“Эрс шинэчлэл” хөдөлгөөний тэргүүн Д.Энхбатыг өнөөдрийн “Өглөөний зочин”-оор урьж, Иргэний нийгмийн байгууллага, түүний нийгэмд нөлөөлөх ач холбогдлын талаар ярилцлаа.
-Эмэгтэйчүүдийн холбоо, Залуучуудын холбоо зэргийг 1990-ээд оноос өмнөх Иргэний нийгмийн байгууллагууд гэдэг. Харин өнөөдөр жагсагчид гэдэг ойлголт л олон нийтийн дунд байх шиг?
-Иргэний нийгэм хүчтэй байдаг газар л ардчилал хүчтэй байдаг. Би бол тэгж л ойлгодог хүн. Иргэний нийгэм гэдэг чинь тухайн нийгэмд байгаа бүхий л салбарын харилцааг хамардаг ойлголт л доо. Тэр нь ашиг сонирхолынх ч байж болно. Тухайлбал, аялагчдын клуб, шар айрагчдын групп хүртэл байдаг шүү дээ. Эсвэл мото сонирхогчдын бүлгэм хүртэл байна. Эдгээр чинь Иргэний нийгмийн төлөөлөл байхгүй юу. Иргэний нийгмийн хүн гэхээр л манай зарим нэг хүн буруу ойлгоод, заавал нэг субъект болгож харах гээд байдаг. Магадгүй, хоёр хүн ямар нэгэн асуудлыг хөндөж, түүнийгээ гаргаж тавиад ярьж байвал Иргэний нийгмийн л асуудал. Яагаад гэвэл, тухайн нийгэмд болж буй үйл явдалд зарим талаар шүүмжлэлтэй, зарим талаар дэмжиж хандах, чөлөөтэй байх нь Иргэний нийгмийн байгууллагууд “амьд” байна л гэсэн үг.
-Иргэний нийгмийн байгууллагууд идэвхтэй байх тусам нийгэм эрүүл саруул байна гэж ойлгогддог. Гэхдээ сүүлийн үед Иргэний нийгмийн байгууллагуудын нэр хүнд унаж байна. Иргэд, олон нийт ярихдаа “Муусайн Иргэний хөдөлгөөнийхөн”, “Гудамжны жагсагчид” гэх мэтээр янз бүрээр цоллож, ерөнхийдөө улстөржүүлж ойлгож байна.
-Манай улсад ардчилал гэдэг чинь шинэвтэр зүйл шүү дээ. Бид үүнд суралцаж л яваа. Нэг өдөр байгуулчих сүмбэр оргил биш. Өдөр болгон л тэтгэж дэмжих үйл явц байх ёстой. Зарим хүн, жишээ нь, АН-ынхан манай нам байхгүй бол ардчилал байхгүй болно гэж ярьдаг. Үнэндээ тийм биш л дээ. Ардчилал гэдэг бол хүн болгоны оролцоотой үйл явц байхгүй юу. Ардчилал хэзээ хүчтэй байдаг юм бэ гэвэл Иргэний нийгэм буюу цаашилбал, иргэд нь зөв мэдээлэлтэй, түүнийгээ зөв түгээдэг, зөв дүгнэлт хийдэг, тодорхой хэмжээний эрх зүйн мэдлэг мэдээлэлтэй, зөв хариу үйлдэл хийх чадвартай байхыг л хэлээд байгаа юм. Үүнд л Иргэний нийгэм маш ихээр нөлөөлдөг. Сонирхолын бүлэг, янз бүрийн хамтлаг, хөдөлгөөн, ТББ-уудыг хүн л цогцлоож байгаа шүү дээ. Манай улсад 2000-аад оноос л Иргэний нийгмийн байгууллагууд үүсэж хөгжин бэхжих хандлагатай явж байсан. Ерөнхийдөө хоёр чиглэлээр явж байгаа. ТББ-ууд тодорхой хэмжээний төсөл хөтөлбөрөөр санхүүждэг. Тэд бол тодорхой хэмжээний чадавхтай. Харин Иргэний хөдөлгөөнүүд нийгэмд тулгамдаж байгаа, шаардлагатай асуудлуудыг цочмог, хурдтайгаар гаргаж тавьдаг. Ялангуяа, 2008 он хүртэл нэлээд идэвхтэй явж байсан. Би яагаад ингэж хэлж байна вэ гэвэл манай “Эрс шинэчлэл” хөдөлгөөн Монголын Иргэний нийгмийн салбарт өөрийн гэсэн байр суурь, дуу хоолой, хийсэн ажил, хэлэх үгтэй юм. Биднийг хэн нэгэн хүн зохион байгуулаагүй, дуудаагүй, цуглуулаагүй, хэн нэгэн хүн захиалж, төлөвлөсөн зүйл байхгүй. Талбай дээр тал талаасаа цугларсан. Үнэн нь тэр. Тэр үед иргэд бидэнд хандив өгдөг байлаа.
