Зоос банкны хамгийн том зээлдэгч 60 тэрбумыг авсан бол, хамгийн том харилцагч нь 25 саяын л хадгаламжтай байжээ

Автор | Zindaa.mn
2011 оны 05 сарын 24

2008 онд банк, санхүүгийн хямралтай холбоотойгоор татан буулгасан хоёр банкны нэг нь "Зоос" банк. Төв банкнаас "Зоос" банкинд эрх хүлээн авагч томилон, муу өр авлагыг барагдуулах ажлыг гүйцэтгэж байна. "Зоос" банкийг хоёр хуваан сайн хэсгийг нь тусад нь гаргаад Төрийн банк байгуулж, муу хэсэг дээр нь эрх хүлээн авагч ажиллаж буй. Сүүлийн үед "Зоос" банктай холбоотой мэдээлэл олноор гарах болсон. Энэ талаар Монгол банкны Хяналт  шалгалтын газрын захирал Б.Лхагвасүрэнтэй ярилцлаа.

-Зоос банкийг санаатайгаар дампууруулсан гэж ярьдаг. Үүнд ямар хариулт өгөх вэ?

-Наймдугаар сард ашигтай ажиллаж  байсан банк аравдугаар сард яагаад дампуурчихав аа, юу болов гэж олон хүн боддог. Ерөнхийдөө "Зоос" банк зээлийн эрсдэлтэй ажилласан. Жишээ нь, надад 10 сая төгрөг байлаа гэж бодъё. Нэг хүнд бүгдийг нь өгөх үү, 10 хүнд хувааж өгөх үү гэдэгт асуудал байгаа юм.

Зоос банк нэг этгээдэд их хэмжээний зээл олгосон байсан. Мянганбаяр "Олон овоот", "Монгол газар", "Жамп"-ын нэрээр гэхчилэн нэг хүнд нийт 16 нэрээр зээл олгосон байсан. "Зоос" банк манайд сар бүр тайлангаа гаргаж өгөхдөө зориулалтыг нь өөр өөрөөр мэдээлсэн. Ингээд бид шалгалт оруулж татан буулгах шийд гаргасан. Тэр үед Европын сэргээн босголтын банкны удирдлагын баг манайд ажиллаж байсан. Тэд манай шалгалтын дүнтэй санал нийлсэн. Бид "Зоос" банкинд Зээлийн эрсдлийн сан байгуулсан. Бүх шалгалтын дүнд "Зоос" банк долоон тэрбумын алдагдалтай гарсан. Уг банкны хамгийн том харилцагч нь 25 сая төгрөгийн хадгаламжтай байсан.

-Зоос банкны өр барагдуулах ажлын явц хэр байгаа вэ?

-Өнөөдрийн байдлаар тэнд өр барагдуулах ажил хийж байна. Эрх хүлээн авагч 100 тэрбум төгрөгийн муу актив хөрөнгө хүлээн авч барагдуулахаар ажиллаж байгаа. Энэ муу зээл, өртэй тэнцэх хэмжээгээр буюу Засгийн газраас 100 тэрбум төгрөгийн бонд гаргасан. Үүнээс 15 тэрбум төгрөгтэй тэнцэх хэмжээний өр авлагыг мөнгөн хөрөнгөөр барагдуулж Засгийн газрын дансанд төвлөрүүлээд байна. Алтны уурхай шинэ эзэнтэй болсон. Ордыг хүлээн авсан банк өр төлөхөөр график гаргаад явж байгаа. Үлдэх 85 тэрбумын бондоос 60 тэрбум төгрөгийн зээлийг хоёр жилийн хугацаанд бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөрийн зээлд хамруулан төлүүлэх хуваарь гаргаад ажиллаж байна.

-Эрх хүлээн авагчид тус банкинд хэдий хугацаанд ажиллаж байж иргэд хохиролгүй болох вэ?

