УИХ-ын чуулганы хуралдаанаар Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлэгийг хийсэн. Уг хуулийн төслийн ажлын хэсгийн гишүүн, УИХ-ын гишүүн Х.Нямбаатартай ярилцлаа.
-Чуулганы хуралдаанаар Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн төсөл дээр санал зөрөлдөх асуудал их гарч байна. Хуулийн төсөлд хохирогчийг хамгаалах тал дээр цогц арга хэмжээ авч ажиллана гэж байгаа. Энэ талаар тодруулахгүй юу?
-Анх 2004 онд Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль УИХ-аар батлагдсан байдаг. Өмнөх их хурал мөн өөрчлөлт оруулж байсан. Одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа. Энэ хугацаанд монголын нийгэмд сэтгэл эмзэглүүлсэн үйл явдал их гарч хуульд өөрчлөлт оруулах нөхцөл байдал урган гарсан. Гэр бүлийн тухай хуулийн гол онцлог нь гэр бүлийн хүчирхийлэгч нартай тэмцэх нь өмнөх хуулиасаа ялгаатай болж байгаа. Хоёрдугаарт хүчирхийлэгч нартай тэмцээд зогсохгүй, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгдэхээс урьдчилан сэргийлэх, хохирогч нарыг хамгаалах тал дээр УИХ-аас авахуулаад төрийн бүх байгууллагын үүрэг чиглэлийг тодорхой болгож өгсөн. Хуулийн өөрчлөлттэй холбоотойгоор Эрүүгийн хууль, Эрүүгийн байцаан шийтгэх тухай хууль болон бусад хууль тогтоомжууд дагаад өөрчлөгдөж байна. Нэг цэгийн үйлчилгээ, хамгаалах байр, зан үйлд нөлөөлөх сургуулилтууд гэсэн зохицуулалт орж байгаа. Хүчирхийлэлд өртөгдсөн иргэнийг хамгаалахад төрөөс цогц байдлаар тусгаж өгсөн байгаа. Хүчирхийлэлд өртөгдсөн хүнд сэтгэл зүйн, хууль зүйн, эрүүл мэндийн үйлчилгээг хүргэдэг байхаар оруулж өгч байгаа.
- Гэр бүлийн хүрээнд гарсан маргаан зөрчил бүрийг гэмт хэрэгт тооцох уу. Эрүүгийн хэрэг үүсгэн шалгах уу. Гэр бүлийн гишүүд хоорондоо эвлэрсэн тохиолдолд яаж шийдэх вэ?
-Гэр бүлийн хүчирхийллийн төрөл бүрийг эрүүгийн хэрэг үүсгээд ямар ч эвлэрэх нөхцөлгүйгээр шүүхээр орж ял оногдуулах байдлаар хууль өмнө нь батлагдаж байсан. Бид үүнийг ажлын хэсэг дээр ярилцаж байгаад Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хуулийн гол зорилго юу вэ гэдэг дээр эхнээс нь ярилцсан. Монгол гэр бүл бүрэн бүтэн байх ёстой. Айдасгүй, амар тайван амьдрах ёстой. Гэр бүлд болж байгаа маргаан, хүчирхийллийн анхны үйлдлийг гэр бүлийн зөрчилд тооцоё гэж байгаа. Харин гэр бүлийн хамаарал бүхий этгээдийг байнга зодсон, хэрцгий догшин харьцсан, дохуурхан даачигнасан, эд хөрөнгө эзэмших, захиран зарцуулахад нь халдсан бол эрүүгийн хэрэг үүсгэх, гэмт хэрэгт тооцохоор хуульчилж байна.
Энэхүү гэмт үйлдлээ хүүхэд, эмэгтэйчүүд, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, эсвэл өөрийнхөө асрамжинд байгаа хүний эсрэг үйлдсэн бол хүндрүүлэх бүрэлдэхүүн гэж үзье гэж байгаа. Гэр бүлийн хоёр анх удаа маргаан үүсгээд эвлэрсэн тохиолдолд гагцхүү заавал шүүх дээр очиж эвлэрүүлдэг болгохоор хуульчилсан.
-Маргааныг заавал шүүхээр оруулж байж хэрэгсэхгүй болгоно гэсэн үг үү?
- Тийм. Энэ нь хүчирхийлэл үйлдэгч этгээдүүдийн хүчирхийлэл үйлдэх давтамжийг үгүй хийхээс сэргийлнэ. Мөн хүчирхийлэл үйлдэгчийг сайн дурын болон албадан сургалтуудад давхар хамруулж өгөх юм. Ийм зохицуулалт хийгээд ирэхээр нийгэмд айдас түгшүүр төрүүлээд байгаа үйлдэл багасах болов уу гэж бодож байна.
