Хөрөнгө оруулагчдад хөндөлссөн тээг

Автор | Zindaa.mn
2015 оны 03 сарын 19

Тавантолгойг монголчуудад бурхнаас хуваарилсан хишиг хэмээн нэрлэдэг. Энэ орд ирээдүйд  монголчуудыг тэжээж, Монгол Улсыг хөгжүүлнэ хэмээн бүр өнгөрсөн зууны сүүлчээс л ярьж бичсээр өдий хүрч байна. Энэ бол сайн чанарын коксжих нүүрсний том ай сав. Эрчим хүчний хийгээд гангийн үйлдвэрийн гол  хоол тэжээл гэсэн үг. Ингэж төсөөлбөл эрэлт хэрэгцээ нь эцэс төгсгөлгүй мэт төсөөлөгдөх байх.

Шинэ оны ажлын анхны өдөр Тавантолгойн стратегийн хөрөнгө оруулагчидтай хийх хэлэлцээр эхэлж байсан нь билэгдэл талаас нь цаг хугацааг нь ингэж тааруулсан хэрэг биз ээ. Өдрийн сайныг өнжин хүлээж цагийн сайныг саатан хүлээж гэдэг шиг. Гэвч энэ хэлэлцээр бидний хүссэнээр нэг л явж өгөхгүй байна. Сайн юманд садаа мундахгүй гэдэг шиг. Гацах гол шалтгаан Чалкогоос зээлсэн 350 сая ам.долларын эрэг тойронд өрнөж байгаа гэх мэдээлэл бий.  Популизмын төлбөр нь энэ. Гэхдээ Тавантолгойн хөрөнгө оруулалтын гэрээ итгэл найдвар тээсэн хэвээрээ байгаа. Засгийн газрын зүгээс хэлэлцээрийг тавдугаар сард багтаан дуусгахаар төлөвлөж буй. Хэрэв төсөл цааш хэрэгжиж эхэлбэл эдийн засгийн эрчмийг богино хугацаанд сэргээх магадлал бий.  Бид Тавантиолгой гэж их ярьдаг ч ойлголт маань их хэмжээний нүүрсний орд гэхээс цааш нэг их хэтэрдэггүй.  Тиймээс  энэ орд газрын талаар эргэн нэг тодруулъя. Ингэх нь гадаад дотоодын бусад ижил төрлийн уурхайтай харьцуулан харах, жин банг нь жиших боломжийг олгоно.

Ерөөс Монгол улсын нүүрсний геологийн таамаг нөөц 173.3 тэрбум тонн,  нүүрсний нөөцөөрөө дэлхийн эхний 10 орны тоонд багтдаг. Одоогоор 15 сав газрын хүрээнд 300 гаруй орд илрээд байна.  Нөөцийн хэмжээ цаашид нэмэгдэх магадлалтай.

Харин Тавантолгойн ордыг ашиглах урьдчилсан ТЭЗҮ-ийг ОХУ-ын ГИПРОШАХТ институт 1990 онд боловсруулсан бөгөөд нийтдээ 6,42 тэрбум тонн нүүрсний нөөцтэй гэж тогтоожээ. Үүнээс коксжих нүүрс нь 1,8 тэрбум  тон.  Тавантолгой ордод нийт  ашиглалтын 9 тусгай зөвшөөрөл олгогдсон бөгөөд үүний 5 тусгай зөвшөөрлийг Энержи Ресурс ХХК эзэмшиж байгаа гэх мэдээлэл бий.

Монгол Улс жилдээ 30 сая тонн нүүрс олборлож экспортод гаргах мөрөөдөлтэй. Хэрэв ийм жишгээр Тавантолгойгоос олборловол хоёр ч зуун дамжин ашиглахад хүрэлцэхүйц нөөц энд байна. Тэгэхээр энэ бол Монгол Улсыг байнгын тогтвортой орлоготой байлгах  боломж гэсэн үг. Ийм бэлэн зэлэн баялгаа эргэлтэнд оруулж чадахгүй өдий хүрч  байгаа нь шийдвэр гаргагчдын урагшгүй, аливаад намчирхаж,  хувийн эрх ашгаа хавчуулах гэж эрмэлзэж ирсний балаг юм. Өмнөх Засгийн газрын үед Тавантолгойн хөрөнгө оруулагчдыг шалгаруулж “Тавантолгойн галт тэрэг хөдөлчихлөө” хэмээн сурталдаж байв. Харамсалтай нь мөнөөх галт тэрэг маань  цаашаа ч үгүй,  наашаа ч үгүй гацчихсан. Ч.Сайханбилэгийн Засгийн газар энэ гацаангаас гаргахаар хөрөнгө оруулагчдыг  шалгаруулж хэлэлцээр эхлүүлсэн ч мөн л Чалкогийн өр гэх саад тээг үүсчихлээ гэж байна.  Гэвч үүний цаана бас ил далд саад тээг бий. Ажлын хэсгийг ахалж байгаа  Монгол Улсын сайд М.Энхсайхан “Хоосон улстөржилт Монголын эрх ашиг биш ээ. Саад болж байгаа зүйл нь хаана хаанаа итгэлцэл муу байгаа явдал гэж хэлье...Мега төсөлд бид өөрсдөө л том садаа байх” хэмээжээ.

