Монгол Улс түүхэндээ анх удаа Ерөнхий сайд, Сангийн сайдгүйгээр 2015 оны төсвийг баталсан. Үүгээрээ ирэх оны төсөв онцлогтой болсон гэж ярих хүн цөөнгүй байна. Гэхдээ үүнээс илүү төсөв батлагдаад нэг ч хоноогүй байхад Төсвийн байнгын хорооноос “ирэх оны төсөвт тодотгол хийнэ” гэж мэдэгдсэн нь ирэх оны төсвийн онцлог байхаар харагдана. Өөрөөр хэлбэл, хэр сайн тооцоололтой, үндэслэлтэй төсөв баталсан нь харагдсан юм. Төсөв боловсруулагчид буюу Сангийн яамны мэргэжилтнүүд ирэх оны төсөв бүсээ чангалсан, үндэслэл сайтай болсон гэж үзэж байгаа юм.
Үндэслэл сайтай тооцооллууд ирэх оны төсөвт бий. Жишээ нь, жил бүр 30 гаруй сая тонн гэж хэт өөдрөгөөр төсөөлдөг байсан коксжих нүүрсний экспортын хэмжээг 19 сая тонн болгон бууруулж тооцсон. Нүүрсний салбарынхан сэргэж, зах зээл илүү нээлттэй болбол энэ бол биелэх боломжтой л тооцоолол. Зэсийн баяжмалын экспортын хэмжээг 1.4 сая байхаар тооцсон. Үүний талаас илүү хувийг Оюутолгойн зэсийн баяжмалын экспорт эзэлнэ гэж тооцсон. Энэ оны эхний арваннэгэн сарын байдлаар манайх сая гаруй тонн зэсийн баяжмалыг экспортолсон. Тиймээс ирэх жил 1.4 саяыг нийлүүлэх боломжтой гэж үзсэн. Төгрөгтэй тэнцэх ам.долларын ханшийг 1750 төгрөг байхаар тооцсон зэрэг илүү бодит байдалтай уялдсан, биелэх боломжтой тооцооллууд байна. Гэхдээ энэ бол уул уурхайн салбараас олох нэг их наяд 700 тэрбум төгрөгийн орлогод хамаатай үзүүлэлтүүд. Үлдсэн таван их наяд гаруй төгрөгийг татварын орлогоос бүрдүүлнэ. Нийт зарлага нь 7.5 их наяд төгрөг. Хөрөнгө оруулалтад 800 гаруй тэрбум төгрөгийг хуваарилсан. Энэ тооцоолол нь хэр боломжтой бол гэдэг дээр эдийн засагчид шүүмжлэлтэй хандаж байгаа юм.
Хувилбар-1
Төсвийн орлогыг бууруулж 6.3 их наяд төгрөгт царцаах. Учир нь, ирэх онд татвараа нэмэхгүй л бол оны эцэст 7.1 их наяд төгрөгийн орлогыг төвлөрүүлж чадахгүй гэж үзэж байгаа юм. Зарим эдийн засагчийн хувьд энэ оны төсвийн орлогын гүйцэтгэлээр ирэх оны орлогыг төлөвлөх нь хамгийн зөв тооцоолол гэж үзэж байсан. Энэ оны эцэст 6.9 их наяд төгрөгийн орлогыг төвлөрүүлэхээр тооцсоноос 6.2 их наядыг л төвлөрүүлэхээр харагдаж байгаа. Эхний арваннэгэн сарын байдлаар төсвийн орлого 800 гаруй тэрбум төгрөгөөр тасалдсан. Ирэх онд эдийн засгийн байдал хүндхэн байх учраас 2014 оныхоос илүү хэмжээний орлогыг төлөвлөрүүлж чадахгүй гэж хэлж байсан. Ирэх оны орлого энэ оныхоос өсөлттэй гарах ямар ч боломж байхгүй гэж таамаг байгаа аж. Төсвийн орлогыг өсгөх хоёр л арга байдаг. Татварын хувь хэмжээг нэмэх, татвар