Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн боллоо. Хуралдааны үеэр Улаанбаатар хотын өнгөрсөн 21 хоногийн нөхцөл байдлын мэдээллийг танилцуулав.
Дээрх хугацаанд Нийслэлийн цагдаагийн газарт гэмт хэрэг, зөрчил, зам тээврийн ослын шинжтэй 35 мянга 991 дуудлага, мэдээлэл ирсэн нь өмнөх 21 хоногтой харьцуулахад -2319 нэгж буюу –6.1 хувиар буурч, гэмт хэргийн шинжтэй 960 үйлдэл бүртгэгдсэн нь 25 нэгж буюу 2.7 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Бүртгэгдсэн гэмт хэргийг нутаг дэвсгэрээр нь авч үзвэл Баянзүрх дүүрэгт хамгийн их буюу 270 гэмт хэрэг, Багануур дүүрэгт 1 гэмт хэрэг бүртгэгджээ. Хулгайлах төрлийн гэмт хэрэг 25.3 хувиар, дээрэмдэх хэрэг 2 дахин, залилан 40 хувиар өссөн байна. Харин зам тээврийн осол 6.5 хувь, золгүй байдлаар нас барсан тохиолдол 16.1 хувь, хүчингийн хэрэг 51.2 хувиар тус тус буурчээ.
Замын цагдаагийн албанаас өгсөн мэдээллээр 2017оны 07 дугаар сарын 13-ны өдрөөс 08 дугаар сарын 10-ны өдрүүдэд Замын цагдаагийн албаны Мэдээлэл шуурхай удирдлагын хэлтэст 4942 дуудлага мэдээлэл ирснээс хүн гэмтсэн хэргийн шинжтэй 244, зөрчлийн шинжтэй 1146 дуудлаганд очиж хойшлуулшгүй ажиллагаа явуулан, 1390 ослыг материалжуулан шалгаж байна. Зам тээврийн хэргийн улмаас6 хүний амь нас хохирч, 354 хүн гэмтжээ.Өнгөрсөн оны мөн үед хүний амь нас, эрүүл мэнд хохирсон осол 179 бүртгэгдэж байсан бол 2017 оны мөн үед 194 бүртгэгдсэн нь 8,4 хувийн өсөлттэй байна.
2016 оны мөн үед согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил 1198 бүртгэгдэж байсан бол энэ оны мөн үед 1340 бүртгэгдсэн нь 11.9 хувиар өссөн байна. Мөн өнгөрсөн онд 113 тээврийн хэрэгсэл түр саатуулагдаж байсан бол энэ оны мөн үед 84 тээврийн хэрэгсэл саатуулагдсан нь -25.7 хувиар буурсан үзүүлэлт юм.2016 онд хүүхэд өртсөн зам тээврийн ослын тохиолдол 71 бүртгэгдэж байсан бол энэ онд 74 бүртгэгдсэн нь 4,2 хувиар өссөн байна.
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн 14 хоногт аюулт үзэгдэл, техникийн холбогдолтой ослын 60 удаагийн дуудлагыг хүлээн авч, үүнээс объектын гал түймрийн 50, аврах ажиллагааны 10 удаагийн дуудлагуудад Гал түймэр унтраах аврах ангиуд үүрэг гүйцэтгэсэн. Нийслэлийн ногоон бүсэд ой, хээрийн түймэр гараагүй. Дээрх дуудлагыг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад объектын гал түймэр 35,4%-иар, техникийн холбогдолтой осол, аврах ажиллагааны дуудлага 54,54%-иар тус тус буурч, нийт аюулт үзэгдэл техникийн холбогдолтой ослын тоо 28,57 хувиар буурсан үзүүлэлттэй байна.
НМХГ-аас дээрх хугацаанд төлөвлөгөөт шалгалт 250, төлөвлөгөөт бус 313, гүйцэтгэлийн 182, нийт 745 хяналт шалгалт хийсэн байна. Гарсан зөрчилд 186 албан шаардлага хүргүүлж, 26.1 сая төгрөгийн торгууль ноогдуулснаас 55 хувийг нь барагдуулжээ. Гаалийн хяналт шалгалтаар Малайз улсаас импортолсон 13 нэрийн 596.2 кг биологийн идэвхт бүтээгдэхүүнд хяналт шалгалт хийж, бүтээгдэхүүнээс дээж авч, шаардлага хангахгүй байгаа тул худалдан борлуулахгүй, импортлогч орон руу буцаах арга хэмжээг авч ажилласан байна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Сэтгэгдэл ( 0 )