ХАНШ ӨСЧ БУЙ ШАЛТГААН
Долларын ханш яагаад өсөөд байна вэ? - Энэ асуултын хариу нь энгийн. Манай зах зээл дээр доллар ховор бараа болж, ханш нь ѳсч байгаа нь дараах 4 шалтгаантай:
Бидний олж буй валют гадагш зарж буй валютаа нѳхѳхгүй байна. Жишээ нь, экспортын орлого, гадаадын шууд хѳрѳнгѳ оруулалт, жуулчид Монголд ирээд зарцуулж буй мөнгө г.м. сувгуудаар Монгол руу валют орж ирдэг. Гэтэл энэ нь импортын бараа, гаднаас авсан зээл бондын хүүгийн болон үндсэн тѳлбѳр, гадаадад сурсан болон эмчлүүлсэн зардал г.м. Монголоос гарч буй валютаас бага байна. Ийнхүү валют цэвэр дүнгээр гадагш урсахыг эдийн засагчид төлбөрийн тэнцэл алдагдалтай байна гэж хэлдэг. 2018 оны эхний 7 сарын байдлаар төлбөрийн тэнцэл -198.5 сая ам.долларын алдагдалтай гарч, алдагдлын хэмжээ өмнөх оны мөн үеэс 4.1 дахин нэмэгдсэн нь өнөөгийн ханшийн өөрчлөлтөд голлон нөлөөлж байна.
Монгол Улсын эдийн засаг улирлын мөчлөгтэй бөгөөд зун болон тэмдэглэлт баяруудын өмнөхөн импортын хэмжээ бизнесийн худалдан авалтыг дагаж өсдөг. Энэ үзэгдэл саяхан ажиглагдсан ба импортын өсөлт экспортын өсөлтөөс 2 дахин давсан ба гадаад худалдааны тэнцэл өмнөх оны 7 сараас 28.1 хувиар буурсан үзүүлэлттэй байна.
Зах зээл дээр долларын ханш ѳснѳ гэсэн хүлээлт ѳндѳр байна. Хүмүүс юу гэж итгэнэ, эдийн засагт яг л тийм зүйл тохиолддог. Үүнийг self-fulfilling prophecy буюу “бодол биелдэг” нэг жишээ гэж хэлж болно. Хэрэв цаашид ханш өснө гэсэн хүлээлтээр бүгд уралдаад доллар худалдан аваад эхэлбэл ханш нь өснө гэсэн үг.
Мөн дотоод эдийн засгийн нөлөөллөөс гадна, гадаад улс орнуудын дэлхийн эдийн засаг үзүүлж байгаа нөлөөлөл нь Монгол Улсад мэдрэгдэж байгаа. Монгол Улс нь чөлөөт хөрөнгийн урсгалтай, хөвөгч ханшийн дэглэмтэй орны хувьд гадаад шокууд шууд мэдрэгдэхгүй ч дам нөлөөлөл орж ирж байдаг. Үүний нэг жишээ бол “Дэлхийн худалдааны дайн”, тарифын асуудлууд нь томоохон эдийн засгуудын гадаад худалдааны бодлогод шууд нөлөөлж, улмаар ханшинд нөлөөлж байна. Тухайлбал өнгөрсөн хугацаанд БНХАУ юанийн ханш ам.долларын эсрэг сулраад байгаа ба мөн Холбооны нөөций төв банк бодлогын хүүгээ чангаруулж эхэлсэнээр ам.долларын индекс 1 жилийн хугацаанд 2.94 хувиар өсөөд байна. Туркийн лира, Аргентиний песогийн ханш дотоод эдийн засгийн хүндрэлээс улбаатай дэлхийн хамгийн муу валют болж сулраад байгаа ч нөгөө талаас гадаад нөлөөлөл, ам.долларын ханшийг өсгөж байна.
ХАНШИЙГ ЮУ ШИЙДДЭГ ВЭ?
“Ханш гэж юу вэ?”, “Ханш юунаас шалтгаалдаг вэ?” гэдгийг суурь ойлголтоос нь арай дэлгэрэнгүй авч үзье. Ер нь аливаа валютын үнийг бид валютын ханш гэж нэрлэдэг. Жишээ нь, зах зээл дээр “1 доллар = 110 иен, 1 евро =75 рубль, 1 юань = 365 төгрөг” г.м. үнэ тогтдог. Яг л бусад барааны нэгэн адил энэхүү үнэ тухайн валютыг хэр олон хүн авах эсвэл зарахыг хүсч байгаа буюу эрэлт, нийлүүлэлтээс хамаарч өөрчлөгддөг. Хэрэв зах зээл дээр зарагдах хэмжээ нь худалдаж авах хэмжээнээс их бол үнэ буурна. Эсрэгээрээ эрэлт нь нийлүүлэлтээс их бол үнэ ѳсдѳг.
