна. Эдийн засаг чухам ямар шалтгаанаар хүндэрч, мөнгөний ханш үнэгүйдэж байгаа болон эдийн засгийн энэ хүндрэл хэдий хугацаагаар үргэлжлэх талаар Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвийн захирал Б.Лагшмитай ярилцлаа.

-Эдийн засаг хүнд байгаа талаар өнгөрсөн хавраас хойш яригдлаа. Яг одоо байдал ямар байна вэ?

-Эдийн засгийн өнөөгийн байдал нэн тааламжгүй байна.

Нэг жилийн хугацаанд төгрөгийн ханш 40 хувь суларч, инфляци 13.7 хувьд хүрээд байна. Өөрөөр хэлбэл, валютын ханш 30 хувиар хэлбэлзэнэ гэдэг төр засагт өгч буй том дохио.
Жилийн дотор ханш ингэж  хөдөлнө гэдэг хэрэгжүүлж буй бодлого буруу байгааг илэрхийлж байна гэсэн үг.

 

-Эдийн засаг хүндрэхэд юу нөлөөлсөн бэ?

-Эдийн засаг хүндрэхэд олон хүчин зүйл нөлөөлсөн. Нэгдүгээрт эдийн засаг өсөлттэй, экспорт сайн байх үед Засгийн газар хуримтлал үүсгэж түүнийгээ тусгай санд байршуулах ёстой байсан. Хүндрэлтэй үед хэрэглэх сангуудыг үүсгэх хэрэгтэй байсан боловч өмнөх Засгийн газрууд орж ирж байсан бэлэн мөнгөнүүдийг янз бүрийн нэрийдлээр тараагаад дуусгасан. Энэ нь тухайн үеийн улс төрийн үйл ажиллагаа болоод л өнгөрсөн. Төрсөн хүүхдэд нэг зуун мянган төгрөг, гэр бүл боллоо  500 мянган, 2008 онд сонгууль өгсөн гэж 1.5 сая төгрөг гээд асар их бэлэн мөнгө тараасан. Нэг үгээр хэлбэл, эдийн засаг хүндэрсэн үед хэрэглэх мөнгөн хуримтлал үүсгэж чадаагүй. Ер нь бол эдийн засгийн хүндрэл 2013 оноос нүүрлэхээр байсан. Харин засгийн газар олон улсын хөрөнгийн зах зээлээс Чингис бонд, Самуурай бондыг босгож ирснээр эдийн засгийн хямралыг тодорхой хэмжээгээр хойшлуулсан гэж хэлж болно. 2012 он хүртэл дэлхийн эдийн засагт Хятадын эдийн засаг гол нөлөөг үзүүлж байсан. Ялангуяа уул уурхайн бүтээгдэхүүний эрэлт өндөр байсан. 2012 онд Хятадын Коммунист намын дарга солигдох болсонтой холбоотойгоор эдийн засаг хүндэрч болзошгүй гэсэн болгоомжлол дэлхий дахинд байсан. Ямар хүн гарах бол, ямар бодлого баримтлах бол гэсэн хүлээлт үүсээд байсан юм. Манай улсын эдийн засгийн гол хөдөлгүүр бол уул уурхайн салбар, Хятад экспортын 90 орчим хувийг авч байсан учраас шинэ удирдагчийн баримтлах бодлого манай эдийн засагт хүчтэй нөлөөлөх байсан юм. Манай улсын 2012 оны гуравдугаар улирлаас уул уурхайн бүтээгдэхүүний экспорт аажмаар буурсан. Энэ нь эдийн засаг хүндрэх анхны урдчилсан дохио болсон гэж хэлж болно.Манай Улсын эдийн засгийн гол хөдөлгүүр  болсон уул уурхайн салбарын бүтээгдэхүүний экспорт буурч байх үед ямар шалтгаанаар буурав, 2013 онд ямар байх төлөвтэй байхыг нарийн харж, зөв бодлого хэрэгжүүлэх зайлшгүй шаардлагатай байсан боловч тэгэж чадаагүй.  

