УИХ-ын гишүүн М.Билэгттэй ярилцлаа.
-Саяхан чуулганаар 1993 онд батлагдсан Олон улсын гэрээний тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэх гэсэн томъёоллоор санал хураалт явуулахад гишүүд дэмжээгүй. Ингээд үндсэндээ олон улсын гэрээний тухай хоёр хуультай болчихоод байгаа. Энэ яг юу болсон юм бэ?
-2016 оны арванхоёрдугаар сарын 1-ний өдөр Олон улсын гэрээний тухай хуулийн шинэчилсэн найруулгыг УИХ-аар баталсан. Шинэчилсэн найруулга энэ оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн. Үүнтэй холбогдуулан өнгөрсөн хугацаанд хэрэгжсэн 1993 оны Олон улсын гэрээний тухай хуулийг хүчингүй болсонд тооцох хуулийн төслийг хэлэлцэх үеэр гишүүд эсэргүүцлээ илэрхийлсэн. Тус хуулийн шинэчилсэн найруулгад буруу, зөрүү заалт орсон явдал байна. Олон улсын гэрээний тухай хуулиар Монгол Улсын стратегийн ач холбогдолтой уул уурхайн ордуудыг зохицуулдаг. Гэтэл шинэчилсэн найруулгаар УИХ олон улсын гэрээг соёрхон батлах болон гэрээг хүчингүй болгох эрхгүй болчихсон байсан л даа.
-Та хуулийн зүйл заалтаар нь тодруулж хэлэхгүй юү?
-Жишээ нь, хуучин Олон улсын гэрээний тухай хуулийн 23 дугаар зүйлээр Хууль тогтоомж зөрчин байгуулсан олон улсын гэрээг хүчингүй болгох асуудлыг зохицуулдаг. Түүнд “Энэ хуулийн долдугаар зүйлд заасан байгууллага, албан тушаалтан олон улсын гэрээ байгуулах эрх хэмжээний талаарх хууль тогтоомжийг зөрчин байгуулсан бол тухайн олон улсын гэрээг дараах байгууллага авч хэлэлцэж хүчингүй болгож болно. Үүнд нэгдүгээрт, соёрхон баталсан олон улсын гэрээг Монгол Улсын Их Хурал өөрөө буюу Үндсэн хуулийн цэц, хоёрдугаарт, Монгол Улсын Засгийн газрын байгуулсан буюу баталсан олон улсын гэрээг Монгол Улсын Их хурал” гэсэн байдаг. Ийм чухал заалт байж байгаа. Гэтэл сая шинээр өөрчилсөн хуулийн 29 дүгээр зүйлд Олон улсын гэрээг цуцлах, олон улсын гэрээнээс гарах, гэрээний үйлчлэлийг түр зогсоох гэж оруулсан байна. Ингэхдээ 29.1-д “Олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ олон улсын гэрээний нөгөө тал, эсхүл бусад тал үл биелүүлсэн, эсхүл удаа дараа зөрчсөн тохиолдолд болон тухайн олон улсын гэрээний зохицуулалтын дагуу тухайн олон улсын гэрээг цуцлах, олон талт олон улсын гэрээнээс гарах, түүний үйлчлэлийг түр зогсоох саналыг тухайн олон улсын гэрээгээр зохицуулах асуудлыг эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай тохиролцсоны үндсэн дээр Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж болно” гэж оруулсан байгаа. Мөн 29.2-т “Соёрхон баталсан олон улсын гэрээг цуцлах, олон талт олон улсын гэрээнээс гарах, олон улсын гэрээний үйлчлэлийг түр зогсоох эсэх асуудлыг Засгийн газрын саналыг үндэслэн УИХ, бусад олон улсын гэрээний хувьд Засгийн газар энэ зүйлийн 29.1-д заасан саналыг үндэслэн тус тус шийдвэрлэнэ” гэсэн. Засгийн газар шийдвэрлэнэ гээд байж байгаа биз. Түүнчлэн 29.3-т “Олон улсын гэрээний үйлчлэлийг хугацаанаас нь өмнө дуусгавар болгох, олон улсын гэрээг цуцлах, олон талт олон улсын гэрээнээс гарах, олон улсын гэрээний үйлчлэлийг түр зогсоох шийдвэр гаргасан бол УИХ хууль, Засгийн газар тогтоол батална” гэж өөрчилсөн байгаа юм.
-Тэгэхээр Олон улсын гэрээний тухай хуулийн шинэчилсэн найруулгаар Засгийн газар, тэр дундаа Гадаад харилцааны яам их эрх мэдэлтэй болсон гэж ойлгогдож байна?
