Хүүхэд, залууст эх оронч үзэл, хүмүүжил, сахилга хариуцлага, иргэний хамгаалалтын мэдлэгийг багаас нь төлөвшүүлэх зорилготой “Цэрэг эх оронч үзэл-Цэрэгжилтийн хичээл”-ийг Баян-Өлгий аймагт ирэх жилээс хичээллүүлэхээр төлөвлөжээ.
Хангайн болон баруун аймгуудад зохион байгуулагдаж буй “Эх оронч Монгол” сургалт, өдөрлөг өнөөдөр Баян-Өлгий аймагт үргэлжилж байна.
Өдөрлөгийн үеэр УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Д.Батлут төрийн болон хууль сахиулах байгууллагын алба хаагчид, иргэд, хүүхэд, залуучуудтай уулзаж, УИХ, Засгийн газар болон Батлан хамгаалах салбарт хэрэгжүүлж буй бодлого, шинэчлэлийн талаар мэдээлэл өглөө.
Тэрбээр энэ үеэр “Цэрэг эх оронч үзэл-Цэрэгжилтийн хичээл”-ийг Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Боловсролын яамтай хамтран сэргээж, энэ жилээс нийслэл болон орон нутгийн таван ерөнхий боловсролын сургуульд туршилтын журмаар хичээллүүлж эхэлснийг онцолсон юм.
Тус хөтөлбөрийн хүрээнд цэцэрлэгийн түвшинд “Миний эх орон”, бага боловсролд хүндлэхүйн ухаан, иргэний ёс зүй, суурь боловсролд Монгол цэргийн түүх, ахлах ангид цэрэг-иргэний хамгаалалтын бэлтгэлийн агуулгыг үе шаттай нэвтрүүлэхээр төлөвлөжээ. Ингэснээр хүүхэд, залуусыг эх оронч үзэлтэй, сахилга хариуцлагатай, аливаа эрсдэлд бэлтгэлтэй иргэн болгон төлөвшүүлэхийг зорьж байна.

“Эх оронч Монгол” өдөрлөгийн хүрээнд Баян-Өлгий аймагт эх оронч үзэл, хүмүүжлийн хичээл, цэрэгжилтийн дадлага, зэвсэг, уулын хэрэгслийн үзэсгэлэн, Цэргийн төв эмнэлгийн үзлэг, Батлан хамгаалахын төв архивын үйлчилгээ зэрэг олон талт арга хэмжээ зохион байгуулагдаж байна.

Арга хэмжээний нээлтэд Батлан хамгаалахын сайд Д.Батлут, Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга, дэслэгч генерал С.Ганбямба, Баян-Өлгий аймгийн ИТХ-ын дарга А.Бегарыс болон орон нутгийн удирдлагууд, Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний Жанжин штаб, төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын удирдлага, алба хаагчид, иргэд, хүүхэд, залуучууд оролцлоо.








Сэтгэгдэл ( 0 )