Сурвалжлага: 400 гаруй өвчтөнтэй ч уурын зуухаар ажилладаг ганц эмнэлэг

Автор | Zindaa.mn
2015 оны 03 сарын 31

Арав гаруй жилийн өмнө “Тариатын балай” гэж хочлогдсон сэгтгэцийн эмгэгтэй эмэгтэй манай нутагт амьдардаг байсныг би тодхон санадаг юм. Түүнийг "Хавар болохоор Архангай аймгаас Улаанбаатар хот руу хөл нүцгэн алхчихдаг, нэг удаа хөл хүнд болсон ч хүүхэд нь бүтэлгүй төрсөн. Өвчтэй л юм чинь аргаггүй шүү дээ. Их л хөрөнгөтэй айлын ганц охин юм гэнэ лээ. Ээж нь өөд болоод ингэж яваа” гэх мэтчилэн ярьцгаадаг байсныг санадаг юм. Харин одоо тэр эмэгтэй хаана юу хийж явааг хэн ч мэдэхгүй. Амьд, үхсэн аль нь сураг тасраад буй. Тухайн үед нутгийн нийгмийн халамжаас нь ганц хоёр өмсөх хувцас өгдөг, хаяахан хүчээр дагуулж яваад усанд оруулдаг л байсан. Түүнээс цааш асаргаа хийх холбогдох байгууллага мэргэжилтэн байдаггүй байв.

Эдгээр нийгмээс гадуурхагдсан хүмүүсийг гардан асардаг ганц төв байдаг нь бидний галзуугийн хэмээн нэрлэдэг Шархадны эмнэлэг. Өнөөдөр “Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв”-д яг дээр дурьдсантай адил хэн нэгний хараа хяналт хэрэгтэй, насанд хүрсэн, хүрээгүй хүмүүсийг асардаг 400 гаруй ажилтан байдаг.

Хотын зүүн захад байдаг эмнэлгийн үйл ажиллагаа хэрхэн өрнөж байгаа мөн тулгараад байгаа асуудлыг бага ч болов сөхөхөөр зорьж очсон юм.

Бид сэрүүхэн өдөр очсон болоод ч тэр үү орчин нөхцлийн хувьд өвөлдөө жиндүүхэн байдаг бололтой. Өдрийн 11.00 цагийн үед эмч нарын нэгдсэн хурал тарж таарлаа. Энэ чиглэлээр олон жил ажилласан туршлагатай эмч нар байдаг болохоор ихэвчлэн 40-өөс дээш насны эмч нар өрөөнөөс цуван гарч харагдана.

Хэдийгээр сэтгэцийн эрүүл мэндийн төв гэж нэрлэгддэг ч энд ядаргаанд орсон, сэтгэлийн хямралд өртсөн хүмүүс эмчлүүлдэг юм байна.

Бидний “галзуу” хэмээн тодотгоод байгаа хүмүүсийг гардан асаргаатай тасагт хэвтүүлэн эмчилж яг л хүүхэд шиг асаргаа сувилгаа хийдэг аж. Бие засуулахаас эхлээд хоолыг нь хүртэл халбагадаж өгөхгүй бол хахчих аюултай гэдгийг дотор нь ажиллаж байгаа сувилагч нар хэлж байв. Сэтгэцийн эмгэгтэй хүмүүсийг ойлгож, түүний төлөө зовдог ар гэрийнхэн л тэднийг эргэдэг. Гэхдээ нийгмээс гадуурхагдаж хамаатан садандаа ад үзэгдсэн өвчтөнгүүд ч цөөнгүй.

Энэ эмнэлэг гүний худаг, уурын зуухтай учраас төвийн халаалт гээд байдаггүй. Дотроосоо бүх асуудлаа шийддэг нь давуу тал ч гэлээ төдий чинээ олон ажилчидтай байх шаардлага тулгардаг. Одоогоор уурын зуухаа ажиллуулж өөрөөсөө дулаанаа бий болгодог сүүлийн ганц эмнэлэг болоод байна. Энд угаалга цэвэрлэгээний тасаг ч байдаг. Ажилчид бүх зүйлийг өөрсдөө ариутган цэвэрлэж, нэг ёсондоо өвчтөнүүдэд гэртэй байгаа мэт үйлчилгээ үзүүлэхийн тулд ажилтнууд хичээдэг аж.


Эмнэлэгийн хашаа том болохоор уурын зуух нь урдаа байрладаг.

Зарим хүнд өвчтөнүүд орондоо бие засчихдаг учир гудас, хөнжлийг нь гадаа гаргажээ.

Шархадны эмнэлэгт эмийн, сэтгэл заслын,  сэргээн засах,  бусад төрийн болон төрийн бус байгууллгатай хамтарсан өөртөө туслах бүлгийн гэсэн дөрвөн төрлийн эмчилгээг хийж байгаа юм байна.  Сүүлийн үед архинд донтсон хүмүүс их үйлчлүүлэх болсон бөгөөд нийгэм, хамт олонд тулгуурласан сэтгэл заслын үйлчилгээг мэргэжлийн эмчийн тусламжтайгаар үзүүлж байгаа тухай Баярмаа эмч бидэнд тайлбарлаллаа.

