Төр ба хувийн хэвшил: Тавантолгойд хэн нь юу бүтээв

Автор | Zindaa.mn
2015 оны 03 сарын 23

Ч.Сайханбилэгийн Засгийн газрын гол найдварыг тээж байгаа Тавантолгойн хөрөнгө оруулачидтай хийж буй хэлэлцээр хүлээлтийн “горимд” байгаа. Стратегийн хөрөнгө оруулагчдын нэг нь үндэсний “Энержи ресурс” компани. Тавантолгойд эдүгээ төрийн өмчийн “Эрдэнэс Тавантолгой” болон хувийн хэвшлийн “Энержи ресурс” гэсэн хоёр компани  үйл ажиллагаа явуулж байна. Гэхдээ энэ хоёр компанийн хийж бүтээсэн нь өдөр шөнө шиг ялгаатай.  Төр хамгийн муу менежер гэдгийн бэлээхэн жишээг эндээс бас анзаарч болно. Юу гэвэл “Эрдэнэс Тавантолгой”-н анхны захирал Б.Энэбиш гэж нөхөр байсан. Эрэл сурал болж гадаадад гараад нуугдчихсан гээд байгаа энэ нөхөр тэрбумаар үнэлэгдэх  хэрэгцээгүй дугуй тээврийн хэрэгсэл зэргийг компанидаа шахсан гэсэн тодотголтой өдийг хүрч байна. Дараагийн захирал Я.Батсуурийг нь баривчлаад хорьчихсон. Бас л зүгээр байгаагүй бололтой юм.  Гэхдээ энэ бол тусдаа асуудал.

Харин энэ удаад Тавантолгойн уурхайд голлон тоглогч хоёр компанийн тухайн бүс нутагт хийж хэрэгжүүлж буй ажил, бүтээн байгуулалтыг харьцуулан харуулахыг зорилоо.

Эрдэнэс Тавантолгой хувьцаат компани

Та бидний 1072 ширхэг хувьцааг нь эзэмшдэг төрийн өмчит компани. Тус компани  2014 онд 5.7 сая тонн нүүрс экспортлосон бөгөөд энэ нь урьд оныхоосоо 2.9 дахин их байгаа юм. Энэ жилийн тухайд компани улсын төсөвт 57 тэрбум төгрөг төвлөрүүлэхээр зорьж буй. Эрхбиш нүүрс нь байгаа юм болохоор ачаад л байгаа юм байна.  Харамсалтай нь улс төрчдийн популист амлалтын хөлд чирэгдэж, хөгжлийн хөтөлбөрөө хэрэгжүүлж чадахгүй туйлдаж яваа компани.

Байгалийн баялгаа “олборлож” гаргахаас “үйлдвэрлэлийн” өөрөөр хэлбэл боловсруулж экспортлох нь  Монгол Улсын эдийн засгийн хөгжлийн гол стратеги. Энэ тухай бараг уйдтал ярьж байгаа даа. Эрдэнэс Тавантолгойд ч бас ийм том амбиц бий. Хэд хэдэн том төсөл төлөвлөчихсөн. Хийж хэрэгжүүлэх боломж бяр чадал суухгүй өдий хүрч байна.

Байгалийн баялгаа “олборлож” гаргахаас “үйлдвэрлэлийн” өөрөөр хэлбэл боловсруулж экспортлох нь  Монгол Улсын эдийн засгийн хөгжлийн гол стратеги. Эрдэнэс Тавантолгойд ч бас ийм том амбиц бий. 

 

Зорьж буйгаар бол Цанхийн зүүн хэсгийн уурхайгаас олборлож байгаа нүүрсийг хамгийн орчин үеийн техник, технологоор нойтон аргаар баяжуулахаар төлөвлөж байгаа.  Төлөвлөж буй нүүрс баяжуулах үйлдвэр нь жилдээ дунджаар 13.4 сая тонн коксжих нүүрс, 3.8 сая тонн  завсрын бүтээгдэхүүн буюу эрчим хүчний нүүрс үйлдвэрлэх юм.  Тус бүртээ 900тн/цаг хүчин чадалтай 4 модулиас бүрдсэн нүүрс баяжуулах үйлдвэрийн загварыг төлөвлөж байгаа гэж дуулддаг. Төлөвлөж байснаар баяжуулах үйлдвэрийн эхний  модулийг өнгөрөгч оны дөрөвдүгээр удиралд ашиглалтад өгөх ёстой байв.  2017 онд  Зүүн цанхийн уурхайг түшиглэн баригдах нүүрс баяжуулах үйлдвэр бүрэн хүчин чадлаараа ажиллана гэж төлөвлөсөн.

Дараагийн нэг томоохон ажил нь гэвэл  Эрдэнэс Тавантолгой ХК өөрийн нүүрсний ордоо түшиглэн эхний ээлжид 300 МВт цаашлаад 1200-1400 МВт хүчин чадал бүхий томоохон цахилгаан станцыг барьж говийн бүсийн эрчим хүчний хэрэгцээг хангах төлөвлөгөө.  Гэхдээ дээр дурдсан бүхэн одоогоор цаасан дээр байгаа гэдгийг дахин тодотгоё.

Харин нэг сайн мэдээ гэвэл  тус компанийнхан нүүрсний давхаргын метан хий ашиглах төслийн хүрээнд БНСУ-ын төрийн өмчит “Кo Gas Corporation” компанитай хамтран 2015 оны хоёрдугаар сард туршилтын үйлдвэрээ ашиглалтад оруулна гэж дуулдаж байгаа.  Ингэснээр манай улс анх удаа нүүрсний давхаргын метан хийг ашиглах нөхцөл бүрдэх юм байна. 

