Тайландын Паттая хотноо Солонгос жуулчны аминд хүрсэн гурван этгээдэд холбогдох хэргийн шүүх хурал пүрэв гарагт болж өнгөрчээ.
БНСУ-ын Чанвон дүүргийн шүүхэд болсон шүүх хуралд 28 болон 40 настай хоёр эрэгтэйд 30 жилийн дараа давж заалдах эрхтэйгээр бүх насаар нь хорих ял, 27 настай хамсаатанд нь 25 жилийн хорих ял оноожээ.
Гэмт этгээдүүд өнгөрсөн оны тавдугаар сарын эхээр 30 гаруй насны эмэгтэйг хөнөөн, цогцосыг нь хаясан хэрэгт буруутган ийнхүү яллажээ. Хохирогч тухайн үед шөнийн цэнгээний газар согтууруулах ундаа хэрэглэсэн байдалтай байсан ба түүнийг шөнийн цэнгээний газраас дагуулан гарч машинд суулган, улмаар хоолойг нь боомилон биед нь халдаж амийг нь хөнөөжээ.
Мөрдөн байцаалтын явцад гэмт этгээдүүд хохирогчийн биеийг усан санд хаяж, ар гэрийнхнийг нь сүрдүүлэх замаар мөнгө нэхсэн нь тогтоогдсон байна.
Гэмт этгээдүүдийн хоёр нь хэргийн газраас зугтаж Камбож, Вьетнамд улсуудад орогнож байхдаа баригдсан бол нэг нь Сөүлээс өмнө зүгт 221 километрийн зайд орших Жонып хот дахь гэрээсээ саатуулагджээ.
Прокурорууд хэргийг үйлдсэн гол хоёр этгээдэд цаазын ял оноохыг шаардсан бол хамсаатан болох 27 настай эрэгтэйд бүх насаар нь хорих ял оноохыг шаарджээ.
Уг гэмт хэрэгтэй холбогдуулан гаднын улсад аялал, жуулчлалаар явахдаа сонор сэрэмжтэй, анхааралтай байхыг тус улсын цагдаагийн газраас ард иргэдэд зөвлөсөн байна.
Сэтгэгдэл ( 0 )