Ихэсийн нуурт шувууд чуулна ( Өгүүллэг )

Автор | Zindaa.mn
2017 оны 12 сарын 07

ТУУЛЬСЫН ЗОХИОЛЫН НЭГЭН ОРГИЛ

Говь-Алтайн Дарви сумын уугуул, манай үеийн туульсын зохиолын оргилуудын нэг Санжийн Пүрэв абугай хэдэн зуун өгүүллэг, хагас зуун тууж, арав гаруй роман, дуртгалын олон ном бүтээсэн, МУСГЗ Д.Нацагдоржийн болон МЗЭ, МҮЭ-ийн “шагналт” шилдэг уран бүтээлч билээ. “Эх газрын чулуу”, “Усны гудамж”, “Цаг цагийн урсгал”, “Гурван говийн зэрэглээ”, “Уулын намар”, “Азын цэнхэр уул”, “Мөнх тэнгэрийн алс”, “Гэгээн өргөл”, “Алаг заяа” зэрэг олон номын эзэн С.Пүрэвийн шинэ өгүүллэг таны оюуны мэлмийг мялаах болтугай!

Санжийн Пүрэв Ихэсийн нуурт шувууд чуулна ( Өгүүллэг )

Ихэсийн нуурын жаргалтай цаг нь хавар зун, усан нүдлэн уйтгарлах цаг нь намар билээ. Хавар зундаа хавийн уулс мандал дээр нь сүүдэртэн сүндэрлэж, үүлс бидэртэн алгуур мөлхөж шувуудын даль жигүүрт цалгин дайвалзахыг харах цаанаа л уйтай. Нуурын шорвог исгэлэн салхи хөндий хоолойгоор сэвэлзэн их усны унхиа хаа газраас амьсгал зөөллөнө. Манайх нуурын баруун хөвөөнд ялаа шумуулд шавуулан намаржиж байлаа. Халуунд бяруу тугал оодогнон давхилдаж, хурга ишиг дэрсэн дунд хэвтэж зүүрмэглэнэ. Зэлтэй унага наршин залхуутай тэрийж, унагандаа хоргодсон гүү хотноос холдохгүй тургилан ялаархах намрын аяс юм даа. Өдийд айл хот амгалан, усны шувууд тал талаасаа цуглан шуугиж, айлуудад найр наадам үргэлжилнэ. Ингэж уулын салхи бэллэтэл хамаг бүхэн мартагдам хэсэг сайхан налайна. Манай арын айл улсын сайн малчин Нанжидынх, түүний зүүн гэр тэдний хүү Борынх. Урьж залаагүй байхад өөрөө гүйж очоод зарагдам сайхан айл байдаг. Борынх миний хувьд тийм айл. Эднийх тэрсхэн хоёр хүүтэй, гэрийн эзэгтэй нь ямагт үс гэзгээ толийтол самнаж, цэвэр цэмцгэр явдаг Саранмөнх хэмээх нүдээрээ инээж хүн амьтан баясгасан бүсгүй байх. Нанжидын отог овгийн сүр жавхлан тэр бүсгүй орсон гарсан хүнд ааль зан сайтай, авхаалж ажилтайгаа магтуулан олныг шавуулна. Нарийндаа Саранмөнхгүй бол энэ хот айлд бүтдэг ажил үгүй гэж хэлж болмоор харагдана. Ихэсийн голынхон Саранмөнхийг харж амгалан налгар аж төрдөг мэт санагдам. Гэрийн эзэн Бор хажууд нь бүсээ олигтойхон ороочихгүй холхойсон хэнэггүй эр. Өөртөө хайхрамжгүй ургилдсан, бор нэрэндээ таарсан бор хархүү өдөржин ногт сэлбэж, уурга тагнайлдаж суух. Хавь ойрын айлуудын малын хөл хоргоох юмыг Бор л хийж гүйцээнэ. Хаа ч гэж адуу малдаа бузгай эрэмгий нь