Засгийн газрын ээлжит хуралдаанаар зочид буудлуудад 150 тэрбум төгрөгийн эргэн төлөгдөх нөхцөлтэй зээлийг Хөгжлийн банкны эх үүсвэрээр арилжааны банкуудаар дамжуулан олгох шийдвэрийг гаргаад байна. Энэхүү зээл нь 5 хүртэлх жилийн хугацаатай 7-9 хувийн хүүтэй байх юм. Засаг ингэж зочид буудлын салбарт гар сунгах болсон шалтгаан нь ирэх жил Монголд болох АСЕМ-ийн дээд хэмжээний уулзалтад зориулагдаж байгаа юм. Дээд хэмжээний энэ уулзалтын үеэр нийтдээ 5000 орчим зочин хүлээж авна хэмээн тооцож буй. Зочдыг Монголд ая тухтай байлгах шалгуурыг одоогоор хангаж байгаа 45 буудал байгаа юм байна. Цөөхөн биш санагдах ч багтаамж хүчин чадал гэдэг талаасаа бол чамлалттай.
Засгийн газрын энэ шийдвэртэй зэрэгцэн “Керри” группийн “Shangri La” зочид буудал Улаанбаатарт нээлтээ хийлээ. Нээлтэнд “Шангри-Ла”-г үүсгэн байгуулагч, “Керри” группийн эзэн Роберт Куок нээлтийн ёслолд өөрөө ирж оролцоод буцсан гэх мэдээлэл байна. Шинээр нээгдэж буй “Shangri La” 290 өрөөтэй. Үнэ нь хамгийн багадаа хоногийн 240 ам.доллараас эхэлж байгаа юм байна.
АСЕМ-д ирэх зочдын дунд 51 орны төр, засгийн тэргүүн нар байна гэсэн урьдчилсан тооцоолол байгаа. Тэдэнд гэхэд Presidential Suite ангиллын өрөө хэрэгтэй болно. Ийм нөхцөлд дэлхийд нэрд гарсан нэр хүндтэй зочид буудлын сүлжээ эх орны нийслэлд нээлтээ хийнэ гэдэг сайн хэрэг. Төсөв угаас хүрэлцээгүй, хөрөнгө мөнгө дутагдалтай тэвдэж байхад нэг ч гэсэн асуудлыг хөнгөвчилж байгаагаараа үүнийг “ОК” гэхээс өөр арга байхгүй.
Ямартай ч “энэ завшааныг ашиглаад” гэдэг шиг том хэмжээний уулзалтаас Монголд зочид буудлын боломжийн сүлжээ, хүчин чадал бий болж үлдэх нь тодорхой байна. Гэхдээ харин тэдний бизнесийн цаашдын хувь заяа энэ уулзалтаас цааш хэрхэн үргэлжлэх нь тодорхойгүй байна. Энэ л эргэлзээ төрүүлж байна. Үйлчлүүлэгч, зах зээл нь хэр хүртээмжтэй байх бол гэсэн таамаглалд өөдрөг хариулт нэг л олдож өгөхгүй байна. Ийм хэмжээний олон зочид төлөөлөгчид нэг дор цугларах хурал зөвлөгөөн Улаанбаатарт тэр бүр болоод байхгүй. Дээр нь Монголын жуулчны улирал хэмжээ хязгаартай, зөвхөн хавар зуны зургаан сараар үргэлжилнэ. Тэгээд ч хэдэн саяар нь жуулчид авах биш, ирдэг очдог нь цөөн. Сая жуулчин бол одоохондоо мөрөөдөл байгаа. Ирж байгаа ихэнх жуулчид аль болох хямд төсөр байдлаар сонголтоо хийдэг. Ихэнх нь үүргэвчтэй аялагчид гэх ангилалд хамаардаг.
Дээрхи өндөр зэрэглэлийн зочид буудлуудаас гадна хаа сайгүй тааралдах жижиг Hotel, Motel-ууд дотоодын эрэлт хэрэгцээний чамгүй хувийг хангадаг гэдгийг бас санах хэрэгтэй.
Шинээр ашиглалтад ороод байгаа “Shangri La” гэхэд одоогоор 300 шахам өрөөтэй гэдгийг дээр дурдсан. Энэ бол манай Улаанбаатар, Чингис, Баянгол зочид буудлыг нийлүүлсэнтэй бараг адилхан хүчин чадал болж байгаа юм. Мэдээж, цаанаа том хөрөнгө мөнгөний эх үүсвэрээр баригдсан болхоор “Shangri La”-гийн ая тух, тоног төхөрөмж энэ тэрийг эх орныхоо “Од”-той гэгддэг зочид буудлуудтай харьцуулшгүй илүү байгаа байх. Тэгээд бас үнийн хувьд хоногийн 240 ам.доллараас эхэлж байгаа болохоор энэ нь Улаанбаатар зочид буудлын Deluxe болон Suite ангиллын өрөөтэй үнийн хувьд тун ойролцоо очиж байна гэсэн үг. Эндээс үндэсний хэдэн зочид буудал хямд үнээр өрсөлдөх ганц л гарц байгаа юм шиг харагдаж байна.
Зочид буудлын салбар угаасаа Монголын хувьд хөл дээрээ тогтож хөгжиж бэхжиж амжаагүй байгаа. Дээр нь зах зээл нь жижиг. Тийм болохоор төрөөс дэмжлэг зохицуулалт хэрэгтэй болж байна. Зохицуулалт гэдгийг дахин тодотгомоор байна. Хэдийгээр зах зээлийн чөлөөт эдийн засагтай ч гэлээ Монгол Улс дотоодын зах зээлээ хамгаалах шаардлагатай. Тэр нь зөвхөн бараа бүтээгдэхүүн, импорт экспортоор хязгаарлагдах бус үйлчилгээний салбарт ч нэн чухал хамаатайн наад захын жишээ гэвэл энэ “Shangri La” зочид буудал. Одоо үүн дээр зах зээлийн багтаамжаа тооцоогүй тухайн багахан цаг үеийн шаардлагаар баахан зочид буудлыг төрийн дэмжлэгтэйгээр “бөөндөх” гэж байгаа нь энэ салбарыг цаашид бүр ч бүрхэгдүүлж мэдэхээр нөхцөл байдал үүсээд байна даа.
П.Булган
Сэтгэгдэл ( 3 )
Ongorson 7 honog Bayangold buuj uzlee, bas l hetsuuhen yum bnleedee. 00iin oroo gej aimshig, nurah gej bga yum shig shawardsan, restaurantiin uilchilgee mash muu. Gadniihan uilchilgeend n setgel dunduur baigaa haragdsan.
Үндэсний зочид буудлууд хямд үнээр өрсөлдөх биш ээ. Дэлхийн аль ч оронд байдаг 5 одтой хамгийн дээд зэрэглэлийн зочид буудлыг Монголд анх удаа байгуулж байгаа нь чухал. Шангри Ла-д мөнгөтэй, баян, элит хүмүүс л бууна. Харин жирийн жуулчид нь Чингис, Улаанбаатар, Баянгол-доо л бууж таарна. Тиймээс эдгээр буудлууд Шангри Ла-гаас үлгэр дууриалал авч, зочид буудлын менежмент, барилга байгууламжийн өнгө төрх, өрөөний дотоод тохижилт, хоол ундны соёл зэргийг өөрсдийн буудлууддаа нэвтрүүлж, одны зэрэглэлээ нэмэгдүүлж, үйлчилгээгээ сайжруулах тал дээр ажиллах хэрэгтэй. Манай буудлууд ч бас хэцүү шүү.