Энержи Ресурс 

Энержи Ресурс компанийг М-Си-Эс групп, Петровис ХХК, Шунхлай групп зэрэг үндэсний хэмжээний томоохон компаниудын хамтын хөрөнгө оруулалттайгаар 2005 онд байгуулсан. Олон улсын хөрөнгийн биржид Монголоос анх удаа хөл төвьсан компани билээ. Тус компани нь Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дахь Ухаа Худаг коксжих нүүрсний ордод үйл ажиллагаа явуулдаг бөгөөд 2.962 га талбай бүхий 11952А ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшдэг гэсэн тоо баримт байна. Уурхайг ашигдлаж эхэлсэн 2009 оноос хойшхи харьцангуй богино хугацаанд Ухаа Худаг уурхай нь Нүүрс баяжуулах үйлдвэр, 18 мегаваттын цахилгаан станц, усан хангамжийн систем, орон сууцны хороолол гээд техникийн болон нийгмийн дэд бүтэц бүхий аж үйлдвэрийн томоохон цогцолбор болон өргөжиж чадсан юм.  Ухаа Худаг цогцолборын хүрээнд  нийтдээ 4000 орчим хүн шууд ажлын байраар хангагдсан гэх мэдээлэл бий.

Энержи Ресурс компанийн томоохон бүтээн байгуулалтын нэг нь Монголын анхны Нүүрс баяжуулах үйлдвэр юм.  Жилд тус бүр 5 сая тонн нүүрс угааж, баяжуулах хүчин чадалтай 3 модуль бүхий баяжуулах үйлдвэрийг 2013 оны зургадугаар сард  ашиглалтад оруулсан. Тус үйлдвэр 150 гаруй ажлын байрыг бий болгосон бөгөөд технологийн дэвшилтэт шийдэл нь Монголд төдийгүй бүс нутгийн хэмжээнд анхдагчид тооцогддог. Тухайлбал усыг 98 хувь хүртэл дахин ашиглах орчин үеийн дэвшилтэт технологийг нэвтрүүлжээ.   

Тус компанийн барьж байгуулсан дан монгол инженерүүдийн шийдэл  бүхий цахилгаан станц нь 18 мегаваттын хүчин чадалтай.  2011 оны есдүгээр сард ашиглалтад орсон. Энэ станц уурхайгаас гадна Цогтцэций сумыг  цахилгаанаар найдвартай хангаж байна. Станц нь  хуурай хөргөлтийн системтэй усны “0” хэрэглээ гээд технологийн олон давуу талыг агуулсан.  Цахилгаан станц ашиглалтад орсноор 140 гаруй ажлын байр шинээр бий болжээ.

Энержи Ресурс компанийн томоохон бүтээн байгуулалтын нэг нь Монголын анхны Нүүрс баяжуулах үйлдвэр юм. 

 

Ухаа Худаг уурхайн цогцолборын үйлдвэрлэлийн болон ахуйн хэрэглээний ус хангамжийн ухаалаг, дэвшилтэт системийг бий болгосон. Цэвэр усны нөөцөөр хомс говь нутагт  усыг 100 хүртэл хувь дахин цэвэршүүлэн ашиглах, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн, дэвшилтэт технологид суурилсан гэнэ.

Ингэснээр уурхайн нийт төслүүдийн усны хэрэгцээг хангаад зогсохгүй Цогтцэций сумын иргэдийг  ундны цэвэршүүлсэн усаар хангаж байна.  Энэхүү ус хангамжийн систем нь 56 000 куб метрийн багтаамжтай. 

Энержи ресурсийн хийж хэрэгжүүлсэн хамгийн томоохон төслийн нэг нь Ухаа худаг-Гашуун сухайт чиглэлийн 245 км хатуу хучилттай зам билээ. Энэ зам баригдсанаар нүүрс тээвэрлэлтийг нэмэгдүүлээд зеогсохгүй говийн экологийн эмзэг системийг хамгаалахад үнэлж баршгүй ач тусаа үзүүлж байна. Энэ замыг 2014 онд төрд шитлжүүлэн өгсөн. Түүнчлэн тус компани Гашуун сухайтын чиглэлд төмөр зам тавихаар төлөвлөж ажлаа эхлээд байсныг төр өөрийн хөрөнгөөр тавина хэмээн энэ ажлыг нь зогсоогоод байгаа. Энержи ресурс компани ажилчдынхаа ажиллаж амьдрах нэн таатай боломжийг бүрдүүлснийг Тавантолгой дахь кэмп дээр нь очсон бүхэн мэдэх байх.  

Тавантолгойн эргэн тойрон дахь бүтээн байгуулалт компани тус бүр дээрээ иймэрхүү дүр төрхтэйгээр үргэлжилж байна. Хэрэв хөрөнгө оруулагчидтай хийж буй хэлэлцээр амжилттай  шийдэгдвэл  говийн энэ бүс нутагт хөгжил жинхэнэ утгаараа ирнэ.  Барилга байгууламж, төмөр зам, өндөр чадлын  цахилгаан станц, баяжуулах үйлдвэр гээд төлөвлөгдсөн бүхэн ажил хэрэг болох алхам эхлэнэ. Тэр цагт л Тавантолгойн галт тэрэг эргэлт буцалтгүй хөдлөх болно.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
өндөр болгох нууц(112.72.13.93) 2015 оны 03 сарын 23

15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУЦ номыг ИНТЕРНОМ, МИР, МАЖЕСТИК, АЗ ХУР, АЛТАНТӨГРӨГ, ГОЛДЭН БҮҮК номын дэлгүүрээс худалдан аваарай. ҮНэ: 22 000₮

0  |  0
Top