-Хэрвээ шинэ хууль хэрэгжээд эхэлсэн бол шүү дээ. Олон улсын гэрээний тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хэлэлцэх үед дээр дурдсан заалтуудыг санамсаргүй ч оруулсан байж болох юм. Хуучин хуульд байсан УИХ өөрөө шийдэх ёстой заалтуудыг өөрчилснийг сая өмнөх хуулийг хүчингүй болгох асуудлыг хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүд анзаарч, ихэнх нь өмнөх Олон улсын гэрээний тухай хуулийг хүчин төгөлдөр байлгах ёстой гээд шийдвэрээ гаргалаа. Энэ нь зөв.
-Олон улсын гэрээний хуульд өөрчлөлт оруулсны цаана Тавантолгойн ордыг ашиглах гэрээ бий гэсэн хардлага яваад байгаа?
-Тийм хардлага олон хүнд байна. 2016 оны арванхоёрдугаар сарын 1-нд баталсан Олон улсын гэрээний тухай хуулийн шинэчилсэн найруулга Тавантолгойн ордыг ашиглах гэрээг байгуулахтай холбоотой бэлтгэл ажил байжээ гэдэг хардлага нийтэд төрж байгаа. УИХ-ын гишүүдэд ч тийм хардлага төрсөн. Яагаад гэвэл өнгөрсөн арванхоёрдугаар сарын эхээр гэнэтхэн Тавантолгойн асуудал хүчтэй яригдаад эхэлсэн шүү дээ. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр ч Тавантолгойн гэрээ хэлэлцээр нэлээд амжилттай явагдаж эцсийн шатандаа орлоо гэсэн мэдээлэл цацагдсан. Энэ үеэс л УИХ-ын гишүүдийн дунд “Бараг ойлгомжтой боллоо” гэсэн хардлага төрсөн. Тиймээс ч арванхоёрдугаар сарын дундуур УИХ дахь МАН-ын бүлгийн хурал дээр Тавантолгойн гэрээний тухай асуудал нэлээд ширүүн яригдаж бүлгийн гишүүд ч шуурхай явж байсан юмыг зогсоосон л доо.
-Тавантолгойн гэрээг шуурхайлан шийдэж болохгүй гэсэн шийдвэр гаргасан санагдаж байна?
-УИХ-ын гишүүд гэдэг ард иргэд, сонгогчдийн төлөөлөл юм. Сонгогчид УИХ-ын гишүүдэд уулзалт бүр дээр дахиад Оюутолгой шиг том алдаа гаргав аа гэдгийг захидаг. Дээр дооргүй Оюутолгойн гэрээгээр маш том сургамж аваад байгаа шүү дээ. Өвөг дээдэс маань үр хойч, ирээдүйдээ байгалийн баялгийг хадгалаад аваад ирсэн байхад өнөөдөр Оюутолгой гэхэд Монголын ард түмэнд ямар ч ашиггүй байна.
Монголын ард түмэн, хөгжилд үр нөлөө, өгөөжгүй гэрээнээс сургамж авсан учраас өнөөдөр Тавантолгойг бас тэр замаар явуулж болохгүй гэж УИХ-ын бүх гишүүнд сонгогчид захиж байгаа. Хэвлэл мэдээллээр Тавантолгойн гэрээ бараг дуусах гэж байна гээд эхлэнгүүт сонгогчид УИХ-ын гишүүд рүү холбогдоод “Наана чинь юу болоод байна. Тавантолгойг та нар Оюутолгой шиг тавиад туучихаж байгаа юм биш үү” гээд анхааруулаад эхэлж байгаа юм. Хэрэв Олон улсын гэрээний тухай хуулийн шинэчилсэн найруулгаар цаашид яваад УИХ нь хэрэг дээрээ стратегийн ордуудыг соёрхон баталдаггүй болчих юм бол ард түмэн бүр хэн рүү ч ярих гээд нэмэр байхгүй болох байлаа. Өөрийнхөө төлөөллөөр сонгосон төрийн түшээгээ шаардах гээд ч нэмэргүй болох байсан гэсэн үг.
-Нүүрсний хэрэглээ ирээдүйд буурна. Тиймээс үнэтэй дээр нь хурдан л гадаадад худалдаж байхгүй бол авах газаргүй болно гэдэг байр суурь үе үе сонсогддог. Үүнд юу хэлэх вэ?
