О.Оюунтунгалаг: Мэргэжлээ сонгох уу? Мэргэжилд сонгогдох уу?

2016 оны 11 сарын 29

Идэр дээд сургуулийн Сэтгэл судлалын багш ( Докторант ) О.Оюунтунгалаг

Та өнөөдөр өөрийгөө сонсож, сонголт хийн шийдвэр гаргадаг уу? Эсвэл ...

Бид 20 –р зууны эхэнд капитализмыг алгасан социализмд орлоо хэмээн тунхаглаж байсан. Бага сургуулийн сурагч байхдаа цагаан морьтой баатар улсынхаа туг далбааг намируулан мандуулж, капитализм хэмээх хар зурвасыг морьтойгоо алгасан социолизмын улаан зураасанд харайлган орж буй уран зургийг хараад бахдан сайшааж, улсынхаа хөгжил цэцэглэлтээр омогшдог байлаа. Харин 20-р зууны төгсгөлөөр энхтайвны замаар хувьсгал шинэчлэлийг хийж чадлаа хэмээн мөн л капитализмыг алгасан хүмүүнлэг ардчилсан нийгэм рүү орно хэмээх уриа лоозонг ертөнцийг үзэх үзэл төлөвшиж буй үедээ хүлээн авч, тэгж яваа байх гэж итгэж, хүлээсээр нэг хэсгийг өнгөрөөсөн. Гэвч бид нөгөө  алгасаад байсан капитализм руугаа аль хэдийн уначихжээ. Ширүүн капитализмын шуурганаас иргэний нийгэм рүү орох гэж өнгийж буй дэлхийн түүчээ хаялгаар хааяахан нэг амьсгалавч бид зах зээлийн бараа бүтээгдэхүүн аль хэдийн болчихож.

Бид бусдын мууг туулах шаардлагагүй, харин сайныг авах хэрэгтэй гэж яривч бас л алдааг нь мөн л давтсаар байна. Гэвч энэ бол зайлшгүй. Учир нь бид сонголт хийж чаддаггүй, сураагүй, шийдвэр гаргахдаа бусдыг харсан хэвээр байна. Шинжлэх ухааны судалгаа, өөрсдийн онцлог, нөхцөл байдлаас илүүтэй, ийм байвал сайн, тийм байвал шилдэг гэсэн хөгжсөн улсуудын хандлагаар л мөн сонголт хийж, шийдвэр гаргасаар явна шүү дээ. Эзэд ноёд, бурхад бидний бүх зүйлийг сонгодог, шийддэг байлаа. Ард түмэн засгийн эрхийг авч, шинжлэх ухаанаар толгойгоо хийлээ гэж тунхаглалаа ч нам бидний өмнөөс бас л шийдэж, сонгож байлаа. Эцэг эх, ахмад үе залуу үеийнхээ сонголт, шийдвэрийн эрхийг атгадаг байсан уламжлалтай бид чинь зах зээлийн нийгмийн өөрийн эрэлт, хэрэгцээг харгалзан өөрийн сонголтоо хийж, шийдвэрээ гаргах сайн талыг нь авч чадаж байна уу?, харин зах зээлийн эрэлтэт сонгогдож шийдвэрээ гаргуулдаг бараан талд нь түлхүү уягдаж явна уу даа хэмээн санаа зовнино.

Нэгэн үе ийм мэргэжилтэй болбол зах зээлд илүү эрэлттэй байна гэсээр зарим мэргэжлийн нийлүүлэлтийг илүүдүүлж орхисон. Одоо ч гэсэн зах зээлийн эрэлтийг харж сонгосоор. Энэ эрэлт 4-5 жилийн дараа ямар болсон байх вэ гэдгийг огт тооцож үзэхгүй байна. (4 жил тутам төр эргэж, бодлого солигддог юм чинь яаж ч тооцож сурах билээ дээ)Зах зээлийн эрэлтийг мэдэрч сонголтоо хийх нь зөв ч өөрийн хийж чадах, насан туршдаа өсөж хөгжих, бүтээмжийн сэтгэл ханамжийг мэдрэх тэр  л эрэлтийг өөрөөсөө хайсан нь хамгийн зөв сонголт байх болно. Ийм мэргэжилтэй болох нь зүгээр юм уу биш, харин би үүнийг л сонирхож байна, бас хийж чадна, үүгээр дамжуулж би өөрийгөө илэрхийлж, эх орон, улс нийгэмд ихийг бүтээж чадна гэсэн сонголтыг хийж шийдвэрээ гаргадаг байх ёстой. Ийм чадвар 16,17,18 настай хүүхдүүдэд байна уу? Бид суулгаж өгч чадсан уу?

