Тавантолгойн хөрөнгө оруулагч нартай хийх хэлэлцээр эхлээд долоо хонолоо. Тавантолгой монголчуудын хувьд хүлээлт, эдийн засаг сэргэх итгэл найдвар гэж хардаг. Хэрэв байгаа юмаа “чулуу” болгож чаддаг улс оронд бол энэ үнэхээр бурхнаас хуваарилсан хишиг яах аргагүй мөн. Говийн тэр далай бор толгодын дунд зургаан тэрбум гаруй тонн коксжих нүүрсний нөөц байгаа гээд тооцоод үзээрэй. Энэ орд газар монголчуудыг зуун дамжин тэжээхэд хүрэлцэнэ.
Үе үеийн Засгийн газрын мөрөөдөл нь Тавантолгойн уурхайг ашиглах, эдийн засгийн эргэлтэнд оруулах явдал байлаа. Тиймээс энд хөрөнгө оруулагчдыг сонгон шалгаруулалт бүр 2010 оноос эхэлсэн. Тэр үед коксжих нүүрсний үнэ тэнгэрт хадаж, юмны эзэн сумын занги монголчуудад Тавантолгойн орд газрынхаа хөрөнгө оруулалтын гэрээг “хаданд гаргах” боломж байсан ч ашиглаж чадаагүй юм. Ер нь энэ мэт орд газрын мега төслийг тухайн баялгийн үнэ цэнэ хамгийн оргил цэгтээ хүрээд байгаа үед байгуулах нь эдийн засгийн ихээхэн үр ашигтай байдаг гэх юм билээ. Тэр хөрөнгө оруулалтын сонгон шалгаруулалт хоёр ч Засгийн газар дамжиж баймаажин тодорлоо. Харин сонгон шалгаруулалт явагдснаас хойшхи яриа хэлэлцээр чамгүй эрчимтэй өрнөж байна. Дуулдсанаар хэлэлцэрийг цагаан сараас өмнө дуусгахаар төлөвлөж байгаа гэсэн.
Манай тал хөрөнгө оруулагчдыг сонгохдоо Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замыг барьж байгуулах, ашиглах тодорхой хувийг төрийн өмчид шилжүүлэх, Чалкогийн өр болон Эрдэнэс Тавантолгойн тавьчихаад байгаа өрийг шийдвэрлэх, гуравдагч зах зээлд нүүрс борлуулах, дөрвөн тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийх гэхчлэн нэлээд чанга болзлуудыг тавьсан байгаа. Одоо энэ асуудлуудаа талууд нарийвчлан ярьж тодотгож байна.
УИХ-ын намын бүлгүүдэд энэ хэлэлцээрийн явцын талаар Монгол Улсын сайд, ажлын хэсгийн ахлагч М.Энхсайхан мэдээлэл хийсэн. Үүний дараа бүлгүүдээс тодорхой байр суурь илэрхийлээгүй байгаа болохоор хэлэлцээр хэвийн үргэлжилж байгаа гэсэн үг байх.
Хэлэлцээр эхэлсний маргааш өдөр нь ажлын хэсгийнхэн “Тавантолгойн уурхай, хөрөнгө оруулалт, хамтын ажиллагаа”, “Тавантолгой-Гашуун сухайт чиглэлийн төмөр зам” гэсэн дэд хэсгүүдэд хуваагдан яриа хэлэлцээрээ үргэлжлүүлсэн. Энэ уулзалтад шалгараад буй China Shenhua Energy, Sumitomo, Энержи Ресурс ХХК-ийн төлөөлөл байлцжээ. Ер нь бол манай Засгийн газар болон хөрөнгө оруулагчидтай хийх ерөнхий том уулзалтууд нь дууссан. Харин дэд уулзалтууд эхэлж байгаа бөгөөд одоогоор орд газар, төмөр зам гэж хуваагдаж яриа хэлцэл өрнөж байгааг ажлын хэсгийн ахлагч мэдээлсэн.
М.Энхсайханы онцолж байгаагаар өнгөрсөн долоо хоногт явагдсан хэлэлцээр үндсэндээ талууд нэгдмэл нэг ойлголттой болоход чиглэгджээ. Үүнийг бодит нөхцөл байдлыг танин мэдэх үе шат хэмээн тодорхойлж болох юм. Түүнчлэн хөрөнгө оруулагчдын зүгээс Монгол Улсын Засгийн газартай хөрөнгө оруулалтын ямар гэрээ байгуулах сонирхолтой байгаа талаарх өөрийн төслөө бэлтгэж танилцуулаад байгаа ажээ. Ингэхээр аль аль талуудын замын зураг үндсэндээ тодорч эхэлж байгаа юм байна. Гэхдээ одоо ерөнхийгөөс нарийн ширийн асуудал руугаа орж байна гэсэн үг. Тавантолгой бол асар том мега төсөл. Ийм төслийг нэг буюу хэд хэдэн компани санхүүжүүлэхгүй. Харин банкны зээлээр л санхүүжүүлнэ. Ийм болохоор энэ яриа хэлэлцээрийг талууд “Банкны хэл”- д тохируулах том ажил байгаа аж. Өөрөөр хэлбэл банкны шаардлагад тохируулж хэрхэн ярьж тохирох вэ гэдэг дээр асуудал яригдаж байна. Энэхүү мега төсөл маань өөрөө банкны чадвартай байх нь хоёр талын чухал эрх ашиг юм.
Хэлэлцээрийн явцад харагдаж байгаа өөр нэг бэрхшээл бол том бүтээн байгуулалт эхлэхэд маш олон зөвшөөрөл хэрэгтэй болдог гэнэ. Энэ талаар ажлын хэсгийн ахлагч М.Энхсайхан “Нэгэнт банк, санхүүгийн байгууллагаас хөрөнгө мөнгө хүсч яваа тул банкууд төслийн компаниас тусгай зөвшөөрлүүдээ бүгдийг гартаа хийж авсан байхыг шаарддаг. Тусгай зөвшөөрлүүдээ гаргуулж аваагүй бол банк мөнгө өгөхгүй” хэмээн тодотгосон байна билээ.
Ингэж зээл хуй, мөнгө төгрөг гээд яриад эхлэхээр Монгол Улс дахиад өр нэмэх нь гэж эндүүрэх хэрэггүй юм. Учир нь Тавантолгой төсөл дээр Монгол Улсын Засгийн газар ямар нэгэн санхүүгийн эрсдэл үүрэхгүй, хөрөнгө оруулагчид дангаараа бүх эрсдлээ үүрч байгаа гэдгийг дурдах нь зөв байх.
Дашрамд тодотгоход хөрөнгө оруулагч тал Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын суурь бүтцийг өөрийн хөрөнгө оруулалтаар барьж, ашиглалтанд орсноос хойш 30 жилийн дараа 51 хувийг нь төрийн мэдэлд үнэ төлбөргүй шилжүүлэх бөгөөд баяжуулах үйлдвэр барьж, нүүрсээ өөрсдөө борлуулна. Тэд Монголын хууль дүрмийн дагуу татвараа, роялти болон бусад татвараа төлж мөн Монгол Улсын төрийн өмчийг ашигласны түрээсийн нэмэлт төлбөрөө төлөх юм.
П.Булган
Сэтгэгдэл ( 1 )
Heletseer bishee, Heleltsee hiisen yum. Heleltseenii ur dund ni baiguulsan barimt bichgiig ”Heleltseer” gedeg yumaa survaljlagchaa.