хураалтыг нэмэгдүүлэх. Гэтэл татвар хураалт эцэсттээ тулсан гэж үзэж байгаа. Харин татвараа нэмэх арга нь эдийн засаг хүндхэн байгаа энэ үед хамгийн буруу шийдвэр гэж үзсэн байна. Татварын ачааллыг нэмбэл олон аж ахуйн нэгж дампуурч, олон хүн ажилгүй болно. Энэ жилээс эхлэн экспортыг дэмжих, импортыг орлох жижиг дунд үйлдвэр эрхлэгчдийн гаднаас худалдан авах тоног төхөөрөмжийг гаалийн татвар, нэмэгдсэн өртгийн албан татвараас хоёр жилийн хугацаатай бүрэн чөлөөлсөн. Мөн жилийн борлуулалтын орлого нь 1.5-5 тэрбум төгрөг хүртэлх аж ахуйн нэгжийн төлсөн татварийн 90 хувийг буцаан олгох хуулийн төслийг УИХ хэлэлцэж байгаа. Энэ жилдээ багтаан батлах магадлал өндөр байгаа. Өөрөөр хэлбэл, татварын ачааллыг багасгаж, зөөлрүүлэх бодлогыг хэрэгжүүлж байгаа хэрнээ өндрөөр төлөвлөсөн орлогоо хэрхэн бүрдүүлэх нь бүрхэг харагдаж байгаа юм. Тиймээс орлого танах хувилбарыг гаргажээ.
Хувилбар-2
Орлого, зарлагыг танах. Төсвөө алдагдалгүйгээр батална гэж эрхэм гишүүд жил бүр ярьдаг. Тэгвэл ирэх жилийн төсвийг алдагдалгүй төсөв байлгахын тулд орлогыг 842 тэрбумаар, зарлагыг 1.3 их наядаар танаж тодотгох шаардлагатай байгааг судлаачид тооцож гаргасан байна. Ирэх оны төсвийн төслийн зарлагыг Төсвийн байнгын хороон дээр танасан. Ингэхдээ урсгал зардлыг 119 тэрбум төгрөгөөр танаж 87 тэрбум төгрөгөөр хөрөнгө оруулалтыг нэмсэн. Энэхүү тодотголыг хийснээр ирэх оны төсвийг баталсан. Энэ нь эргээд мөнгөний бодлого макро эдийн засгийн тогтвортой байдалд сөргөөр нөлөөлнө.
Хувилбар-3
Орлогоо хэвээр үлдээж зарлагаа 10 хувиар танах. Өөрөөр хэлбэл, энэ оны хүлээгдэж буй гүйцэтгэл болох 6.5 их наяд төгрөгөөс зардлаа 10 хувиар бууруулж 5.9 их наяд төгрөг болговол улсын нэгдсэн төсөв 430 тэрбум төгрөгийн ашигтай гарна гэж тооцсон байна. 2008 онд манай улсын төсвийн орлого найман хувиар буурч байхад зардлаа зургаан хувиар танаж байсан. Гэхдээ тооцоог нь Олон улсын валютын сангаар хийлгэж, төсөв ашигтай гарч байсан түүх байдаг. Тэгэхээр зардлаа зоригтой танаж алдагдалгүй ажилла гэдэг саналыг гаргасан байна. Олсон орлогоосоо багыг зарцуулах зарчмаар ажилла гэсэн үг. Энэ нь Чингис бондын өрийн санхүүжилтийн 10 хувьтай тэнцэх хөрөнгө аж. Тодорхой хэмжээгээр хөрөнгө оруулалт багасч хувийн хэвшлийн салбар хүндхэн ажиллах ч бүгд хаалгаа барих хэмжээнд хүрэхгүй гэж үзэж байгаа юм байна. 2015 оны төсвийн тэлэлт амьдрал дээр биш цаасан дээр буух магадлал өндөр байгаа учраас дээрх хувилбаруудыг ашиглаж тодотгол хийх саналыг гаргасан байна.