-Тийм юм байхгүй л дээ. Харин монголын ард түмэн, ирээдүйн хөгжилд ашиггүй гэрээ хийж байгалийн баялгийг өгч явуулж яах юм бэ. Түүний оронд үлдээчихвэл ирээдүйд залуус зөв байдлаар ашиглаж болно. Монголд өнөөдөр Тавантолгой шиг олон улсын хэмжээнд танигдаж, сурталчлагдсан орд байхгүй. Тэгтэл манай улс одоо өрөнд орчихсон байж байна. 1996-2000 онд эдийн засаг хямралд ороод хүнд л байсан. Тэгэхэд Монгол Улс гадаадад өргүй байсан. Одоо бол 2012-2016 онд баахан өр тавьчихсан. Өнөөдөр ард түмний амьдрал хүнд байдал орчихсон байна. Гадаад өрөө дарахгүй бол болохгүй. Үүн дээр Тавантолгойн ордоо дахиад Оюутолгой шиг тавиад туух хэрэггүй. Нүүрсийг гадаадынхан авъя гэвэл өөрсдөө ирээд аваг. Түүнээс үүнд хөрөнгө оруулалт хийж гадагш нь гаргах гэж яах юм бэ. Оюутолгойг бид тэгчихсэн шүү дээ. Одоо Оюутолгойн зэс, алт зэрэг гол зүйл нь гараад дуусч байгаа байх. Түүн шиг Тавантолгойд гол нь коксжих нүүрс юм. 6.4 тэрбум тонн нүүрсний нөөцийн 590 гаруй сая тонн нь коксжих нүүрс байгаа. Хэрэв коксжих нүүрсийг нь эхлээд аваад явчихвал хүрэн чулуун нүүрс нь дэлхийгээр нэг бий. Тэгвэл Тавантолгойн орд маань үнэгүй болно. Тиймээс Тавантолгойн ордыг ашиглах гэрээг хийхдээ Монголынхоо өрийг дарах хэмжээнд ашигтай, сайн хийх ёстой.
-Тавантолгойн гэрээг тэгж, ингэж хийх нь гэсэн олон таамаглал гарч байна. УИХ-ын гишүүдэд Засгийн газрын зүгээс тодорхой мэдээлэл өгсөн үү?
-Өнгөрсөн арванхоёрдугаар сарын дундуур мэдээлэл өгсөн. Ерөнхий сайд “Тавантолгойн ордыг монголчуудад ашиггүйгээр ямар нэгэн гэрээ хийх тухай ойлголт байхгүй. Тавантолгойн гэрээг УИХ дахь МАН-ын бүлгээр заавал оруулж байж хэлэлцүүлнэ. Тэгээд намын бүлэг хүлээн зөвшөөрсний дараа УИХ-д оруулж хэлэлцүүлнэ” гэж амалсан. Мөн Ерөнхий сайдын нэг гол амлалт бий. Тэр нь Тавантолгойн ордод байгаа нүүрсийг гадагш нь өгөхдөө бид монгол талаас хөрөнгө оруулалт хийж гадагш нь гаргах бодлого баримтлахгүй гэсэн. Тэр нь их сайхан санал байгаа юм.
-Яагаад?
-Бид Оюутолгойгоо ашиглах гэж байгаа, 34 хувьдаа тохирсон хөрөнгө оруулалтаа хийж байна гээд л өрөнд орчихсон байгаа шүү дээ. Нөгөө 34 хувиа эзэмших нь ч бүр хойшилчихсон. Газар дор байгаа баялгийг өөрсдөө хөрөнгө оруулалт хийж гадагш нь гаргадаг тийм гэрээ хийж болохгүй л дээ. Гэрээнд эхлээд анхны олборлолтыг хийхэд нийт дөрвөн тэрбум доллар орно шүү гэсэн. Гэтэл сүүлдээ “Рио тинто”-гийн зүгээс өсгөсөөр монголчууд юу ч авч чадахгүй өрөнд орчихоод байж байна. Бид одоо “Рио тинто”-д өртэй байгаа гэсэн үг. Ийм л байдалтай байна шүү дээ. Үүнээсээ сургамж авсан учраас одоо Тавантолгой дээр алдах эрх байхгүй. Одоогийн Ерөнхий сайд Тавантолгой дээр алдаа гаргах юм хийхгүй байх бодож байна. Одоо бол ард түмэн ч өндөр шаардлага тавьж чаддаг болсон.
-Ахмад настны тухай хуулийн шинэчилсэн найруулга хэлэлцүүлгийн шатанд явж байна. Энэ хуулиар тэтгэврийн зээлийн хүүг буурахаар болсон гэсэн?
