Манай хөлбөмбөгчдийн ДАШТ-ий урьдчилсан шатанд өрсөлдөх эрхийн төлөөх тоглолтод хоёр тоглолтын нийлбэрээр 5:1-ээр буулгаж авч байсан Зүүн Тиморын хөлбөмбөгийн холбоо бразил тоглогчдыг Зүүн Тиморт төрсөн мэтээр хуурамч бичиг баримт бүрдүүлэн олон улсын тэмцээнд оролцож байсан нь илэрчээ. Азийн хөлбөмбөгийн холбооноос баасан гаригт энэ талаар мэдээлсэн байна. Тодруулбал, Бразилд төрсөн 12 тоглогчийг Зүүн Тиморт төрсөн хэмээн хуурамч бичиг баримт бүрдүүлэн 208 оны ДАШТ, 2019 оны Азийн цомын урьдчилсан шатны тэмцээнд оролцсон болохыг тогтоосон байна.
Зүүн Тиморын шигшээ баг 2018 оны ДАШТ-ий урьдчилсан шатанд өрсөлдөх эрхийн төлөөх тоглолтод манай багийг буулгаж авсныхаа дараа урьдчилсан шатанд Малайзтай 1:1-ээр тэнцэж, хавьгүй өндөр төвшний Арабын нэгдсэн Эмиратад 0:1-ээр хожигдох зэргээр маш сайн тоглолтыг үзүүлж эхэлсэн байдаг.
Интернэт ухаж байгаад хоёрдугаар шатанд Палестинтай хийсэн хоёр бүрэлдэхүүнийг нь шалгаж үзлээ. 2015 оны аравдугаар сарын 8-нд 1:1-ээр тэнцэхэд Зүүн Тиморын шигшээ доорх бүрэлдэхүүнтэй байжээ.
Пауло Сезар, Рамон де Лима Саро, Анггису Корейра де Альмейда Барбоза, Жуниор Аперисида Гуимара де Соуза, Жаиро Пинейро Палме, Родриго Соуза, Рамос Соузиньо Рибейро Максанчес (хаалгач), Диого Санчес Ранжел, Агостиньо, Патрик Фабиано, Жосе Карлос да Фонсека.
Харин 2016 оны гуравдугаар сарын 29-нд буюу булхай нь илэрсний дараа Палестин 7:0-ээр хожиход Зүүн Тиморын багийн бүрэлдэхүүнд дээрх тоглогчдоос Анггису Корейра де Альмейда Барбоза, Рамос Соузиньо Рибейро Максанчес, Жосе Карлос да Фонсека гурваас бусад нь байсангүй. Энэ бол үнэхээр улаан цагаандаа гарсан маш булхайтай үйлдэл болжээ.
Азийн хөлбөмбөгийн холбоо энэхүү шударга бус үйлдлийнх нь төлөө Зүүн Тиморын хөлбөмбөгийн холбоог 20 мянган ам.доллараар торгож Азийн хөлбөмбөгийн холбоо Зүүн Тиморын шигшээ багийг 2023 оны Азийн цомын тэмцээнд оролцуулахгүй гэдгээ зарласан.
Мөн Ерөнхий нарийн бичгийн дарга Амандио де Араужу Сарменто гэгчийг гурван жил хөлбөмбөгтэй холбоотой ажил эрхлэхийг хориглож, 9000 ам.доллараар торгох, Хөлбөмбөгийн холбооны удирдах албан тушаалтан Желасио да Сильва Карвальо гэгчийг “мөрдөн шалгах ажиллагаанд саад учруулсан” гэж үзэн 3000 ам.доллараар торгох шийтгэл ногдуулсан юм.
Зүүн Тимор нэгэнт харь улсын тоглогчдыг ашиглан амжилт гаргасан нь тодорхой болсон учраас амжилтуудыг нь хэрхэх вэ гэдэг асуудал гарч ирж таарна. Азийн хөлбөмбөгийн холбоо 2015 оны гуравдугаар сараас 2015 оны аравдугаар сар хүртэл хугацаанд хийсэн тоглолтуудыг хүчингүй болгох шийтгэл ногдуулжээ. Хүчингүй болсон тоглолтын тоонд манайхтай хийсэн тоглолт ч багтаж байна (Монгол, Зүүн Тиморын шигшээ 2015 оны гуравдугаар сарын 12, 17-нд тоглолт хийсэн). Тэгэхээр манай баг хохирогч болжээ. Болох болохдоо хамгийн том хохирогч нь болчихжээ.
