Дээрхийн гэгээнтэн XIV Далай лам Монгол Улсад ес дэх удаагаа албан ёсны айлчлал хийж байна. Тэрбээр энэ сарын 19-ний өдөр “Буянт Ухаа” цогцолборт Монголын нийт лам, хуварга, сүсэгтэн олонд “Богд ламын жинан”, “Жигжидийн цэван” айлдсан бол өчигдөр “Буддизм ба шинжлэх ухаан” олон улсын эрдэм шинжилгээний хуралд оролцож, хэлэлцүүлэг өрнүүлсэн юм.
Дээрхийн гэгээнтэн хурал-хэлэлцүүлгийг нээж хэлсэн үгэндээ “Миний биеийн тал хувь шашин дагадаг хуварга, нөгөө тал нь шинжлэх ухаан дагадаг хүн юм. Энэ хоёр зүйлд ижил төстэй, гүн ухааны ойлголтууд байдаг учраас би өөрийгөө ингэж тайлбарлаж байна. Монгол Улс бурханы шашинтай учраас энэ талаар ярихад илүү хялбар байдаг. Монголчуудын хувьд шашны талаарх бодол нь хангалттай мэт боловч нигүүсэл, энэрэл нь дутуу байна. Гэтэл үүнийг шинжлэх ухаанаас авч, шашны гүн ухаантай хослуулбал сая мухар сүсгээс ангижирч, жинхэнэ гэгээрэлд хүрнэ. Тийм ч учраас өнөөдрийн энэхүү хурал-хэлэлцүүлэгт шинжлэх ухааныг буддын шинжлэх ухаантай хэрхэн хослуулах талаар голчлон ярих байх гэж бодож байна” гэлээ.
Тус хурлыг “Гандантэгчинлэн” хийд, “Таны буянд даган баясъя” төв, “Номын гурван хүрдэн” сан, “Жавзандамба хутагт” төв, “Mind and life” төвүүд хамтран зохион байгуулсан бөгөөд энэхүү хурлын ач холбогдол нь Монголын хүн ам нийгмийн аливаа асуудалд илүү шинжлэх ухаанчаар хандаж, буддын шашин болоод шинжлэх ухааны адил төстэй сургаал, тэдгээрээс авах ёстой гүн ухааны санаа, сэдлийн тухай мэдлэгийг олон нийтэд түгээн дэлгэрүүлж, таниулахад оршиж байлаа.
Үүгээр ч зогсохгүй Монголын залуу эрдэмтэн, судлаачдад “Оюун ухаан ба амьдрал” хүрээлэнгийн эрдэмтэн судлаачидтай хамтран судалгаа хийх боломж олгох, залуу судлаач эрдэмтдийн энэ чиглэлийн судалгааг дэмжиж, цаашид тэдний бүтээлийг олон нийтийн хүртээл болгох, Монголын уламжлалт ба орчин цагийн судалгааны ололт амжилтыг олон улсад сурталчлах ач холбогдолтой хэмээн зохион байгуулагчдын зүгээс үзэж байгаа юм.
Энэхүү “Оюун ухаан ба амьдрал” хэмээх эрдэм шинжилгээний хүрээлэнг Дээрхийн гэгээнтэн 14 дүгээр Далай лам 1987 онд буддын сургаал түүний судалгааны ололт амжилтыг хүн төрөлхтөний сайн сайхны төлөө зориулах зорилготойгоор АНУ-д байгуулж байжээ. Тус төв одоогоор 30 гаруй удаагийн эрдэм шинжилгээний хурлыг олон улсад зохион байгуулаад байгаа юм.