-Үнэндээ эрх хүлээн авагчийн үйл ажиллагаа нь тусгай зөвшөөрөлтэй үйл ажиллагааны адилаар эрх үүргийг тодорхойлсон байдаг. Ерөнхийдөө үйл ажиллагааны хугацааг хоёр жилээр тодорхойлдог. Эхний жилд актив хөрөнгийг пассив хөрөнгөтэй тэнцүүлэн худалдах замаар өр авлагыг шийдвэрлэх, дараагийн жилд нь актив хөрөнгийг зөвхөн худалдан борлуулах замаар мөнгөн хөрөнгөөр барагдуулж, хуульд заасан дарааллын дагуу өр төлбөрийг барагдуулахаар зохицуулсан.

-"Зоос" өмнөх өрөөсөө гадна 100 тэрбумын бондын өглөгтэй болсон гэсэн үг үү?

-Засгийн газарт өгөх өглөгтэй болсон. Банкинд бусад өглөгүүд ч байсан. 2008 оны эцсээр батлагдсан Хадгаламжийн баталгааны тухай хуулийн дагуу уг баталгаанд хамрагдсан харилцах, хадгаламжуудыг сайн актив хөрөнгийн хамт Төрийн банкинд шилжүүлсэн. Харин баталгаанд хамрагдаагүй харилцах, хадгаламж буюу холбогдох этгээдийн харилцах хадгаламжийг "Зоос" банкинд авч үлдсэн. Тухайлбал, Европын сэргээн босголт, хөгжлийн банкнаас "Зоос" банкаар дамжуулан олгож байсан жижиг, дунд үйлдвэрийг дэмжих зээлэнд дөрөв орчим сая ам.долларын үлдэгдэл буюу өглөг байсан. Жижиг хувьцаа эзэмшигчдийн хадгаламжийн мөнгө л дөө. Өөрөөр хэлбэл, Хадгаламжийн баталгааны тухай хуулиар хадгаламж эзэмшигчдийн мөнгийг төр олгох ёстой ч банктай холбоотой этгээдийн мөнгийг олгоход хамаарахгүй гэсэн заалт байсан.

-Саяхан нээлтээ хийсэн Хөгжлийн банкинд тавих Монгол банкны хяналт хязгаартай байна гэсэн. Үүнийгтодруулаач?

-Банк гэдэг утгаар нь Төв банк хяналт тавих ёстой. Гэхдээ нарийн хяналт тавихгүй. Засгийн газар байгуулж, өөрөөсөө мөнгө гаргаж байгаа учраас хяналт тавих албагүй. Ер нь дэлхийн бүх улсад Хөгжлийн банк бий. Улс нь өөрөө сэргээх ёстой чухал салбарууд байдаг. Герман Улс дэлхийн II дайны дараа эдийн засгаа сэргээх гэж Сэргээн босголтын банк байгуулж байсан. Солонгос Улс ч Хөгжлийн банктай. Тэр үүднээсээ Монгол Улс урагшаа ахиж хөгжихийн тулд Хөгжлийн банк байгуулсан. Төмөр зам, цахилгаан станц гээд том том төслүүдийг Хөгжлийн банк санхүүжүүлэх байх. Уул уурхай гэх мэтчилэн том том мөнгө эргэлддэг газраас хөрөнгө оруулалт татаж хурдан хугацаанд эргэлтэд оруулах үүднээс төр анхаарах ёстой. Герман, Японд II дайны дараа тавьсан замыг бид өнөөдөр барих гэж байна. Монгол Улс бусад орны 60-70 жил бүтээсэн замыг ойрын таван жилд бүтээнэ. Хөгжлийг араас нь харж харьцангуй туршлага судалсан хойноо зам засч байгаа учраас үр дүн өгөх байх. Энэ мэтчилэн Хөгжлийн банк томоохон төслүүдийг санхүүжүүлэх юм.

Эх сурвалж: Монголын үнэн сонин

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top