Чалкогоос илүү намууд,  тодорхой улстөрчдийн анир чимээгүй  гэтэлт хэлэлцээрт нөлөөлж байгаа юм байна. Энэхүү хэлэлцээрт тодорхой үүрэгтэй “Эрдэнэс Тавантолгой” компанийн захирал Я.Батсуурийг барьж хорьсоныг тодорхой улс төрчдийн захиалга хэмээн харж байгаа хүн олон бий.  Дуулдаж буйгаар бол “Gobipower”  ч билүү Н.Алтанхуягийн хүргэн гэгддэг Г.Дэнзэнгийн компанид 4.6 тэрбум  төгрөг ширилжүүлсэнтэй холбогдуулан шалгаж байгаа гэх. Гэтэл энэ нь шүүхийн шийдвэр байсан гэж байна. Нэгэнт шүүхээс тогтоосон нөхөн төлбөрийг төлөх нь хэн ч бай  заавал биелүүлэх ёстой үүрэг. Ид хэлэлцээрийн үеэр, хэл амаа олж байх цагаар хийсэн энэ баривчилгаа хөрөнгө оруулагчдын итгэлийг хийсгэж байгаа нь тодорхой зүйл.  

Хөрөнгө оруулагчид нэгэнт тодорчихсон хэлэлцээр ид дундаа байхад УИХ-ын дарга З.Энхболд тэргүүтэй улс төрчид Америкийн Пибоди компанийг оролцуулах ёстой гэсэн байр суурь илэрхийлж эхэлсэн нь хөрөнгө оруулачдад очсон бас нэг эргэлзээ байв.  Ажлын хэсгийн ахлагч М.Энхсайханы “мега төсөл эмзэг шүү чулуу битгий шидээрэй гэсэн сануулга”-ын араас ийн төслийн шил толинд нь ан цав суучих шиг боллоо.

П.Булган 

 

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Болд(112.72.13.143) 2015 оны 03 сарын 20

хурдан гэрээг байгуулах хэрэгтэй

0  |  0
зочин(202.126.89.176) 2015 оны 03 сарын 19

Нүүрс хэзээ ч үнэ цэнээ алдахгүй. Жчир нь химийн үйлдвэрийн үнэт түүхий эд. Нүүрснээс хүнс гарган авч ч болно. Нөгөөтэйгүүр нүүрснээс хий , нефть бас гарган авч болно. Ийм их боломжтой, тэгээд хязгаарлагдмал баялаг үнэ цэнээ алдана гэдэг юу л бол

0  |  0
зочин(66.102.6.218) 2015 оны 03 сарын 19

Хөрөнгө оруулагчид гэж яг хэн юм бэ манай оронд? Хятад Сологос хоолны газрын эзэд үү, монголын баялгийг үнэ төлбөргүй ухаж байгаль орчныг нь бохирдуулж байгаа үндэстэн дамнасан корпорацууд уу? Хөрөнгө оруулалтын чанарын тухай ойлголт бидэнд ерөөсөө алгө

0  |  0
ааа(202.72.246.106) 2015 оны 03 сарын 19

Нээх л гадны хөрөнгө оруулалт шүтсэн хүмүүс

0  |  0
Зочин(118.70.170.139) 2015 оны 03 сарын 19

Нүүрсийг 30 жилийн дараа ямар ч орон хэрэглэхгүй ш дээ. Монголд ч хэрэггүй болно шдээ.

0  |  0
Зочин(103.26.192.146) 2015 оны 03 сарын 19

За хэдэн зүйл тодруулах шаардлагатай байна. Худлаа Мега төсөл гээд ярих яахав сонин биш байна. Хамгийн их арвин нөөцтөй, ашиглалтад орсон байгаа Цанхийн уурхайг 30 жилийн турш үнэгүй шахам түрээслэчээд хэнд ашигтай Мега төслийн талаар яриад байгаа юм бэ? АМНАТ-ын 40- орчим хувьтай тэнцэх хэмжээний түүрээсийн төлбөр аваад (тэрийгээ роялти гээд байгаа юм байна л даа) нэг иргэнд оногдох ногдол ашиг (1072 ширхэг хувьцаанд) жилийн дээд хэмжээ 4000 орчим төгрөг гэж бодож байна. Энэ 4000 орчим төгрөг нэмэгдэх дур зураг харагдахгүй байна тэгэхээр 30 жилийн дараах 4000 төгрөгийн худалдан авах чадв

0  |  0
зочин(103.26.192.146) 2015 оны 03 сарын 19

За хэдэн зүйл тодруулах шаардлагатай байна. Худлаа Мега төсөл гээд ярих яахав сонин биш байна. Хамгийн их арвин нөөцтөй, ашиглалтад орсон байгаа Цанхийн уурхайг 30 жилийн турш үнэгүй шахам түрээслэчээд хэнд ашигтай Мега төслийн талаар яриад байгаа юм бэ? АМНАТ-ын 40- орчим хувьтай тэнцэх хэмжээний түүрээсийн төлбөр аваад (тэрийгээ роялти гээд байгаа юм байна л даа) нэг иргэнд оногдох ногдол ашиг (1072 ширхэг хувьцаанд) жилийн дээд хэмжээ 4000 орчим төгрөг гэж бодож байна. Энэ 4000 орчим төгрөг нэмэгдэх дур зураг харагдахгүй байна тэгэхээр 30 жилийн дараах 4000 төгрөгийн худалдан авах

0  |  0
Top