Үндсэн хуулийн өөрчлөлтөөс хоёр танхимтай парламентыг нэхмээр байна

Автор | Zindaa.mn
2015 оны 06 сарын 09

Энэ долоо хоногийн мэтгэлцээний сэдэв Үндсэн хуулийн өөрчлөлт  байх бололтой. Өмнөх долоо хоногийн дундуур УИХ-ын гишүүн Н.Батбаяраар ахлуулсан ажлын хэсгийнхэн Үндсэн хуульд хийхээр төлөвлөж буй өөрчлөлтийнхөө талаар намын бүлгүүдэд мэдээлэл хийсэн.  Одоогоор яригдаж буй өөрчлөлтүүд нь зөвхөн саналын хэмжээнд байгаа асуудал. Үндсэн хуулиа бид “Эцэг хууль” хэмээн хүндэлдэг. Эрхэмсэг, хэн дуртай нь гар хүрэхгүй байх шалтгаан нь энэ. Гэхдээ Үндсэн хуулиас улбаатай амьдралд нийцэхгүй байгаа олон проблем бас бий.

Та бидний хамгийн сайн мэдэхээр дан, давхар дээлийн асуудал, ганцхан хоттой Монгол, иргэдийн нэрлэдэгээр Их Хурлын 76 “мангуу”-гийн хэн хүссэн нь Засгаа онхолдуулдаг гээд засч залруулах зүйл олон бий. Тэрчлэн Засаглалын тодорхойгүй хоёрдмол байдал гэж ярилцах нь ч бий. Парламентын засаглалтай гэгддэг боловч Ерөнхийлөгч-парламентын хосолмол шинжтэй гэж  ажлын хэсгийн ахлагч тодотгосон байна билээ. Одоо хийх гэж байгаа өөрчлөлтөөс нь харвал сонгодог парламентын засаглал руугаа түлхүү шилжихээр зорьж буй гэх.  Хэдий тийм боловч үнэнийг хэлэхэд парламентын засаглал итгэл үнэмшлээ бараг алдчихсан. Гэхдээ энэ нь засаглалын хэлбэрээсээ бус тэнд байгаа улс төрчдийн увайгүй, урагшгүй араншингаас  илүү шалтгаалсан. Тийм  болхоор иргэдийн хувьд  Ерөнхийлөгчийн засаглалыг илүүд үзэх хандлага бий болчихоод байгаа нь амьдрал дундах жирийн үнэн.  

Иргэдийн дундах хүлээлт гэх үү, ямартай ч яригддаг нэг сэдэв бол Монголын парламентыг хоёр танхимтай болгох тухай юм. Нэг талаасаа энэ бол уламжлал, нөгөө талаасаа олон улсын жишиг ийм.

Эдүгээ Үндсэн хуулийн өөрчлөлтөөр Ерөнхийлөгчийн эрхийг нэлээд хязгаарлах бодлого баримталж байгаа нь анзаарагдаж байна. Тухайлбал,  Ерөнхийлөгчийг ард түмнээсээ бус УИХ, аймаг, хотын ИХТ-ийн олонхийн саналаар сонгодог болно. Түүнчлэн  Прокуророос эхлээд хууль хүчний байгууллагын зарим томилгоог Ерөнхий сайд хийдэг болох юм байна. Ерөнхийлөгчийн суудал эзгүйрсэн тохиолдолд Ерөнхий сайд нь үүрэг гүйцэтгэнэ.  Өөрөөр хэлбэл Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нарын эрх мэдэл урвуу хамааралтай болно гэсэн үг. Энэ бүхэн парламентын засаглалыг илүү товойлгож тодруулж харагдуулж байна.

Хэрэв үнэхээр сонгодог парламентын засаглал руу шилжихээр зорьж байгаа бол өнөөгийн парламентын хэлбэр энэ үүргийг гүйцэтгэж чадах уу гэдэг нь асуудал. Иргэдийн дундах хүлээлт гэх үү, ямартай ч яригддаг нэг сэдэв бол Монголын парламентыг хоёр танхимтай болгох тухай юм. Нэг талаасаа энэ бол уламжлал, нөгөө талаасаа олон улсын жишиг ийм.  Богд хаант Монгол Улсын үед хурлаа дээд доод хоёр танхимтай байгуулж байсан уламжлал бидэнд бий.  Яг энэ жишгээр хоёр танхимтай парламент байгуулах тухай санал санаачлага нэг бус удаа гарч байсан. Сү.Батболдын Засгийн газрын үед МАН яг энэ асуудлаар нэлээд жинтэй дуугарч эхэлснээ чимээ алдарсан юм даг. Зориг зүрх нь дутсан уу, яасан.

