Эдийн засгийн ойлголтууд цуврал: МӨЧЛӨГ гэж юу вэ?

2018 оны 09 сарын 16

Та бид өдөр бүр л ЭДИЙН ЗАСАГ гэх  ойлголттой нүүр тулдаг. Гэрийн аж ахуй буюу түүнийг хэрэглэх дүрэм журам гэсэн “Ойконома” гэх Грек үгнээс гаралтай энэ ойлголт хүн төрөлхтний хөгжил дэвшилтэй хамтдаа урагшилсаар нийгмийн болон хувь хүний хэрэгцээг тухайн цаг хугацаанд хамгийн дээд зэргээр хангахын тулд тоо хэмжээний хувьд хязгаарлагдмал нөөцийг хэрхэн үр ашигтай хуваарилж, ашиглах асуудлыг судалдаг ОНОЛЫН ШИНЖЛЭХ УХААН болж хөгжжээ.  Харин эдийн засагтай холбоотой ойлголт мэдлэг иргэд, хэрэглэгчдийн тунд төдийлөн сайн биш байдаг. Хэн хүнгүй л өдөр тутамдаа эдийн засгийн харилцаанд орж байдаг хэрнээ мэдээллээр хомс байдаг. Тиймээс эдийн засгийн зарим ойлголтуудын талаар танин мэдэхүйн чанартай цуврал мэдээллийг хүргэж байна.

Энэ удаа ЭДИЙН ЗАСГИЙН МӨЧЛӨГ гэж чухам юуг хэлдэг вэ гэдэгт анхаарал хандуулъя.

Ер нь аль ч улс орны эдийн засаг үргэлж өсөлтийн шугам дээр тэмдэглэгдээд байдаггүй. Уруудаж, өгссөн циклүүд дагаж байдаг. Тэгвэл эдийн засгийн мөчлөг гэдэг нь эдийн засгийн үйл ажиллагааны идэвхжилтийн өөрчлөлтийг хэлдэг аж. Идэвхжилт гэдэг нь  тухайн улс орны бодит үйлдвэрлэл буюу улсын нийт ДНБ-ээр илэрхийлнэ. Гэхдээ эдийн засаг хэзээ унах, хэзээ сэргэх хугацааг таамаглах, тооцоолох хууль дүрэм байдаггүй. Энэ нь дэлхийн зах зээлийн төлөв байдал, тэргүүлэгч орнуудын эдийн засгийн уналт, сэргэлт, улс төрийн харилцаа зэрэг олон хүчин зүйлүүдээс хамаарна гэдгийг эдийн засагчид хэлдэг.

Эдийн засгийн Мөчлөгийн сэргэлтийн үед ажилгүйдэл буурч, уналтын үед өсдөг тогтолтой. Учир нь эдийн засгийн мөчлөгийн сэргэлтийн үед үйлдвэрлэлийн хэмжээ тасралтгүй нэмэгдэж хөдөлмөрийн нөөцийн ашиглалт улам бүр нэмэгдсээр байдаг бол уналтын үед үүний эсрэг үйл явц явагддаг. Тэгвэл  инфляци  буюу үнийн өсөлт мөчлөгийн дагуу өөрчлөгддөг  байна. Эдийн засгийн мөчлөгийн сэргэлтийн үед хүн амын орлого өсч эрэлт нэмэгдсэнээр бараа бүтээгдэхүүний ерөнхий түвшинг нэмэгдүүлдэг. Ингэснээр эдийн засагт эрэлтийн инфляци үүсэх магадлал өндөртэй. Нөгөө талаас нөөцийн ашиглалт сайжирч сул нөөц багассанаар зардлын инфляци мөн өсөх хандлагатай байдаг. Харин уналтын үед ажил эрхлэлт буурч хүн амын орлого буурсанаар бараа бүтээгдэхүүний эрэлт буурч инфляци буурахад хүрдэг аж.

Э.Болор

www.zindaa.mn

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(66.181.190.27) 2018 оны 09 сарын 16

TSALING BAGA BAGAAR NEMBEL INFLYATS OSOHOOS SERGIILNE

0  |  0
Top