Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Д.Баатаржав тэргүүтэй урлаг, спортын шилдгүүд Дорнод аймгаас төрөн гарсан байдаг. Тэгвэл орчин цагт Дорнод нутгийнхаа төдийгүй дэлхийн тавцанд эх орныхоо нэрийг мандуулж яваа тамирчид бол яах аргагүй гавьяат тамирчин Д.Отгондалай, олон улсын хэмжээний мастер Э.Идэрхүү, Н.Шинэбаяр нар юм. Гурвуулаа боксын спортод сэтгэл зүрхээ өгч яваа. 15 жилийн өмнө Дорнод аймгийн спортын ордны боксын бэлтгэлийн зааланд анх бие биенээ олж харсан тэдний нөхөрлөл өнөөдрийг хүртэл үргэлжилсээр. “Цаашид ч илүү бат бөх болон үргэлжилнэ” хэмээн “Андууд” булангийн маань зочин болсон гурван боксчин хэлсэн юм. Гэр бүлийн сайхан найзууд болсон тэд долоо хоногт нэг удаа уулзахгүй бол бие биеэ үгүйлдэг гэсэн. Хүнд жинд эх орныхоо нэрийг өргөж буй олон улсын хэмжээний мастер Н.Шинэбаярын хувьд хагалгаанд орох шаардлагатай болж арлын Японыг зорьжээ. Тиймээс түүнтэй онлайнаар ярилцсан юм. Харин гавьяат тамирчин Д.Отгондалай, Э.Идэрхүү нартай товлосон цагтаа Окигийн гэрт уулзав. Ингээд ярилцлагаа хүргэе.
-Та гурвын нөхөрлөл хаанаас эхэлж байв. Эндээс ярилцлагаа эхлүүлэх үү?
Д.О: -2002 онд анх танилцаж байлаа. Идэрээ маань Шинээ бид хоёроос түрүүлж боксын секцэнд орсон. Бид хоёрыг бодвол арай туршлагатай тамирчин. Дараа нь Шинээ, тэгээд би боксын секцэнд орсон. Ингэж гурван биенээ олж танилцсан. Боксын секцнээс эхэлсэн нөхөрлөл маань одоо гэр бүлийн хэмжээнд хүртэл очжээ. Шинээ, Идэрээ хоёр маань хоёулаа удахгүй хоёр дахь хүүхдээ өлгийдөж авах гэж байна. Би өнгөрсөн онд хоёр дахь хүүхдээ өлгийдлөө. Ингээд л өргөжөөд байна шүү дээ.
Э.И: -Би чинь энэ хоёроо бодвол боксоор зургаан сараар илүү хичээллэсэн. Тийм болохоороо зарим нэг зүйлийг нь заах маягтай. Ер нь бол байнга хамт явсаар байгаад сүүлдээ нэгнийгээ байхгүй удахаар санадаг болчихдог юм билээ. Одоо Шинээ маань Японд байгаа. Өдөр болгон фэйсбүүкээр биеийг нь асууж байна.
Н.Ш: -Танай сонины “Андууд” буланд оролцож байгаадаа маш их баяртай байна. Уг нь хоёр найзынхаа дэргэд сууж байгаад сайхан яриа дэлгэсэн бол гэж бодож сууна. Гэхдээ би Японд хувийн шалтгаанаар нэг сар орчим хугацааг өнгөрүүлэх нь. Халамжтай гэж жигтэйхэн шүү дээ, манай хоёр. Дорнод аймагт боксын секцэнд явж эхэлснээсээ хойш л байнга цуг явж байна даа. Дорнод, Улаанбаатарын хооронд байнга хамт явна. Энэ хугацаанд юу эсийг үзэх вэ. Нэгэнт л тамирчин болох замыг сонгосон учраас хатуу бэрхэд халшрахгүй явсаар өдийг хүрлээ. Жаргахдаа жаргаад, зовохдоо зовж л явсан гурав даа.
