Сайд, дарга нарын тоог нэмснээр төсвийн аюулгүй байдлаа хангахгүй

Автор | Zindaa.mn
2014 оны 12 сарын 03

Эх орон ширхэг чулуунаасаа эхэлдэг шиг эдийн засгийн аюулгүй байдал төсвөөсөө эхэлдэг. Монгол Улсын төсөвт алдагдал гэдэг “өвчин” архагшиж,  сүүлийн 20 жил байнга алдагдалтай явж ирлээ. Өөрөөр хэлбэл, олсноосоо илүүг зарцуулж, адууныхаа хэрээр исгэрэхээ больсон гэсэн үг.  Ийм болохоор мөнөөх эдийн засгийн аюулгүй байдал тэр хэмжээгээр алдагдаж байна. Үүний уршиг дагавар болж инфляцийн хөөрөгдөл жирийн амьдралын хэм хэмжээ  болон тогтож араасаа ядуурлыг дагуулсаар байна. Гадаад талдаа эх орны нэр нүүр царай улалзаж, Монгол Улсын зээлжих зэрэглэлийг бууруулав.  Энэ бүхэн зөвхөн зах зух нь.

2015 оны төсөв батлагдаад удаагүй байна. Энэ төсөв араасаа их нэхэл дагуулах бололтой. Тэгэхээс ч аргагүй, угаасаа дутуу дулимаг болсон.

Шинээр сонгогдсон Ерөнхий сайд төсвийн орлого талыг нэг их наяд төгрөгөөр танахаас өөр аргагүй хэмээн мэдэгдээд байна. Манай хууль тогтоогчид төсвөө хөөсрүүлчихдэг гэмтэй. Сонгуулийн популист  амлалт, танил тал, бүлэглэлийн лобби гэхчлэн  таарсан бүхнээ тэд энэ төсвийн хүүдий рүү чихдэг  “хууч өвчтэй” хүмүүс. Ийм байхад төсөв хөөсрөхгүй гээд яах билээ.

Шинээр сонгогдсон Ерөнхий сайд төсвийн орлого талыг нэг их наяд төгрөгөөр танахаас өөр аргагүй хэмээн мэдэгдээд байна.

2014 оны төсвийг мөн л хэтэрхий өөдрөг төсөөлөлд хөтлөгдөж хөөсөрсөн хэмээн дүгнэж байсан. Тэр л ёсоор орлого тал нь 750 тэрбум төгрөгөөр тасарчихаад явж байна. Н.Алтанхуягийн тодорхойлсон “Авлигажсан төсөв”-ийн уршиг урхагаар голдуу нийгмийн үйлчилгээний зориулалт бүхий 400 орчим барилга байгууламж хөсөр хаягдаж, баригдаж дуусахаасаа урьтаж шар нар, бор хоногт элэгдэж эмтрээд дуусах бололтой.

УИХ-ынхан түүхэндээ анх удаа энэ жилийн төсвийг 100 гаруй тэрбум төгрөгөөр танасан хэмээн магтаал горьдсон хүүхэд шиг маасайж байгаа. Гэсэн хэрнээ нөгөө талдаа хөрөнгийн зардлыг 85 тэрбум төгрөгөөр өсгөчихсөн. Энэ лав ариун явдал биш байх. Бас бүсээ чангалахыг сануулж байна. Тэртэй тэргүй ард түмэн чинь хэдийнээс л бүсээ чангалсаар ирсэн. Харин хаана хэн бүсээ чангалах ёстойг хууль тогтоогчид маань тодорхой болгож өгөх хэрэгтэй бус уу. Гурван яамыг нэгтгэлээ гээд төрийн данхар бүтэц лав багасахгүй. Энэ мэт ард түмнийнхээ нүдийг хуурсан, аргацаасан шийдвэр гаргадагаа больмоор юм.  

Гадаадын хөрөнгө оруулалт буурсан, Монгол руу чиглэсэн хөрөнгийн урсгал татарчихсан байхад 2015 оны төсвийн орлогыг өмнөх жилээс 17 хувиар өсгөж тооцсон нь эдийн засгийн аюулгүй байдалд халгаатай тооцоолол хэмээн мэргэжлийнхэн үзэж байна. УИХ ирэх оны төсвийн орлогыг 7.160 тэрбум төгрөг хэмээн тооцож баталсан. Энэ хэр бодитой вэ гэдгийг 2014 оны төсвийн гүйцэтгэлтэй харьцуулж үзье. 

Гадаадын хөрөнгө оруулалт буурсан, Монгол руу чиглэсэн хөрөнгийн урсгал татарчихсан байхад 2015 оны төсвийн орлогыг өмнөх жилээс 17 хувиар өсгөж тооцсон нь эдийн засгийн аюулгүй байдалд халгаатай тооцоолол хэмээн мэргэжлийнхэн үзэж байна

Хүлээгдэж буй гүйцэтгэлээр  бол энэ оны төсвийн нийт орлого 6.134 тэрбум төгрөг, зарлага 6544 тэрбум төгрөгт хүрэх төлөвтэй байгаа юм. Энэ нь батлагдсан төсвөөс орлого, зарлага аль аль нь 700 гаруй тэрбум төгрөгөөр дутаж байгаа үзүүлэлт.

Бодит байдал энэ жилийн тухайд ийм л байна. Гэтэл ирэх онд эдийн засгийн нөхцөл байдал 2014 оныхоос сайжрах дүр зураг одоогоор лав харагдахгүй байгааг эдийн засагчид сануулж байгаа юм. Ингэхээр энэ жилийн орлого зарлагын байдал л ирэх оны төсвийн нэлээд ойролцоо илэрхийлэл болохоор байгаа юм. Байгаа боломж хэмжээндээ хамгийн үр ашигтайгаар зарцуулах тийм менежмент л үгүйлэгдэж байна.

Төрийн байгууллагуудад сонин уншихаас хэтрэхгүй ажил үүрэгтэй олон хүн бий. Цомхотгох тухай ярьж байхад хамтарсан Засгийн газар дахиад нэг яамыг шинээр байгуулах, хэн нэгэнд зориулж тэргүүн шадар сайдын суудал  бий болгох гэж  байна гэсэн сураг дуулдаад байна. Эдгээрийг дагалдсан төсвөөс угжуулдаг баахан орон тоо нэмэгдэнэ гэсэн үг. Эдийн засгийн аюулгүй байдлаа сайд дарга нарын тоог нэмснээр лав хангахгүй.

П.Булган

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(103.229.123.219) 2014 оны 12 сарын 24

Odoo garch irsen staid darga nar ni Ajil hiij bgaa neteer baahan Gadaad dotoodgyi zigs alna .saikhAnbileg Ajil hiie gej bodoj baival tanidag heregleegee Turiin it”d oosoo ehluulen yam tamga hurdan darga nariin has card laa tanasnaar heleh ni shu darga yavbal boloh bus uu

0  |  0
sook(202.126.89.176) 2014 оны 12 сарын 03

Zah zeeled shiljsenees khoish tusuv bainga aldagdaltai baisan. Erkh barigchid uursduu idehiin tuld zarlagiig bainga hetruulj tuluvludug

0  |  0
Top