Дизел түлшний татварыг 200 мянган төгрөгөөр бууруулсан ч ...
Засгийн газар автобензин, түлшний үнэ өсөхөд татварыг бууруулсан нь өмнөх зохиомол хомсдолыг “намнах” зорилготой.
Сүхбаатар, Замын- Үүд, Эрээнцав, Алтанбулаг боомтоор оруулж ирж байгаа нэг тонн А-80 автобензинд 140 мянган төгрөгийн онцгой албан татвар ногдуулж байсныг 110 мянган төгрөг болгон бууруулахаар Засгийн газрын хуралдаанаас шийдвэрлэсэн.
АИ-92 бензинд 230 мянган төгрөгийн татвар ногдуулж байсан бол 170 мянган төгрөг, дизелийн түлшинд 210 мянган төгрөгийн онцгой албан татвар ногдуулж байсныг арван мянган төгрөг болгосон байна.
ОХУ-ын “Роснефть” компани дизелийн түлшийг хангалттай хэмжээгээр нийлүүлэх боломжгүй болсон учир дизель түлшний татварыг 200 мянган төгрөгөөр буурууллаа. Шийдвэрийг энэ сарын 9-нөөс эхлэн мөрдөж эхэлсэн. Харин бусад алслагдсан боомтоор оруулж ирж байгаа автобензин, дизель түлшинд ногдуулах татварын хэмжээг хэвээр мөрдөж байгаа.
ОХУ-ын “Роснефть” компаниас энэ сард манай улсад нийлүүлж буй А-80 автобензин 28, АИ-92 автобензин 59, дизелийн түлш 96 ам.доллараар өсчээ.
ОХУ-д шатахууны дотоодын хомсдол манайд ийнхүү нөлөөлж байна
ОХУ дотоодын зах зээл дэх шатахууны хомсдолоо арилгахын тулд энэ сараас экспортыг хязгаарлаж, нефтийн экспортын татвараа 44 хувиар нэмэгдүүлэх болсон тухай “Ройтерс”-т мэдээлсэн юм. Эх сурвалжийн мэдээлж буйгаар түүхий нефтийн экспортын татвар 90 хувиар нэмэгдэж ч болзошгүй аж.
Өнгөрсөн сард нэг тонн нь 283.9 ам.долларын ханштай байсан түүхий нефтийн экспортын татвар нэмэгдсэнээр энэ сард нэг тонн нь 408.3 ам.долларт хүрнэ гэж ажиглагчид таамаглаж байна.
Өнгөрсөн хоёрдугаар сард ОХУ-ын Ерөнхий сайд Владимир Путин газрын тосны компаниудад жижиглэнгийн үнийг хориглосноос хойш шатахууны хомсдол бий болж, Алтайн бүсийн шатахууны нөөц дууссан байна. Одоогийн байдлаар Алтай, Сибирь, болон Умард Казахстан дахь “Роснефть”, “Газпром нефть” зэрэг компанийн шатахуун түгээгүүрийн газруудад урт дараалал үүсээд байна. Новосибирск, Алтай, Сибирийн районуудад шатахуун олгохдоо лимит тогтоож эхэлжээ. Жолооч бүрт нэг удаа 20 литрээс илүүг худалдаалахгүй байгаа ажээ.
“Роснефть” Алтайн районы шатахуун түгээг үүрийн газруудаа арай гэж хангаж байгаа юм байна. Хувийн шатахуун түгээгүүрийн газруудад ч шатахуун нийлүүлэх боломжгүйгээ мэдэгдсэн байна. Хойд хөрш дотоодын зах зээл дэх шатахууны үнийг зохицуулахаар хөндлөнгөөс оролцсон нь шатахууны хомсдол үүсгэж байна гэж зах зээлийн шинжээчид үзэж байгаа юм.
Москвагийн оршин суугчид нэг литр шатахууныг 24.45 рублиэр худалдан авч буй нь өнгөрсөн хоёрдугаар сараас хойш тогтвортой байгаа үнэ ажээ. Харин ОХУ-ын захын районуудад шатахууны үнэ харьцангуй үнэтэй байгаа юм.
Эх сурвалж: Зууны мэдээ сонин
Сэтгэгдэл ( 0 )