Булган аймагт хууль бусаар ашигт малтмал олборлох, тарвага агнах зөрчил ихээр үйлдэгджээ

2018 оны 04 сарын 27

 

“ХҮРЭЭЛЭН БАЙГАА ОРЧНЫ ЭСРЭГ” ГЭМТ ХЭРЭГ, ЗӨРЧЛИЙН ШАЛТГААН НӨХЦЛИЙГ СУДАЛЖЭЭ

Булган аймгийн Прокурорын газрын ерөнхий прокуророос баталсан удирдамжийн дагуу Прокурорын байгууллагаас 2018 онд дэвшүүлсэн “... Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх..” зорилтын хэрэгжилтийг орон нутагт хангах ажлын хүрээнд тус аймгийн хэмжээнд 2017 онд үйлдэгдсэн “Хүрээлэн байгаа орчны эсрэг” гэмт хэрэг, зөрчлийн шалтгаан нөхцлийг судлахад дараах нөхцөл байдлууд тогтоогджээ.

2002 оны Эрүүгийн хуулийн 23 дугаар бүлэгт заасан “Байгаль хамгаалах журмын эсрэг” болон 2015 онд шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн 24 дүгээр бүлэгт заасан “Хүрээлэн байгаа орчны эсрэг” гэмт хэргийн шинжтэй нийт 15 гомдол мэдээлэл бүртгэгдсэн байх ба 14 буюу 93.3 хувьд нь эрүүгийн хэрэг үүсгэж, 1 буюу 6.7 хувьд нь эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзаж шийдвэрлэсэн. Эрүүгийн хэрэг үүсгэсэн нийт 15 /зөрчлөөс харъяаллаар ирсэн 1 хэрэг нэмэгдсэн/ хэргээс 11 буюу 73.3 хувьд нь хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулсан бол 4 буюу 26.6 хувьд нь гэмт хэрэгт сэжиглэгдсэн этгээдийг яллагдагчаар татаж, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулжээ. 

Гэмт хэргийг төрлөөр нь судалж үзвэл “Хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох” гэмт хэрэг 10 буюу 66.6 хувь, “Хууль бусаар ан агнах” гэмт хэрэг 1 буюу 6.6 хувь, “Хууль бусаар мод бэлтгэх” гэмт хэрэг 3 буюу 20 хувь, “Ой хээрийн түймэр тавих” гэмт хэрэг 1 буюу 6.6 хувийг тус тус эзэлж байна.

Тус аймгийн хэмжээнд 2017 онд бүртгэгдсэн “Байгаль орчин, амьтан, ургамлыг хамгаалах журмын эсрэг” 3 зөрчлийн тухайд Зөрчлийн тухай хуулийн 7.6 дугаар зүйлд заасан “Амьтны тухай хууль зөрчих” зөрчил буюу “тарвага хууль бусаар агнасан” 1, “тарвага хууль бусаар худалдсан, худалсан авсан” 2 зөрчил байх бөгөөд хуульд заасны дагуу 150.000-300.000 төгрөгөөр торгож, торгох шийтгэлийг биелүүлсэн.  Үүнээс харахад “Хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох” гэмт хэрэг, “Тарвага хууль бусаар агнах, худалдах, худалдан авах” зөрчил хамгийн ихээр үйлдэгджээ.

“Хүрээлэн байгаа орчны эсрэг” гэмт хэрэг гарсан газрыг авч үзэхэд Булган аймгийн Бүрэгхангай суманд 15 гэмт хэргээс 10 буюу 66.6 хувь нь гарсан бол Хангал суманд 2 буюу 13.3 хувь нь, Бугат, Гурванбулаг, Сэлэнгэ сумдад тус бүр 1 гэмт хэрэг гарчээ. Гэмт хэрэг үйлдэгдсэн цаг хугацааны тухайд 2-4 дүгээр сард буюу хаврын улиралд 3 буюу 20 хувь , 5-7 дугаар сард буюу зуны улиралд 6 буюу 40 хувь , 8-10 сард буюу намрын улиралд мөн 6 буюу 40 хувь байна. “Байгаль орчин, амьтан, ургамлыг хамгаалах журмын эсрэг” зөрчлийн хувьд Хутаг-Өндөр, Баян-Агт сумуудад үйлдэгдсэн байх ба цаг хугацааны хувьд 8-9 саруудад гарчээ.

Дээрх гэмт хэрэг, зөрчлийн улмаас хүрээлэн байгаа орчинд ямар хэмжээний хохирол, хор уршиг учирсан учирсаныг тооцож үзэхэд 9.080м2/хэдэн га болохыг дүгнэлтэд тусгаагүй/ талбай, +15.34 га талбайг ашигт малтмал эрэх, хайх, олборлох, ашиглах явцад болон түймэрт сүйтгэсэн, 2 гөрөөс, 1 согоо, 5 тарвага агнагдсан, 112 ширхэг нарс, 122 ширхэг шинэс мод огтлогдсон, дээрх үйлдлийн улмаас нийт 1.542.896.059/нэг тэрбум таван зуун дөчин хоёр сая найман зуун ерэн зургаан мянга тавин есөн/ төгрөгний бодит хохирол учирчээ.

Дээрх судалгааны дүнг аймгийн прокурорын газрын Eрөнхий прокурорын дэргэдэх зөвлөлийн хуралдаанаар хэлэлцүүлж, Булган аймгийн Засаг даргад гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан, нөхцлийг арилгуулахаар “Прокурорын мэдэгдэл”, аймгийн Мэргэжлийн хяналтын газарт “Прокурорын шаардлага” тус тус хүргүүлж, уул уурхай, ашигт малтмалтай холбоотой хэргийг шалгах, шийдвэрлэх явцад тулгамдаж буй зарим асуудлын талаар Улсын Ерөнхий прокурорын газраас чиглэл авах саналыг уламжилжээ гэж Монгол Улсын ПЕГ-аас мэдээллээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top