-Удаан уулзахгүй болохоор санадаг гэж хэллээ. Тэгж их санадаг хэрэг үү?
Д.О: -Тэгэлгүй яах вэ. Бид чинь долоо хоногт нэг удаа заавал уулздаг. Ер нь долоо хоногт нэг гэлтгүй зав л гарах юм бол уулзалддаг. Гэр бүлээрээ агаар салхинд гарна. Тийм болохоор нэг нь холбоо барихгүй удвал яав ийв, юу болов гээд л ярьдаг.
Э.И: -Ерөөсөө бага байхаасаа л тэмцээн уралдаанд цуг явдаг байсан юм. Нэгнээсээ огт салж үзээгүй. Оки, Шинээ хаана байна би тэнд нь явж л байдаг. Өвөр түрийндээ орж өссөн болохоор санах нь аргагүй биз. Хүүхэд байхад нэг жилд дор хаяж дөрвөн тэмцээн болдог. Тэр болгонд хамт явна. Дөрвөн тэмцээнээс бодоход 14 хоногт нь цуг хонож байгаа юм. Бусад үед нь бэлтгэл дээр байнга хамт. Сарын 30 хоногийн талыг нь хамт өнгөрүүлдэг байлаа шүү дээ.
Н.Ш: -Биднийг олоход амархан байгаа биз дээ. Хүмүүс ч тэгдэг юм. Та гурвын хэн нэгийг нь хайлаа гэхэд олдох нь ёстой хялбар. Байнга л бөөндөө явж байдаг болохоор тэр. Окиг хайлаа гэхэд Идэрээ бид хоёрын байгаа газраас олж болох жишээтэй. Тэгэхээр саналгүй яах вэ. Би ч гэсэн одоо хоёр найзыгаа санаж л байна. Манай хоёр гэр бүлээрээ салхинд гараад ирсэн гэсэн. Гэтэл би өөр газар байгаа болохоор надад жаахан тиймхэн байна. Хэрвээ Улаанбаатартаа байсан бол хоёр найзтайгаа цуг л явж байхгүй юу. Бас өөртэй чинь хүртэл уулзахад дэргэд нь сууж байх байлаа.
-Дорнод, Улаанбаатарын хооронд өчнөөн удаа явсан гэсэн. Яг хотод анх суурьшсан нь хэзээ вэ?
Э.И: -2005 онд. Нөгөө л гурав чинь цуг явж байгаа юм. “Американ дэнж” гэж хорооллын суурин дээр “Эрхэс” нэртэй зочид буудал байсан. Захирал нь манай нутгийн бизнесмэн ах. Биднийг хүүхэд байхад мөн ч их дэмжсэн дээ. Тухайн буудалдаа дөрвөн сар үнэгүй байрлуулж байлаа. Тэр үед бид залуучуудын шигшээ багт ороод байсан юм.
Д.О: -Тэнд үнэгүй байсны ачаар бид залуучуудын шигшээ багт орсон шүү дээ. Хэрвээ байрлах байргүй байсан бол шигшээд багтаж чадалгүй нутаг буцах байсан ч юм бил үү.
Н.Ш: -Эцэг, эхээсээ холдож үзээгүй хүмүүс биеэ даагаад явна гэдэг тийм амар биш. Гэхдээ үнэхээр сайхан цаг үе шүү. Магадгүй “Эрхэс” буудалд байрласан дөрвөн сарын хугацаа биднийг бүр ч илүү дотно болгосон байж болох юм. Өдөрт нэг удаа хоол идэж, гурван удаа бэлтгэл хийдэг байлаа.
Д.О: -Нэг хүн 1000 төгрө-гөөр хоол иддэг. Нэг цуйван, нэг аяга цай, нэг мантуутай. Энэ нь яг 1000 төгрөгт багтдаг байсан юм. Тэгээд долоо хоногоор ээлжилж гэрээсээ мөнгө авдаг. Гэрээс ирсэн мөнгөөрөө нэг нэгнээ дааж амьдардаг байлаа.
