”Хөх дарсны охь”-оос хүртэнэ үү?

Автор | Zindaa.mn
2017 оны 12 сарын 05

“ХӨХ ДАРСНЫ ОХЬ”-ООС ХҮРТЭНЭ ҮҮ?

Алс тэртээ Дорноговийн Хатанбулаг сумын харьяат Сономын Чулуун нь говиос төрсөн цөөн хэдэн зохиолчийн нэг юм. 50-иад жил үзэг цаас нийлүүлж тууж, эссэ, тэмдэглэл, дурсамжийн арав гаруй номоороо олны танил болсон энэ эрхэм МЗЭ- ийн болон Утга зохиолын төлөө хүндэт өргөмжлөлт “Утгын чимэг” богино өгүүллэгийн наадмын дэд байрын шагналт болой. Өмнийн хөх хязгаараас төрсөн нэрт зохиолчийн “Хөх дарсны охь” хийгээд “Өчүүхэн бичвэр” хэмээх тэмдэглэлээс өргөн барив.

Дуулим энэ хорвоод богинохон амьдрах тавилантай Дурлал дарс хоёргүй насыг элээвэл нүгэлтэй...

Омар Хайяам

ХӨХ ДАРСНЫ ОХЬ /БОДРОЛ/

Цагаан сарын дуулиан тасраагүй байлаа. Би Хишигсүрэн хүүгийндээ очоод хэд хонож байсан юм. Тэнгэрийн сайханд хүүгийн хонинд алхаж, усанд адуу ирвэл услах ажилтай даа. Нэгэн орой миний зээ дүү болох хархүү найзаа дагуулсаар давхин ирэв. Золгож явна гэнэ. Идээ цай болцгоолоо.

- Хаагуур хаагуур айлчлав? Хүү асуулаа

-Булагийн араар орж явлаа гэснээ энд тэнд уусан архи дарсаа тоолж гарах нь юм сануулж байх бололтой. Хүү нэг шил архи гарган дунд нь тавилаа. Дүү хүү ч ёс бодоо биз амсах төдий. Харин нөгөө банди

- Айлд гурван шил уугаад гарлаа. Согтсонгүй ээ. Архи намайг дийлдэггүй гэж хүүд томров.

Тэгдэггүй юм аа. Чи бага байна. Дэндүү мэдэхгүй дээрээ байна дүү минь гэж хүү ахархав. Гэвч өгснийг нь уучихаад л ахиж суугаад байх харагдана. Цэрэгт яваад ирсэн гэж ханхайвч шувуун цээжтэй тэр бандийг архи дийлж, архинд дийлэгдэж байгаа нь тэр.

Энэ тухай үл өгүүлэн өгүүлэх нь

Архи дарсыг би магтан дуулахгүй ч бас үзэн яддаггүй. Танин мэдэх гээч дуусашгүй юм болохоор сонсож уншсан минь цөөдөөгүй ч төгс төгөлдөр мэдэхгүй ч сархад гээч сайн юм дагуулахаасаа муу муухайг хөтлөөд аяар чимээгүй дөхдөг гэдгийг л сайн мэднэ.

Гэвч хүн төрөлхтөн хагацаж чаддаггүй, хүн гэдэг амьтан хэрэглэж ханадаггүй, муулж ч бардаггүй, дээдэлж гүйцдэггүй эд. Монголчууд их дээрээс номносон “Дөч хүрээд дөнгөж амс, тавь хүрээд тавьж уу, жар хүрээд жаргаж хүрт” гэсэн гандан бууршгүй, мартамгүй бас маргамгүй захиас бий.

Үүнийг эргэцүүлбээс нэг хэмжээ байгаа биз. Ер архи дарсанд нэг хэмжээ л хэрэгтэй гэж дахин ухнам. Тийм юм нь алдарвал хүн ч хүн биш, дарс ч утгаа алддаг шиг. Хүртэх хүн, хүртэхгүй хүний гэж бас л хэмжээ бий.

