Монгол Улс 2017 онд дампуурах уу

Автор | Zindaa.mn
2015 оны 01 сарын 27

Хэд  хоногийн өмнө Хятадын Синьхуа  агентлаг “Шинжээчид Монгол Улсын Засгийн газар дахин зээл авахгүй бол 2017 оны дөрөвдүгээр сар гэхэд дампуурна хэмээн таамаглаж байна”  хэмээн мэдээлсэн. Энэ бол зүгээр нэг хэвлэл мэдээллийнхний үг биш. Харин шинжээчид ингэж таамагласан хэрэг. Тийм болохоор бодит зүйл болох магадлал нь тэр хэмжээгээр өндөр гэсэн үг. 2017 он. Ч.Сайханбилэгийн хэлж байсанчлан “орших эс оршихуйн” зааг хязгаарын илэрхийлэл болох шалтгаан юу билээ.

2017 онд Монгол Улс гадаад өр төлбөрөө төлж эхлэх учиртай. Гэтэл өрөнд өгөх байтугай өөрсдийгөө яая гэж байна.  Хэдийг төлөх нь тодорхойгүй ч лавтайяа мэдэгдэж байгаагаар Чингис бондын 500 сая ам.доллар, Хөгжлийн банкны бондын 580 сая ам.долларын өрийг буцаан төлөх учиртай. Зөвхөн энэ хоёроор багцаалж тооцвол бараг хоёр их наяд орчим төгрөг болно.  

Чингис бондын 500 сая ам.доллар, Хөгжлийн банкны бондын 580 сая ам.долларын өрийг буцаан төлөх учиртай. 

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн “Бид 2017 онд нийт гурван тэрбум орчим төгрөг төлнө. Хятадаас авсан юанийн своп солилцоонд бараг хоёр тэрбум гаруй, Чингис бондын мөнгөнд нэг тэрбум орчим. Ингээд тооцоод үзэхэд яг өнөөдрийнх шигээ байвал манайх төлж чадахгүй” гэжээ.  Төсвийн байнгын хорооны дарга байсан хүний хувьд  энэ тоо нэлээд ханатай байж таарах байх. 

Тэгэхээр өнөөдөр яригдаж буй өнгө, тоогоор бол гурван их наяд орчим төгрөгийн өр Монголын хаалгыг тогшоод зогсч байгаа юм байна. Нэгэнт хүнээс авчихсан юм чинь өгөхгүй гээд яах билээ, “Хоёр чихнээс өөр юм алга” гээд зогсч байлтай биш. Хэрэв энэ гурван их наяд төгрөгийг өнөөдрийн жишгээр  баримжаалж харвал  2015 оны улсын төсвийн орлогын тэн хагастай тэнцэх хэмжээний мөнгө.  Эргээд өгөх байтугай төсөөлж бодоход үстэй толгой арзасхиймээр.

Цаг цагаараа байдаггүй, гэхдээ Монгол Улсын маань өнөөгийн өнгө төрх өр төлөх байтугай оюутнуудынхаа тэтгэмжийн хэдийг өгөх гээд мөнгө нь дутчихаад сууж байна.  Хоёрхон жилийн дараа төлөх тэр өрөнд гээд хурааж хуримтлуулж байгаа юм алга. Өрийн данс ч нээгээгүй бололтой юм.  Төсвийн зарцуулалтыг  танаж өрөө төлөх нөөцийг үүсгэх шаардлага тулгараад буй.

УИХ-ын хуралдаанд Монгол Улсын гадаад өр 2.36 тэрбум ам.доллар гэж мэдээлсэн бөгөөд гадаад өрийн хэмжээ ДНБ-ий 40 хувь гэж заасныг 58.3 хувь болгон баталсан. 

