Яг одоо дэлхийн зах зээл дээр нүүрсний эрэлт хэрэгцээ нэмэгдэх хандлага ажиглагдаж байна. Учир нь Австралийн нүүрсний экспорт буурч, 52 мянган ам.долларт хүрчээ. Энэ нь өмнөх сартай харьцуулбал зургаан ам.доллараар дээшилсэн үзүүлэлт билээ.
Ер нь нүүрсний хэрэглээ одоо хаа хаанаа улам л эрэлттэй болсоор байна. Нүүрсний хамгийн том худалдан авагч, хэрэглэгч БНХАУ ойрын гурван сард нүүрсний экспортоо дахин 3.6 хувиар өсгөх болсноо мэдэгдээд амжив. Учир нь тус улсын нүүрсний экспорт энэ сарын байдлаар 29.56 хувиар буураад байна. Тус улс дэлхийн зах зээлд коксжих нүүрс худалдан авдаг томоохон зах зээлтэй орон билээ.
Манай улс 2011 он гэхэд аварга эдийн засаг бүхий Хятадын нүүрсний импортын 30 хувийг дангаараа бүрдүүлж, ёстой л уул уурхайн тэсрэлт хийж байв. Тухайн жилдээ Хятадууд нүүрсний зах зээлд хамгийн хүчирхэгт тооцогдож байсан ба Монгол Улс ч энэхүү зах зээлийг сайтар мэдэрч байв. Гэхдээ цаг үе үргэлж ийм байсангүй. Сүүлийн хоёр жилд манай улсын уул уурхайн салбар дахь хууль эрх зүйн орчин, хөрөнгө оруулагчдын нөхцөл байдал үлэмж хэврэгжсэн тул өдгөө газрын гүн дэх баялгаа гаргаж чадахгүй суугаа.
Гэтэл нүүрсний томоохон экспортлогч Австрали улс энэ зуур Хятад, АНУ, Зүүн Өмнөд Ази болон Азийн төв хэсгийн орнуудад хар алтыг зөөсөөр байна. Хамгийн сүүлчийн мэдээгээр Хятад, Өмнөд Солонгос улсууд Австралийн “Адани” групптэй 16 тэрбум ам.долларын гэрээ байгууллаа. Тэд Куэнисландаас нүүрс худалдан авах тохироог хийснээр манай хөрш зэргэлдээ оршдог нүүрсний үлэмж эрэлттэй орнууд харийн Австралийг зорих болов.
Мэдээж олборлолт, баяжуулалт, нэмүү өртөг, далайн хилийн татвар гээд Австралиас ирэх нүүрс Хятад, БНСУ-д үнэтэй тусч байгаа нь ойлгомжтой. Өмнөд Солонгосын Поско компани түлш эрчим хүч, технологийн үйлдвэрлэлээр тэргүүлдэг LG компанитай гэрээ байгуулснаар тэд бүтээгдэхүүн үйлдвэрлэлдээ нүүрсийг түлхүү ашиглахаар болжээ. БНСУ тэртээ Австралиас далайгаар нүүрсээ зөөх нь хэт үнэтэй тусч байгаа ч тэд байгуулсан гэрээгээ зөрчдөггүй, хууль эрх зүйн орчноо байн байн өөрчилдөггүй нь итгэлтэй хамтрагч гэдгийг харуулж байна. Манай улсыг тойроод дэлхийд хөгжлөөрөө тэргүүлдэг дөрвөн орон хаяа дэрлэн амьдардаг.
Тэдний ойрын 50 жилийн хөгжлийн гол сектор бол аж үйлдвэрлэл, гангийн үйлдвэрлэл, метал хайлуулбар, томоохон бүтээн байгуулалтад шаардлагатай барилгын материалуудыг хэдэн мянгаар нь үйлдэрлэх зорилготой юм. Харин энэ бүхнийг коксжсон нүүрс ашиглан хямд төсөр зардлаар хурдан хугацаанд зорьсондоо хүрдэг. Эрчим хүчний гол эх үүсвэр нүүрсний хэрэглээгээр Хятад тэргүүлж, удахгүй Япон энэ салбарт асар ихийг хаях төлөвтэй байна. Цаашлаад БНСУ ч нүүрсний импортоо нэмэгдүүлж, дотоодын эрчим хүчдээ дэм өгөх юм.