-Гадаадаас босгосон эдгээр бондууд өр. Харин энэ өр манай эдийн засагт эерэг нөлөө үзүүлсэн гэсэн үг үү. Төсвийн мөнгө хүрэлцэхээ байсан энэ тохиолдолд зээлийн хүү харин ч дарамт учруулах юм биш үү?

-Эдийн засагт эерэгээр нөлөөлсөн гэсэн үг биш. Нэг үгээр хэлбэл, эдийн засагт тодорхой хэмжээний мөнгө ороод ирсэн үед Засгийн газар ажил хийх боломжтой болж байгаа юм. Өнгөрсөн жил Засгийн газраас үнэ тогтворжуулах хөтөлбөрийг хэрэгжүүлж нефть, жижиг дунд үйлдвэрлэл, барилгын компаниудад мөнгө тараасан. Энэ нь эдийн засгийн хямралыг хиймлээр барьж, нэг жилээр хойшлуулсан гэсэн үг юм. Мөн найман хувийн зээл олгож эхэлснээр банкуудыг хямрахаас аварсан. Нөгөө талаасаа бондоос босгосон мөнгийг маш их хэмжээгээр эдийн засагт оруулснаар төгрөгийг үнэгүйдэхэд хүргэсэн. Энэ жил эдийн засаг нэлээд хүнд байдалд байна. Уул уурхайн салбар бараг зогсонги байдалд орчихсон. Энэ жил уул уурхайн салбар ямар ч үр дүнгүй байсаар

Засгийн газраас үнэ тогтворжуулах хөтөлбөрийг хэрэгжүүлж нефть, жижиг дунд үйлдвэрлэл, барилгын компаниудад мөнгө тараасан. Энэ нь эдийн засгийн хямралыг хиймлээр барьж, нэг жилээр хойшлуулсан гэсэн үг юм

сизоноо алдчихлаа. Тиймээс энэ өвөл эдийн засаг их хүндэрнэ. Ирэх жил бүр илүү хүнд байдалд орно гэсэн төлөв ажиглагдаж байна. Бондын мөнгийг 2017 онд төлж дуусахаар байгаа боловч хүү нь өгсөөр байна. Энэ нь хүндэрсэн эдийн засагт дарамт болох нь мэдээж.

 -Энэ жил гадаадын хөрөнгө оруулалт хэдэн хувиар буурсан бэ. Энэ нь манай эдийн засагт ямар сөрөг нөлөө үзүүлсэн бол?

-Энэ жил гадаадын хөрөнгө оруулалт 60-70 хувиар буурсан. Гадаад хөрөнгө оруулалтыг дагаад валют орж ирнэ. Манайх шиг импортоос хараат эдийн засагтай оронд гаднаас валют орж ирж ханш тогтворжуулж байсан. Гадаад хөрөнгө оруулалт буурчихаар Монголбанканд байгаа валютын нөөцийг гаргасаар, нөөцгүй болох дөхөөд байна. Төв банк валютын нөөцгүй, гадаад хөрөнгө оруулалт орж ирэхгүй болохоор ханшийн өсөлтөд ямар ч хамгаалалтгүй байна гэсэн үг л дээ. Ялангуяа энэ өвөл, дараа жил маш их хүндрэлтэй байх төлөвтэй байна.

-Намууд эдийн засгийн хүндрэлтэй байдлыг улс төржүүлээд байгаа. АН засгийн эрхийг авснаар биднийг элгээр нь мөлхүүлж байна гэж ярьж байна. Энэ байдал одоогийн Засгийн газрын буруу бодлогоос үүссэн гэж үү?