-Үзэл санаа, ашиг сонирхолоороо нийлсэн, ард түмнийхээ дэмжлэгийг авдаг байлаа гэж хэлэх гээд байна уу?
-Тийм ээ. Нийгэм маань ерөөсөө болохгүй байна, буруу яваад байна гэдгийг 2005-2006 онд бид ярьж байлаа шүү дээ. “Чөтгөрийн тойрог”-т орж байна. Ялангуяа, уул уурхайн замбараагүй үйлдлүүдээс болоод манай нийгэм баларч гүйцэх юм байна шүү. Үндэстэн дамнасан гадаадын корпораци, компаниудын тоглолтод хэтэрхий орж байна. Монгол Улс уламжлалт мал аж ахуй, байгаль орчин, түүх дурсгалаа хамаагүй сүйтгэж болзошгүй, асар хортой үйл явц болох юм байна шүү. Тийм учраас үүнийгээ замбараатай, дэглэмтэй, зарчимтай хиймээр байна гээд бид ярьдаг байлаа. Одоо эргээд харахад, тэр үед л манай улс системийн хямралд орж байжээ. Бид үүнийг ойлгож мэдрээд хэлж ярьдаг байлаа. Гэтэл биднийг эрүүл, өвчтэй нь мэдэгдэхгүй хэдэн солиотой юм, оймс нь цоорой байна шүү дээ, өөрсдийнхөө амьдралыг ч авч явж чадахгүй юм байж юун эх орон, яасан ч олон юм ярьдаг юм бэ гэдэг хандлагатай байсан. Аугаа их сэтгэгч Баабар зэрэг хүн биднийг ингэж харж, маш олон жил гутаан доромжилсон шүү дээ. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр байнга л биднийг улс орны хөгжлөөс хойш татдаг, том төслүүдийг гацааж зогсоох гэдэг, гадаадын хөрөнгө оруулалтыг эсэргүүцдэг хүмүүс гэж бичдэг. Үнэндээ, бид хэзээ ч гадаадын хөрөнгө оруулалтыг эсэргүүцэж байгаагүй. Ашигт малтмалын салбарыг ч тэр, хэзээ ч эсэргүүцэж байгаагүй. Бид юуг хүсэж байсан бэ гэвэл харилцан үр ашигтай байхыг л. Монгол Улсад үр ашигтай, тодорхой хэмжээгээр иргэдэд хэрэгтэй, тухайн орон нутгийн иргэдийн ахуй амьдрал, уламжлалт аж ахуйд сөрөг нөлөө бага үзүүлдэг, болж өгвөл харилцан дэмждэг байхыг л хүссэн. Уул уурхайн салбар бол байгаль орчныг тодорхой хэмжээгээр сүйтгэж, хохирол учруулдаг. Гэхдээ тэр хохиролыг аль болох бага байлгах талаар анхаарч ажиллах хэрэгтэй. Дээрээс нь хүний эрхийн асуудлыг хүртэл хөндөж байлаа. Бидэнд яриагүй сэдэв байхгүй шүү. Нэг хэсэг, бүр ийм яриа гардаг байлаа. Нохой, шувуу цугласан газарт “Босоо” Ганбаатар байгаа гэж. Иргэний нийгмийн байгууллагууд 2008 он хүртэл хөл дээрээ зогсчих гээд зүтгэж байсан юм шүү.
