ОХУ, Монголын иргэд харилцан визгүй зорчдог боллоо. Энэ журам хэрэгжиж эхэлсэн эхний өдөр хоёр талаас 300-500 гаруй иргэд харилцан зорчсон гэнэ. Иргэд харилцан визгүй зорчиж байгааг ОХУ-ын Ерөнхийлөгчийн туслах Юрий Ушаков “Энэ явдал хоёр орны харилцаа хамтын ажиллагаа, ажил хэрэг, соёл, аялал жуулчлалын хөгжилд томоохон түлхэц болж байна” хэмээн онцолжээ. Үүнтэй зэрэгцэн ОХУ-ын Засгийн газар Монгол Улсад худалдааны төлөөлөгчийн газраа байгуулах болсноо мэдэгдээд байна. Монголтой зэрэгцэн ӨАБНУ, Сингапур, Венесуэл, Нигери болон Арабын Нэгдсэн Эмирт Улсад төлөөлөгчийн газар нээх саналыг ОХУ-ын Ерөнхий сайд Дмитрий Медведев Эдийн засгийн хөгжлийн яамандаа хүргүүлсэн гэнэ. Эдийн засаг нь эрчимтэй хөгжиж буй бүс нутаг руу анхаарлаа хандуулж байгаагаа ОХУ-ын Эдийн засгийн хөгжлийн сайд Алексей Улюкаев дурджээ.
Энэ бүхнээс анзаарвал Монгол Москвагийн анхааралд чамгүй өртөж байгаа бололтой юм. Монгол ч гэлтгүй “Ах” нар Азид ач холбогдол өгч байгааг анзаарахад төвөгтэй биш. Тэд байгуулагдаад бараг хагас зууныг үзэж байгаа АСЕАН-ы /Зүүн Өмнөд Азийн бүс нутгийн хамтын ажиллагааны нийгэмлэг -ийн / орнуудтай худалдаа эдийн засгийн харилцаагаа хөгжүүлэхээр төлөвлөж байгаагаа нэг бус удаа мэдэгдсэн билээ. АСЕАН-ы орнуудын ДНБ-ий хэмжээ эдүгээ 3.5 триллион доллараар хэмжигдэж байгаа бөгөөд 10 гаруй орны 600 сая хүн ам энд хамрагддаг. 2015 он гэхэд АСЕАН Европын холбоо маягийн нэгдмэл зах зээл болохоор зорьж буй.
ОХУ ийнхүү Ази руу анхаарал хандуулж эхэлсэн нь санамсаргүй хэрэг биш. Тус улсын Эдийн засгийн хөгжлийн дэд сайд Алексей Лихачев “Бид Украйны хэрэг явдал болон Европын холбооны хориг арга хэмжээнээс хамаарч хөрөнгө оруулалт, бараа эргэлтийн хэмжээгээ бууруулмааргүй байна” хэмээн мэдэгдсэн бөгөөд ОХУ-ын хувьд эдүгээ гадаад худалдааны 40 гаруй шууд хэлэлцээр байгуулж Турк, Тажикстан, Узбекстан, Казакстан, Киргиз, Вьетнам зэрэг урьдын түншүүдээсээ 140 мянган тонн хүнсний бүтээгдэхүүн худалдан авах гэрээг хэрэгжүүлж эхлээд байгаа юм. Түүнчлэн 250 мянган тонн мах, махан бүтээгдэхүүн, жимс жимсгэнэ худалдан авах 68 гэрээ хэлцэлд гарын үсэг зурахаар зэхэж байгаа гэсэн мэдээлэл буй.
Харин манай улсын хувьд ОХУ руу 10 мянган тонн мах экспортлохоор яриа хэлцэл хийгдсэн ч саналаа өгсөн манай 12 компанийн хоёроос бусад нь ОХУ-ын мэргэжлийн хяналтын байгууллагын шаардлагыг хангаагүй. Харамсалтай нь энэ бол бидний алдаж буй боломж юм.
Хойт хөршийнхэн маань ийн Азид тэр дундаа Монголд анхаарлаа хандуулж буй энэ үед бид гар бариад бугуй барина гэгчээр олдож буй боломж, цаг үеийн давуу талыг “чулуу” болгох бодлого бэлтгэлтэй баймаар байна.
П.Булган
Сэтгэгдэл ( 5 )
тэртээ тэргүй хятадууд бүх боомтоор бараг шалгахгүй мах оруулдаг яг тооцох юм бол асар их мах гарч байгаа авна уу байна уу гуйх шаардлага байхгүй 100 хувь нугалан зарж байгаа шүү дээ
ah gesen baliar nyaluun ugee hezee bolih humuus ve?
Оросууд одоо Азид анхаарал хандуулахаас өөр аргагүй. Гэхдээ тэдэнд байгалийн баялаг, газрын тос, хий гээд бүх юм бий. Монголоос бол гуйгаад байх юмаар бага. Харин бидэнд мөнхийн хөршийн хуваарь сэтгэл гаргаж, анхаарч байгаа нь илүүтэй байх.
маш дутуу юм хийсэн байна. визтэй үед, оросуудын фис буюу гадаадын харъяатын алба нь монголчуудыг 1 хоног хоцроосон ч хамаагүйгээр, хар тамга буюу 3-5 жил оху-ын нутагт орох эрхийг нь ха*г. одоо визгүй зорчдог болсон ч визтэй үед хар тамга даруулсан иргэдийн оху-д зорчих эрх нь хаалттай хэвээрээ л байна. оросын дээрэнгүй үзэл гэж энэ мөн үү?
ах нар гэхээ боли. Олон жил биднийг дээрэлхэж газар нутгийг минь булаасан шар хятадууд. Авахаа болино биз. Бид дотооддоо хэрэглэнэ. Юун алдагдсан боломж...