Яагаад гэвэл, Зүүн Тиморын шигшээ баг манай багийг хожиж хэсгийн шатанд өрсөлдөх эрх авсан. Тэндээсээ цааш шалгарч чадаагүй болохоор бусад багууд нэг их хохироод байх юмгүй. Харин манай шигшээ баг урьдчилсан шатны хэсгийн шатанд анх удаа багтаж, Малайз, Палестин, Саудын Араб, Арабын нэгдсэн Эмират гэсэн хүчирхэг багуудтай наймын найман тоглолт хийн асар хих туршлага хуримтлуулах боломжоо алдлаа. Хэрвээ зүүн Тиморын баг луйвар булхай хэрэглээгүй бол манай багт тэднийг ялах боломж байсан гэж үзэх бүрэн үндэстэй. Учир нь, Арабын нэгдсэн Эмиратад 0:1-ээр хожигдож, Палестинтай 1:1-ээр хожсон хүчирхэг бүрэлдэхүүний 70 хувь нь манай багтай хийсэн тоглолтод оролцсон байгаа юм. Палестинд 7:0-ээр хожигдох хэмжээний багийг бразил тоглогч нар 1:1-ээр тэнцэх болтол нь хүчирхэгжүүлж чадаж байгаа юм чинь Монголын багийг хожиход ч маш их хувь нэмрээ оруулсан байж таарна.
Энэ нь ч баримтаар батлагдаж байгаа юм. Манай хаалганд оруулсан таван гоолын гурвыг нь оруулсан Патрик Фабиано, Родриго Сильва, Жаиро Нето нар дээр дурдсан 12 тоглогчийн тоонд орсон байна. Хоёр гоол оруулсан Чикиутогийн дамжуулалтыг ч хар “жагсаалт”-д багтсан тоглогч өгсөн байх жишээтэй. Гэтэл энэ багийг манайхан талбай дээрээ илүүрхэж довтолж байсан юм шүү дээ. Аргагүй бразил тоглогчдын мэдрэмжтэй алсын дамжуулалт, чадварлаг гүйцэтгэл л Улаанбаатарт болсон тоглолтын хувь заяаг шийдсэн.
Манай улсын хувьд, клубуудын төвшинд олон улсын тэмцээнд нэг их оролцоод байдаггүй. Хөлбөмбөгчид гадагшаа тоглолт хийх боломж нь шигшээ багт л байдаг. Шигшээд багтсан тоглогчид клубтээ буцаж ирээд туршлагаа бусадтайгаа хуваалцдаг учир өгөөж нь ч илүү байдаг юм. Гэтэл дөрөв, дөрвөн жилийн зайтай болдог Азийн цом, ДАШТ-ий урьдчилсан тэмцээнээс өөр тэмцээн бараг байдаггүй. Ингээд бодохоор Зүүн Тиморын Хөлбөмбөгийн холбооны луйварчин түшмэдүүдийн балгаар Монголын хөлбөмбөгийн хөгжил дөрвөн жилээр урагшлах боломжоо алдсан гэхэд хэтрүүлсэн болохгүй биз ээ.
С.Төгөлдөр
Сэтгэгдэл ( 10 )
unasan boxod shaltag mundaxgui ee gej....
Mongoliin holbog gej ONIGOO..kkkkk
Ene odoo bolimoor yumaa. Omnoos ni nuur hiih gazagui boloh yum
ер нь луйвар гэдэг чинь өөртөө ч өрөөлд ч хэзээ нэг цагт гай болдог л байхгүй юу. манайд бол зөвхөн спорт ч гэлгүй бүх салбар юманд луйвар булхай байна шүү дээ
тэд луйвар хийсэн л биз та нар сайн тоглох ёстой байсан юм
Манай хөл бөмбөг гэж хаашаа харсан юм байдгийм, шившиг...
онц ач холбогдолгүй зүйлд хамаг цаг хугацаа мөнгө хөрөнгө нервээ барах хэрэг байхгүй шдээ сүүлээсээ 1 2 байр ахих юм байж ккк
ганбаатар аа холбооны зоос хаана юунд зараад байгаа вэ
МОНГОЛД ХӨЛБӨМБӨГИЙН БАГ БАЙДАГ ЮМ УУ
Odoo yahawdee Uneheer nud bolj hojigdson n unen shdee