Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа Францын Реннес хотын орлогч дарга Шарлот Маршандизыг хүлээн авч уулзлаа. Уулзалтад нийслэлийн Агаарын бохирдлыг бууруулах газрын дарга Б.Цацрал, нийслэлийн Эрүүл мэндийн газрын орлогч дарга О.Баяр, Санте Сюд Монгол ТГ-ын тэргүүн, төслийн зохицуулагч Ц.Бөхөө, Санте Сюд Монгол ТГ-ын хөгжил хариуцсан ажилтан Л.Чанцалням болон бусад албаныхан оролцов. Албаныхан Улаанбаатар хотын агаарын чанарыг сайжруулахад эрүүл мэндийн салбарын оролцоо, салбар хоорондын хамтын ажиллагааны чиглэлээр хэрэгжүүлж болох шинэ төсөл, нийслэлийн холбогдох байгууллагуудтай хамтарч ажиллах боломжийн талаар харилцан санал солилцсон юм.
Энэ үеэр нийслэлийн Эрүүл мэндийн газар, нийслэлийн Агаарын бохирдлыг бууруулах газар зэрэг холбогдох байгууллагын удирдлагууд нийслэлд хэрэгжүүлж буй эрүүл мэндийн чиглэлийн төсөл хөтөлбөрөөс танилцуулсан. Харин хатагтай Шарлот Маршандиз Улаанбаатар хотод өмнө нь хэрэгжүүлсэн “Эх баригчдын мэргэжил, ур чадварыг бэхжүүлэх” төслийн үр дүнгийн талаар товч танилцуулга хийлээ.
Тус уулзалтад Дэлхийн банк, Эрүүл хотуудын сүлжээ байгууллага, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага UNICEF зэрэг байгууллагын төлөөлөл оролцож, агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хийж хэрэгжүүлсэн төсөл хөтөлбөрийн талаар саналаа хэлсэн. Талууд цаашид агаарын бохирдлын эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөөллөөс сэргийлэх болон бууруулах чиглэлээр хамтарсан төслийг хэрэгжүүлэх боломжийн талаар мөн ярилцлаа. Төслийг хэрэгжүүлэхдээ олон нийтийн оролцоог хангах, шинэлэг арга барилыг нэвтрүүлэх бөгөөд Улаанбаатар хотын аль нэг дүүргийн хороог сонгон авч, нийслэлийн эко хороо болгох зорилготой байгаа юм байна гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Сэтгэгдэл ( 0 )