-Эдийн засгийн хямрал ганц, хоёр жил буруу бодлого явуулснаас болж үүсдэг зүйл биш. Дээр хэлсэнчлэн манай улс эдийн засаг сайн байх үед тухайн үед эрх байрьж байсан нам нь хуримтлал үүсгэх шаардлагатай байсан. Эдийн засгийн хямрал МАН, АН-ын аль алиных нь буруу бодлогоос үүссэн. 2005, 2006 оноос эхлээд маш их бэлэн мөнгө иргэдэд тараасан нь хүндрэл үүсгэх нэг шалтгаан болсон. Энэ үед МАН эрх барьж байсныг хүмүүс санаж байгаа болов уу. Харин 2012 оноос үүсч эхэлсэн эдийн засгийн нөхцөл байдлыг урдчилан хараад зөв бодлого явуулаагүй одоогийн засгийн эрхийг барьж байгаа АН-ын буруу. Тэгэхээр засгийн эрхийг барьж байсан бүхий л намын буруу шүү дээ. Тэгэхээр одоо миний харж байгаагаар засгийн эрхэнд байгаа эдгээр нам хамтраад эдийн засгийн хүндрэлийг давах, зөв бодлого явуулж, үр дүнтэй ажил хийх хэрэгтэй. Хамтраад улс орныхоо эрх ашгийн төлөө ажиллах ёстой. Түүнээс тус тусдаа ямар ч үр дүнгүй хөтөлбөр хэрэгжүүлээд, хувь хувийнхаа амбицыг хөөгөөд байвал ард иргэд, улс орон хохироод үлдэнэ.

-Шинэчлэлийн Зыасгийн газар эдийн засгийг 100 хоногийн дотор эрчимжүүлнэ хэмээн “Эзэн 100” хөтөлбөрийг хэрэгжүүлсэн. Эдийн засаг хүндхэн болсон ийм үед 100 хоногийн дотор эрчимжүүлэх боломж үнэхээр байсан гэж үү?

-Хүндэрсэн эдийн засгийг 100 хоногийн дотор эрчимжүүлэх ямар ч боломжгүй. Бодлогын ажлуудыг хэрэгжүүлж эхэлсэн ч үр дүн гарахад тодорхой хугацаа шаардлагатай байдаг. Гэхдээ огт үр дүнгүй ажил болсон гэж хэлж болохгүй. Тодорхой хэмжээгээр эдийн засгийн хямарлыг хэрхэн давах талаар ярилцаж, бага ч гэсэн шийдэл олсон гэж бодож байна.

Гадаад хөрөнгө оруулалт буурчихаар Монголбанканд байгаа валютын нөөцийг гаргасаар, нөөцгүй болох дөхөөд байна.

-Эдийн засгийн хүндрэл хэдийн хугацаанд үргэлжлэх төлөвтэй байна вэ?

-Эдийн засгийн хүндрэлтэй байдал 2016 он хүртэл сайжрахгүй гэж харж байгаа. Нэгдүгээрт эдийн засаг өсөлттэй байх үед бид хуримтлал үүсгэж чадаагүй, хоёрдугаарт хямралтай байна гэдэг үүднээс маш зөв бодлого явуулах байсныг мөн л чадаагүй. Дэлхийн уул уурхайн бүтээгдэхүүний үнэ одоогийн прогнозоор 2016 оноос үнэ нь өсч эхлэхээр байна. Тэр болтол манай уул уурхайн экспорт бараг байхгүй гэсэн үг шүү дээ. Манай уул уурхайн салбар хамгийн их гадаад хөрөнгө оруулалт татаж байсан салбар. Үүнийг дагаад гадаадын хөрөнгө оруулагчид ихээр ирж, бусад салбарт ч эерэг нөлөө үзүүлж байсан нь эргээд хумигдаж эхэлсэн. “Оюу толгой”-н асуудлыг шийдсэн гэж байгаа боловч урд өмнөх шигээ эдийн засагт эерэгээр нөлөөлөхгүй.

-БНХАУ-ын удирдагч Си Зиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин нарын айлчлалын үеэр валютын ханш бага зэрэг буурсан. Гэтэл дахиад л өсч эхэллээ. Валютын ханш юунаас болж өсч байна вэ?

-Валютын ханш  эрэлт, нийлүүлэлтээр зохицуулагддаг.  Энэ ч утгаараа  том гүрнүүдийн удирдагч нартай хийсэн гэрээ, хэлэлцээрийн үр дүнд бага зэргийн валют орж ирсэн нь ханшийг богино хугацаанд буулгаж чадсан. Валютын ханшийн өсөлт эргээд л нөгөө гадаад хөрөнгө оруулалт буурсан, дотоодын валютын хэрэгцээ өндөр байгаатай холбоотой.

-Төсөвт ам.долларыг 1380-д барина гэж тусгасан. Гэтэл өнөөдөр 1800 хол аваад явчихлаа. Цаашдаа валютын ханш буурах болов уу?