Өчигдөр болсон хэлэлцүүлэгт “Оюун ухаан ба амьдрал” хүрээлэнгийн хоёр эрдэмтэн, Монголын дөрвөн эрдэмтэн илтгэл тавьж, олон нийтээр нээлттэй хэлэлцүүлсэн юм. Илтгэгчдийн хувьд “Монголын өнөөгийн нийгэм дэх Буддын ёс зүйн сургаалын үнэ цэнэ”, “Бясалгал ба тархи-мэдрэл судлалын шинжлэх ухаан, нийгмийн оролцоотой Буддизм”, “Буддын логик ба шинжлэх ухаан”, “Квант судлалыг шинжлэх ухааны үүднээс судлах нь”, “Биологийн шинжлэх ухааны сүүлийн үеийн ололт ба Буддизм” гэх мэт сэдвийн хүрээнд хийсэн судалгааны үр дүнгээ, илтгэл болгон танилцуулсан бөгөөд өөрсдийн дэвшүүлсэн асуудлуудыг Далай ламд уламжлан, санаа бодлыг нь сонссон юм.
Д.Нямсамбуу: Ёс суртахуунтай байснаар амар амгалан болно
Хурлын эхний хэлэлцүүлэг “Монголын өнөөгийн нийгэм дэх Буддын ёс зүйн сургаалын үнэ цэнэ” сэдвийн хүрээнд явагдсан бөгөөд энэхүү илтгэлийг гавж Д.Нямсамбуу тавьсан юм.
Манай Монголчуудын дунд ижий аав, эмээ өвөө нь шүтдэг учраас Буддын шашинтай болсон хүмүүс олон бий. Тэгвэл сүүлийн үед олон нийт “Уламжлалт шашин учраас шүтье” гэхээсээ илүүтэйгээр “Яагаад шүтэх ёстой юм, Энэ шашинг шүтэхэд надад яаж нөлөөлдөг юм бэ” гэдгийг сонирхдог болсон талаар Гавж Д.Нямсамбуу илтгэлдээ дурдаж байсан юм.
Мөн тэрбээр “Буддын шашинтай хүмүүсийн олонхийн итгэл үнэмшил, ёс суртахууны тал дээр үнэн байхаа больсон. Уг нь энэхүү шашны олонд хүргэх гүн ухаан нь илүү зөв, ариун ёс суртахуунтай байлгахад чиглэж байгаа юм. Шинжлэх ухаан, Буддизм хоёрын огтлолцдог олон цэг байдгийн нэг нь “Ёс суртахууны тухай ойлголт”. Ёс суртахын тогтвортой биш бөгөөд аливаа газарт харьцангуй удаан тогтдог. Ёс суртахуун бусдын үйл хөдлөлөөр хязгаарладаг. Бусад гэдэг миний оршихуйн үндэс юм. Би аз жаргалтай байна гэж ярих нэг талаараа дэндүү явцуу ойлголт. Би аз жаргалтай байхын тулд бусдын хүчин зүйл нөлөөлнө. Тэгэхээр бусдад өөрийгөө зориулах нь амар амгалан, аз жаргалыг авчирдаг. Бүх сөрөг эмоцоо дарж сурах нь амар амгалан юм. Энэ мэтээр Буддын шашны ёс зүй бол бодит саналыг дэвшүүлдэг гэдэг утгаараа шинжлэх ухаантай холбогдож байдаг” гэж ярилаа.
Хелен Вен: Хүн бүрийн хурууны хээ өөр өөр байдаг шиг, тархины хээ ч өөр байдаг
Харин дараагийн илтгэлийн сэдэв “Бясалгалын мэдрэл судлал ба нийгмийн оролцоотой Буддизм”. Энэхүү илтгэлийг доктор Хелен Вен тавьсан бөгөөд түүний тодорхойлж буйгаар бясалгалын ач тус хүний оюун ухаанд нөлөөлж, амьдралд ойр үнэлэлт, дүгнэлтийг гаргахад нөлөөлдөг хэмээн үзэж байгаа юм.
Тус судалгааны ажилд сүүлийн үеийн дэвшилтэд технологийг ашигласан бөгөөд 41 хүн дээр туршиж үзжээ. Ингэхдээ хүний биеийн соронзон оронг гол хэмжүүрээ болгосон байна.