Н.Алтанхуяг Ерөнхий сайд  байхдаа хэвлэлийнхэнд  “Та нар юунд нь санаа зовоод байгаа юм. Зээлийг авч л байдаг, төлж л байдаг шүү дээ. Зээлийг харин хугацаандаа төлөхгүй бол өр болж асуудал үүсдэг...2017 онд зээлээ яаж төлнөө гэж толгойгоо гашилгаад байх хэрэггүй. Жишээ нь Чингис бондоор өнөө жил хийсэн хөрөнгө оруулалт 2017 онд хэд дахин нугалаад ашгаа өгчихнө”  хэмээн мэдэгдэж байсан нь бий. Чингис бондын өрийн тал орчим хувийг хувийн хэвшлийнхэн төлөх нь үнэн. Ам.доллараар авсан зээл ханшийн зөрүүгээс  шалтгаалж бараг хоёр дахин өсчихөөд байна. Ингэж тооцвол тэдний өр бараг хоёр дахин нэмэгдсэн гэсэн үг. Бондын мөнгө гэж баруун солгойгүй цацсан тэр их хөрөнгийн үр өгөөж одоо хэр тодорхойгүй байна.  Тэгээд ч  бондын хөрөнгийн дийлэнх хэсэг үр ашгаа урт удаан хугацаанд өгдөг зам барилга гэхчлэн дэд бүтцийн “дүлий” салбарт зарцуулагдсан гэдгийг санах ёстой. 

2017 онд Монгол Улс дампуурч магадгүй гэсэн таамагийг гаргахдаа шинжээчид “Хэрэв Монгол Улс зээл авахгүй бол” хэмээн тодотгосон байгаа. 

Энэ бол цаг хугацааны хувьд нэлээд нарийвчилсан таамаг. Бүр 2017 оны дөрөвдүгээр сар  гэсэн байгаа. Тэгэхээр тэдний хувьд Монголын бие даах нөөц боломжийг хоёр жил хэмээн тооцоолж байж болох юм. Өнгөрсөн долоо хоногт  УИХ  гадаадын зээл авах хязгаарыг одоо хүрчихээд байгаа түвшинээр нь буюу 58,3 хувиас хэтрүүлэхгүй байхаар хуульчихлаа.  Энэ нь нэг талаас  эх оронч  шийдвэр мэт харагдавч  улс орноо дампуурах шалтгаанд хүргэх зам мөрийг нь засч эхэлсэн  мэт.

"2017 онд Чингис бондын өрийг төлөхгүй байх боломж бий. Ингэхдээ “Чингис бонд 2” гэж гаргаад хугацааг нь сунгаад явна гэсэн үг.  Ер нь ихэнх орнууд ингэж явдаг"

Гэвч аливааг өөдрөгөөр харах  цаг хугацаа бас бидэнд байна.  Эзэн хичээвэл заяа хичээнэ гэх эртний сайхан үг бий. Бүх шийдэл, бүх боломж бидний гарт л байгаа.  Гарц, хонгил байж л таарах байх. Эдийн засагч Ө.Ганзориг  “2017 онд Чингис бондын өрийг төлөхгүй байх боломж бий. Ингэхдээ “Чингис бонд 2” гэж гаргаад хугацааг нь сунгаад явна гэсэн үг.  Ер нь ихэнх орнууд ингэж явдаг” гэжээ.  Харин ингэхийн тулд эдийн засгийн суурь баланс, гадаад баланс, хөрөнгө оруулалт буюу төсвийн балансыг маш сайжруулж, экспорт нь импортоосоо давсан үзүүлэлттэй эдийн засгийг 2017 он гэхэд бий болгох ёстой гэдгийг эдийн засагч сануулжээ. 

Ашиглаж чадвал энэ мэт боломж байгаа л юм байна. Ер нь шийдвэр гаргагчид, бодлого боловсруулагчид  ухааны цар хүрээгээ  энд нэг харуулах хэрэг гарах нь дээ. 2017 он хаяанд ирчихээд байна. 2016 оныг  үндсэндээ сонгууль гэж хөл толгойгоо алдсан улс төржилтөөр дуусгана. Хугацаа бага байна.

П.Булган

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
b(150.129.141.163) 2015 оны 01 сарын 27

ene muusain 76 chin 2016on gehed zailtsan baina gej tootsson bga da yum hiihuu ed nar

0  |  0
arai ch dee(112.72.13.98) 2015 оны 01 сарын 27

MAN hiisen balgaa uursduu uurtsgee.

0  |  0
өндөр болгох нууц(112.72.11.67) 2015 оны 01 сарын 27

15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУЦ Номыг ИНТЕРНОМ, МИР, МАЖЕСТИК, АЗ ХУР, АЛТАНТӨГРӨГ, ГОЛДЭН БҮҮК номын дэлгүүрээс худалдан аваарай. Үнэ: 22 000₮

0  |  0
зочин(202.126.89.176) 2015 оны 01 сарын 27

Хэрэв зөв бодлого явуулбал дампуурлыг холуур тойрох боломж байгаа. Одооноос л мөнгөө хуримтлуулах хэрэгтэй байх.

0  |  0
Top