ЗГХЭГ-ийн дарга С.Баярцогт “Эдийн засгийн хүндрэлийг даван туулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг нэн яаралтай хэлэлцүүлэхээр өргөн барьсан. Энэ тогтоолын төслийг хэлэлцэхтэй холбогдуулан УИХ-ын намрын чуулганыг хугацаа сунгаж энэ сарын 18 хүртэл үргэлжлүүлэхээр шийдвэрлээд байгаа билээ.
УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар өчигдөр Засгийн газраас өргөн мэдүүлсэн Эдийн засгийн хүндрэлийг даван туулах арга хэмжээний тухай тогтоолын төслийг хэлэлцээд, гишүүдийн 90 хувийн саналаар "Хэлэлцэх нь зүйтэй" гэж үзсэн. Байнгын хорооны гишүүд хямралыг даван туулахын тулд тогтоолын төслийг яаралтай батлах нь зүйтэй, харин өмнө нь УИХ-аас тогтоол гарсан тул асуудлыг дахин хэлэлцэж, цаг алдах шаардлагагүй гэхчлэн санал гаргажээ. Хэрэв энэ тогтоолын төслийг хэлэлцвэл УИХ сүүлийн нэг жилийн дотор эдийн засгийг эрчимжүүлэх асуудлаар хоёр ч удаа тогтоол гаргах болж байна. Өнгөрөгч оны тавдугаар сарын эхээр Н.Алтанхуягийн Засгийн газрын үед “Эдийн засгийг эрчимжүүлэх 100 хоног” буюу Эзэн-100 хөтөлбөрийг гаргаж байсан билээ.
“Эзэн-100 “-гийн хүрээнд эдийн засгийг идэвхжүүлэх үндсэн таван бүлэг бүхий төлөвлөгөөнд үйлдвэрлэгч бизнес эрхлэгчдийг дэмжиж, уул уурхай, барилга, аж үйлдвэр, дэд бүтцийг салбарыг эрчимжүүлэх, аймаг, орон нутгийн эдийн засгийн чадавхийг сайжруулах, гадаадын хөрөнгө оруулалтыг татах ажлууд хийхээр амалж байв. Харамсалтай нь сүржин эхэлсэн тэр төлөвлөгөөний төгсгөл нь даржин байсан хэмээн тодотгодог. Нэгэнт эдийн засгийг аврах Н.Алтанхуягийн “цахилгаан дайн”-ы төлөвлөгөө бүтэлгүйтсний дараа “Улс орны эдийн засаг 100 хоногийн дотор өргөс авчихсан юм шиг яаж тийм хурдан сайжрах юм бэ, гэхдээ үр дүнгээ өгсөн” хэмээн сурталдаж байсан. Гэхдээ Эзэн-100-гийн үлдсэн мөр гэвэл эдийн засаг дахь өнөөгийн хүндрэл. Нэг иймэрхүү уриа дуудлагын өнгө аястай, үлдэх үр дүн багатай хөтөлбөр бол шинэ зүйл биш. Популизмын нэг сайжруулсан хувилбар болж хэвшиж магадгүй юм.
“Эзэн-100”-гийн залгамж хувилбар нь эдүгээ өргөн баригдаад байгаа нь энэ. Уг нь хэрэгжүүлж чадвал хөтөлбөр хэрэгтэй.
Эдийн засгийн хүндрэлийг даван гарах Ч.Сайханбилэгийн Засгийн газрын төлөвлөгөөг хэлэлцэхийг Байнгын хороон дээр дэмжсэн ч энэ удаагийн тогтоолын төсөл араасаа ихээхэн хэл ам, хэрүүл зөрчилдөөн дагуулах нөхцөл байдал үүсээд байна. Учир нь энэ асуудлаар эвссэн хоёр нам эмээлийн бүүрэг шиг эсрэг тэсрэг харчихлаа. Үүнийг тодруулъя.
Уг нь сөрөг хүчин байсан МАН Засагт хамтрахдаа зарчмын гурван асуудлаар гэрээ байгуулсан байдаг. Тэр гурвын нэг нь энэ хямралаас гарах төлөвлөгөөг хамтран боловсруулж хэрэгжүүлэх гэрээ байсан юм. Энэ ч үүднээс дөрвөн багц асуудлын хүрээнд эдийн засгийн хямралыг даван туулах 50 орчим саналыг Засгийн газарт хүргүүлжээ. Засгийн газар эдгээр саналыг хүлээн зөвшөөрч 70 орчим хувийг нь тусгасан Эдийн засгийн хүндрэлийг даван туулах УИХ-ын тогтоолын төслийг УИХ-д өргөн бариад байна. Гэтэл УИХ дахь АН-ын бүлэг хямралаас гарах тогтоолын төслийг хэлэлцэх шаардлагагүй гэж үзсэн тухай МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт мэдээллээ.