Дээд танхим нь жинхэнэ утгаараа ард түмний төлөөлөл байж, хот, аймаг сумаас  сонгогдоно. Өөрөөр хэлбэл намаас бус иргэдээсээ нэр дэвшсэн 300 орчим төлөөлөгч байна гэсэн үг

Ерөнхий сайд асан Д.Содном гуай Засаглалын талаар нэлээд оновчтой гэмээр ой тоонд буумаар санал дэвшүүлдэг. Тэрбээр  хоёр танхимтай парламентыг санал болгодог. Өөрөөр хэлбэл Улсын Их, Бага хуралтай болъё.  Түүнтэй санаа бодлоо нэгтгэдэг нэр нөлөө бүхий олон хүн байдаг. Нөгөөтэйгүүр парламентыг мэргэжлийн болгох тал дээр энэ хоёр танхим маш чухал гэдгийг онцолдог. Тодруулбал, доод танхим нь хуульч эдийн засагч бүхий мэргэжлийн цомхон 30-40 хүний бүрэлдэхүүнтэй, байнгын ажиллагаатай байх. Тэд мэргэжлийн хүрээнд төлөвлөгдсөн хуулийг боловсруулна.  Харин тэдний гараас гарсан хуулийн төслийг дээд танхимаараа хэлэлцэж батална. Дээд танхим нь жинхэнэ утгаараа ард түмний төлөөлөл байж, хот, аймаг сумаас  сонгогдоно. Өөрөөр хэлбэл намаас бус иргэдээсээ нэр дэвшсэн 300 орчим төлөөлөгч байна гэсэн үг. Тэд сонгогчдынхоо өмнө эргээд хариуцлагаа үүрнэ. Тэд  улиралдаа нэг удаа ч юмуу цугларч хуулиа хэлэлцэж баталдаг байх нь оновчтой.

Намаас нэр дэвшиж сонгогдсон тэднийг ард түмний төлөөлөл гэж харахад хэцүү. Үнэхээр парламентыг өргөжүүлье гэж байгаа бол хоёр танхимтай болгох нь зөв гарц.

Манайд парламентыг өргөжүүлэх гишүүдийн тоог нэмэх тухай үе үе ярьдаг. Үнэхээр ч 76 гэдэг бол бүхнийг зангидан шийдвэрлэхэд цөөднө. Лоббинд амархан өртөх боломжтой, тэгээд дандаа намын төлөөлөл. Намаас нэр дэвшиж сонгогдсон тэднийг ард түмний төлөөлөл гэж харахад хэцүү. Үнэхээр парламентыг өргөжүүлье гэж байгаа бол хоёр танхимтай болгох нь зөв гарц.

Хоноц хоноцдоо дургүй гэдэг шиг  манай 76-д энэ хоёр танхим таалагдахгүй байж мэднэ. Гэхдээ л улс орны эрх ашгийн үүднээс хоёр танхимтай парламентыг Үндсэн хуулийн энэ өөрчлөлтөөр  хуульчилж өгвөл эх орны эрх ашигт өнөөгийнхөөс илүү үр өгөөжтэй байж мэдэх юм. Энэ бол нэг л хувилбар.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
өндөр болгох нууц(112.72.13.133) 2025 оны 03 сарын 13

15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУЦ номыг ИНТЕРНОМ, МИР, МАЖЕСТИК, АЗ ХУР, АЛТАНТӨГРӨГ, ГОЛДЭН БҮҮК номын дэлгүүрээс худалдан аваарай. үнэ: 22 000₮

1  |  0
gavanna(180.149.78.22) 2025 оны 03 сарын 13

sudalj vzeh l heregtei

1  |  0
Top