яах аргагүй эр хүн мөөн. Түүнээс бусдаар хийж чадах юмаар маруухан, бас л нэг эхнэрийн ая дагаж гар харсан чимээгүй бурхан. Ийм бодь хүнийг сайн эхнэр л өөд татаж авахгүй бол гаднаа ч галд ганц аргал ч үгүй зутарч мэднэ. Бор дунд сургуульд байхдаа хичээл номондоо бузгай гэгддэг байсан агаад гэнэт л малчин болно гэж хамаг юмаа орхисон нь Саранмөнхөөс болсон гэлцэнэ. Тэр нь ортой л болов уу. Түүнээс Бор эрдэм номын мөр хөөвөл гадаадын сургуульд ч өлхөн явах хүүхэд гэлцэнэ. Тоо бодлого, хувилахуйн ухаан мэт хичээлд багш нартайгаа ном хаялцдаг байсан юм билээ. Тэгж ч чадна, чимээгүй оргиод хааяа сонин үг унагана. Саранмөнх тэр хоёр нэг ангийн зөрөөтэй, Саранмөнх малчин болж хөдөө гарсны хойтон Бор дунд сургуулиа дуусгаад мал дээр гарч ирэхдээ гэртээ ч оролгүй журамт бүсгүй Саранмөнхийн хацавч бараадан гөлөг шиг сахисаар дэр дэвсгэр нэгтгэсэн гэсэн хэтрүү яриа нуурын дэрсэн дундуур айлаас айлд мөлхөх мэт дорхноо амьтны амны загатнаа гаргав. Угаасаа ч Ихэсийн голынхон илүү үгийг гээж, дутуу үгийг мартаад байдаг номхон улс биш. Харин Нанжид хүүдээ “Мал дагасан хүн ам тосодно” гэсэн үгийг ам бардам хэлж ховорхон бэр залан чамгүй сайн гэрлүүлж, хоёр ачийн зулай үнэрлэсэн цагаас идэр залуугаас орхиж гээсэн нэг юмаа гүйцээх гэсэн мэт айл амьтан хэсч аяга тагш юм амсаж халуу дүүгж явах болов. Түүнийгээ амьдын жаргал эдэлж байна гэнэ. Амьтан ах дүүс ч Борыг аавынхаа шийрийг хатааж, буяныг залгаж яваа ноомой хүү, ийм хүн яваандаа нэг юм дуулгана. Хажуудах хань нь олигтой байхад юугаар дутлаа гэхэв гэлцэн хүн бүхэн ам сайтай. Харин Борын сурлага хичээлдээ сайныг мэдэх зарим нэгэн “Төрд хэрэгтэй байх ганц хүнээ мал дагуулаад энэ Нанжид мунхаг юм хийлээ” гэх нь хааяа сонсогдоно. Нанжид энэ мэтийг чихний хажуугаар өнгөрүүлж “Тархи толгой нь овоо юм бол өөрөө аяндаа тэр ном эрдмээ хөөж гийгүүлнэ биз, хүний хэрэгт би хошуу дүрж яана” гээд тоохгүй хөлстэй бүрхээ шилэн дээрээ чулуудан давхина.

Ингээд бодохоор энэ хот айлынхан барагтай юманд үймэрч үйсрээд байхүй амгалан налгар нь танигдана. Эднийхэн зундаа Зүйлийн хярд зусаж, намар буцах шувууд чуулах цагаар нуурын хөвөөгөө бараадна. Намрын энэ гэгэлзүүр цаг Саранмөнхийн сэтгэлийг хямрааж, тэр үл мэдэг хөнгөн гунигаа сэтгэлдээ нуусхийж хааяа дотроо онгойтол санаа алдам болно. Хүнд үргэлж биш юмаа гэхэд хааяа ийн гуньж гэгэлзэх, цээжээ хоосортол санаа алдах улирал аяндаа ирдэг бололтой.