Энэ төв улсдаа ганц, хөдөө орон нутгийн 21 аймаг, Улаанбаатар хотын есөн дүүргийн хэмжээнд өргөн хүрээтэйгээр үйл ажиллагаагаа явуулдаг. Тэгэхээр хөдөө орон нутагт ийм төрлийн хүнд өвчтэй хүмүүс байвал заавал энд ирж хэвтэж эмчлүүлэх шаардлага тулгардаг гэнэ. Аймгуудаа бүсчлээд төв эмнэлэгт нь сэтгэцийн тасаг нээчихвэл орон нутгийн өвчтнүүдэд эмчилгээ нь ойр болох юм. 

Эм тарианы хувьд улсын тусгай зөвшөөрөлтэйгөөр гаднаас орж ирдэг сэтгэцэд нөлөөлөх эм, тариа байдаг учир гаднаас худалдаж авах боломжгүй, гадагш гаргах хориотой.

Эмч мэргэжилтний хувьд хүрэлцээтэй, жилд нарын мэргэжлээр 16 эмч мэрэгшүүлж төгсгөн хойч үеээ бэлтгэж байгаа аж. Сүүлийн гурван жилд 50 гаруй эмч бэлтгэсэн тул мчийн тоо хүрэлцээтэй. Гэхдээ залуу эмч нарын тоо өссөн учраас туршлага дутагдах тал байдаг ч ажилдаа дуртай залуус болохоор хурдан хугацаанд сайжирч байгаа гэдгийг мэргэжилтнүүд дурьдаж байв.

Шархадны эмнэлэг үндсэн 12 клиник эмнэлэгтэй. Үүнээс зургаа нь үндсэн үйлчилгээ үзүүлдэг бол үлдсэн нь төрөлжсөн нарийн мэргэжлийн эмчилгээгээр дагнадаг. Архинд донтох эмгэг хүүхэд өсвөр үеийн клиник, яаралтай тусламж,  сэтгэцийн сэргээн засах эмчилгээ үзүүлдэг. Амбултори нь эмнэлгийн гадуурх тусламж үйлчилгээг үзүүлж байгаа. Яг өнөөдрийн байдлаар 460 орчим эмчлүүлэгч үйлчлүүлдэг байна. Анхлан эмчлүүлэгчийн тасгийг нээгээд байгаа нь шинэлэг зүйл болсон нь нойрны өөрчлөлтөд орж хий юм сонсож, хараад ядаргаанд орсон хүмүүсийг хүлээж авдаг байдаг юм байна. Ингэж анхны хэвтэлтийн клиникт солиорлын эсрэг эмчилгээ хийж байгаа. 

Ар гэрийнхэн, нийгмээс хол байгаа өвчтөнүүд энд салхилдаг.

Хаврын улирал эхлэхээр сэтгэцийн өвчин сэдэрдэг гэж хүмүүс ярьдаг ч дөрвөн сар дөхсөн энэ үед Шархадны эмнэлэг хөл хөдөлгөөн багатай нам гүм байна.

Сүүлийн жилүүдэд сэтгэцийн өвчлөлтэй хүмүүсийн тоо буурч, ихсэх нь тогтвортой байгаа ч ерөнхий тоог нь харвал ганц хоёр хүүхдээр л нэмэгдэж байгаа гэлээ. Хүмүүсийн ярьдаг шиг огцом өсөөгүй байна.

Энгийн эмнэлгээс ялгаатай нь өвчтнүүдэд тасгаасаа гарч ийш тийш  холхих эрх байдаггүй.

Уншигч таны иргэн тойронд сэтгэцийн эмгэгтэй хүн байдаг бол та зовлонг нь ойлгож тэдний нийгмийн асуудлын талаар бага ч болов санаа зовинодог байх. Сэтгэцийн өвчний нэг хүндрэл нь эдгэх нь ховор, цаашлаад хүндэрч наад захын чадамжаа алдах тохиолдол байдаг учир эмчилгээг удаан хугацаагаар хийх шаардлагатай байдаг юм байна. Мөн эмнэлгийн тусламж авч чадаагүй бусдад адлуулан, тохуурхуулж амьдралыг барж байгаа өвчтэй хүмүүс ч бий. Ямартаа ч улсдаа ганц, гадуурхагдсан иргэдийг агуулдаг Шархадны эмнэлэгийн өнөөдрийн байдал ийм байна. Эм тарианы мөнгө нь 50 хувь танагдсан, өнөөг хүртэл уурын зуух галлаж байгаа энэ эмнэлэгт анхаарал хандуулахад илүүдэхгүй болжээ.

Д.Янжмаа

Сурвалжлага: Шархадны эмнэлэгт бөөгийн тасаг гэж байхгүй, харин сэтгэцийн өвчтэй байгаад бөө болсон тохиолдол цөөнгүй http://news.zindaa.mn/1oqa

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
шар хад (66.181.161.67) 2023 оны 06 сарын 08

шар хадын эмнэлэгт хүн үхэж бсан уу

0  |  1
Zuvluv(123.119.186.147) 2023 оны 06 сарын 08

Tegvel ta uuruu hamgiin turuun ter emnelegt ochikh baikh gej bi bodloo. Tersluu hun zan turhiin uurchlulttei bgaa gedgiig ter emnelgiin emch nar bugd medne

1  |  0
тэрслүү(202.21.106.142) 2015 оны 03 сарын 31

МАН-ын ордонг эднийд өгвөл яасан юм бэ? яагаад болохгүй гэж

0  |  0
Top