-Хэрвээ боксчин болоогүй байсан бол та гурав учрах байсан болов уу. Энэ талаар бодож үзсэн үү?
Н.Ш: -Ёстой бодож үзээгүй юм байна. Гэхдээ бараг үгүй л болов уу. Хэдийгээр нэг нутгийнх, бас аймгийн төв дээр байдаг ч бүгдийнх нь гэр зайтай учраас тааралдах нь ховор. Тэгэхээр боксын спорт л биднийг холбожээ.
Э.И: -Манай гэр Дорнодын төвд. Шинээгийнх төвөөсөө нэлээд зайтай. 27 гэдэг нэртэй газар амьдардаг байсан. Оки болохоор Бунхан хороолол гээд аймгийн төвөөс таван км зайтай газарт амьдарна. Ийм зайтай байдаг болохоор нэгнээ олж нийлэхгүй байсан байх.
Д.О: -Тус тусын ажлаа хөөгөөд л явж байх байсан. Тэгэхээр уулзах ёстой хүмүүс уулзаж, учрах ёстой хүмүүс учирдаг гэдэг чинь л энэ байх. Энэ бол их гоё үг шүү дээ. Нэг нь гадагшаа тэмцээн уралдаанд явсан хойгуур гэрт нь очоод зураг харахаар өөрийн эрхгүй үгүйлдэг юм. Тэгээд “Муу найзыгаа санаж байна шүү” гэхээр эхнэрүүд маань шоолж инээнэ. Шигшээ багийнхан нэгдсэн цугларалтад гарвал гурвуулаа нэг өрөөнд ордог. Хамт байсаар байгаад сурчихсан болохоор хаана ч явсан нэгнээсээ салах дургүй болсон байна.
-Муудалцах үе бишгүй л гардаг байх. Тэр үед яадаг вэ. Хэн нь түрүүлж буулт хийдэг бол?
Д.О: -Сүртэй муудалцахгүй ээ. Гэхдээ огт зүгээр байна гэж байхгүй. Хэн нэг нь буруу зүйл хийвэл алдааг нь засч, хэлж өгдөг. 15 жилийн хугацаанд ам мурийх үе цөөнгүй гарна. Тэр болгонд нэгэндээ тунирхахаас илүүтэй болохгүй байгаа зүйлийг нь хэлж өгнө.
Э.И: Бид чинь нэгнээ бараг хөдөлгөөнөөр нь, нүднийх нь харцаар мэддэг болчихсон. Тийм болохоор хэн, ямар үйлдэл гаргах гэж байгааг нь андахгүй. Тиймээс муудалцахаасаа өмнө нэгнийхээ алдааг засчихдаг юм. Хэн нэг нь заавал буулт хийж, нөгөөх нь тунирхах албагүй. Болохгүй байгаа зүйлээ гурвуулаа нийлж байгаа ярилцаад л асуудлаа шийддэг. Ер нь бол сүр болгож муудалцаж байснаа санадаггүй юм. Тэгэхээр айхтар муудалцаж байгаагүй байх.
-Та гурвын бодлоор нөхөрлөлийн үнэ цэнэ гэж юу вэ?
Э.И: -Хоорондын итгэлцэл юм даа. Нэгэндээ итгэж чадаж байвал нөхөрлөл нь илүү бат бөх, удаан оршин тогтнох болов уу.
Д.О: -Бид үерхэж эхэлснээс хойш нэг ч удаа нэгэндээ худлаа хэлж үзээгүй. Бас гурвуулаа нийлж хүнийг муулж үзсэнгүй. Гурвуулаа цуглахаараа цаашдын төлөвлөгөө болон ирээдүйн амьдралынхаа талаар ярилцдаг.
