Энэ жил улсын хэмжээнд нийт 142.5 мянган малчин өрхийн 49.5 сая мал өвөлжинө хэмээн Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамнаас мэдээллээ. Сум, аймаг, дундын тусгай хэрэгцээний отрын бүс нутаг, хилийн зурвас болон улсын тусгай хамгаалалттай бүс нутагт нийт 17.9 мянган өрхийн 6.6 сая мал отроор өвөлжиж, хаваржих гэнэ. Малчид өвлийн бэлтгэлийн хүрээнд 1.2 сая тонн өвс, 22.7 мянган тонн сүрэл, 39.2 мянган тонн ногоон тэжээл, 29.6 мянган тонн үйлдвэрийн болон 37.4 мянган тонн гар тэжээл бэлтгэх төлөвлөгөөгөө 93.3 хувьтай биелүүлжээ.
Харин Засгийн газрын 241 дүгээр тогтоолоор аймаг, сумын аюулгүйн нөөц бүрдүүлэх даалгавраар 28.4 мянган тонн өвс, 4 мянган тонн тэжээл бэлтгэсэн нь дунджаар 66.2 хувьтай аж. Аймгууд өвс бэлтгэх төлөвлөгөөгөө сайн бүрдүүлсэн ч тэжээлийн нөөц хангалтгүй байгаа тул худалдан авахаар тогтжээ. Тухайлбал, Дорноговь аймгийн сумд 42.7 сая, Архангай аймгийн сумд 50 сая, Хөвсгөл аймгийн сум бүр 2-3 сая төгрөг эрсдэлийн сандаа байршуулсан байна.
А.Алтаа
Сэтгэгдэл ( 0 )