Нийслэлийн ЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтсээс Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын ажилтан албан хаагчдад өнөөдөр танилцуулж, тэдний дунд хэлэлцүүлэг өрнүүлэн саналыг авлаа. Энэ үеэр нийслэлийн ЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга А.Даваажаргал “УИХ-ын 2017 оны 39 тоот тогтоолын дагуу нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын бүх албан хаагчдын дунд Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төслийг танилцуулж, хэлэлцүүлэг зохион байгуулна.
Монгол Улс түүхэндээ 4 дэхь үндсэн хуультайгаа “алхаж” явна. Анхны үндсэн хуулийг 1924, дараагийнхыг 1940, 1960, 1992 онд тус тус баталсан байдаг. Хүний амьдрал гэдэг маш баялаг. Амьдралын зүй тогтол бүрийг зохицуулагч эрх зүйн зохицуулалт гэдэг бол хамгийн нарийн байх ёстой. Тэгэхээр та бүхний өдөр тутмын, алхам тутмын үйл хэргийг зохицуулж байгаа эрх зүйн зохицуулалтын эцэг хууль болсон Үндсэн хуулийг өөрчлөх бол амаргүй зүйл. Монгол Улсын Их хурлын нийт гишүүдийн 32-оос доошгүй хувийн саналаар Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцдэг.
Энэ удаагийн Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төсөлд бодлогын шинжтэй нэлээн томоохон заалтуудыг боловсруулсан. Энэ нь маш зорьмог шийдэл болсон. Нөгөө талаас манай төрийн албан хаагчдын эрх ашгийг хамгаалсан хэд хэдэн заалт оруулж байгаад миний бие төрийн албан хаагчийнхаа зүгээс олзуурхан хүлээж авч байгаа” хэмээн онцолсон юм. Хэлэлцүүлгийн төгсгөлд сургалтад хамрагдсан ажилтан албан хаагчдаас Монгол Улсын иргэний хувиар нь саналын хуудас бөглүүллээ. Тус саналын хуудсыг тусгайлан бэлтгэсэн программд нэгтгэх аж. Ийнхүү Монгол Улсын нийт иргэдээс авсан саналыг Үндсэн хуульд оруулах, нэмэлт өөрчлөлтийн төсөлд тусгах юм байна.
УИХ-ын Тамгын газраас томилсон 7 баг 2017 оны долоодугаар сарын 31-нээс ес үгээр сарын 3-ныг хүртэлх хугацаанд Монгол Улсын 21 аймаг, бүсчилсэн сумд, нийслэлийн 9 дүүрэгт Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаар сургалт, хэлэлцүүлэг зохион байгуулсан билээ гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл, мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Сэтгэгдэл ( 0 )