Манай улсын санхүүгийн зах зээлд банк бус санхүүгийн байгууллагууд хүч түрэн орж ирж байгаа. Өнөөдрийн байдлаар Монголд 370 орчим банк бус санхүүгийн байгууллага үйл ажиллагаа явуулж байна. Тэдгээрийн 296 нь зээл олгох үйлчилгээ үзүүлдэг. Хуулиараа бол 10 төрлийн үйл ажиллагаа явуулах эрхтэй тус салбарынхан ихэвчлэн зээл олгох үйлчилгээ үзүүлж байгаа нь банкны зээл багассан, бичил бизнесийн зээл авах хүмүүсийн тоо нэмэгдсэнтэй холбоотой аж. Тухайлбал, 2013 онд 54 тусгай зөвшөөрөл авч байсан бол энэ онд хоёр дахин нэмэгдэж, 104 банк бус санхүүгийн байгууллага тусгай зөвшөөрөл авчээ.
Хэрэв банк бус санхүүгийн байгууллагын тоо өссөөр байвал зээлдэгч нар хэт өрийн дарамтад орж болзошгүйг Санхүүгийн зохицуулах хорооноос мэдэгдэж буй. Тиймээс 2002 онд батлагдсан Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуульд өөрчлөлт оруулан цаашид тусгай зөвшөөрлийн тоог цөөрүүлэх шаардлагатай байгаа аж. Нөгөөтэйгүүр нийтийн санхүүгийн боловсролыг дээшлүүлж, иргэдийн итгэлийг сэргээхгүйгээр энэ салбар хөгжихгүй гэдгийг анхаарууллаа.
Дашрамд дурьдахад манай улсын санхүүгийн зах зээлийн нийт хөрөнгийн 95 хувийг арилжааны банк, гурав орчим хувийг банк бус санхүүгийн байгууллага, үлдсэнийг нь бусад салбар бүрдүүлж байгаа юм.
А.Алтаа
Сэтгэгдэл ( 0 )