Хелен Вен “Хүн бясалгал хийж эхлэхдээ эхлээд амьсгалаа зохицуулах гэж нэлээд хугацаа зарцуулдаг. Тэгээд сая амьсгалаа зохицуулж, бясалгалын жинхэнэ үе шат эхлэхэд тухайн хүний тархинд ямар өөрчлөлт гарч байна вэ гэдгийг судалсан. Хүмүүсийн хурууны хээ өөр өөр байдаг шиг, хүмүүсийн тархины хээ ч өөр өөр байдаг юм билээ. “Дунджын алгорифм” хэмээх энэ аргаар тухайн бясалгал хийж байгаа тархинд ямар өөрчлөлт гарч байгааг минут бүрээр хэмжиж гаргасан нь илүү шинжлэх ухаанлаг байсан гэж хэлж болно” гэсэн юм.
Түүний тавьсан илтгэлийн Далай лам дүгнэхдээ “Ганцхан бурханы шашин гэлтгүй бусад шашинд ч бясалгалын тухай ойлголт байдаг. Харин Христ шашинд хүн өөрийнхөө оюун санааг хөгжүүлнэ гэхээс илүүтэйгээр сүсэг илүү чухал үүрэгтэй гэх хандлага давамгайлдаг. Гэтэл эртний Женизм болоод Буддизм хоёрын нийтлэг нэг үзэл баримтлал бол эзэн тэнгэр, бүтээгч гэж байдаггүйд оршдог. Ирээдүйгээ бид өөрсдөө шийддэг, биднээс өөр эзэн байдаггүй.
Сэтгэл төвлөрөлийг бий болгохдоо амьсгал дээр төвлөрдөг. Үүнийг хийснээр уур хилэн атаа хорсол унтарч байна гэдэг төвлөрлийн хүчээр унтарч байгаа болохоос бясалгалын хүчээр унтраад байгаа гэж бас ойлгож болохгүй.
Тэгвэл Випашяна гэх бясалгал бас бий. Энэ бол анхаарлын, эргэцүүллийн бясалгал юм. Тухайлбал, уур хилэн төрлөө гэхэд түүний эсэргэцэл нь юунд байгааг мэдээд түүний эсрэг энэрэл, нигүүслийг бий болгож, уурыг буулган, дарах юм.
Хэдийгээр бясалгал, ёс суртахуун зэргийг ганцхан Буддизмд хамааруулж ойлгодоггүй боловч бусад шашинд байхгүй ганц Буддизмд байдаг ойлголт бол бие хүн гэх ойлголт байдаг” гэлээ.
Б.Болдсайхан: Уламжлалт анагаах ухаан Буддын логиктой холбогддог
Эрхэм та санаж буй бол өнгөрөгч оны хоёрдугаар сард Архангай аймгийн Цахир сумын Содномдаржаа уулын оройд байрлах Гэсэр ламын шавь Цорж Санжжавын бунхан хөндөгдөж, нийслэлээс олдож, буцаан их нутагт нь залсан гэх мэт мэдээлэл олны анхаарлыг татаж байлаа. Тэгвэл яг үүнтэй холбогдохуйц сонирхолтой илтгэлийг Шинжлэх ухааны доктор, профессор Б.Болдсайхан тавьсан юм. Түүний илтгэлийн сэдэв “Буддын логик ба шинжлэх ухаан” байв. Тэрбээр илтгэлийнхээ эхэнд Түвд, Монголын анагаах ухаан болоод тарины нууц увидасын талаар илүүтэй дурдаж байсан юм.