Н.Ш: -Хамгийн завтай хүн л бусдыгаа муулдаг. Бидэнд бол тийм зав алга. Бэлтгэлийн хажуугаар амьдралаа сайхан болгох гээд зав чөлөөгүй явна. Оки, Идэрээгийн тухай хэн нэгэн надад ирээд муулахад би түүнд хэзээ ч итгэдэггүй. “Тэр чамайг тэгж байна лээ” гээд хов базаад явсангүй. Тухайн цагт нь найзуудаа өмөөрөөд л өнгөрдөг. Угаасаа би энэ хоёрыг гарын арван хуруу шигээ мэдэх юм чинь. Хамт олон дундаа “Дорнодын их гурвал” гэж алдаршсан шүү дээ /инээв/.
Э.И: -Дээр хэлсэнчлэн жилийн 365 хоногийн 360 нь хамт байдаг болохоор хэнд, юу тохиолдсоныг нүдний харцаар нь л шууд мэдчихнэ. Энэ хоёрыг ойлгох шиг амархан зүйл надад алга. Ийм дотно байдаг хүмүүс нэгэндээ итгэж чадахгүй бол найз гэж яваад яах вэ. Бидний нөхөрлөл ямар үнэ цэнэтэй байсныг цаг хугацаа харуулна. Ер нь харуулсаар ч байгаа. Цаашид ч олон жил харуулах байх.
-Тамирчид бол хамгийн завгүй хүмүүсийн тоонд багтдаг. Тэр утгаараа чөлөөт цаг тун багатай. Зав гарсан үедээ ихэвчлэн юу хийдэг вэ?
Д.О: -365 хоногийн яг талд нь бэлтгэл хийж таардаг. Үлдсэн хугацааг нь гэр бүл, найз нөхдөдөө зарцуулж байна. Ялангуяа Идэрээ, Шинээ хоёртоо. Бид чинь зүгээр ч нэг багын найз биш. Гэр бүлийн найзууд. Тэр утгаараа амралтын өдрийг бөөндөө цуглаж өнгөрүүлэх дуртай.
Э.И: -Гэр бүлийнхэндээ л хамаг цаг хугацаагаа зарцуулна. Идэрээ, Шинээ, Оки гурвын гэр бүл амралтаа аль болох цуг өнгөрүүлэхийг хичээдэг.
Н.Ш: -Нэгнийхээ гэрт цуглаж амттай хоол хийж идэнгээ тоглох ч сайхан шүү.
-Хамгийн халамжтай нь хэн бэ?
Э.И: -Гурвуулаа л нэгнээ халамжлаад явдаг. Тэр нь илүү гэх зүйлгүй дээ.
Д.О: -Тэмцээн уралдааны үед бие биенээ яг адилхан халамжилна. Би тэмцээнтэй байлаа гэхэд Шинээ, Идэрээ хоёр маань миний бэлтгэлийг хангалцаж, хоол унд дөхүүлэх гэх мэт. Ер нь бол тэмцээний үед өрөөндөө ороод тоглохгүй нь тоглох гэж байгаа нэгнээ амрааж хоол ундыг хийж өгнө.
Н.Ш: -Ерөнхийдөө хэн нь хамгийн их жин хасч байна, түүндээ л илүү халамж тавьдаг.
-Нэгнээ харцаар нь ойлгодог хүмүүс авьяасыг нь бүр илүү мэднэ биз?
Н.Ш: -Мэдэлгүй яах вэ. Оки маань сайн дуулчихна. Ганц хоолойтой нь юмуу даа. Идэрээ дуу дуулж, бүжиг бүжиглэхээс бусдыг нь чадна.
Э.И: -Шинээ өөрийгөө хэлэхгүй байна. Манай Шинээ багийн спортод авьяастай шүү дээ. Өндөр нуруугаа ашиглаад сагс, волейбол, хөлбөмбөг сайн тоглоно. Бид гурав дундаа ганц урлагийн авьяастай нь Оки. Ямар ч байсан солгойрохгүй. Зөв хоолойтой гэх юм уу даа. Хааяа нэг караокед орвол Окигийнхоо дуулахыг сонсоод суучихна. Би бол урлагийн тал дээр ёстой таг.