Ирэх оны төсөв дээр эдийн засагчид ямар байр суурьтай байгааг сонирхсон юм.
Эдийн засагч, Монгол дээд сургуулийн захирал Н.Дашзэвэг:
Ирэх хавар төсөвт зайлшгүй тодотгол хийх шаардлагатай
-Ирэх оны төсвийг хэр болсон гэж дүгнэж байгаа вэ. Тодотгол хийх шаардлагатай гэж үзэж байна уу?
-Төсвөөр эдийн засгийн байдлаа хэрхэн шийдэх нь тодорхойгүй. Ард түмний амьдрал нь хэрхэн дээшлэх нь ойлгомжгүй. Өөрөөр хэлбэл, улсад орж ирсэн хэдэн төгрөгийг хувааж зарцуулах гэсэн үйл ажиллагаа л харагдаж байна. Яах вэ төсвийн байгууллагуудын цалин, тэтгэврийг нэмнэ гэж байгаа нь сайн хэрэг. Гэтэл хувийн хэвшлийнхний эрхэлж байгаа бизнес, орлого хэрхэн нэмэгдэх вэ гэдгийг төсвөөрөө шийдэж чадсангүй. Хувийн хэвшил чинь Монголын эдийн засгийг нуруун дээрээ үүрч байгаа шүү дээ. Төсвийн орлого, зарлагыг хэт өндөр тооцсон. Ойролцоогоор 500 тэрбумаас нэг их наяд төгрөгөөр орлого тасалдахаар харагдаж байгаа. Ерөнхий сайд, Сангийн сайд нь ч байхгүйгээр төсвөө баталсан учраас ирэх хавар зайлшгүй тодотгол хийнэ. Хийх ч шаардлага байгаа.
-Ирэх оны төсвийг 1.2-1.7 их наяд төгрөгөөр тодотгох шаардлага байгааг зарим хүн хэлж байгаа. Ийм хэмжээгээр тодотгох боломжтой юу. Энэ хэрээр бизнесийн салбар хумигдах юм биш үү?
-Ер нь орлогыг нэг их наядаар тодотгож л таарна. Ирэх хавартаа багтаж тодотгол хийвэл төсөв алдагдалгүй гарах боломжтой. Зарим нэг талаараа төсөв, мөнгөний бодлого уялдахгүй байна. Уг нь төсөв батлагдсаны дараа мөнгөний бодлогыг батлах ёстой байсан. Төсөв хэрхэн батлагдахаас шалтгаалж мөнгөний бодлогоо батлах байсан ч тэгсэнгүй. Төсвийн орлого, зарлага, алдагдлыг хэрхэн санхүүжүүлэхээ мөнгөний бодлогоор зохицуулах ёстой байсан. Тэр маш тодорхойгүй болсон. Мөнгөний бодлого нь ямар ч ашиггүй, өгөөжгүй болчихлоо.
Эдийн засагч Ж.Дэлгэрсайхан: Бодит байдлаа харж, зөв л тодотгол хийх нь чухал
-Ирэх оны төсвийг баталсан ч удахгүй тодотгол хийнэ гэдгийг Төсвийн байнгын хорооноос мэдэгдсэн. Та ирэх төсөв дээр ямар байр суурьтай байна вэ?
