Манай улс төрчид гадаадын хөрөнгө оруулалт гэсэн амны уншлагатай болоод удлаа. Энэ бол Монголын хувь заяа бэл бэнчин гэнэ. Ядуураад байгаа, хөгжихгүй байгаа шалтгаан энэ гэнэ.
Гурван жилийн өмнө 3-4 тэрбум ам.доллараар хэмжигдэж байсан гадаадын хөрөнгө оруулалт 2014 онд 850 сая болтлоо буурчээ.
Ингэснээр Монголын эдийн засаг гадаадын хөрөнгө оруулалт хэмээх "бэлэн гоймон"-гоор ихэд гачигдаж байна. Ийм үед л “айлаас эрэхээр авдраа ухах” хэрэг гарч байна.
Гадаадын хөрөнгө оруулалт гэхээр бурхны хишиг гэсэн үг огтхон ч биш. Харин манай төр засгийн бодлого, улстөрчдийн үнэлэмж сонголт гадны хөрөнгө оруулалтад хэт дулдуйдаж, үндэсний үйлдвэрлэлийнхээ өсч өндийх нар салхийг нь хааж байсны шан сануулга нь Монголын эдийн засгийн өнөөгийн дүр төрх болж байна. Үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжих, тэднийг эх орныхоо байтугай дэлхийн зах зээл дээр гаргах бодлого ярианаас хэтэрч байгаагүй. Зүгээр л улс төрчдийн популизм хийх нэг бэлээхэн сэдэв болсон юм.
Юм үнэнээрээ байх сайхан. Хаа очиж Н.Алтанхуяг Засаг тэргүүлж байх үедээ импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэх, экспортын чиглэлийн үйлдвэрүүдийг бий болгох талаар багагүй санаа тавьсан. Үүний үрээр 2014 онд олон шинэ үйлдвэр ашиглалтад орсныг санаж байгаа байх.
"2009-2011 онд манай улс гадаадын хөрөнгө оруулагчдын мөнгөнд бялуурах шахаж байлаа. Эдийн засгийн энэ хурдасгуур 2011 онд эдийн засгайн өсөлтийг 17.1 хувьд хүргэсэн юм.
Гэвч хэсэгхэн хугацаанд Монголын ходоодыг дүүргэж хоолойгоор гарах нь холгүй байсан гадаадын хөрөнгө оруулалт өнөөдөр шалдаа ортол буураад байна.
Гадаадын хөрөнгө оруулалтын талаас илүү хувийг дан ганц уул уурхайн олборлох салбар эзэлдэг. Үүнийг өнөөгийн нөхцөл байдлаар харахад баялгийг зүгээр ухаад зөөчихнө гэсэн үг. Ийм байхад хөрөнгө оруулалтын үр шим гэж ярих нь учир дутагдалтай. Хамгийн чухал нь хөрөнгө оруулалтыг дагалдан орж ирэх учиртай шилдэг техник технологи, ноу хау сураг ажиггүй байна. Буурин дээр нь хэдэн сэндвичин байшин үлдэхээс хэтрэхгүй байж мэдэхээр байгаа.
Эцэст нь энэ бүх гэм зэмийг бид айлаас биш авдарнаасаа тодруулбал, хуулийнхаа зохицуулалтаас эрж хайсаар ирсэн. Хууль эрх зүйн хувьд тааламжтай биш, улс төрийн шийдэл нь ороо бусгаа гэхчлэн олон хүчин зүйлийн нөлөөлөл байгаа гэдгээ хүлээн зөвшөөрдөг, бас засч залруулах гэж хэр чинээндээ хичээж байгаа. Хөрөнгө оруулагчдын өмнө хөндөлсөж байгаа саад тээг гэсэн бүхнийг эрх зүйн зохицуулалтаараа байхгүй болгосон гэж болно.
Гэвч ингэж хормойгоо дэвсэхээс наахнуур аргадаж байгаа ч хөрөнгө оруулагчдын "хөрсөн" сэтгэлийг тайтгаруулж чадсангүй. Тэгэхээр асуудлын гол нь эрх зүйн орчиндоо гэхээс илүутэй хөрөнгө оруулагчдын хүнийрхүү сэтгэлд байдаг байж мэдэх юм. Хүний хүн гэдэг угаасаа л хүнийх байдгийг монголчууд эрх биш ухаарч эхэлсэн.
Гадныхныг бид амьд бурхан лугаа хүлээн авдаг байлаа. Иргэдийг маань бэлжүүлж, эх орныг минь хөгжүүлэх авралын алтан түлхүүр чухамдаа тэдний атганд л байгаа шигээр төсөөлдөг байсан.