-Гурвуулаа боксыг сонгодог нь бас сонин шүү. Яагаад заавал энэ спортыг сонгож хичээллэх болов. Оки чинь чөлөөт бөхийн секцэнд явж байсан байх аа?
Э.И: -10 жилд нэг ангид сурч байсан найзынхаа хүсэлтээр боксыг сонгосон. Найз маань намайг боксын секцэнд явж үзээч гэсэн. Би ааваас асуухад зөвшөөрч билээ. Ингээд л боксын спортод эргэлт буцалтгүй орсон доо. Уг нь аав маань спорт тоглоомонд маш сайн. Сагсан бөмбөг, хөлбөмбөг, хоккейн спортоор хичээллэдэг.
Д.О: -Би ч бас Ганзориг гэж найзыгаа дагаж л очсон. Өмнө нь бөхийн секцэнд хичээллэдэг байлаа. Боксын секцэнд ороод суухад манай Шинээ, Идэрээ, Есөн-Эрдэнэ нар ид бэлтгэлээ хийж байна. Ёстой тачигнуулж байна аа. Хурд гэж янзын. Тэр үед өөрийн эрхгүй гоё санагдаад л боксыг сонгосон доо.
-Та хэдийг өсвөрийн боксчин байхдаа бүтэн тоглолт хийж үзээгүй гэдэг юм билээ?
Н.Ш: -Ер нь бол тийм. Бидний дасгалжуулагч Ё.Төмөрбатаа багш маань хэлдэг байсан юм. “Та нар бол үеийнхнээсээ тасарчихсан. Та нартай эн зэрэгцэж тоглох хүүхэд байхгүй. Яагаад гэвэл та нар Орос руу байнга явж тэмцээнд оролцож байна. Хотынхонд ийм боломж олддоггүй юм. Тэд Орос руу тэмцээнд оролцохын тулд багагүй бэрхшээл туулна. Харин та нарт тийм зовлон алга” гэж хэлдэг байсан. Орост боксын спорт өндөр хөгжсөн нь бидний чадварт нөлөөлсөн юм болов уу, багшийн хэлдгээр. Үнэхээр үеийнхээ тамирчидтай тулааны цаг дуустал бүтэн тоглож байсангүй. Дандаа нэгдүгээр үедээ ялна. Идэрээ гэхэд л өрсөлдөгчөө 30-хан секундэд зодчихоод л буудаг байлаа.
Д.О: -Бид гурав өсвөр, залуучуудын улсын аваргад тус бүр хоёр удаа түрүүлсэн. Угаасаа орох боломж нь л хоёр байдаг. Тэгэхэд өрсөлдөгчөө дандаа л дутуу гаргадаг байлаа.
Э.И: -Хотод тэмцээнд оролцох гээд Дорнодоос Улаанбаатар орохын тулд их юм үзнэ. Мянганы зам тавигдаагүй байсан үе. Багануураас хот хүртэл хар замтай. Цаашаа шороон зам. УАЗ-469 машины хойд суудлыг тэр чигээр нь авч байгаад шалан дээр нь эсгий дэвсээд дунджаар 15-уулаа суудаг байлаа.
Д.О: -2004 оны өсвөрийн улсын аваргаар 15-уулаа ганц УАЗ-469 хөлөглөөд хот руу ирж явтал Хэнтий аймаг дээр машин эвдэрчихсэн. Тэгтэл жолооч маань явсаар байгаад портер олж ирсэн. Өнөөх машиныхаа ачаан дээр эсгийгээ буруу харуулж дэвсээд суучихаж байгаа юм. Ингэж явсаар байгаад шууд “Алдар” спорт хорооны гадаа буунгуутаа л Идэрээ эхний тоглолтоо хийсэн. Тэгэхэд тэр хол замд явсан мөртлөө өрсөлдөгчөө 30 секундын дотор буулгаж авсан. Тийм л онцлогтой хүүхдүүд байлаа.