Нуурын усанд шувууд чуулан тоонон дээгүүр сүрэглэн дуу дуугаа авалцан нисч нуурын нэг хөвөөнөөс нөгөөд бууж үр төлөө алсын аянд зэхэхийг хараад шувууны ухаан хүний эрдмээс илүү мэт санагдана. Энэ хот айл хавар эрт хаваржаа барааддаг шигээ намар эрт нуураа тойрон бууцгаана. Хавар нуурын хөвөөнөө оройтвол үр төлөө үлдээх гэсэн энэ олон жигүүртний үүр өндгийг малын хөлөөр бусниана хэмээн яагаа ч үгүй хонь малаа тууж, ачаа хөсгөө хөдөлгөнө.

Айлууд намар уулнаасаа бууж ирэхэд нуураар дүүрэн есөн хэлийн шувууд ганганалдаж байх нь ухаан санаа амсхийм. Энэ давс хужиртай нуураас хөөрхий амьтас юугаа олж голоо зогоодог бол гэмээр санагдавч шувууд нуурандаа хоргодож өөр хаашаа ч холдож нисэхгүй. Анхны цас унатал шуугилдаад ганцхан шөнө бараа сураггүй нуур усаа эзгүйрүүлэн одсон байна. Үр төлөө төөрүүлж алдахгүй гэж шувууд үүр шөнөөр буцдаг гэдэг үнэн авай.

Хавар цас ханзрахын түрүүчээр өлөн цахлай түрүүлж ирэн цасан дээр бужигнаж, араас нь нугас галуу, энэ нуурын чимэг болсон цөөн хэдэн хүн сүрэглэн цайраад ирнэ. Тэгээд нялх ногоо цухуйхын түрүүчээр усны шувуудын бүл бүрдэж нуур эзэнтэй болон хонь, хурга шиг шуугиж гарна. Нутгийнхан шувуудаа үргээж цочоохгүй амгалан жаргаах гэсэндээ өсч үржих чөлөө тавин зуслан газраа бараадан нүүцгээнэ.

Энэ хоёр их уулын хөндийд жигүүртэн далиа амрааж жаргах газар Ихэсийн нуураас өөр шүлэм ч устай газар үгүй тул нуур шувуу хоёрын эрх жаргалыг хүмүүс том багагүй дээдлэх нь ийм бөлгөө.

Саранмөнх эгч хавар намарт гэрээсээ гарч орох нь олширч, сэтгэл тогтохгүй аргал түлшинд явахдаа хүртэл хүүхдээ дагуулахгүй ганцаараа бодол болж араг савар нийлүүлэн гэлдэрнэ. Дуу шуугүй санаашрангуй царай нь илт ажиглагдах агаад өөрөө ч тэрийгээ нуухгүй. Харин Бор ах энэ мэтийг анзаарч санаа тавих хүн биш, жаргалдаа бялуурсан амьтан бүсэндээ чөдөр, ногт хавчуулан адуутай хөөцөлдөнө. Саранмөнх эгч л байж байвал бусад нь түүнд хамаагүй.

Тэр намар манайхан зуслангаасаа намаржаагаа бараадан Ихэсийн нуурын баруун хөвөөнөө бууцгаав. Уулын сэвэлзүүрээс усны сэрүүнийг бараадсан мал хүртэл амгалан налайна. Би тэр жил сумаас аймгийн сургуульд суух болж хэрдээ томчуулын зиндаанд дөхсөн том хархүү болсон байв.

Манай хэдэн гэрийнхэн намайг машид дээдлэн “Борын оронд эрдэм сурч энэ сум орноо дээш татах хүн” гэлцэн хөөргөж, би ч түүнд итгэн олон сумын хүүхэд цугласан аймгийн сургуульд хичээхгүй бол сумын нэр гарна хэмээн бодох болов. Гэхдээ л хүүхэд нас хүнээс хэзээ, хэдийд гээгдэж мартагддаг тухай үлгэр шиг юм бас бодно. Сүрхий том эрийн дүр эсгэсэн ч мөн л урьдны адил гурван гэрийнхээ гарын үзүүрт зарагдсан хэвээр босч гүйх нь цөөнгүй.

