Баян-Өлгий, Ховд аймагт шүлхий өвчний улмаас устгалд оруулсан малын нөхөн төлбөрийг шийдвэрлэлээ

О.Должин | Zindaa.mn
10 минутын өмнө

Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаанаар Баян-Өлгий, Ховд аймагт бүртгэгдсэн малын гоц халдварт шүлхий өвчний SAT-1 хэв шинжийн дэгдэлтийн нөхцөл байдал болон авч хэрэгжүүлсэн хариу арга хэмжээний талаар хэлэлцэж, өвчний голомтод зайлшгүй устгалд оруулсан малын нөхөн төлбөрт шаардагдах хөрөнгийг шийдвэрлэлээ.

Ингэснээр холбогдох хууль, журмын дагуу малчдад устгалд оруулсан малын үнэлгээний 90 хувьтай тэнцэх нөхөн олговрыг олгож, учирсан эдийн засгийн хохирлыг бууруулах боломж бүрдэж байна.

Баян-Өлгий аймгийн Алтай, Дэлүүн, Цэнгэл, Өлгий сумдад шүлхий өвчний халдварын тархалтыг хязгаарлах, голомтыг устгах арга хэмжээний хүрээнд нийт 2,764 толгой малыг зориудаар устгалд оруулжээ. Эдгээр малын зах зээлийн нийт үнэлгээ 4 тэрбум 756 сая 90 мянган төгрөг бөгөөд нөхөн олговрыг 90 хувиар тооцож, 4 тэрбум 280 сая 481 мянган төгрөгөөр тогтоосон байна.

Харин Ховд аймгийн Булган, Үенч, Алтай сумдад нийт 1,391 толгой малыг устгалд оруулсан бөгөөд зах зээлийн нийт үнэлгээ нь 1 тэрбум 988 сая 630 мянган төгрөг байна. Үүний 90 хувь буюу 1 тэрбум 789 сая 767 мянган төгрөгийг нөхөн олговорт олгохоор тооцжээ.

Ийнхүү хоёр аймгийн хэмжээнд нийт 4,155 толгой малыг устгалд оруулсан бөгөөд зах зээлийн нийт үнэлгээ 6 тэрбум 744 сая 720 мянган төгрөг, олгох нөхөн төлбөрийн нийт хэмжээ 6 тэрбум 70 сая 248 мянган төгрөг болж байна.

Засгийн газрын хуралдаанаас мөн өвчний голомтод тавих хяналт, тандалт, ариутгал, халдваргүйтгэлийн ажлыг үргэлжлүүлэх, халдвар дахин тархахаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг эрчимжүүлэхийг холбогдох байгууллагуудад үүрэг болголоо.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top