Уул уурхайд түшиглэсэн Монголын эдийн засагт багагүй жин нөлөө үзүүлдэг нь алтны үйлдвэрлэл. Үйлдвэрлэл гэхээсээ илүүтэй олборлолт гэвэл зохимжтой байх. Алт нэгэн цагт улсын эдийн засгийг өндийлгөх гол хүчин зүйл болж байсан нь 1990-ээд оны дунд үе. Тэр үед алтны төлөө хөлтэй нь хөлхөж, хөлгүй нь мөлхөх шахам юм болсон. Яг ном зохиол дээр гардаг Аляскийн алтны төлөөх амь дүйсэн тэмцэл гэдэг шиг.
Алт олборлолт нэмэгдсний үр дүн нь Монгол банкинд тушаах алтны хэмжээ нэмэгдэж, эдийн засгийг хэсэгтээ л тогтоон барьж, валютын ханшийг хазаарлаж байсан билээ. Харамсалтай нь эдийн засгийн энэ хэмнэл явцыг 2007 онд хэсэг популистууд уул уурхайн салбарт гэнэтийн ашгийн 68 хувийн албан татвар гэгчийг бий болгосоноор алт олборлогчид Монгол банкинд алтаа тушаахаа больж, нууцаар хил давуулж арилжаалах болсон.
Хууль эрх зүйн ийм гажуудлыг Н.Алтанхуягийн Засгийн газоын үед засч залруулаад байгаа нь алт дахиад эдийн засгийн том нөлөөлөх хүчин зүйл байх хандлагыг эргүүлж авчирлаа. Улсад худалдаж буй алтны хэмжээ ч чамгүй өсөөд байна. Валютын ханш тогтворжих хүчин зүйлийн нэг нь алт болов.
2015 оны эдийн засгийн гол авралыг алт гэж нэрлэж байгаа нь санамсаргүй хэрэг биш. Ингэж харах нэг шалтгаан нь бас “Урт нэртэй хууль”-ийг хэрэгжүүлэх журамд өнгөрөгч хоёрдугаар сард өөрчлөлт оруулсантай холбоотой. Мэргэжилтнүүдийн тооцсоноор бол “Урт нэртэй хууль”-ийн хоригт үндсэндээ 200 гаруй лиценз буюу 130 орчим тонн алтны нөөц хамрагдаад байсан гэх дүн бан байх юм билээ. Гэхдээ журамд өөрчлөлт орлоо гээд дээрхи 200 лиценз бүгд чөлөөлөгдчихгүй, 40-50 хувь л үйл ажиллагаа эрхлэн боломжтой болох юм гэсэн. Хэрэв ингэж тооцвол эндээс 60 тонн алтны боломжит хувилбар харагдаад байгаа юм.
Хэрэв статистик тоо баримт сөхвөл алтны компаниуд өнгөрсөн онд Монгол банкинд нийтдээ 13.8 тонн алт тушаажээ. Энэ бол өмнөх жилүүдтэй нь харьцуулахад чамгүй нэмэгдсэн үзүүлэлт. Үүнийг хэрэв мөнгөн дүнгээр нь илэрхийлбэл 560 сая ам.доллар болж байна. Энэ ахиц дээрээ дөрөөлж 2015 онд 20 тонн алт тушаахаар зорьж буй.
Гэвч явц тийм ч өөдрөг биш байна. Одоогоор Монголбанкинд 1 тонн 800 кг алт тушаажээ. Гэхдээ алтны сезон арай болоогүй. Наадмаас хойш 8-10 сар хүртэл уул уурхай, тэр дундаа алтны компаниудын хувьд ургацаа хураадаг ид үе нь. Нөгөө талаасаа энэ жил улсаас алтны коипаниудаа дэмжинэ, хөрөнгө санхүүгийн хувьд туслана гэсэн амлалт байгаа болохоор өөдрөг харах шалтгаан байгаа гэсэн үг. Харин яг авдаг өгдөг дээрээ юу болж байгаа нь тодорхойгүй. Зарим эх сурвалжийн мэдээлснээр одоо нэг ч компанид санхүүгийн дэмжлэг үзүүлээгүй байгаа, олон алт олборлогчид хүлээлтийн байдалтай байгаа гэх сураг байна. Түүнчлэн Гацууртын ордын хүлээлт хэзээ тайлагдах нь тодорхойгүй хэвээр.
Алт олборлолт цаг хугацаанд хавчигддаг улирлын чанартай үйлдвэрлэл. Засгийн амлалтыг хүлээж нарны галтай үеийг алдчихвал алт олборлогчдын хувьд бухын доодохыг харж үнэг турж үхэв гэдэгтэй үлгэр нэг болж мэдэх юм. Тэгвэл 2015 оны эдийн засгийн авралаар нэрлэгдээд буй алтны үйлдвэрлэлд энэ жилийн тухайд л лав итгэх шалтгаан бага болох гээд байна.
Сэтгэгдэл ( 0 )