Н.Ш: -Бидний суусан машины руль нь нэг бүтэн эргээд, дахин нэг эргүүлж байж маневир хийдэг байлаа. Тийм машинаар хот руу яваад ирсэн байгаа юм даа. Арваннэгдүгээр сар гэдэг чинь бас хүйтэн үе шүү дээ. Ийм байхад л портерын ачаан дээр гарч хэвтээд хотод ирээд өрсөлдөгч нараа “машиндаж” хаячихаад л явдаг байлаа.
Э.И: -Тэр бас гайгүй. Таван км яваад л дугуй нь хагардаг. Олгой хаймар нь бүр аймаар болчихсон дугуйтай машинаар л явдаг байлаа. Дугуй хагарахад машинд байсан бүх хүн 100 удаа дарна. Тэгээд л буцаад унтана. Иймэрхүү маягаар л тэмцээндээ оролцчихоод буцдагсан. Одоо бодоход үнэхээр гоё байжээ. Ингэж факттай явсны эцэст 2004 оны өсвөрийн улсын аваргад багаараа түрүүлж билээ.
Д.О: -Улсын аваргын өмнө бид Фургонд 23-уулаа чихээд Дорноговь руу явсан. Гэтэл хойд дугуй маань бүр салаад уначихсан хажуугаар өнхөрч байна. Энэ юун дугуй вэ гээд л орилолдсон чинь манай машины дугуй салчихсан байдаг юм даа. Багш маань “Хүүхдийн заяа түшнэ ээ” гээд л гардаг байсан. Зоригтой ч байж. Өвлийн хүйтэнд, хар шөнөөр эсгий гуталтай хүүхдүүдээ дагуулаад 60 км алхана гэдэг баргийн хүнээс гарахааргүй зориг шүү дээ. Одоо бол зам харилцаа сайжраад зургаан цагийн дотор л хот руу ороод ирдэг байж. Өмнө нь тэмцээн болохоос хоёр, гурван хоногийн өмнө Дорнодоос гарна. Тэгж л боксчин болж байлаа даа, гурвуулаа.
-Ингэхэд Отгондалайг олимпийн хүрэл медалийн төлөө тулалдахаар рингэнд гарахад хэр их сандарч, догдолж байв?
Э.И: -Би бэлтгэл хангагчаар Рио явсан. Тэгэхэд бэлтгэл хангагч нарыг олимпийн нээлт үзүүлчихээд л буцаасан даа. Шинээ бид хоёр хүрлийн төлөөх тулааны өмнөхөн Амарбаясгалант хийдэд ном хурахад нь очиж залбирч сууж билээ. “Өнөөдөр ямар ч байсан юм авна даа” гэж ярьчихаад майхандаа амрахаар явсан. Унтаж байсан чинь Шинээ утсаа нээж харснаа л “Идэрээ, Оки авчихжээ” гээд л нэлээд чанга хашгирсан. Тэнд байсан хүмүүс ч гайхаад яав, юу болов гэдэг юм. Тэгсэн Шинээ “Манай найз олимпоос медаль авчихжээ” гээд тэр хавиар нэг зарласан. Бүгд л бөөн баяр болж байгаа юм чинь. Медаль авсныг нь мэдээд Амарбаясгалантын Хийморийн овоон дээр гараад уухайлж орилсон. Тэнд байсан бүх хүнийг уриалж уухайлж байлаа.
Д.О: -Би том тэмцээний өмнө заавал өвддөг. 2014 онд Инчонд болсон Азийн наадмын алтан медалийн төлөөх тоглолтын өмнө хатиг гараад халуурсан. 2016 оны олимпийн эрхийн тэмцээний өмнө хатгаа аваад халуурсан. Тэгсэн хүрлийн төлөөх тоглолтын өмнө шөнөжин шүд өвддөг юм байна. Би тэнд халуураад явж байхад манай хоёр амраад л явж байгаа юм. Тэгээд энэ хоёртойгоо холбогдоод “Шүд өвдөөд тэсэхээ байлаа. Яах вэ” гээд хэлсэн чинь “Болдог юм болдгоороо л болж байна. Ингэхээрээ л чи амжилт үзүүлдэг шүү дээ. Ёндоорохын өмнөх үе шат чинь юм биш үү” гэж хэлээд инээлдсэн. Медаль ч авсан.
