Импортыг орлох үндэсний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх зорилгоор Шинэчлэлийн засгийн газраас Чингис бондын мөнгөөс 888 төслийг санхүүжүүлэхээр болсон. Гэвч энэ төслүүдийн ихэнхи нь өнөөдрийг хүртэл хэрэгжиж эхлээгүй байна. Төсөлд хамрагдсан ч санхүүжилтээ авч чадаагүй аж ахуйн нэгжийн төлөөлөлтэй уулзлаа.
“888 төслийг хэн нэгний “шоу” болгож өнгөрөөмөөргүй байна”
“Хувийн хэвшлийг хайрлая” хөдөлгөөнийг өрнүүлэгч Б.Мөнхцэлмэг
- 888 төслийнхөн Засгийн газраас юу хүсч байгаа вэ?
- Манай улсын ДНБ-ний 75-80 хувийг хувийн хэвшлийн байгууллагууд бүрдүүлж байдаг. Шинэчлэлийн Засгийн газраас санаачилсан 888 төсөл их зөв зүйтэй ажил болж эхэлсэн хэдий ч өнөөдөр 104 аж ахуйн нэгж байгууллага санхүүжилтээ авсан, үлдсэн 784 байгууллага нь санхүүжилтээ авч чадахгүй, нэг ёсондоо зогсолтын байдалд ороод байна. Хувийн хэвшил гэдэг өөрөө хамгийн чадварлаг боловсон хүчинтэй байдаг шүү дээ. Мөн өөрсдөө хөрөнгийн эх үүсвэрээс санхүүгээ босгоод явж чадна. Харин төрөөс бид зөвхөн юу хүлээгээд байна вэ гэхээр батлан даалт гаргаад өгөөчээ л гэж гуйгаад байна. Манай улсын экспортын 88 хувийг уул уурхай эзэлдэг. Үлдсэн 12 хувь нь л өөр бусад экспорт байдаг. Тиймээс энэхүү экспортоо нэмэх, цаашлаад импортоо орлох гол арга зам бол үндэсний үйлдвэрлэлээ дэмжих байгаа юм. Тэгхээр дэмжье гээд нэгэнт шийдвэр гаргаад явж байгаа бол батлан даалтийг төрөөс гаргаж өгөх хэрэгтэй.
- Нийт 104 байгууллага зээлээ авсан байна. Ямар байгууллагууд нь зээлээ авч чадсан бэ?
- Барьцаа хөрөнгийг гаргах чадвартай компаниуд л энэ зээлийг авч байна. Харин барьцаа хөрөнгийг гаргах чадваргүй 784 компани зээл авч чадаагүй. Бидэнд зээл авъя гэхээр нэг л асуудал тулгараад байдаг. Энэ юу вэ гэхээр барьцаа хөрөнгө байхгүй гэдэг асуудал. Тиймээс төр өөрөө бидний барьцаа хөрөнгий үнэлэмжийг нэмэгдүүлж болно. Жишээ нь, таван тэрбум төгрөгийг үл хөдлөх хөрөнгө байлаа гэж бодоъё. Үүнийг арилжааны банкинд барьцаанд тавих гэхээр 30 хувиар юм уу, мөнгөн дүнгээр тооцохоор 1,5 тэрбум төгрөгөөр үнэлээд байна гэсэн үг. Тэгхээр энэ үнэлгээг банктай хамтарч бодитоор үнэлмээр байна. Банк эрсдэлээ тооцож үнэлэхээрээ маш их хасаж тооцдог. Үүнийг л бид төрөөс шаардаад байгаа.
- Батлан даалтын сангаас гаргана гэж яригдаад байсан. Энэ асуудал юу болсон бэ?
- Одоогоор яг хэрэгжсэн зүйл байхгүй. Бид эндээс юу ойлгож авсан бэ гэхээр төрийг байнга шаардаж шахахгүй бол ажил явдаггүй юм байна. Бид Ч.Сайханбилэг сайдад уулзах албан бичиг хүргүүллээ. Гэтэл ямар ч хариу байхгүй. Өнөөдөр бид хэвлэл мэдээлэлд хандаж байна. Ингээд ч ямар нэгэн хариу үзүүлэхгүй бол бид цаашдаа улс төрийн шинжтэй арга замруу орохоос өөр сонголтгүй болж байна.
Батлан даалт гаргаад өгвөл импортыг орлох бүтээгдэхүүнийг
манайхан гаргаж чадна
“Монгол алтан тос” ХХК-ий ТУЗ-ийн гишүүн Г.Ганболд
- Танай байгууллагаас оруулсан төслийн гол зорилго нь юу вэ?
- Манай компани 2011 оноос үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Харин 2012 оны эхнээс бүтээгдэхүүнээ зах зээлд нийлүүлж эхэлсэн. Монголд анх удаа ургамлын тосыг үйлдвэрлэсэн гэдгээрээ давуу талтай. Төсөлд оролцсон шалтгаан гэвэл ургамлын тосны нийлүүлэлтийг нэмэгдүүлэх зорилготой. Яагаад гэвэл манайд улсад ургамлын тосны ганц компани байдаг. Хэрэв манайд ямар нэгэнд нь эвдрэл гэмтэл гарч, үйлдвэрлэл зогслоо гэхэд манай зах зээл дахиад л гаднаас импортлох асуудал гарна гэсэн үг. Тиймээс энэ импортыг орлох үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх л зорилготой.
- Танай компани хэдэн төгрөгийн зээл авахаар төсөл бичсэн бэ?
- Манайх "888 төсөл" хөтөлбөрт оролцохдоо 24,5 тэрбум төгрөгийн төслийг өргөн бариад, 17 тэрбум төгрөгийг батлуулсан.
- Энэ батлан даалтын асуудлыг шийдвэрлэх ямар арга зам байна?
- Манай холбоонд батлан даалт гаргаад өгчих юм бол заавал энэ төсвийн орлого нь тасарсан байгаа үед төрөөс их хэмжээний мөнгө шаардаад байхгүй.
“Төр мөнгөнөөс үнэ цэнэгүй байна”
Увс аймгийн “Соб нуур” компаний төлөөлөгч Н.Норовсамбуу
- Танай компани ямар төслөөр хамрагдсан бэ?
- Манайх ноос ноолуурын компани. 670 сая төгрөгийн төсөл бичээд шалгарсан юм. Гэтэл банкнаас санхүүжилт авах гэхээр барьцаа хөрөнгийг маш багаар үнэлж байна. Өөрөөр хэлбэл арилжааны банкууд ноёрхсон, монополчилсон маягтай байгаад байна.
- Хэдэн төгрөгийн барьцаа хөрөнгө банкинд барьцаалж байна?
- Би 420 сая төгрөгийн барьцаа хөрөнгөтэй. Тэр хөрөнгөндөө тааруулж төсөлд оролцсон. Эндээс 250 сая төгрөгийг нь батлан даалтын сангаас гаргаж өгнө гэсэн. Гэтэл банкнаас миний барьцаа хөрөнгийг нэг ч төгрөгөөр үнэлэхгүй гэсэн. Миний барьцаанд тавьж байгаа зүйлсэд склад, орон сууц, машины граш, үйлдвэрийн барилга байгаа. Гэтэл миний энэ аж амьдралаа залгуулах гэж буй зүйлийг банк үнэлэхгүй гэж үнэгүйдүүлж байгаа нь төр хүчгүй байгааг л харуулж байна. Нэг ёсондоо биднийг доромжилж байна л гэсэн үг.
Ж.Уран
Сэтгэгдэл ( 0 )