Шинэ оны босгон дээр шинэхэн уран бүтээлээ өлгийдөн авч байгаа “Кино цамхаг” студийн хамт олонтой уулзсандаа миний бие ихээхэн олзуурхаж байна. Монголын кино урлагт хуруу дарам цөөн байдаг аймшгийн төрөл жанраар энэ хамт олон дахин нэг уран бүтээл туурвижээ. Дахин нэг гэсний учрыг уншигч та мэдэж байгаа болов уу. Үзэгчдийг байлдан дагуулж, тухайн үед ашиг орлогоор тэргүүлж байсан "Зоорь" УСК-г тэд бүтээсэн. Тэгвэл энэ удаа "Зоорь-2" номын "Хүүхэлдэй" зохиолоос сэдэвлэн Хүүхэлдэй УСК-гоо үзэгчиддээ хүргэхээр бэлэн болжээ. Энэ сарын 22-нд нээлтээ хийх уг киноны хамт олонтой уулзаж, киноны ерөнхий постерийг үзээд, сэтгүүлч миний бие өөрийн эрхгүй айдас өвөрлөн гарснаа нуух юун. Ингээд тус киноны гол дүр, ерөнхий продюссерээр ажилласан жүжигчин СТА М.Саранцэцэгтэй шинэ уран бүтээлийнх нь талаар ярилцсанаа хүргэж байна.
-Танд энэ өдрийн мэнд хүргэе. Их ажлынхаа ард гарч үзэгч залуустайгаа уулзах гэж байгаад тань баяр хүргэх зүйтэй болов уу. Шинэхэн уран бүтээлийнхээ талаар бидэнтэй ярилцана уу?
-Баярлалаа. Тэгэлгүй яахав. Шинэ уран бүтээл маань “Хүүхэлдэй” гээд адал явдалт аймшгийн киног “Кино цамхаг” студийнхээ хамт олон маань хийж дуусгалаа.
-Кино цамхаг студийнхээ тухай тодруулаач. Өмнө нь “Зоорь” УСК-г хийж байснаар нь манай уншигчид болоод кино сонирхогчид сайн мэдэж байгаа байх?
-“Кино цамхаг” студи маань “Zaya-sh” студээс анх гараагаа эхэлсэн. Энэ студид ажиллаж байсан хэсэг залуус маань гар нийлэн “Кино цамхаг” студийг байгуулсан түүхтэй. Үүнээс хойш бие даасан хоёр дахь уран бүтээлээ хийж байна. Бүтээлүүд маань хоёулаа аймшгийн кино төрлөөр хийгдлээ. Өнгөрсөн жил бид яг өдийд "Зоорь" гээд киногоо 3D-гээр үзэгчидтэйгээ хүргэж байсан. Анхны уран бүтээл маань маш амжилттай үзэгчдэд хүрсэн болохоор бид үүндээ их омогшиж, урамшиж явдаг. Залуус маань өмнө нь маш олон уран бүтээл дээр ажиллаж байсан болохоор туршлагатай мэргэжлийн хамт олон байгаа. Бид киногоо үзэгчиддээ хүргэхээр тэсэн ядан хүлээж байна. Мөн үзэгчид маань театруудаас утас цохин асууж, бидний уран бүтээлийг сэтгэл түгшин хүлээж байгаа гэдгийг бидэнд мэдээлсэн.
-Кино баг хамт олныхоо тухай танилцуулна уу?