Орой би унага татаж, Саранмөнх эгч гүүгээ сааж байлаа. Би номхон хулагч гүүний хондлойд хоёр гараа зөрүүлэн Саранмөнх эгчийг өнгийн харж байснаа яагаад ч юм,

-Мөнхөө эгч та яагаад уйтгартай болчихсон юм бэ? гэвэл эгч намайг гүймэгхэн харснаа харцаа буруулсхийн,

-Ирсэн шувууд буцах болчихоо юм болов уу даа гэхдээ санаа алдав бололтой, мөр нь тэрүүхэндээ чичивгэнэв. Нуурын тэртээгээс шувуудын ганганаан адуу тургилахтай хамт сонсогдох нь үнэхээр санаа алдмаар нэг л сонин бодол төрөн хонин зэрэглээнд харц бүдчинэ.

Надад ямар нэгэн юм үгүйлэгдэж, бас нэг их юм эзгүйрэн хоосорч санаа сэтгэл минь намрын зэрэглээ шиг явгалан хаашаа ч юм алслан, би Саранмөнх эгчийг өрөвдөн, энэ уужим орчлонд бүтээх гэсэн амьдралаа бүтээж чадсан энэ нүдний баясгалан, сэтгэлийн гэгээ жаргалтай эгч яагаад ингэдэг юм бол гэхээс өрөвдөнө.

-Шувууд буцах ч хайрламаар шүү гэж би эгчийн үгийг дагууллаа.

-Ирэх шувууд ч бас өрөвдөлтэй. Манайхан хэдэн уулынхаа дунд нүүж суухаар ямар их ажил болдог билээ. Тэгэхэд энэ хөөрхий амьтас хэчнээн уулыг давж, бас хэчнээн далай тэнгисийг гаталж энэ нуур усаа санан санан ирдэг бол. Энэ шувууд хүн юмсан бол буцахад нь аяганы амсар зуулгаад явуулахсан, хөөрхий гэсээр санаа алдах хэрнээ цээлхэн хоолойгоор хөхрөх нь дотор уужрам. -Нэг морьтой хүн ирж явна гэж би хэллээ. Тэртээ баруун уулын замаар ганц бараан морьтон айсуй харагдсан юм.

-Цогнэмэх байлгүй гэж Саранмөнх эгч тийшээ ч харалгүй санаж бодсон юмгүй хэллээ. Цогнэмэх гэдэг нь баруун Хүйтэн багийн малын эмч дэгжин хархүү агаад гэр оронгүй юм шиг Борынд хэвтэж байдаг нэгэн. Бор тэр хоёр их ходий. Бараг л өвөр түрийндээ орж, эмээл хазаар, дээл бүсээ сольж явдаг ний нуугүй хоёр. Морьтон хүн ойртвоос үнэхээр Цогнэмэх мөн байлаа.

-Тийм байна. Цогнэмэх эмч байна гэвэл Саранмөнх эгч,

-Хотод сургуульд явлаа гэсэн болоогүй юм байлгүй дээ гэхдээ бас л нууцхан санаа алдав. Би Саранмөнх эгчийн санаа сэтгэл гэгэлзүүр байгааг анзаарч бараг л дагаад уймарч билээ.

Цогнэмэх шузганаас морины цулбуураа уяад гэрт ч оролгүй шууд гүүн зэлэн дээр ирж,

-За энэ хүүхэн сайн уу? гэж Саранмөнх эгчтэй элэгсгээр мэндлэв.

-Чи сургуульдаа яваагүй юм уу? гэж Саранмөнх эгч гайхасхийн асуухдаа гүүний бөөрөнд наасан духаа гялсхийлгэн харлаа.