-Ямар нэгэн төсөл хөтөлбөр хэрэгжүүлж байгаа ч гэдэг юм уу, ямар нэгэн байдлаар Иргэний нийгмийн зарим байгууллага гадаадаас санхүүжилт аваад байж болзошгүй гэдэг хардлага нийгэмд байдаг. Ер нь янз бүрийн төсөл хөтөлбөрөөр санхүүжих нь эргээд монгол хүний эрх ашигт хэр нийцэх вэ. Та энэ талаар юу гэж бодож байна?
-Ер нь Иргэний нийгмийн байгууллагуудаа дэмжих хэрэгтэй. ТББ-уудын санхүүжилт гол асуудал байдаг. Гадны ардчилал өндөр хөгжсөн орнуудад Иргэний нийгмийн байгууллагуудын санхүүжилтын асуудлыг тодорхой хэмжээнд шийддэг туршлага байна. Төсвийнхөө нэг хувийг Иргэний нийгмийн байгууллагуудад санхүүжилт болгож өгдөг хувилбар байдаг юм билээ. ТББ-ууд тодорхой хэмжээний төсөл хөтөлбөр хэрэгжүүлдэг гэдгийг би дээр дурдсан даа. Төсөл хөтөлбөрүүд яадаг вэ гэвэл санхүүжилт өгөхдөө даалгавартай. Янз бүрийн санхүүжилттэй төсөл зарлагддаг. Тэр нь тодорхой зорилготой гэсэн үг. Ямар мэдээлэл цуглуулж авах гээд байна вэ. Ямар хүнээр тэр даалгавраа хийлгэх гэж байна вэ гэх мэтээр энэ бүхэн чинь бүр тодорхой зорилго, хэрэгжүүлэх хугацаа, үе шаттай байдаг. Өөрөөр хэлбэл, маш хямд төсрөөр хурдан хугацаанд манай улсын нарийн нандин мэдээллийг бүгдийг аваад гардаг. Энэ бол эргээд улс оронд, тухайн үндэстэнд асар хортой. Тэр мэдээллүүд хэн нэгэнд очиж, хаа нэгтээ ашиглагдана шүү дээ. Миний хувийн бодлоор, би муухайгаар хэлж байгаа шүү, зарим нэг ТББ-ын төсөл, хөтөлбөр дээр ажиллаж байсан хүмүүс өөрсдөө ч мэдэхгүй эх орондоо хортой зүйл хийсэн. Монгол Улсынхаа хамгийн үнэ цэнтэй, хамгийн хэрэгтэй, бүр анхдагч мэдээллийг хямд үнээр гадаадад цуглуулж өгөөд, түүн дээр нь тодорхой хэмжээний боловсруулалт хийгдэж байгаа. Их гоё нэртэй төслүүдийн хор уршиг одоо ч үргэлжилсээр байна. Төсөл, хөтөлбөр хаагдсанаар асуудал дуусдаггүй юм билээ. Хамгийн муухай нь Монголд дөнгөж “амьсгалах” төдий болж байсан Иргэний нийгмийн байгууллагууддаа халгаатай юм.
-Иргэд одоо хэнд ч, юунд ч найдахгүй болжээ. Төрдөө ч, Иргэний хөдөлгөөнийхөнд ч итгэхгүй байна шүү дээ?
-Ийм болгож байгаа технологи бий шүү дээ. Ямар ч мэдээллийн үнэн бодит байдлын талаар боддоггүй ард иргэд байна гэдэг хэнд ашигтай вэ гэвэл тухайн үедээ хэдэн төгрөгөөр хуураад сонгуульд гарч ирдэг, гадныхны захиалгаар ажилладаг нөхдөд л ашигтай. Иргэд нь идэвхгүй, итгэл найдваргүй болчихвол ерөөсөө залуучууд нь гадагшаа гарч явна. Гадаадад гарч ажил хөдөлмөр эрхэлж байгаа нь тэдний буруу биш. Яагаад гэвэл, яаж ч хичээгээд, ямар ч бизнес хийгээд дэмжлэг байхгүй байна. Нийгэм маань кастын систем рүү яваад орчихлоо шүү дээ. Үе дамжин засаг төр барьдаг хүмүүстэй болчихлоо. Үүний эсрэг иргэд маань ухамсартай, мэдээлэлд шүүлтүүртэй хандаж чаддаг байх хэрэгтэй. Иргэний нийгмийн зорилго чинь энэ шүү дээ. Иргэний нийгмийн байгууллагууд хүчтэй газарт л ардчилал, шударга ёс тогтоно. Гэтэл өнөөдөр үүнийг албаар нурааж байна. Болсон, болоогүй юм ярих гээд байгаа нөхдийг барьж хорин “амыг таглах” байдлаар, одоо бол шууд дарангуйлах хэлбэр рүүгээ орчихлоо шүү дээ. Зөв ч бай, буруу ч бай тэр хүн уг нь юм ярьж, үзэл бодлоо илэрхийлж байна. Тийм үү. Гэтэл тэр хүнийг хүчээр барьдаг, хорьдог систем рүү орж байна. Иргэний нийгмийг энэ мэтээр дарангуйлах юм бол ямар ч улс хэцүү нөхцөл байдалтай болно шүү дээ.