- Хүчирхийлэл гэдэг дан ганц биед нь халдаад зогсохгүй сэтгэл санааны дарамт учруулах тохиолдолд хэрхэх вэ?
-Сэтгэл санааны хүчирхийллийн олон төрөл хэлбэр үйлдэгддэг. Хардах, байнгын дарамтад байлгах, бусадтай уулзахыг хязгаарлах зэрэг бүх үйлдэлдийг оруулна. Эрүүгийн болон зөрчлийн гэмт хэргийн түвшинд учруулж байгаа хор аюулынх нь хэмжээгээр хариуцлага тооцохоор тусгасан.
- Хохирсон иргэдийг хамгаалах байраар хангана гэж байгаа юм билээ. Байраар хангахад хөрөнгө мөнгө их гарах байх?
- Хуулийн төсөл дээр ажилласан хүний хувьд харахад энэ хуулийн хэрэгжилт нэлээн их төсөв хөрөнгө мөнгө шаардана. Хохирогчийг хамгаалах байраар хамгаална. Нэг цэгийн үйлчилгээгээр үйлчлүүлнэ. Хүн амын байршил, нягтаршил суурьшил, гэмт хэргийн гаралт зэргээс үүдэн хүчирхийлэлд өртсөн иргэдэд үйлчлэх нэг цонхны үйлчилгээний төв байгуулагдана. Дээр нь хамгаалах байрууд олон газар байгуулагдана. Тэдгээр байруудыг урсгал зардалтай холбоотойгоор их хэмжээний мөнгө төсөв дээр орж ирнэ. Мөн олон төрлийн үйлчилгээг үнэ төлбөргүй явуулахыг төр өөр дээрээ хүлээн авч байгаа. Энэ үйлчилгээтэй холбоотой зардлууд цаашаагаа төсөв дээр тусах ёстой. Төсөв батлагдсан энэ үед хуулийн төслийг хэлэлцэх нь хэр оновчтой вэ, төсөвгүй, амьгүй хууль батлагдах гэж байгаа юм биш үү гэж чуулганы хуралдаанаар хэлэлцэх үед гишүүд шүүмжлэлтэй хандсан.
-Тэгэхээр төсөвгүй учраас хууль ирэх онд хэрэгжих боломжгүй болж байгаа юм уу?
- Миний ойлгож байгаагаар энэ хуулийг хэрэгжүүлэх цагдаа, хууль шүүхийн байгууллагын орон тоо цалин батлагдаад хэвийн явж байгаа. Орон нутагт Засаг дарга нарын нөөц сан, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх төсөв гээд батлагддаг хэмжээгээрээ батлагдсан. Эдгээр төсөв дээрээ түшиглэж энэ хуулийг хэрэгжүүлэх, нийгэмд айдас түгшүүргүй байдал бий болгох, хүчирхийлэл үйлдэгч нарын үйлдлийг таслан зогсоож, хохирогч нарыг хамгаалах, урьдчилан сэргийлэх шаардлага байна. Энэ хуулийг аль болох хурдан хөдөлгөх ёстой. 2017 оны төсвийн тодотголд дээр дурьдсан хамгаалах байр, нэг цэгийн үйлчилгээний төсвийг тусгах ёстой.
Мөн Хууль зүйн сайд, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд нарын хүрээнд донор байгууллагуудтай хамтарч төсөв мөнгө татан төвлөрүүлэх ажлыг нэн яаралтай зохион байгуулах хэрэгтэй байна. Энэ хууль батлагдсантай холбоотойгоор 10 орчим журамд өөрчлөлт орно. Салбарын сайдууд дангаар болон хамтран журмаа боловсруулж батлах шаардлагатай байна.
Т.Амараа
Сэтгэгдэл ( 5 )
СУМЬЯАБАЗАРЫН ЦҮНХБАРИГЧ УУ? КК.ЭНЭ НӨХӨР СОНГИНОХАЙХАНЫ ГЭР ХОРООЛЫН АТАМАН БИЗ ДЭЭ? УТААГАА ЯРИАЧ.
Jijig belgiin huchirhiileliig yah ve erhtnii
Цүнх баригч түрийний бөөс их цор цор хийнэ.
Таарамжгүй гэр бүлииг салгах л хэрэгтэй гэр бүл бологсдын үүрэг хариуцлагыг чангатга гэр бүл болохоосоо өмнө бодцгоох толгой ажиллах үүрэг баймаар байх юм
Үнэн сураггүй гар УИХ-ын гишүүн болсондоо хөөрхий