Хаврын чуулган “мөрөөдлийн жагсаалт”-тай өндөрлөх бололтой

Автор | Zindaa.mn
2015 оны 06 сарын 11

З.Энхболдын тэргүүлсэн парламент сайн ажиллаж байгаа эсэхэд ард түмэн дүн тавина. Хэдийгээр төрийн эрх барих дээд институц гэлээ ч тэднийг ард түмний төлөөлөл гэж харах учиртай.  Тиймээс дүн тавих эрх нь ард түмэнд бий.

Их Хурлын гишүүдийг ажлаа тааваараа,  өөрийн цаг зав, тааллаараа хийдэг онцгой эрх дархтай хүмүүс гэсэн өнцгөөр  дийлэнхи иргэд  хардаг байх. УИХ-ын гишүүд гэж хуралдаа суухдаа тун хойрго, урьж залуулаад ч орж ирдэггүй хачин хүмүүс.  Ирц хүрэлцэхүйгээс  хэлэлцэх асуудал хойшилж байсан нь олон. АН-ын эрх барьж буй үед хэлэлцэж шийдвэрлэх олон асуудал байсан. Харин тэднээс  хэд нь “мөрөөдлийн жагсаалт” болж үлдэх нь тодорхойгүй. Хамгийн нээлттэй анзаарагдаж байгаагаас Тавантолгойн хөрөнгө оруулалтын гэрээг нэрлэж болох юм. Түүнчлэн засагт хамтрах шалтгааны нэг болсон Үндсэн хуулийн өөрчлөлт, Сонгуулийн тухай хууль зэргийг ч одоогоор ярьж хэлэлцэж эхлээгүй байна.  Энэ хоёр хуулийг ээлжит сонгуулиас наанадаж хагас жилийн өмнө баталсан байх учиртай. Ном журам нь тийм. Лав энэ хаврын чуулганаар хэлэлцэхгүй нь тодорхой боллоо.

 

АН-ын эрх барьж буй үед хэлэлцэж шийдвэрлэх олон асуудал байсан. Харин тэднээс  хэд нь “мөрөөдлийн жагсаалт” болж үлдэх нь тодорхойгүй. 

 

Тэгэхээр ирэх намрын чуулганаар цаг хугацаагаар шахаж, бушуу туулай борвиндоо гэгчийг давтах  янзтай. Түүнчлэн Улстөрийн намын тухай хууль, Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай,  Эдийн засгийн өршөөл үзүүлэх тухай хууль нийгэмд чамгүй  анхаарал сонирхол дагуулсан эдийн засаг, улс төрийн өндөр ач холбогдолтой хуулиуд хүлээлтийн горимд байна. Эдийн засгийн өршөөлийн хуулийг хэлэлцэх эсэх нь улсын төсвийн бүрдэлтэд сөрөг нөлөөлж байгааг олон хүн анхааруулж байгаа.  

Ерөнхий сайд УИХ-д мэдээлэл хийх үеэрээ өнгөрөгч нэгдүгээр сард өргөн барьсан Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн төсөл нийгэмд хүлээлт үүсгэж байгааг сануулж,  Татварын Ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, хуулийн төслүүдийг яаралтай хэлэлцүүлэх шаардлагатай байгаагаа илэрхийлж байсан билээ.

Түүнчлэн иргэдийн хүлээлтэнд байгаа Ирээдүйн өв сангийн тухай хуулийн төсөл, Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл хаврын чуулганы хэлэлцэх  асуудлын жагсаалтад байсан ч одоо хүртэл “мартагдчихаад” байна. 

 

Малчдын тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, Малчдын тэтгэвэрт гарах хугацааг богиносгох, ажилласан жилийг 1.5 жилээр тооцох  хуулийн төслийг хэлэлцэхийг  шийдвэрлэсэн ч анхны хэлэлцүүлэгтээ орж чадахгүй гацчихаад байна.

 

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах болон  Малчдын тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуулийн төсөл, Малчдын тэтгэвэрт гарах хугацааг богиносгох, ажилласан жилийг 1.5 жилээр тооцох, тэтгэврийн шимтгэлийг хавар, намар төлүүлдэг байх хуулийн төслийг хэлэлцэхийг  шийдвэрлэсэн ч анхны хэлэлцүүлэгтээ орж чадахгүй гацчихаад байна.

Хаврын чуулган ирэх сарын 1-нд өндөрлөнө. Үндсэндээ хагас  сарын хугацаа үлдэж байна. УИХ-ын дарга З.Энхболд хаврын чуулганыг нээж хэлсэн үгэндээ ч энэ тухай онцолж,  энэ удаагийн парламентад нэг жил үлдэж байгааг сануулж, хугацаа бага учраас олон ажил амжуулах ёстойг анхааруулж байсан нь бий. Тэглээ гээд байдал урьдын хэвээр, урагшилсан юмгүй байна. Хэрэв энэ янзаар, ийм хурдаар явбал үлдсэн хугацаанаас хүлээх үр дүн бараг үгүйтэй адил. Гэхдээ наадмын өмнө, хүмүүсийн анхаарал сарних үеэр хууль бөөнддөг урьдын туршлага бас бий.

УИХ-ын даргын гаргасан захирамжаар энэ хаврын ээлжит чуулганаар  нийтдээ 33 хууль болон  тогтоолын төсөл хэлэлцэхээр  дараалал тогтоосон. Харин одоогоор хаврын чуулганы хугацаанд гурван хууль баталж, 21 хуулийн төсөл хэлэлцүүлгийн шатанд байна. Мөн өргөн мэдүүлээд хэлэлцэх шатаанд 3, өргөн мэдүүлээгүй зургаан хуулийн төсөл байгаа юм байна. Ер нь УИХ-д өргөн мэдүүлсэн нийт 124 хуулийн төслөөс хэлэлцэж эхлээгүй 68, эцсийн хэлэлцүүлэгт нэг, байнгын хорооны хуралдаанаар анхны хэлэлцүүлэг хийсэн 55 хуулийн төсөл байгаа гэдгийг холбогдох хүмүүс нь тодотгож байгаа.

УИХ-ын даргын захирамжаар энэ хаврын чуулганаар  нийтдээ 33 хууль хэлэлцэхээр  дараалал тогтоосон. Харин одоогоор хаврын чуулганы хугацаанд гурван хууль баталж, 21 хуулийн төсөл хэлэлцүүлгийн шатанд байна.
Өчигдөр МАН-ын бүлэг “Морин цаг” мэдээллийнхээ үеэр   “Сүүлийн үед дараалалд ороогүй хууль, тогтоолын төслүүд их орж ирж байна. Засгийн газраас өргөн нэн яаралтай хэлэлцэх горимоор өргөн мэдүүлсэн “Засгийн газрын тусгай сангийн тухай” хуулийн төсөл, “Гацууртын ордод төрийн эзэмшлийн хувь тогтоох тухай” УИХ-ын тогтоолын төсөл зэрэг жагсаалтад ороогүй 16 хууль, тогтоолын төслийг хэлэлцэж байна” гэдгийг дуулгав. Тэд мөн УИХ-д өргөн мэдүүлсэн, хэлэлцүүлгийн шатанд байгаа хууль, тогтоолын төслүүдийг чуулганаар хэлэлцүүлэхдээ хойрго, үзэмжээрээ хандаж байна гэж шүүмжиллээ.  

Ямартай ч энэ удаагийн парламентаас  төрийн шуурхай, цэгц байдлыг олж харахгүй байгаа нь үнэн. Хэвлэл мэдээллийнхэн лав хаврын чуулганд хасах оноо тавина гэдгээ илэрхийлчихээд байгаа.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top