Сүхбаатар аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар Эрдэнэцагаан сумын нутаг дахь Лхачинвандадын улсын тусгай хамгаалалттай газарт нутаглаж буй халиун бугыг тоолж, хамгаалах арга замыг тодорхойлжээ. Тооллогын баг том, жижиг нийлсэн 143 бугыг нүдээр харж тоолон, гэрэл зураг, дүрс бичлэгийн хальсанд буулгаж авсан байна. Энэ жил цас багатай өвөлжсөн, орсон жаахан цас нь эрт хайлж газар хэдийнэ харласан тул Монгол орны зэрлэг амьтад усгүйдэхэд хүрээд буй. Мөн хавар цагт амьтад тарга тэвээргээ алдаж, эцэж турснаас үхэх, өвчлөх, араатны хоол болох нь элбэг. Тиймээс бугын гол бэлчээр болох Аман ус, Зүүн Араатын Хэцүү жанжин уулын бэлд хужир тавьжээ. 2012 онд дархан цаазат Богдхан уулнаас гурван буга авчран, энд нутагшуулсан аж. Эдүгээ Лхачинвандадын улсын тусгай хамгаалалттай газарт 300 орчим халиун буга байна гэж тооллогын баг үзжээ.
Сэтгэгдэл ( 1 )