-Тэтгэврийн зээлийн хүүг үе шаттай бууруулахаар болсон. Үе шаттай бууруулахгүй бол нэгэнт банкуудтай гэрээ хийгдчихсэн зүйл их байгаа юм билээ.
-Алдар цолтон ахмад настанд төрөөс нэмэгдэл, хөнгөлөлт олгох тухай хуулийн шинэчилсэн найруулгыг холбогдох байнгын хороогоор хэлэлцсэн. Ингэхдээ тус хуульд АИХ-ын депутат, Улсын Бага Хурлын гишүүн болон консулуудыг оруулах талаар санал гарахад нэлээд ширүүн маргаж байгаа харагдсан. Үнэхээр ч тал бүрийн хүмүүсийг нэмэгдэл, хөнгөлөлтөд хамруулахаар ярилцаж буй нь халамжийг тэлэх гэж байгаа мэт харагдаж байна лээ?
-Алдар цолтон ахмад настанд төрөөс нэмэгдэл, хөнгөлөлт олгох тухай хуулийн шинэчилсэн найруулга явж байна. Алдар цол гэхээр гавъяа байгуулсан буюу хөдөлмөрийн баатар, гавъяатуудад хамаатай болно. Улсын Бага Хурлын гишүүн, АИХ-ын депутат гэдэг алдар цолтонд орохгүй л дээ. Тухайн цаг үедээ иргэдээс сонгогдож түүхэн үүргээ биелүүлсэн хүмүүс юм. АИХ-ын депутат гэдэг ард түмнээс тодорхой хугацаагаар сонгогдсон буюу одоогийн УИХ-ын гишүүн гэсэн үг. Хэрэв тэднийг төрөөс нэмэгдэл, хөнгөлөлтөд хамруулахаар болбол цаашдаа УИХ-ын гишүүд нь бас энэ нэмэгдэлд ордог болох эрсдэл бий болно гэж үзсэн. Ерөнхийдөө Байнгын хорооны хуралдаанаар Улсын Бага Хурлын гишүүд гэдгийг хасчихсан. Ардын Их Хурлын депутат гэдэг нь үлдсэн. Чуулганы хуралдаан дээр нэг тийш нь шийднэ.
Ж.Баярсайхан
Сэтгэгдэл ( 12 )
Injeneruudee tatvariin hongolchihvol buteel n belen
Shinhuag mongoliin talaas uriagui neg hyatad neg zam hotolboriin ur dund shinhua tumur zam uurhaig hamtad n barihiig holj hutgaj oilgoh yum uyldaatai
Хахаха тэнэг авгай. Энэний оронд тэр лангууны түрээсээ буулгах тухай ярьсан чинь дээр
Tom tom yarihgui neg l yum deer tuushtai zutge. Ter n yu ve gevel aimagtaa bariin tiish zasmal zam dariu tavih asuudal. Mon ch olon jil huleej baina garsan gishuud hiigeegui ajiliin hiij chadval az chadahgui bol hen ch bish.
БАС ИЙМ ГИШҮҮН БАЙДАГ ЮМ УУ. ХӨӨРХИЙ, ГАНЦ УДАА Ч ГЭСЭН ЦУХУЙХ БОЛОМЖ ОЛЖЭЭ
Энэ гишүүн олон тэрбумын өртэй гэдэг үнэн болов уу
Mongold heregjij bui tosluud Uag heden tog-n uamar torliin tatvar ulsiin tosovt ogdog zergiig heleed,haritsuulaad sanal bodoloo helj uarij surmaar um.Esvel meddeggui um uu??
Ene yamar ch bolivsrolgui naimaachin avgai bolimoor yum yu yarij bgaagaa uuruu ch oilgohgui bj ichmeer Tim
tsagdaa bolj nutagtaa ochij maliin hulgaichidaa baitsaagaal suuj bval taarna
Битгий мэдэмхийрээд бай. МАН-ын бор халзан төлөг өө.Чиний мэддэг гэж юу байсан юм бэ? Нус, нулимас, цустай хутгалдсан хэдэн халтар төгрөгөө атгааж гэртээ хэвтэж байх ёстой байсан юм даа чи.
Энэ эмэгтэй уул уурхайн чиглэлийн боловсролдоо анхаарах хэрэгтэй юм байна даа. Алин дивангарын сэтгэлгээгээр хандах шинжтэй. Өнөөгийн бодлого тодорхойлогч нар ийм ойлголттойгоор энэ чиглэлийн шийдвэр гаргахад оролцож болохгүй гэж бодож байна.