2015 оны нүүрс, нефтийн үнэ хэвэндээ байж, алт, зэсийн үнэ бага зэрэг өсөх хандлага байгаа тухай Олон улсын уул уурхайн ассосиаци мэдэгдэж байна. Бас манай орныг энэ онд 35 сая тонн хар алт гадагшаа гаргах боломжтой гэж үзсэн. Энэ тоо 2020 онд 40 саяд хүрэх таамаг буй тухай АНУ-ын Нүүрсний зах зээлийн шинжээч UBS-ийн судалгаанд дурьдагдсан. Гэтэл энэхүү судалгаа бүр 2013 онд хийгдэж байжээ. Харамсалтай нь 2013 онд тооцож байсан шиг нүүрсний экспорт 35 сая тоннд хүрэх нь өдгөө бараг л мөрөөдөл болоод байна. Яагаад гэвэл манай орны уул уурхайн салбар дахь хууль эрх зүйн орчноос улбаалж гадны хөрөнгө оруулагчид хаяж явснаар эдийн засаг сульдсан юм. Тэгэхээр 2013 онд гаргаж байсан уг судалгаа биелэхгүй болж таарч байна.
Дэлхийн зах зээл дээр нүүрс экспортлогч Австрали, АНУ-ын хувьд таатай үе тохиогоод буй. Учир нь Монгол, Мозамбик зэрэг экспортлогч улсуудад нүүрсний зах зээл үндсэндээ уналтын байдалд орсон юм.
Монгол Улсын төсвийн гуравны нэгийг 2012 оны байдлаар нүүрсний салбарын орлого бүрдүүлдэг байлаа. Тэртээ 2009 онд нүүрснээс 75.8 тэрбумыг төсөвт хуримтлуулж байсан. Гэтэл 2015 онд 35 сая тонн нүүрс олборлож төсвийн эргэлт сайжирч, хөрөнгө оруулалтын орчин таатай болно гэж аль 2013 онд таамаглаж байсан ч өнгөрсөн онд нүүрсний салбар ерөөс сэхэл авсангүй. Тэгэхээр энэ онд манай улсын нүүрсний зах зээлд олигтой өөрчлөлт гарахгүй байж мэднэ. Гэхдээ энэ онд өнгөрсөн 2013, 2014 оных шиг уул уурхайн уналт мэдрэгдэхгүй байх дохио бий.
Тодруулбал, өнгөрсөн намрын чуулганаар “Урт нэртэй” гэх хуулийг дагаж мөрдөх журамд өөрчлөлт оруулсан юм. Ингэснээр уг хууль хэрэгжихээс өмнө үйл ажиллагаагаа явуулж байсан компаниуд лицензээ буцааж авах нөхцөл бүрджээ.
Бас энэ он гарсаар цуцлагдаад байсан 106 орд газрын лицензийг тодорхой системийн дагуу буцаан сэргээж байна.
Юутай ч сүүлийн гурван жилд Монголын төр уул уурхайн салбарыг хатуу хууль, учир нь үл ойлгогдох олон татвараар зовоож байсныхаа горыг амсах шиг. Улсаараа унаж байсан эдийн засагт ийнхүү ашигт малтмалын нөхөн олборлолтууд явагдаж эхэлснээр манай орны нүүрс, зэс, алтны экспорт санхүүгийн улирал бүрт таатай гарах нөхцөл бүрдэж болзошгүй.
Т.Батсугар
Сэтгэгдэл ( 1 )
15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУЦ номыг ИНТЕРНОМ, МИР, МАЖЕСТИК, АЗ ХУР, АЛТАНТӨГРӨГ, ГОЛДЭН БҮҮК номын дэлгүүрээс худалдан аваарай. Үнэ: 22 000₮