...Гашуун юмны донтой гэж адал

Гайгүй дээ

Миний муусайн найз нарын

Гар доороос

Гайхамшигт бадаг төрөх л болно... Цоодолын маань шүлгийн мөр санаанд орж байна. Яагаад тэднийг маань ингэж хэлэв ээ. Тэд гэвээс тэнгэрийн санаа, огт оргүйн бодлыг хэн хүнээс түрүүнд бариад авдаг сэтгэлийн тэмтрүүлтэй гэлцдэг нь үнэний учигтай. Сэтгэл гэж юу вэ? Тайлаагүй л байгаа олон юмны нэг.

Зохиолч, яруу найрагч гэцгээнэ. Хүн хүнээс өөр нь чамин өөр хөнгөн цагаан сэтгэл, илүү өөр сэтгэл гэж би боддог. Тэр захын хэн нэгэнд байлаа байлаа гэхэд олоод бариад ирж чаддагүй л байхгүй юү.

Дэлхий мэдэх их Равжаа өөрийгөө галзуу согтуу ч гэж цоллон зөндөөн бичжээ. Согтуурдагтаа, хөлчүүрхэхдээ биш нь мэдээж. Овоо юм мэддэг гэж хүмүүс тоодог нэгэнбээр

Равжаа сархад хүртдэг л байж. Тэр нь ерөөсөө тэнгэрт хүрэх, сансрын бидэнд үл мэдэгдэх эхэд очих гүүр зам холбодог байснаас гарцаагүй... гэж ярихыг сонсож байлаа. Үүнийг дурдахдаа дарсыг цэцэн мэргэний үүд босго хэмээн нотлох гэсэн юм биш. Харин үгүйсгэж болохгүй үнэн байж магадгүй гэж таалдагтаа хэлэв. Архи сархадыг магтан дуулах нийгмийн сэтгэхүй тогтновол аюул нүүрлэх биз.

Хөх дарсны цэнхэр охь сэтгэлийг нэг бол зөв, нөгөө бол буруу хөглөдөг.

Хөдөө хөхрөнги гадаа ганданги өвгөн шүлэгч миний мэт нь наснаасаа их илүү олон “Миний муусайн найз” нартайгаа уулзаж, үерхэж явсаар... Хундага тулгахгүй зөрвөл нүгэл болох шиг бодогдох найз минь ч зөндөөн. Тэдний дотор нэг ч архичин байсангүй. Харин сайн, сайхан яруу найрагчид л байдаг. Архи гэдэг үгээс харин залхдаг юм. Хөх дарс гэвэл хүндэтгэж байгаа мэт бодогдоно. Тэгэж хайрлаж болмоор байх юм. Гэргий минь

- Чи архи уувал яруу найрагчтай л уу гэж олонтаа хэлдэг гуйдаг. “Ямар мундаг үг вэ? Ойлгодог хайрладаг хүний аманд энэ хүн багтана даа” гэж Хархүү минь уулга алдсансан.

Орчлонгоор дүүрэн хөх дарсны ерөөл, хараал тэнэдэг. Гагцхүү түүний цоролзох хөх дөл, догшрох охь хүний сэтгэлийг сайхан болгодог увидастай гэдэгт би итгэдэг. Сэтгэлийг муухайд чирэх агшин бий. Энэ бүхэн цөм дээр өгүүлсэн хэмжээ л юм.

“Архи намайг дийлдэггүй юм” гэж эрээгүй чалчигч хүүд хөх дарсны тухай бас ч өөдрөг бичихэд хүргэсэнд талархъя. Яриад, зүхээд, магтаад бас идээний дээж гэж сөгнөөд барьдаг хөх дарсыг хүмүүн заяат бүхэн дийлж дайлж байвал барав гэж өмөөрч сууна.

Энэ бас сэтгэлийн юм. Эс тийм бол хөх дарс ямагт чамайг дийлнэ.

2017-12 сар. “Зиндаа” сэтгүүл №1 /501/

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top