Үүнтэй зэрэгцэн МАН-ын ЕНБ-ийн дарга Ж.Мөнхбат “Шийдлийн Засгийн газарт орлоо гээд МАН амаа үдүүлэхгүй. Анхнаасаа засагт хамтрахдаа олон зүйл дээр зарчмын тохиролцоо хийсэн. Гэрээнээсээ АН ухарч эхэллээ. Өрийн тааз, хямарлыг давах төлөвлөгөөг зөрчлөө. Тиймээс цаашдаа АН энэ мэтээр зөвшилцөл, хамтын гэрээнээсээ ухарч эхэлвэл МАН заавал энэ гэрээг биелүүлэх гэж, ачааг үүрэх гэж зүтгэх алба байхгүй” хэмээн мэдэгдэв. Энэ бол хэрэв хямралаас гарах төлөвлөгөөг хэлэлцэхгүй бол Засгаас гарна шүү гэсэн илэрхий сануулга гэдэг нь тодорхой.
Ийнхүү Эдийн засгийн хямралаас гарах төлөвлөгөө хоёр намын бүлгийн хооронд хэрүүлийн алим болж мэдэхээр нөхцөл байдал үүсээд байна. Хэрэв даамжирвал энэ нь Засаг тарах шалтгаан болохыг үгүйсгэх аргагүй болно.
АН бүлэг “Эзэн-100” хөтөлбөрийг цаашид хэрэгжүүлээд явах санал гаргасан нь үнэхэээр ойлгомжгүй асуудал юм. Огцорсон Засгийн газрын бүтээгүй төлөвлөгөөг дараагийн Засгийн газар үргэжлүүлнэ гэдэг бол аль ч талаасаа дэндүү “гоо сайхан”-гүй болж харагдана. АН-ын бүлэг эдийн засгийн хямралыг даван туулах тогтоолыг хэлэлцэхгүй гэж байгаа нь эдийн засаг хямраагүй, эсвэл хямралаас гарах сонирхолгүй байгаагийн илрэл гэж харагдах нь тодорхой.
Ж.Мөнхбат “Эзэн 100” хөтөлбөрөөр Шийдлийн Засгийн газар явах юм уу, үгүй юм уу гэдгийг энэ долоо хоногт бидэнд тодорхой болгож өгөх хэрэгтэй гэдгийг санууллаа. Хамтрагч намынхаа энэ эрс тэрс мэдэгдэлд тэд харин яаж хариу барих нь одоогоор тодорхойгүй байна.
Эдийн засгийн хүндрэлийг даван туулах арга хэмжээний тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөлд тусгасан зорилтуудыг 3 үе шаттайгаар 5 жилийн хугацаатай 2015-2030 онд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байгаа юм. “Бодлогыг хэрэгжүүлснээр боловсруулах аж үйлдвэрийн салбарын дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувийн жин нэмэгдэж, үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн, үйлчилгээгээр дотоодын хэрэгцээгээ хангаж дэлхийн болон бүс нутгийн хэмжээнд өрсөлдөх чадвартай эцсийн бүтээгдэхүүн экспортлогч орон болно. Түүнчлэн судалгаа хөгжлийн боловсруулалтын ажлын үр дүнг эдийн засгийн эргэлтэд оруулж, үйлдвэрлэл, технологийн парк, үйлдвэрийн кластер, логистикийн сүлжээг хөгжүүлэхээр тусгасан”-ыг мэдээлж байсан билээ. Харин тогтоолын төсөл маань өөрөө УИХ-ын танхимаас гарч чадах эсэх нь эргэлзээтэй болчихлоо.
П.Булган
Сэтгэгдэл ( 3 )
Эзэн-100 хөтөлбөр хамгийн сайн хөтөлбөр байсан.Үүнийг МАН-ын бүлгийн хорлол,З.Энхболдын хуйвалдаанаар, Батзандан,нарын авсан нууц юмаар унагасан болохоос биш муу байсандаа хэрэгжээгүй юм биш ээ.Ер МАН-ын нөхөд одоо гэсэн засгаас гарахад оройтоогүй гэж бодож байна.Ядарсан ардууд амьсгаа авч сэтгэл амар ажилламаар байна шүү.
Юун хүн шиг амьдрах, юун улс шиг хөгжих. Сайхан сөнөөж байна л гэхээс.
АН-ынхан бага тэнэгтвэл таарна. Тэр төлөвлөгөө Алтанхуягтайгаа хамт унаа биз дээ.