Харин тэд Монголын эдийн засаг хүндэрсэн үед биднийг орхиод гарч байна. Монгол нутгаас олсноо өөрийнх болгож аваад бөхөлзөж ирсэн тэд толгой гэдгэр гарч байна. Авахаа авсан, олохоо олсон бол Монголд хоргодох шалтгаан байхгүй.
Харин энэ зуур үндэсний үйлдвэрлэл эрхлэгчид маань гадаадын хөрөнгө оруулагчдын сүр барааны сүүдэрт олон жил орхигдлоо. Харин одоо л тэднийгээ эргэж нэг санаж байна. Цаг хугацаа ийн хүний, өөрийн үнэ цэнийг ялгаж салгаж байна.
Дээр хөх тэнгэр цэлийж, хөрст газар хөрвөөчихөөгуй цагт үндэсний үйлдвэрлэгчид, үндэсний хөрөнгө оруулагчид маань Монгол нутагтаа л байж таарна. Эдийн засаг хүндэрсэн цаг үед тэд мөнөөх гадаадын хөрөнгө оруулагчдаас илүүтэй эх орноо дэмнэж хөтлөөд иргэдээ ажилтай орлоготой байлгаад байж чадна.
Эдийн засгийн энэ хүндрэл үндэсний үйлдвэрлэгчдийн үнэ цэнийг өсгөж, бараг байранд нь тавьж байна. Энэ л бидэнд үлдэж буй том сургамж.
УИХ-д өргөн баригдаад байгаа Эдийн засгийн өршөөлийн хууль энэхүү үндэсний үйлдвэрлэгчдэд чиглэгдэж байгаа нэг удаагийн өршөөл юм.
Гадаадын хөрөнгө оруулалт гэдэг үргэлж мөнхийн сайн сайхан зүйл байгаагүй. Тиймээс ч улс орнууд тэр бүр алга ташин хүлээж авдаггүй аж. Зарим улс орнууд эдийн засгийнхаа тоотой хэдэн салбараа гадаадын хөрөнгө оруулагчдад нээдэг.
Түүнчлэн оруулах хөрөнгийн хувь хэмжээг хязгаарлаж өгдөг бөгөөд тухайлбал, Энэтхэгт 40, Солонгост 50, Мексикт 49 хувь хүртэл л зөвшөөрсөн байдаг аж. Ойрхи Дорнодын орнууд хөрөнгө оруулалтыг янз бүрийн арга замаар дэмждэг ч дотоодын оролцоог чухалчлан бүр квот тогтоож өгдөг байна.
А.Алтантуяа
Сэтгэгдэл ( 3 )
Би мунхаг ухаанаараа монгол Соц нийгмийн үед байсан шигээ том том үйлдвэрүүд үүнд оёдлын хүүхдийн хувцасны арьс шир нэхий эдлэл савхи нэхмэл сүлжмэл саван ясны гээд мөн ч сайхан үйлдвэрүүдтэй байсан энэ үйлдэрүүдийг яаж ийгээд босгож чадвал хятад руу мөнгө маань урсахгүй болно доо гэж боддог Тэгээд газар тариалан хүнсний ногоо гээд үнэхээр бахархмаар сайхан юмнуудтай байсан шүү Одоо энэ бүгдээ ингэж ажиллуулдаг бол болмоор л юм шиг санагдаж сэтгэлээ тайвшруулдаг юм Ардчилал бүх юмыг маань усгасан Үлдсэнг нь хэдхэн тооны луйварчид хувчлал нэрээр хувьдаа авчихсанд харамсаж л суудаг Тэгээд соц ни
Би мунхаг ухаанаараа монгол Соц нийгмийн үед байсан шигээ том том үйлдвэрүүд үүнд оёдлын хүүхдийн хувцасны арьс шир нэхий эдлэл савхи нэхмэл сүлжмэл саван ясны гээд мөн ч сайхан үйлдвэрүүдтэй байсан энэ үйлдэрүүдийг яаж ийгээд босгож чадвал хятад руу мөнгө маань урсахгүй болно доо гэж боддог Тэгээд газар тариалан хүнсний ногоо гээд үнэхээр бахархмаар сайхан юмнуудтай байсан шүү Одоо энэ бүгдээ ингэж ажиллуулдаг бол болмоор л юм шиг санагдаж сэтгэлээ тайвшруулдаг юм Ардчилал бүх юмыг маань усгасан Үлдсэнг нь хэдхэн тооны луйварчид хувчлал нэрээр хувьдаа авчихсанд харамсаж л суудаг Тэгээд соц ни
ene hymral ardiin namiin buruu ted iim bolgochood odoo gengui yum shig bgaagiine humuus oilgohgui yum daa