Дээрх нь нэг ёсондоо бие хүний сонголт хийх, шийдвэр гаргах чухал ур чадварууд болдог. Гэвч энэ ур чадварууд ЕБС-иа төгсөж байгаа хүүхдүүдийн хэдэн хувьд нь хөгжсөн байгаа бол, судалж үзэх хэрэгтэй юм. Тийм ч их дүн гарахгүй болов уу. Учир нь өнөөдөр 2,3,4 р курстээ сурч байгаа хүүхдүүд мэргэжлийн чиг баримжаандаа эргэлзэх, өөр зүйл сонирхож, түүнд өдөөгдөж байгаагаа мэдэрч эхлэх нь бий. Тиймээс ч манай их, дээд сургуулиуд эхний курсыг ерөнхий суурь эрдмээ үзэж цаашаа нарийн мэргэжлээ сонгох боломжийг олгох хэлбэрээр сургалтаа зохион байгуулаад байгаа юм. Гэхдээ Монгол хүүхдийн хамт олонтой байх, багшаас хамаарах, бүлэгт харьяалагдаж, түүнээс авах сэтгэл ханамжтай байх гэсэн сэтгэл зүйн хэрэгцээ болон хараахан бие дааж сураагүй байдаг төлөвшлийн онцлогуудаас шалтгаалаад нийтээр нь ерөнхий эрдэмд сургадаг арга барил нь зарим хүүхдүүдэд хичээлээ сонирхохгүй байх, дундаас нь хаях зэрэг сөрөг үр дагаварууд гарахад нөлөөлж байгаа юм. Энэ нь мөн л цааших нарийн мэргэжлээ алдаатай сонгох бас нэг угтвар нөхцөл болж болзошгүй. Үүнийг харин Идэр дээд сургууль анги системээ авч үлдэн мэргэжлээ дахин сонгож, шилжин суралцах боломжоор нээлттэй хангах байдлаар шийджээ.Мөн нийгэм соёлын ажилд бүгдийг хамруулах зорилготой ажилладагаараа оюутны өөрийн хүч чадлыг сорих, сонирхол, хүсэл тэмүүллээ мэдрэхэд нь тусалдаг байна.

Тэгэхээр багш, эцэг эх, боловсролын бодлого маань өөрийгөө судалж сонголт хийж, шийдвэр гаргадаг бие хүмүүсийг төлөвшүүлэхэд анхаарах хэрэгтэй байх нь. Үүний төв цэг нь гэр бүл. Эцэг эхчүүд хүүхэддээ багаасаа хүслээ илэрхийлэхэд хориг тавихгүй, харин ч хүлээцтэй сонсож, сонголт хийх боломжийг олгох, мөн шийдвэр гаргах эрхээр хангах, гаргасан шийдвэртээ хариуцлага хүлээхийг шаардах зэргээр сурган хүмүүжүүлэх нь маш чухал юм. Ингэснээр хүүхэд бие дааж, өөрийн хүсэл сонирхлоо мэдэрч, сонголт болон шийдвэрийг нухацтай гаргах ур чадвар бүхий бие хүн болон хөгжихөд нь туслах юм. Бие хүн болох үйл явц зөвхөн багш, сурган хүмүүжүүлэгчдэд л хамаатай байдаг гэвэл эндүүрэл болно. Үүнд эцэг эхийн оролцоо маш чухал. Эцэг эх хүүхдийнхээ сонирхлыг хүндэтгэн сонголт хийхэд нь зөвхөн туслах учиртай юм. Зах зээлийн эрэлт, 5-10 жилийн дараах хүлээлт зэргийг хамтдаа судалж үзэх нь чухал.

Эцэг эхчүүд бид өөрсдийн сонгож чадаагүй эрт үеийн туршлагаа зөв хуваалцах хэрэгтэй юм. Харин зарим тохиолдолд үр хүүхдийнхээ амьдралын сонголтыг хийж түүнийгээ нөхөх үзэгдэл гаргадаг аж. Үр хүүхдэдээ өөрийн чадаагүйг нялзаах гэж оролдох бус харин өөрт олдоогүй шийдвэр гаргах, сонголт хийх эрх мэдлээр нь хангаж туслах хэрэгтэй юм. Үүнийг багаас нь өмсөх хувцасныхаа өнгийг сонгох гэх мэт эгэл жирийн сонголт, шийдвэрийг гаргах эрх мэдлийг олгохоос эхлэх хэрэгтэй. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top