- Цаашдаа валютын ханш өсөөд л явна. Одоогийн таамгаар 2500 хүрнэ гэж харж байна. Яагаад гэхээр манай улс эдийн засгийн хямралын эсрэг ямар нэгэн арга хэмжээ авах боломжгүй, хүчгүй байна. Төв банкны валютын нөөц бараг дууссан. Тэгэхээр валютын үнэ цаашдаа буурахгүй нь ойлгомжтой. Манайх үйлдвэрлэгч орон биш, бүх зүйлээ гадаадаас худалж авдаг учраас валютын эрэлт өндөр байгаад байгаа юм. Жишээ нь бид хятад руу явахдаа эндээс юань аваад бараа бүтээгдэхүүн авчирч борлуулж байна. Үүнээс болоод валютын хэрэгцээ их байна гэсэн үг. Хэрвээ бид үйлдвэрлэгч орон байсан бол төгрөгийн сулрал эсрэгээрээ бидэнд ашигтай байх байсан.

-Эдийн засгийн хүнд байдал ямар салбарт илүү нөлөөлж байгаа бол?

-Эдийн засгийн хүндрэл уул уурхайн салбарт хамгийн хүндээр туссан. Уул уурхайгаасаа хамаараад бүх салбаруудад нөлөөлж байна. Манай улсын хамгийн их гадаад хөрөнгө оруулалт татдаг, биднийг чирч байсан салбар нь хүндрээд ирэхээр бүх л салбар хүнд байна. Уул уурхайн салбарыг дагаад хүмүүс орлоготой болно. Хүмүүс нь орлоготой байвал дэлгүүрийн бараа, орон сууц, машин их борлогдож зах зээл идэвхтэй, эдийн засагт их мөнгө эргэлдэх боломжтой. Харин эдийн засаг хүндрээд ирэхээр ажилгүй хүмүүс нэмэгдэнэ. Ажилгүй, орлогогүй хүмүүс худалдан авалт хийхгүй, дээр нь зээлээ төлж чадахгүй бол буцаад банкны салбар хүндэрч эхэлнэ. Нэг үгээр хэлбэл, эргэх холбоогоор бүх салбар хүнд байдалтай байна.

-Эдийн засгаа сайжруулахын тулд юу хийх шаардлагатай вэ?

-Бид зардлаа хасч, хэмнэлт хийх шаардлагатай. Хавтгайрсан халамжийн бодлогоо эргэн нэг харах нь зүйтэй болов уу. Одоо бараг яам бүрийн сайдын  халаасанд нэг сан бий. Эдгээрийг цомхтгоод, жижигрүүлээд, яг хэрэгцээтэй хүмүүст нь халамжаа өгөх хэрэгтэй байгаа юм. Мөн яам тус бүр дотроо өөрсдөө бүтцээ өөрчлөөд, шаардлагатай хүмүүсээ авч үлдээд бусдыг нь цомхтгох нь зүйтэй гэж харж байна.

-Тэгэхээр ажилгүйдэл нэмэгдэж, байдал бүр хүндрэх юм биш үү?

-Цаашдаа хүссэн хүсээгүй ажилгүйдэл нэмэгдэнэ. Яагаад гэхээр Монголбанк энэ оны долдугаар сарын 31-нээс мөнгөний бодлогоо чангатгаж, бодлогын хүүгээ нэмсэн. Энэ нь эдийн засагт хүндээр тусна. Эдийн засгаа тэлэх бус хумих бодлого болж эхэлнэ. Эдийн засгаа хумих бодлого явуулаад эхлэхээр банкуудын иргэдэд өгөх зээл нь багасна. Тэгэхээр хүмүүсийн бизнесүүд нь дампуурах, ажилгүйдэл нэмэгдэх үзэгдэл багагүй гарна. Тиймээс ажлын байр нэмэгдүүлэхийн тулд тодорхой салбараа дэмжих бодлого баримтлах нь зүйтэй. Ганц, хоёр салбараа тодорхойлоод тэдний хүний нөөцийг бэхжүүлвэл илүү үр дүнтэй байна.

 Л.Одончимэг

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top