Засгийн газар, Монголбанкнаас хамтран хэрэгжүүлж буй “Үнэ тогтворжуулах хөтөлбөр”-ийн хүрээнд санхүүжилт авсан “Орбит комплекс” ХХК-ийн гүйцэтгэх захирал З.Хүрэлбаатартай хөтөлбөрийн хэрэгжилтийн талаар ярилцлаа.
-Засгийн газар, Монголбанктай хамтран “Үнэ тогтворжуулах хөтөлбөр”-ийг хэрэгжүүлээд хоёр жил гаруй хугацаа өнгөрлөө. “Гурилын үнийг тогтворжуулах” хөтөлбөрийн хүрээнд танай байгууллага санхүүжилт авсан. Үр дүн нь ямар байв?
-2012-2015 он хүртэл “Гол нэрийн бараа бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах хөтөлбөр”-ийг Засгийн газар, Монголбанктай хамтран батлагдсан. Хөтөлбөрийн хүрээнд аж ахуйн нэгжүүдэд арилжааны банкаар дамжуулан хөнгөлөлттэй зээл олгож байна. Гаднаас түүхий эдийн хараат бус цөөхөн хэдэн үндэсний үйлдвэрлэл бий. Түүний нэг нь гурилын үйлдвэр. Бид түүхий эдээ дотоодоосоо авдаг. Дотоодын үйлдвэрүүдэд хүү багатай зээл хэрэгтэй. Хөтөлбөрийг үнэ тогтворжуулахаас гадна үндэсний үйлдвэрлэлээ дэмжсэн бодлого гэж үздэг.
-Хөтөлбөрийн хүрээнд танай компани хэдэн удаа, хэдий хэмжээний санхүүжилт авсан бэ?
-Хөтөлбөрийн хүрээнд хоёр удаа хоёр гаруй тэрбум төгрөгийн санхүүжилт аваад байна. Эхний жилд нэг тэрбум төгрөгийн зээл авч, буцаан төлж дууссан. Хоёр дахь жилийн санхүүжилт одоо төлөгдөөд явж байна.
-“Үнэ тогтворжуулах хөтөлбөр”-т оролцож байгаа байгууллагуудад төр засгийн зүгээс үнэ тогтоож өгсөн байх аа?
-Тийм. Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар, Үйлдвэр хөдөө аж ахуйн яам, банк хооронд гэрээ байгуулж, хатуу үнэ тогтоож өгсөн. Хөтөлбөр хэрэгжсэн эхний жилд гурилын үйлдвэрүүдийг 520 төгрөгөөр гурилаа зах зээлд нийлүүл гэсэн. Зээлийн араас нэхэл дагал ихтэй.
Бид долоо хоног, сар болгон тайлангаа гаргаж өгдөг. Манай компаний хувьд эхний жилийн санхүүжилтийн тайлангаа өгөөд, зээлээ төлөөд дууссан. Дараа нь 2013-2014 он дамжуулан дахин зээл олгоод байна. Манай компани хоёр дахь жилдээ хөтөлбөрт хамрагдлаа. Энэ жилийн хувьд бид 720-780 төгрөгөөр гурилаа зах зээлд нийлүүлж байна.
-Өнгөрсөн жил 520 төгрөгөөр зах зээлд нийлүүлэгдэж байсан гурил энэ жил яагаад 720 төгрөг болов?
-Улаанбуудайн үнэ өссөнөөс гурилын үнэ өссөн. Хөтөлбөр хэрэгжүүлсэний эхний жилд төр засгаас 520 төгрөгөөр гурилаа зах зээлд нийлүүл гээд тогтоогоод өгсөн талаар дээр хэлсэн дээ. Харин энэ жил улаанбуудайн үнэ 500 гаруй төгрөг болсон. Үүнээс болж зах зээлд нийлүүлэгдэж байгаа гурилын үнэ нэмэгдсэн юм. Улаанбуудайны үнийг дагаад гурилын үнэ нэмэгдсэн гэж ойлгож болно.