-Энэ жилийн төсвийг танасан, хэмнэсэн гээд байгаа хэрнээ төсвийн орлого, зарлага нь их хэмжээгээр тэлсэн. Гэтэл хөрөнгө оруулалтаа дорвитой тэлээгүй. Урсгал зардал дээр илүү анхаарч хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэх шаардлагатай байсан. Тиймээс ирэх оны төсвийг тодотгох шаардлагатай. Нэгд, Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүн ямар байх нь тодорхойгүй байхад төсвийг баталсан. Хоёрт, төсвийн орлогын төлөвлөлт бодитой биш. Хямралын байдалд байгаа, төсвөө танах ёстой гэж үзсэн бол төсвийг тэлэлттэй батлахгүй байсан. Энэ жилийн орлого нь тасалдалтай явж байхад ирэх жилийн орлогыг түүнээс өндрөөр төлөвлөсөн байгаа нь улстөрчдийн ярьж байгаа үг, хийж буй үйлдэл нь зөрүүтэй байна л гэсэн үг. Тиймээс орлогоо маш нарийн төлөвлөж, зардлаа дахин тодорхойлж тодотгол хийх ёстой. Орлогоо буруу төлөвлөж, түүндээ хөтлөгдөж хоосон зардал, төсөл хөтөлбөрийг автоматаар зоож байна шүү дээ. Засгийн газар нь өөрөө бизнес хийж, иргэд, аж ахуйн нэгж нь ашиггүй ажиллаж байна. Энэ нь эргээд ард түмний амьдралд сөргөөр нөлөөлж байна.
-Энэ онд орлогоо хэрхэн нэмэгдүүлэх боломжтой юм бол. Татварын орлогыг нэмэгдүүлэх боломж бараг л байхгүй байгаа шүү дээ?
-Төсвийн орлого дээр татварын зарим орлогыг 15 хувийн өсөлттэй байна гэж тусгасан байсан. Гэхдээ тийм өсөлт гарах боломж харагдахгүй байгаа. Мөн татвар нэмэгдүүлэх боломж ч байхгүй. Учир нь, хямралын үед төсвөө танаж чадахгүй байж аж ахуйн нэгж иргэдийн татварын өсөлтөөр орлогын цоорхойг нөхөх гэж байгаа нь буруу үйлдэл. Эдийн засгийн хүнд байдлыг улам л даамжруулах үйл ажиллагаа болно.
-Тэгэхээр бодит тооцооллоо хийж орлого, зарлагаа танахаас өөр аргагүй гэсэн үг үү?
-Бодит байдлаа л харах хэрэгтэй. Үнэхээр хүнд байгаа бол цалин, тэтгэврийг 500 тэрбумаар нэмж чадахгүйг ард түмэндээ хэл л дээ. Тодорхой төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлж чадахгүй гэдгийг ч мөн хэлэх хэрэгтэй. Ард иргэдэд хүлээлт үүсгээд байна шүү дээ. Тэгэхээр уул уурхайн орлого талаа түшиглэсэн бодитой тодорхойлсон тодотгол хийх хэрэгтэй.
Эдийг засагч Д.Батжаргал: Тодотгол хийх нэрээр хариуцлагагүй төсөв баталдагаа зогсоох хэрэгтэй
-Тодотгол хийх нэрийдлээр маш хариуцлага төсөв баталж байна. Тодотгол хийх маш буруу зүйл. Эдийн засаг цаашид хэрхэн өрнөхөө харж чадахгүй, судалгаагүй, популист төсөв хийж байна. Өөрөөр хэлбэл, хүмүүст таалагдах гэж төсөв баталдаг. Баталсан төсөв нь мөнгөний бодлоготойгоо уялддаггүй, инфляцыг хөөрөгддөг. Танасан, бүсээ чангалсан төсөв баталлаа гэсэн ч үнэндээ танаж чадаагүй. Уг нь хямралын үед төсөв мөнгөний тэлэлттэй бодлого барих нь зөв ч хамгийн гол нь алдагдалтай ажиллаж байгаа үед зарлагаа өндрөөр тооцсон нь инфляцыг хөөрөгддөг. Төсвийн прогнозоо сайн хийж чадахгүй байна. Тодотгол хийгээд засчихдаг юм гэсэн сэтгэхүйгээр олон жил ажиллалаа. Үүнийгээ одоо зогсоох хэрэгтэй байна шүү дээ.
М.МӨНХЦЭЦЭГ
"Үндэсний шуудан сонин"
Сэтгэгдэл ( 0 )