“Тодотголтой” төсвийн эргэн тойронд

Автор | Zindaa.mn
2014 оны 11 сарын 17

Сандал  ширээний  хэрүүлийн салхин дор хийсэх шахан байсан 2015 оны улсын төсвийн хэлэлцүүлэг  дуусч хуулийн хугацаандаа буюу арваннэгдүгээр сарын 15-нд батлагдлаа. Энэ хугацаанд эс багтваас УИХ тарах хүртэл хариуцлагатай учраас дараа дахин тодотголтой төсөв байж таарах байх. Учир нь энэ төсөв Засгийн газаргүй, Сангийн сайдгүй ийм  нөхцөл байдал дунд батлагдаж байгаа болохоор тэр. Урьд өмнө нь ийн  Засаг огцорсон үед улсын төсөв хэлэлцэгдэж “эзгүйчилж”  батлагдаж байсан удаа үгүй. Төсөв дөнгөж батлагдсаны дараа УИХ дахь АН-ын бүлгийн ахлагч Д.Эрдэнэбат энэ төсөвт дахин тодотгол зайлшгүй хийх шаардлагатай гэж мэдэгдэж байснаас харахад бушуу туулай борвиндоо баастай гэдгийг сануулсан хэрэг байв. “Шударга ёс” эвслийн бүлгийн дарга Н.Батцэрэг “Тодотгол хийх хүлээлттэйгээр баталлаа” гэдгийг ч бас онцолсон.

Урьд өмнө нь ийн Засаг огцорсон үед улсын төсөв хэлэлцэгдэж “эзгүйчилж” батлагдаж байсан удаа үгүй.

Ирэх оны төсвийг бүхэлд нь харвал төсөвт  төвлөрүүлэх тэнцвэржүүлсэн орлого 4.7 их наяд, төсвийн зарлагын хэмжээг 5.6 их наяд төгрөг байхаар баталсан. УИХ-ын Төсвийн байнгын хорооны даргын онцолж буйгаар бол төсвийн алдагдал 439.2 тэрбум төгрөг буюу хязгаараас 0.2 хувиар сайжирч батлагдсан гэж байна.

Монгол Улсын төсвийн хөрөнгөөр 2015 оны төсвийн жилд санхүүжүүлэх хөрөнгө оруулалт, тоног төхөөрөмж, их засварын зардлын хэмжээг 627,658.3 сая төгрөгөөр баталсан. Үүнийг өмнөх жилийнхтэй харьцуулбал нэлээдгүй даруухан үзүүлэлт юм. Эдийн засгийн нөхцөл байдлаас шалтгаалж шинээр хөрөнгө оруулалт тэр бүр хийгдэхгүй гэдгийг албаныхан хэлж байгаа.

Улсын төсвийн хэмжээ сүүлийн 10 жилд 10 дахин өссөн гэх мэдээ бий. Энэ бол эдийн засгийн чадавхи энэ хэрээр нэмэгдсэн гэсэн үг. Харин энэ жилийн тухайд гэвэл 2015 оны төсвийг харьцангуй хэмнэлттэйгээр баталсан хэмээн эрх бүхий хүмүүс тодотгож байна. Тухайлбал, урсгал зардлыг 118.8 тэрбум төгрөгөөр хассан.  Урсгал зардлыг урьд өмнө ингэж 100 гаруй тэрбум төгрөгөөр бууруулж байсан нь үгүй гэнэ. Энэ хүрээнд төрийн албаны 1000 шахам  орон тоог цомхотгож байгаа бөгөөд төрийн байгууллагын бараа, ажил үйлчилгээний зардал ч мөн хэмжээгээр хэмнэгдэнэ. УИХ-ын дарга З.Энхболд онцын шаардлаггүй агентлаг, байгууллагыг цаашид ч цөөлнө гэсэн нь төрийн байгууллагын данхар бүтэц  цомхон болох болов уу гэсэн итгэл найдварыг авчирч байгаа юм. Тухайлбал, энэ хүрээнд олон орлогч, орон тооны зөвлөхүүдийн суудал холбирох магадлалтай болж байна. 2015 оны төсвөөс иргэдэд хоногшиж буй хамгийн сайн дохио гэвэл энэ байж мэднэ.

Өөр нэг онцлох зүйл гэвэл энэ жилийн төсөв уул уурхайн баялгийн үнэ ханш, эрэлт нийлүүлэлт өндөр байсан өмнөх жилүүдийн өөдрөг төсөөллөөс ангижирч өнөөгийн бодит нөхцөл байдал, хөрсөн дээрээ буусан  даруухан төсөв болох шиг боллоо. Монголын эдийн засаг бүхэлдээ уул уурхайгаас хамааралтай, үүнийгээ бид “Доголон” хэмээн гоочилдог. Шинжээчдийн таамаглаж байгаагаар дэлхийн зах зээл дээр ойрын үед уул уурхайн бүтээгдэхүүний үнэ өсөх магадлал тун бага байгаа. Энэ нь  Монгол Улс  төсвийн орлогоо бүрдүүлэхэд тэр чинээгээр таагүй нөлөө үзүүлнэ.  

АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат “Төсвийн орлого энд баталсан шигээ бүрдэх баталгаа алга” гэдгийг хэдэнтээ сануулсан.  Энэ жилийн нөхцөл байдлаас харвал төсвийн орлогын бүрдэлт л үнэхээр асуудал дагуулна. Эдийн засгийн нөхцөл байдал ирэх жил иймэрхүү янзаар үргэлжилбэл орлогын үүд хаалга цэлийтэл нээгдэнэ гэдэг юу л бол.

2015 оны төсвийн хуулиар  төсвийн алдагдлыг санхүүжүүлэх эх үүсвэрийг шинээр гаргах болон дахин санхүүжүүлэх Засгийн газрын он дамжих үнэт цаас 1.8 их наяд төгрөг хүртэл, Засгийн газрын шинээр авах гадаад төслийн зээлийг  277.4 тэрбум төгрөг байхаар тогтсон. Орлого бүрдэлтэд нөлөөлөх өөр нэг боломж бол  “Чингис”, “Самурай” бондын хөрөнгө. Гэхдээ эдгээрийг төсөвт  тусгах эсэх  нь одоогоор тодорхойгүй хэвээр байгаа. Үүнийг Өрийн удирдлагын хууль гарсны дараа шийдэх бололтой.

Ирэх жилийн төсвийг хэдийгээр ард түмний нуруун дээр ачаа үүрүүлсэн төсөв гэж байгаа ч эрүүл мэнд, боловсролын салбарын тухайд бол хасч танагдсан зүйл үгүй гэж  хууль тогтоогчид тодотгож буй. Тухайлбал  ирэх жил  шинээр 141  сургууль, цэцэрлэг,  эмнэлэг, дотуур байр ашиглалтад орно. Түүнчлэн цалин тэтгэврийг 500 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэх юм. Мөн ирэх жил хүүхдийн мөнгийг хэвээр үргэлжлүүлэн олгоно.

 П.Ядам

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Tango(202.70.46.199) 2014 оны 11 сарын 17

Eruul bat orshig vnen boltugai deegvvre byaluuga hubaahgv l bl

0  |  0
Top