-Гурилын үйлдвэрээс 720-780 төгрөгөөр гарч байгаа гурил зах, худалдааны төвд яагаад 1000-аас дээш худалдаалагддаг юм бэ?
-Бид бүтээгдэхүүнээ үйлдвэрлээд гаргадаг. Захын дамжлага дээр үнэ өсчихөөд байгаа юм. Харин гурилын үйлдвэрээс зах зээлд нийлүүлж байгаа үнэ бол тогтвортой байгаа.
-Хөтөлбөр үнэ тогтворжуулахгүй, харин ч нэмэгдээд байна. Шал дэмий зүйл хэрэгжүүлж байх юм гэх шүүмжлэл байдаг?
-Телевизээр мэдээ хараад сууж байхад төсвөөс гадуур 3.8 их наяд төгрөг зах зээлд оруулаад инфляци хөөрөгдөөд, ам.долларын ханшийг өсгөчихлөө гэж ярьж байна билээ. Гурилын үйлдвэрүүдэд өгсөн энэ мөнгө долларын ханш, инфляцид ямар ч нөлөө үзүүлээгүй.
Хөтөлбөрийн хүрээнд гурилын үйлдвэрүүдэд мөнгө олгохдоо тодорхой хэмжээний хүүтэй, барьцаа хөрөнгө, үйл ажиллагаа, нийт авах бараа бүтээгдэхүүний эргэлт гээд бүгдийг нь судалсны үндсэн дээр зээл олгосон. Бид хөтөлбөрийн хүрээнд өгч байгаа зээлээр үйлдвэрлэлээ өргөтгөх, гадаад худалдааны бизнес эрхлээгүй, зөвхөн улаанбуудайгаа л худалдаж авч байна. Хөтөлбөр хэрэгжсэнээр гурилын үнэ тогтвортой байгаа. Сүүлийн гурван жилд өсөөгүй бараа бүтээгдэхүүний нэг бол гурил гэж боддог юм.
-Хэрэв “Үнэ тогтворжуулах хөтөлбөр”-ийг хэрэгжүүлээгүй бол гурил үйлдвэрлэгчдэд ямар хүндрэл учрах байсан бэ?
-Ганц гурилын үйлдвэрүүд гэхгүй тариаланчдад ч хүндрэл учрах байсан. Дэд хөтөлбөрийн хүрээнд өгч байгаа мөнгөөр бид гурил худалдаж авахгүй. Түүхий эд болох улаанбуудайгаа худалдан авч байна. Улаанбуудай худалдаж авахаар тариаланчид мөнгөтэй болж байна. Тариаланчид, гурилын үйлдвэр аль алинд нь ашигтай. Магадгүй хөтөлбөр хэрэгжээгүй байсан бол өнөөдөр гурилын үнэ 1000 хол давчихсан байх байсан.
-УИХ-ын зарим гишүүн ирэх жил “Үнэ тогтворжуулах хөтөлбөр”-ийг зогсоож, мөнгөний хатуу бодлого хэрэгжүүлэх ёстой гэдгийг онцолж байна. Хэрэв хөтөлбөрийг зогсоовол компаниуд хэвийн ажиллах боломжтой юу. Гурил, гурилан бүтээгдэхүүний үнэд хэрхэн нөлөөлөх бол?
-Хэрвээ хөтөлбөрийг зогсоовол гурил үйлдвэрлэгчид арилжааны банкнаас өндөр хүүтэй зээл авна. Зээлээ төлөхийн тулд гурилын үнээ өсгөхөөс өөр арга байхгүй. Хэрвээ боломж, бололцоо байдаг бол хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлж, хөнгөлөлттэй зээлийг үйлдвэрлэгчдэд олгосон нь дээр гэж бодож байна. Энэ мөнгийг бидэнд зүгээр өгөөгүй, бага хүүтэй зээл л олгож байгаа юм.
Сэтгэгдэл ( 0 )