Н.Ш: -Оки бол яалт ч үгүй олимпоос медаль авах цаг нь болчихсон байсан. Тэгээд медаль авах мөчид нь хязгааргүй их баярласан. Хурдан эх орондоо ирээсэй, найзыгаа тэвэрч баяр хүргэх юмсан гэж өдөр хоног тоолж суусан даа.
-Хөгтэй явдал олон тохиолдоно биз?
Д.О: -Бидний багын дурсамжийн талаас илүү нь замд л өнгөрсөн байх. Яагаад гэвэл зогсоо зайгүй шахам тэмцээнд явдаг байлаа. Тэгээд хөгтэй гэхээсээ илүүтэй адал явдалтай л өнгөрсөн дөө. Түрүүнд хэлсэнчлэн, дээнр нь сууж явсан фургоны дугуй маань нүдний өмнүүр өнгөрч явахыг хараад л явж байлаа, бид. Одоо энэ тухай бодохоор үнэхээр эвгүй байдаг юм.
Н.Ш: -Энэ юун дугуй вэ гэж хэлж дуусаагүй байтал машин түс тас гээд л явчихсан. Тэгэхэд бүгд айж байгаа юм чинь. Дараа нь бөөн инээдэм. Иймэрхүү адал явдал хүүхэд байхад олон тохиолдсон доо.
Э.И: -Биднийг манай Дорнодын наймаачид ёстой сэтгэлээрээ дэмждэг байлаа. Ер нь “харгис” дэмжигчид шүү дээ, манай Дорнодынхон. Рингэн дээр гараад ирэнгүүт “Зод, нүд, балба” гээд л орилдог.
-Та гурав эхнэртэйгээ яаж танилцаж байв?
Д.О: -Идэрээгийн эхнэрийг би танилцуулж өгч байлаа. Идэрээ маань даруухан талдаа. Барагтай л бол хүн амьтантай танилцаад байхгүй. Зүүнхараад дэлхийн аваргад оролцох бэлтгэлээ хийж байгаад би анх Идэрээгийн эхнэртэй танилцсан юм. Би бол 2003 оноос эхнэртэйгээ үерхэж эхэлсэн. Бид хоёр нэг дошных. Шинээгийн эхнэр бол 10 жилийнх нь ангийн охин.
Э.И: -Бид хоёрын эхнэр хоёулаа Хулан нэртэй. Манай эхнэрийг Б.Хулан. Окигийн эхнэрийг Г.Хулан. Би байрнаасаа ер гардаггүй байсан. Оки намайг бодвол илүү сэргэлэн, хөдөлгөөнтэй, бас дуу шуутай. Над дээр орж ирснээ “Гараад ир. Хоёулаа цуг гаръя. Би чамайг нэг охинтой танилцуулъя” гэхээр нь дараа болъё гээд би тоогоогүй. Тэгсэн нэг удаа хувцсаа бариад гарч явтал “Хөөе Идэрээ, чамтай танилцуулах гээд байсан нөгөө охин чинь энэ байна. Хүрээд ир” гэсэн. Тэгээд л танилцаад одоо гэр бүл болчихсон хоёр дахь хүүхдээ өлгийдөж авах гээд хүлээж сууна даа.
-Оки найраа сайтай байх нь ээ?
Н.Ш: -Ер нь нийтэч хүн шүү дээ. Хэнтэй ч байсан инээж л явдаг. Хүмүүстэй хамгийн түрүүнд мэндэлдэг. Маш гоё харьцаатай. Тэр зан нь хүмүүсийг татдаг байх. Танилцсан бол дорхноо найз болчихно. Ер нь бол хамгийн түрүүнд л танилцдаг.