-Түүхийг эргээд сөхвөл, Монгол Улсад гадаадын хөрөнгө оруулалттай хүмүүнлэгийн тусламж, төсөл хөтөлбөрүүд эхлээд хэрэгжсэн. Харин дараа нь уул уурхайн бизнес цэцэглэж, баялгийг нь цөлмөж байна. Тухайн үедээ манай иргэд мэдлэг мэдээлэл багатай, ийм болно гэж алсаа хараагүй, ойлгоогүй байж. Харин одоо нөхцөл байдал арай өөр. Эсэргүүцээд тэмцээд л байх юм. Гэтэл эсрэг талд нь “Ногоон гэрэл”-ээр л тоноод байх шиг?
-Монгол Улс асар их золиос гаргасны хүчинд нэг үеэ бодвол эдийн засгийн чадамжтай болж байна. Харамсалтай нь, залуу үед маань эх орондоо ажиллаж амьдрах ямар ч итгэл найдвар үлдсэнгүй. Өнөөдрийн улс төрийн нөхцөл байдлыг харахад энэ байдал өөрчлөгдөнө гэхэд асар их эргэлзээтэй л байна. Гэхдээ өнөөдрөөс маргааш сайхан болно гэдэгт би итгэдэг.
-Саяхан болж өнгөрсөн жагсаалыг иргэд, олон нийт товчхондоо эмх замбараагүй боллоо гэдэг дүн тавьчих шиг болсон. Хэн удирдаж, юу шаардаж байгаа нь тодорхойгүй. Зарим нь хутган үймүүлэх маягтай, магадгүй тэр нөхдүүд гаднаас санхүүжилттэй байх гэдэг хардлага ч нийгэмд байх шиг байна?
-Жагсаал болох үеэр би Монголд байгаагүй л дээ. Гадагшаа яваад ирсэн чинь манай жагсагчдын мэдээлэл цахимаар явж байсан. Нөгөө жагсдаг хэд маань л харагдаж байна билээ. Харин энэ удаагийн жагсаалд иргэд, олон нийтийн дэмжлэг их сайн байлаа гэж би хувьдаа харсан. Яагаад юу шаардаж байгаа нь тодорхойгүй гэж. Харин ч шаардлага тодорхой байсан. Засгийн газар огцор, УИХ тар гэж. Энэ чинь иргэд, олон нийтийн зүгээс “Та нар юу ч хийхгүй байна шүү”, “Хийж байгаа үйл чинь буруу байна шүү”, “Ер нь л арай хэтэрлээ, дэндлээ шүү” гэдэг том сануулга шүү дээ. Ямар ч жагсаал цуглаан хууль ёсны зөвшөөрөлтэй, зохион байгуулалттай л болдог. Хэрэв ямар ч зохион байгуулалтгүй байсан бол жагсаал цуглаан болох боломжгүй л дээ. Хутган үймүүлэх оролдлого өмнө нь ч гардаг л байсан. Гаднаас санхүүжилт авч жагссан гэдэг бол харин цуу яриа байх. Энэ мэтээр жагсагчдын нэр хүндийг унагаах, гутаан доромжлох ажиллагаа бүр технологитойгоор л явдаг шүү дээ. Эцэст нь иргэд, олон нийт хэнд ч, юунд ч итгэхээ болино. Энэ нь хэнд, юунд ашигтай байх вэ гэдгийг харин манай ард түмэн сайтар бодож тунгаах ёстой.
Сэтгэгдэл ( 0 )