Доктор Б.Болдсайхан “Түвд, Монголын анагаах ухаан хий, шар, бадгана гэх гурвалсан ойлголтоор хүний бие мах бодийн дотоод дахь цаг хугацааны тасралтгүй урсах динамикийг эндүүрэлгүй илэрхийлдэг. Энэ бол өвчин биш. Үйл ажиллагааных нь динамикийг эрт мэдэх гэсэн үг юм. Хүний биеийн дотор болж байгаа динамик өөрчлөлт хувиралтыг шээсний өнгөөр мэддэг арга ухаан одоог хүртэл явагдаж байна. Гэхдээ иргэдийн хувьд өвчнөө хэтэрхий оройтсон хойно нь уламжлалт анагаах ухаанд ханддаг болсноос хойш олны дунд хэтэрхий буруу ойлголт суугаад байх шиг... Тэгвэл нууц тарины увидасны талаар дурдахын тулд би та бүхэнд Цонж Санжжавын тухай өгүүлэх хэрэгтэй байх” гээд илтгэлээ үргэлжлүүлсэн юм.
Дээр үед их номтой, хутагт хувилгаад очир завилгаагаар сууж, амьсгалаа түгжиж бясалгаж байгаад жанч халдаг байсан талаар түүх судлаачид өгүүлдэг. Тэгвэл тэрхүү дүгнэлтийг Б.Болдсайхан доктор хийгээд яг энэ мэт үйлдэл байх боломжтой эсэхийг Далай ламаас тодруулсан юм.
Далай лам түүний асуултад “Энэтхэгт л гэхэд жанч халахдаа нарийн бясалгал хийж амьсгал хураасан 50 орчим хүн байдаг. Хамгийн дээд тал нь 13 хоног зарцуулж, нарийн бясалгал хийсэн байдаг юм. Хүн бясалгаж байхдаа бага багаар амьсгалаа нарийсгасаар байна гэсэн үг л дээ. Ингэж нас барвал амьсгал нь зогссон ч, оюун ухаан нь яг хэвээрээ байдгийг анагаах ухаан хүртэл батлаад байна” гэсэн юм.
Х.Намсрай: Орчлонгийн гайхамшигт гурван зүйлийг бурханы гүн ухаанаар тайлдаг
Дараагийн илтгэгч “Чингис хаан” одонт Х.Намсрай байлаа. Тэрбээр “Квант судлалыг шинжлэх ухааны үүднээс судлах нь” сэдвийн хүрээнд илтгэл тавьсан бөгөөд орчлонд байх гурван гайхамшигт зүйл бол “Гэрэл, цаг хугацаа, оюун ухаан” бөгөөд эдгээрийг бурхны гүн ухаанаар тайлан тайлбарладаг хэмээн ярьсан юм. Ертөнцийн мөн чанарын тухай өгүүлсэн түүний сонирхолтой илтгэлийг Далай лам маш анхааралтай сонссон бөгөөд “Физикийн болоод буддын эрдэмтэд бие биенээсээ суралцах ёстой. Намсрай та тэрхүү ажлын гүүр болж эхлүүлэх ёстой шүү” хэмээн захисан юм. Дээрхийн гэгээнтэний хувьд Квант физикийн талаар ихээхэн судалдаг энэ талаараа тэрбээр “Би өнөөг хүртэл судалсаар л явна” гэлээ.
Удаан хугацаанд бясалгасан хүн өвчлөлд нэрвэгдэх нь бага байдаг
АНУ-ын “Оюун ухаан ба амьдрал” хүрээлэнгийн судлаач илтгэлдээ “Өвдөлт хэдийгээр таагүй зүйл боловч судалгаа хийх боломжийг гаргаж өгдөг гэдэг утгаараа тааламжтай зүйл юм” гэх сонирхолтой дүгнэлтийг хийсэн байна. Тэд энэ дүгнэлтийг хийхийн тулд Салата судрын номлолуудыг орчин үеийн шинжлэх ухаан, буддизмийн үзэл баримтлалтай сонирхолтойгоор холбон тайлбарласан юм.
Орчин үеийн анагаахын шинжлэх ухаанд өвдөлт 13 долоо хоногоос хойш хугацаанд үргэлжилсэн бол “Архаг өвдөлт” хэмээн тодорхойлдог. Тэгвэл тэрхүү өвдөлтийг бясалгалын хүчээр буулгаж болох уу гэдгийг эрдэмтэд судалсан байна.