-Ерөнхий найруулагчаар Зоорь киног найруулж байсан Цогт-Эрдэнэ гээд залуу уран бүтээлч байгаа. Ерөнхий зураглаачаар нь Б.Анхбаяр гээд МУСТА, жүжигчин залуу маань ажилласан. Удам дамжсан уран бүтээлч залуу бий. Аавыг нь У.Батбаатар гээд мундаг жүжигчин байдгийг манайхан сайн мэдэх байх. Гол дүрийн хувьд кино маань гурван гол дүртэй. Дүрүүдэд мэргэжлийн уран бүтээлчид ажилласан. Киноны дүрүүдийн 80 хувийг нуруундаа үүрч байгаа дүрд залуу жүжигчин Мөнхсоёл тоглосон. Сүүлд “Мөрдөгч” олон ангит кинонд гол дүр бүтээснээр нь сайн мэдэх байх. Мөн олон киноны гол дүрүүдийг бүтээж байсан мэргэжлийн жүжигчин СТА Ө.Мөнгөнтулга, миний бие хамтран киноны гол дүрүүдийг бүтээсэн байгаа. Кино баг хамт олноос гадна бидэнтэй маш олон албан байгууллага хувь хүмүүс хамтран ажилласан. Автобус баазын “Сутайн буянт”, ”Эрдэнэ Транс”, “Тэнүүн Огоо” гээд автобус баазууд тусаллаа. Баянгол дүүргийн эрүүл мэндийн төв, хувь хүмүүс ихээхэн тусласан.
-Таны бүтээсэн дүрийн хувьд. Сүнжид багш маань энэ удаа хэн болон хувирав?
-Миний хувьд маш бие муутай ээж байж байгаад зоомби болон хувирдаг дүрд тоглосон. Чиний хэлж байгаагаар ард түмний хайртай Сүнжид багш маань Зоомби болсон байгаа. Дүрээ хэрхэн бүтээснийг үзэгчид маань киног үзэж байгаад дор бүрнээ дүгнэх байх. Ер нь жүжигчин хүний хувьд өөрийгөө задалсан, өөрийгөө сорьсон дүрийг бүтээхийг үргэлж эрмэлзэж явдаг. Миний хувьд бол яг л энэ дүр өөр өнцгөөс өөрийгөө үзэгчдэд таниулах, харуулах бүтээл болж чадсан. Тэр зорилго минь биелэлээ оллоо гэж би бодож байгаа. Сайн найруулагчид жүжигчдийг задалж, өөр өнцгөөс үзэгчдэд таниулдаг. Тийм болохоор намайг энэ дүрд тоглуулсан Цогт-Эрдэнэ найруулагчдаа их баярлаж байгаа.
-Студийн залуус маань чухам яагаад аймшгийн төрөл жанрыг сонгон ажиллах болов? Хоёр ч уран бүтээл хийлээ шүү дээ.
-Аймшгийн сэдэв бол хүмүүст арай өөр өнцгөөс хүрч чаддаг. Арай өөр кайф өгдөг гэдгээрээ хүмүүсийн сонирхлыг илүү татдаг. Хүн болгон л айдастай учирдаг. Магадгүй айдсыг мэдэрдэг. Паркад хүртэл айдсын агуй, галзуу хулгана гээд л тоглоомууд байна. Бид айна гэдгээ мэддэг хэрнээ л галзуу хулгана дээр суудаг, айдсын агуйд ороод гардаг. Энэ утгаараа бид үлгэрээс хүртэл айдасыг мэдэрч өссөн. Хайр мөнхий сэдэв гэдэг шиг, айдас ч бас хүн төрөлхтөний хувьд мөнхийн сэдэв байж чаддаг . Гэхдээ үздэг сонирхдог нэг нь байхад, муу энергитэй гэх мэтээр огт таашаадаггүй бүлэг хүмүүс ч бий. Тиймээс бид ямар нэг байдлаар гажсан, нийгмээс гадуур буруу зүйл хийгээгүй гэж бид нар бодож байгаа.
-Зураг авалт хэдийн хэр хугацаанд үргэлжлэв. Кино бүтээл гэдэг бол амаргүй даваа шүү дээ. Мөн кино зохиолын хувьд?
