Эдийн засгийн хямралтай байна хэмээн энэ цаг үеэ тодорхойлж байгаа. Манай улс төрчид энэ үгийг бараг амны уншлага болгочихов. Гадаадынхан хөрөнгө мөнгөө Монгол руу оруулахгүй байгаа учраас ханш уначихсан, ногоон мөнгөний авдар хоосорч буй гэнэ. Эх орны эдийн засгийг эмнэлгийн мэс заслын орон дээр байгаатай адилтган хэлж байна. Ерөнхий сайд Ч.Сайханбилэг бүр Монгол Улс орших эс оршихуйн зааг дээр байна хэмээн “түгшүүр” зарлав. Монгол хүний билэгдлээр харвал энэ мэт их л муу амалсан, сэтгэл дэнсэлгэсэн үгээр УИХ-ын хуралдааны танхим шуурч байна. Тэдний энэ “эвэр” амалсан үг гадаад ертөнцөд эх орны маань тухай дохио сануулга болон очиж байна. Бидний ярьж хөөрч, хэрэлдэж хэмхэлдэж байгааг харсан гадныхан Монгол Улс 2017 оны дөрөвдүгээр сард дампуурч магадгүй гэсэн мессежийг түгээчихлээ. Арай л цаг минуттай нь хэлсэнгүй. Бид юу гэж дуугарна тэд бас давс хужрыг нь тааруулаад тэгж дуугарна.
1990-ээд оны эхээр монголчууд картын бараатай, дэлгүүрийн лангуу бор давснаас өөр юмгүй байсан. Тэглээ гээд эдийн засаг хямарчихлаа гэж ярьж байсан нь үгүй. Харин манай эдийн засаг бодит хөрсөн дээрээ буулаа гэж ярьдаг байсан. Тэгж л Монгол орныхоо эдийн засгийн бодит хэр чинээг анзаарсан юм даг. Ийм хүндрэлийг монголчууд өөрсдийнхөө хүч боломжоор л давсан. Хорин хэдэн сая мал маань хоолгүй хонуулаагүй. Арьс хөрс, ноос үсийг нь будаа гурил мэтээр арилжиж, бараг хүн толгойтой бүхэн гахай үүрч ганзганд явсаны ачаар хөшсөн эдийн засгаа хөдөлгөөнд оруулж байсан билээ.
Өнөөгийн дүр төрхийг тэр үетэй харьцуулахад өдөр шөнө шиг ялгаа бий. Хямарчихсан хэмээн ярьж бүсээ чангалахыг уриалж байгаа ч 50 сая гаруй толгой мал, дотоодын хэрэгцээгээ бүрэн хангах хэмжээний будаа тариатай байгаа. Үндэсний үйлдвэрүүд сэргэж, импортыг орлох бүтээгдэхүүний үйлдвэрлэл, нэр төрөл нэмэгдсээр байна. 2014 оны Монголын эдийн засгийн өсөлт 7.1 орчим хувиар нэмэгдсэн гэх урьдчилсан дүн бан гараад байна. Эдийн засагчдын хэлж ярьж байгаагаар энэ өсөлт 2015 онд ч хадгалагдах төлөвтэй байгаа гэнэ.
Ийм байсаар байтал эдийн засаг хямарчихлаа, сэхээний орон дээр байна хэмээн муу үг уралдуулах хэрэг байгаа юм уу.
Хямарсан биш үгүй ядахнаа хямруулсан гэж яривал илүү бодитой байж мэднэ. Хэрэв эдийн засаг хямарсан бол зүгээр байж байгаад хямраагүй, жирийн иргэд энд ямар ч оролцоо байхгүй. Зөвхөн шийдвэр, шийдэл гаргагчид буюу улс төрчдийн хийсэн ажил болж таарна. Хэт улстөржилт, төсвийн орлогын тансаглал зэрэг нь хэрээс хэтэрч эдийн засагт хүндрэл учруулж буй нь үнэн.