Э.И: Хүйсийн ялгаа гаргахгүй хурдан танилцдаг хүн дээ. Тэгээд богино хугацаанд найз болчихсон байдаг. Бэлтгэлд гарахад тухайн газрын хамгаалагч, тогооч, цэвэрлэгч гээд бүгдтэй л найз нөхөд болчихсон байх жишээтэй. Нийтэч болохоор хүмүүс Окитой найз болох маш дуртай.
Д.О: -Танилтай хүн талын чинээ гэдэг биз дээ.
-Өөрсдийнхөө нөхөрлө-лийг юутай зүйрлэдэг вэ?
Э.И: -Сайхан цамхагтай л зүйрлэнэ дээ. Бидний нөхөрлөл улам бүр батжиж, сүндэрлэсээр л байна. Эхлээд гурвуулаа байлаа. Дараа нь зургуулаа болсон. Гэтэл гуравхан сарын дараа 12-уулаа болох гэж байна. Бидний үнэнч нөхөрлөл гэр бүлийн хэмжээнд очиж, бүгд үр хүүхэдтэй болсон.
Н.Ш: -Саяхан санаандгүй байж байгаад танай сонины “Андууд” буланд ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн гуай болон түүний найзуудын тухай гоё ярилцлага гарсан байхыг олж уншсан. Тэр ярилцлагыг харчихаад 20, 30 жилийн дараа бид яг ингээд л яриад сууж байна байх даа гэж өөрийн эрхгүй бодогдсон.
Д.О: -Хүмүүс тоглоом наргиан болгоод биднийг боксын Дорнодын “Их гурвал” гэдэг юм.
-Нэгнээ бараг харцаар нь мэддэг болтлоо үерхэж. Тэгэхээр нэгнийхээ давуу болон дутагдалтай талын талаар яриач гэвэл?
Д.О: -Манай Шинээгийн дутагдал гэвэл хашир талдаа хүн. Амьдрал дээр бидэнд хамгийн их зөвлөгөө өгдөг. Тийм зан байлгүй яах вэ.
Э.И: -Дутагдал гэхээр юм алга. Нэгнийхээ дутууг нөхөөд явчихдаг болохоор энэ тал дээр гайгүй шүү. Манай Шинээ 186 см өндөртэй. Бид хоёроос хэт өндөр нь дутагдал юм уу. Бас давуу тал ч байж болно.
Н.Ш: -Дутагдал гэхээр зүйл байхгүй. Харин “За бол за” гэдэг онцлогтой залуучууд шүү. Үерхэлдээ дэндүү үнэнч байж чаддаг.
-Нэгнийхээ төрсөн өдрийг яаж тэмдэглэдэг вэ. Төрсөн өдрөөр нь бэлэг сэлт өгөх үү?
Э.И: -Шинээгийн төрсөн өдөр нэгдүгээр сарын 1-нд болж таардаг. Баяр ёслолтойгоо хамтатгаад л болчихож байгаа юм. Ер нь бол төрсөн өдрөө нэг их сүртэй тэмдэглэдэггүй. Харин эхнэрүүд болон хүүхдүүдийнхээ төрсөн өдрийг аль болох гоё тэмдэглэхийг хичээдэг. Бэлэг хааяа өгөх тохиолдол байлгүй яах вэ. Харин яг төрсөн өдөрт зориулж бэлэг өгч байснаа санахгүй юм.
Д.О: -Ерөнхийдөө л төрсөн өдөр, баяр ёслолын үеэр тэмцээн уралдаан, бэлтгэл сургуулилттай байж таардаг. Тийм болохоор хамт олонтойгоо тэмдэглээд л өнгөрдөг.
Б.Мөнхзул
Сэтгэгдэл ( 1 )
Amjilt husie Zaluuchuudaa