-Хоргодоод болдоггүй ээ, чамаас холдоно гэхээс болж өгөхгүй л байна... Би нөгөөдөр явна. Явахаасаа өмнө чиний барааг харъюу гэж яарлаа гэсээр инээд алдав.

-Гийгүүлж гэнэ дээ, намайг харахаар дутаа юу. Тэр намын сургууль гэдэг чинь том даргын сургууль гэсэн биз дээ.

-За бараг тийм юм байх аа. Миний дарга болох ч яамай, гэхдээ энэ бөндгөрт жаахан ном чихэхгүй бол хоосроод горьгүй. Сурсан жаахан юмаа хэдэн уулын дунд тэнэж яваад гээчихэж. Угаасаа ч базаалттай юм үзсэн биш гэж Цогнэмэх хэлэв.

-Чи сургуульд байхдаа элдэв юм чихэх завсаргүй толгойтой байсан юмсан. Бага ангид хичээл заагаад цалин цав ч авдаг мундаг амьтан ангид багтахгүй таахалздаг байсан биз дээ гэхдээ Саранмөнх зугаатай, эрхлэнгүй хөхрөв.

-Тэр яахав дээ, захирлын тушаал хууль юм чинь. Би өнөө шөнө танайд хажуулж ярьж хөөрч хоноод өглөө мордоно доо.

-Тэгэлгүй дээ, би чамайг буузаар дайлна. Манайх шинэ махтай. Бор өчигдөр мэдсэн юм шиг нэг төлөг шударсан. Чи ингэж явахаар хань бүлтэй болмоор юм даа. Нас чинь ч явлаа. Хүүхэд хэнзэднэ гэж нэг юм байдаг гэсээн. Аль эсвэл хотоос нэг зураг хуар шиг хүүхэн авч ирж сумынхаа мань мэтийг өлмийд нь мөргүүлэх юм уу гэсээр Саранмөнх эгч дахиад л өдөөнгүй хөхөрлөө.

-Чадвал тэгэхсэн. Хотын хүүхнийг би энд яаж торгоохов.

-Сүртэй гэдэг нь. Сэтгэл байвал суман дээр байтугай судаг жалганд ч овоохой босгоод амьдрах л болно доо.

Цогнэмэх эмч маргааш өглөө нь аажуухан явлаа. Бор ах Саранмөнх эгч хоёр түүнийг гаргаж өгөн захиа занаа бичилцэх юм болж салцгаав. Би сурсан зангаараа Бор ахын гантай сурыг гаргаж нухан гэрийн хаяанд энэ бүхнийг харж, яриа хөөрөөнд нь чихээ дэвсэж суулаа. Энэ хоёрын солих үг хүртэл цаанаа л элгэмсүү эрх сонсогдох нь чагнаад байгууштай. Ихэс нуурын шувууд аян замдаа зэхэн сүрэглэн нисч нуурын нөгөө захад цайлзан бууна. Цогнэмэх эмч хотод сургуульдаа явлаа. Би ч удахгүй бас аймгийн сургуульд явна. Энэ олон шувууд бас урин дулаан газартаа буцна. Бүгд л явна гэхээс сэтгэл эзгүйрнэ.

-Энэ маань номтой болоод ирэхээр сум орон овоо дээшээ гарах байгаа гэж Бор холдож яваа Цогнэмэхийн араас харна. Саранмөнх тэр үгийг дэмжив бололтой толгой дохин инээмсэглэнэ.

Нэг цэнхэр эрвээхэй нисэн ниссээр Саранмөнх эгчийн толгойдоо зангидсан цэцгэн хээтэй алчуур дээр бууснаа нисээд явчихав. Тэр хоёр гэртээ орж, би тэртээд алслан одох Цогнэмэх эмчийг харж, би удахгүй ингээд аймагт явна даа гэж санан юунд ч юм яарна.