Популист амлалтын золиос болгож сар бүр найман зуун тэрбумыг иргэддээ тарааж баярхаж байсан нь хэдхэн жилийн өмнөх явдал. Төрийн албаны тансаглал гэж бие даасан “шинжлэх ухаан” болж хэрээс хэтрээд байна. Үүнийг УИХ-ын гишүүдээсээ эхлээд яамны сайд, дэд сайд, газрын дарга, аймгийн Засаг дарга, ИТХ-ын дарга, газрын дарга нар, сумын дарга гээд олон хүн төсвөөс утасныхаа мөнгийг, унааныхаа шатахууныг хангуулдаг. Дээрээс нь энд тэндхийн үнэтэй гял цал тавилга, хүн төөрөм том өрөө тасалгааны цахилгаан дулаан, туршлага судлах гадаад дотоод томилолт гээд тэдний тансаглал хэрээс хэтэрнэ. Төсвийн орлого багасаад ирэхээр эхний ээлжинд энэ цагаан захтнуудын хүрээнд л хямрал хамгийн хүчтэй мэдрэгдэж эхэлж байгаа хэрэг. Тэгээд арга ядахдаа ард түмнийхээ халаас руу гар дүрэх санаачлага гаргаж, хүүхдийн мөнгө, одонтой ээжүүдийн мөнгө, пруссийн татвараар гоочлох дээрээ тулсан биз. Одоо байгаа дээр нь нэмээд Хөрөнгийн, Нийслэлийн, Малын хөлийн гэхчлэн дөрвөн төрлийн татварыг нэмэхээр төлөвлөж байна. Тансаг хэрэглээгээ танахын оронд татварыг нэмэгдүүлэхээр зүтгэнэ гэдэг дөргүй бухтай ч зүйрлэхийн аргагүй зөрүүд санаа оноо биз ээ.
Ерөнхий сайдын зөвлөх О.Чулуунбат нэгэн ярилцлагадаа “Арван жилийн өмнө манай төсвийн зардал 100 тэрбум байсан. Хүн ам нь одоогийнхтой яг адилхан л байсан. Гэтэл өнөөдөр, орлого, зарлага хоёр нь ямар аймаар нэмэгдсэнийг хар л даа” хэмээн анхааруулсан байна билээ. Бодит байдал ийм л байна гэсэн үг.
Гадаадын хөрөнгө оруулалт саарсан нь улс төрчдөд хямруулсан эдийн засгаа “хямарсан” болгож харагдуулах нэг аятай шалтаг шалтгаан болж байна. Эдийн засгийн хүндрэлийн бодит шалтгаан гадаадын хөрөнгө оруулалт гэхээсээ илүүтэй улс төрчдийн өөрсдийнх нь буруутай бодлого шийдвэрийн л үр дагавар юм.
Сангийн сайд асан Ч.Улаан ярилцлагадаа эдийн засгийн хямралыг хэрхэн дүгнэснийг эргэн сонирхъё. Тэрбээр “Хямралд гадаад, дотоод орчин нөхцөл нөлөөлнө. 30, 40 хувийн гадны эдийн засгийн нөлөө байгаа. Үлдсэн 60-70 хувь нь бидний алсын хараагүй, зохицуулалтгүй, улстөржсөн буруу бодлогоос үүдэлтэй. Бүгдийг нь нийлүүлвэл засаглалын, удирдлагын хомсдлоос хамааралтай хямрал. Орж ирээгүй орлогыг зарлага болгож гаргаад өр тавьж түүнийгээ хэрэглээд өнөөдрийн хүндрэлийг бий болгосон. Тэгэхээр энэ байдлыг хэн нэгэн рүү түлхэх гээд хэрэггүй. Буруу бодлого явуулж байсны л үр дагавар” хэмээжээ.
П.Булган
Сэтгэгдэл ( 2 )
buleg fraktsuudiin temtsliin ur dund uls oron hyamarlaa
ediin zacgiin xymral bish ajlaa xiij chadaxgui xiiixiig xucdeggui tsagaan zaxtnuudiin xymral um baina terneec bish ard tumend yamar ch buruu alga tegexeer ajlaa meddeg mergejiliin erdemten mergedee ix xurald daraagiin conguuliar oruulya namiin nereer chadbar muutai xubiin ashig conirxoltoi xumuuciig buu congo ene l xymral boloxooc oor zuil alga