-Өнгөрсөн 8-р сараас эхлээд л бид киноныхоо зохиол дээр ажиллаж эхэлсэн. Бэлтгэл ажил, зураг авалт гээд нийтдээ бид дөрвөн сарыг ардаа үдлээ. Кино зохиолын хувьд Ууганбаяр зохиолчийнхоо бас нэгэн зохиолоор бид киногоо бутээсэн. Өмнө нь Зоорь киногоо бид түүний “Шуламын инээд” номонд нь багтсан “Зоорь” хэмээх зохиолоос сэдэвлэн бүтээсэн бол, энэ удаа “Зоорь-2” номонд нь багтсан хамгийн их уншигчдыг байлдан дагуулсан “Хүүхэлдэй” зохиолоор киногоо бүтээсэн байгаа.
-Уран бүтээл бүхэн нийгэмд болж байгаа алдаа дутагдалыг шүүмжилж, ард иргэддээ зөв мессеж хүргэхийг зорьдог. Энэ удаагийн шинэхэн уран бүтээл тань бас нэгээн асуудлыг шүүмжилж, хөндсөн байх гэдэгт итгэлтэй байна. Энэ талаар тодруулж болох уу?
-Тэгэлгүй яахав. Ер нь бүх л зохиол уран бүтээл нийгэмд хэлэх гэсэн санаатай, зөв утга агуулга иргэдэд хүргэхийг зорьсон байдаг. Бидний хувьд бол нийгэмд маань хамгийн ихээр яригддаг, сенсацилагддаг, болохгүй бүтэхгүй байгаа бүхнийг хөндсөн байгаа. Үүнийг үзэгчид маань үзээд шууд ойлгоно. Тийм болохоор би энд ярьж суухаас илүү үзэгчид маань ирээд үзэж таашаавал сонирхолтой шүү дээ.
-Студийн залуус маань дараа дараагийнхаа уран бүтээлийг хэдийн төлөвлөсөн байх. Дахин аймшгийн кино хийх гэж байгаа биш биз?
-Тиймээ, бид шинэ оны босгон дээр шинэ уран бүтээлээ нээж байна. Одоо бүтэн жил, 12 сар, 365 хоног байна шүү дээ. Энэ хугацаанд бид юм юмыг л хийхийг зорь төлөвлөж байна. Хоёр гурван зохиол байгаа. Киночдын хамгийн их тулгамдсан асуудал бол санхүүжилт л байдаг шүү дээ. Харин сонгосон зохиолуудын хувьд төрөл жанр бол өөр өөр байгаа. Гэхдээ аймшгийн кино дахин хийхийг ч үгүйсгэхгүй шүү дээ.
-Киноны хөгжим олны анхааралд их хүрч байна. Цахим ертөнцөд хэдийн шуугиан тариад эхэлжээ. Залуусыг лайкыг их цуглуулсан байсан шүү.
-Тийм шүү. Манай киноны хөгжим дээр "Нисванис"-ын Амгаа маань ажилласан. Хоёр сайхан аялгууг бидэнд өгсөн. Дууг нь залуу дуучин Солонго дуулсан байгаа. Цахим ертөнцөд залуусыг их байлдан дагуулж, лайк их цуглуулж байгаа. Хөгжмийн хувьд киноны хөгжим гэдгээ хадгалж чадсан, маш онцлог бүтээл болсон. Амгаадаа их баярлаж байгаа. Хөгжмийн найруулгыг Аранза буюу Бат-Эрдэнэ маань хийсэн. Маш олон киноны дууны найруулга хийсэн гэдгийн манай хөгжим сонирхогчид их сайн мэдэх байх.
-Шинэхэн уран бүтээлийнхээ талаар бидэнтэй сонирхолтой ярилцлага өрнүүлсэн танд баярлалаа. Таны уран бүтээлд өндөр амжилт хүсье.
Сэтгэгдэл ( 2 )
Сайхан намбалаг эмэгтэй Яг л Сүнжид багш харагдаад байдаг
15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУЦ номыг ИНТЕРНОМ, МИР, МАЖЕСТИК, АЗХУР, АЛТАНТӨГРӨГ, ГОЛДЭН БҮҮК номын дэлгүүрээс худалдан аваарай. ҮНэ: 22 000₮