Энэ талаар Салата сударт “Гэгээрсэн номлол сонссон хүн бие махбодийн өвчлөлд өртсөн ч сэтгэлийн өвчлөлд өртдөггүй. Энэ нь хоёр сумны нэгэнд онуулсан мэт.. Харин эгэл нэгэн өвчинтэй тулгархаараа шаналаж, уйлж, сэтгэлийн зовлонд унадаг. Энэ нь хоёр суманд оногдсон мэт...” хэмээн сургажээ.
Эрдэмтэд дөрвөн өдрийн бясалгалын дараа хүний биед, өвчний үе шатанд ямар өөрчлөлт гардагийг тогтооход эрүүл мэндэд сайнаар нөлөөлж, өвдөлт буурдаг болох нь тогтоогдсон байна. Үүнээс шалтгаалан “Бясалгал өвдөлтийг бууруулдаг эерэг нөлөөтэй” гэх үр дүнд эрдэмтэд хүрчээ.
Иргэн Г.Бямбажав: "Далай ламын энэ удаагийн айчлалыг иргэн хүний хувьд улс төрийн ямар нэгэн утга агуулгагүй, цэвэр шинжлэх ухааны шинжтэй, ном айлдах зорилготой гэж харж байгаа. Тиймч учраас лекцинд нь сууж байна. Энэ удаагийн хурал, уулзалтаас буддын гүн ухаан шинжлэх ухаантай ямар сургаал, зүй тогтолоороо холбогддог юм бэ гэдгийг ойлгож авлаа. Мэдээж бурханы шашинтай хүний хувьд энэ талаар нэлээд сонирхдог. Өмнө нь бурханы шашны тухай ойлголтыг авч байсан. Будда гэдэг чинь 80 насалсан бодит хүн байсан юм билээ. 45 жил ном үзэж, сургаал айлдсан. Тэр хүн хамгийн сүүлчийн сургаалаа хэлчихээд миний сургаалыг дэлгэрүүлж, амьдралдаа хэрэгжүүлэх ёстой юм шүү, мухараар сүсэглэж, шүтэж болохгүй гэж хэлсэн байдаг. Тэгэхээр энэ сургаалыг амьдрал дээр зөв хэрэглээд явбал амьтныг хайрлаж, байгаль эх дэлхийгээ хайрлах юм болов уу. Үүнийг буддын шашин шүтдэг хүмүүст сайн ойлгуулмаар байгаа юм. Тэгэхгүй бол хүмүүс ид шидээр л өөрчилчих юм шиг их боддог болж...” гэж ярилаа.
Энэ мэтээр Буддын шинжлэх ухаан, орчин үеийн шинжлэх ухаан хоёрын адил төстэй тал, сургаал номлолын талаар нэг өдрийн турш хэлцэж өнгөрөөсөн юм. 1000 гаруй хүнд нээлттэй тавигдсан эрдэм шинжилгээний хурлын төгсгөлд Далай ламаас “Алсын зайнаас авшиг хүртэж болдог уу” гэж асуухад “Гол нь сүсэг юм. Алсаас интернэтээр бясалгалын авшиг явуулахад ойлголт хийгээд сүсэг байвал авшиг хүртсэнд тооцно. Дэлхийн хаанаас ч энэ авшигийг хүртээж болох юм. Үүгээр ч зогсохгүй захидлаар дамжуулан сахил хүртээж болдог түүхэн баримт бий. Ингэхдээ илч илгээж, тэрхүү хүнээр дамжуулан зан үйлээ гүйцэтгэж болдог” гэж хариулсан юм.
О.Туяа
Сэтгэгдэл ( 2 )
Buddist humuust Byrhan shashnii talaar zuv oilgolt ugsun saihan hyral boljee.
мундаг