Зэлэн дээр гүү намуухан хуухирч унага янцгаан, гэрт Бор ахын хоёр хүү хөхүүртэй айргаа цүл цүл хийлгэн бүлэх нь бараг л хамарт сэнгэнэнэ. Бор ахынх айраг сайтай, найр хурим болохоор айлууд хөхүүрийг нь бараг хоосолно. Нэрсэн нэрмэл нь ч гал охь юм гэсэн. Бор гэрийнхээ баруун талд нойтон сур хөглөрүүлэн чөдөр сэлбэж, Саранмөнх бүрхээр тогоо нийлүүлж галаа сэргээн дор бүрнээ ажилтай байв. Хоёр хүүхэд айргаа бүлэн тоолж өрсөлдөнө. Бор,

-Хүний сэтгэл гэж хэцүү юм даа, муу Цогнэмэх чамайг гээд шогшоод л ирэх юм гэвэл Саранмөнх,

-Орж гарч л явах юм, болдоггүй юм байлгүй дээ гэх сонсогдов.

-Би чамайг Цогнэмэхэд алдсан бол бас ингэж гүйх байсан байлгүй. Муухай ааштай юм чинь чи намайг гэртээ хонуулахгүй дээ. Би азтай эр хүн гэж Бор ах цаанаа л жаргалтай хүний төрхөөр ихэд бардам хөхрөв.

-Би гуйж хүссэнээр нь Цогнэмэхтэй суух байсан юм. Чи завсраар нь заль зохиож гүйсээр байгаад миний толгойг эргүүлчихсэн болохоос.

-Тэглээ гээд бид сайхан л амьдарч байна шүү дээ.

-Цаадах чинь надад сайн байсан, даанч би тоогоогүй. Ингэхэд чи надад “Хоёулаа сууя” гэж хэлсэн юм уу, худлаа эрхэлсээр байгаад өвөрт шургачихсан зальтан гэх нь мөн л эрх танхил, инээдэмтэй ч юм шиг нэг л содон сонсогдов.

-За даа, бараг үгүй тийшээ болов уу. Угаасаа бид хоёрын төөрөг ийм хойно. Одоо хоёулаа дахиад нэг сайхан хүү гаргаж, чи минь дархан бэр болох нь дээр байх аа.

-Донгосоод л!... Чавганц болоод мөлхөж байгааг харахгүй байна уу? гэсээр тэд цаанаа л хоёр биедээ эрхлэнгүй хөхрөлдөв. Би нухсан сураа ханын шийрээр дотогш шургуулахдаа энэ яриаг сонсож дотор нэг их цэлсхийгээд явчихлаа. Гунигтай ч юм шиг уйтгарт хөнгөн зэрэглээ хөвөлзөн амьд бүхнийг үйсрүүлэн тэр жилийн намар дэндүү гайхалтай санагдана. Шувууд буцаж хүний сэтгэл гэгэлзсэн тэр намар би аймгийн сургуульд мордож, нуурынхаа хөвөөнд хамаг нандин юмаа үлдээсэн мэт сэтгэл хоргодож билээ. Цогнэмэх эмч ч бас тэгж одсон байх.

Харин тэндээс миний олсон ухаарал гэвэл Саранмөнх эгч, Цогнэмэх эмч хоёрын гүйцэд эдлээгүй хайрын жаргал нууц атлаа ил үлдсэн нь эргэн санахад өрөвдмөөр байв. Аливаа хүний амьдралд бүтээгүй хайрын мартагдахгүй жаргал байдгийг ухаарсан ухаарал минь энэ насанд миний үл огоорох юмны нэг байжээ. Ихэсийн нуурт шувуудын чуулах ганганалдаан, эгчмэд бүсгүйн гуниг хайр сүлэлдсэн энхрий ялдам аядуу үгс өнөө хэр санаанд минь байна. Тэгэхэд би нэг муу эр танаглаж байсан юм байхаа даа.

Гачуурт 2016 оны 11 сар.

2017-01 сар. “Зиндаа” сэтгүүл №2 /502/

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top