Тэгвэл “Авах, зарах хэмжээ юунаас хамаардаг вэ?” гэдэг асуулт гарч ирнэ.
Зарах хэмжээ буюу нийлүүлэлт дараах 2 зүйлээс шалтгаалдаг: 1. Тухайн эдийн засагт валют хэр их хэмжээтэй байх; 2. Зах зээлд оролцогчдын хүлээлт ямар байх. Өөрөөр хэлбэл, хэрэв Монгол руу орж ирэх валютын урсгал их, зах зээлд оролцогчид валютын ханш унана гэсэн хүлээлттэй байвал зарагдах хэмжээ нь нэмэгдэнэ гэсэн үг. Зах зээлд оролцогчид гэдэг нь банкууд, компаниуд, иргэд г.м байж болно.Жишээ нь экспортын орлого сайжрах, ГШХО нэмэгдэх эсвэл зээл бонд хэлбэрээр валют Монголд орж ирэхэд төгрөгийн ханш хэрхэн өөрчлөгдөж байсныг бид мэднэ.
Харин авах хэмжээ буюу эрэлтэд манай улсаас гарах валютын урсгал нөлөөлнө. Түүнчлэн зах зээлд оролцогчдын хүлээлт ч бас чухал.
Тэгэхээр долларын ханш эрэлт ба нийлүүлэлтээр шийдэгддэг байх нь. Эрэлт, нийлүүлэлтийн хэмжээнд валютын орох, гарах урсгал болон хүлээлт нөлөөлж байна. Эдгээрийн аль нь чухал хүчин зүйл болох вэ гэдэг нь харин цаг үеэс шалтгаална.
УРТ БА БОГИНО ХУГАЦААНЫ ЯЛГАА
Ѳнөөдөр маргааш, ойрын сарууд гэх мэт харьцангуй богино хугацаанд улирлын онцлог болон хүлээлт ханшид хүчтэй нөлөө үзүүлдэг. Цагаан сарын ѳмнѳ, эсвэл зуны амралт дуусч бизнес идэвхжих үе /энэ нь яг өнөөгийн ханшийн өөрчлөлтийг тайлбарлаж байгаа/ зэрэг цаг үеэс хамаарч ханш өөрчлөгдөх нь үүний нэг жишээ. Харин хүлээлтийн хувьд, валютаар худалдан авалт хийх бодит хэрэгцээгүй ч доллар уралдаж авснаар ханш өсөх тохиолдлыг нэрлэж болно.
Үүнтэй харьцуулахад 5-10 жил г.м. харьцангуй урт хугацаанд тухайн орны ѳрсѳлдѳх чадвар буюу эдийн засгийн суурь хүчин зүйлс төгрөгийн ханшийг тодорхойлдог. Үүнд:
Эдийн засгийн бүтэц маань ямар байна вэ?
Валют олох чадвартай компаниуд хэр олон байна вэ?
Импортыг орлох чадвартай үндэсний үйлдвэрлэгчид байна уу?
Боловсон хүчний чадвар хэр байна вэ?
Бизнесийн үйл ажиллагаа явуулах татвар, хууль эрхзүйн орчин хэр сайн байна вэ?
Гаднаас хѳрѳнгѳ оруулалт татах орчин хэр бүрдсэн байна вэ? гэх мэт асуудлууд багтана.
УРТ ХУГАЦААНЫ ШИЙДЭЛ: ӨРСӨЛДӨХ ЧАДВАР
Даяарчлалын энэ үед улс орнууд хоорондоо худалдаа хийх нь ихэсч, төлбөр тооцоондоо валют ашигладаг. Жишээ нь, Япончуудад iPhone худалдаж авахын тулд доллар хэрэг болно. Тэд Тоёота машин үйлдвэрлээд Америкчуудад зараад хэрэгцээт доллараа олчихно. Харин бид яадаг вэ?
Харамсалтай нь, манай орны хувьд уул уурхайгаас ѳѳр валют олох чадвартай салбар цѳѳн хэрнээ ихэнх хэрэглээгээ гаднаас авдаг “импортын” эдийн засагтай. Ялангуяа приус, ланд круйзер зэрэг автомашинуудын импорт 2017 оны 7-р сард 227.8 тэрбум төгрөгт хүрч нэг жилийн дотор 65 орчим тэрбум төгрөг буюу 39.9 хувь өссөн нь гадаад худалдааны тэнцэл буурахад нөлөөлсөн.
Нөгөө талаас зэс, нүүрс г.м. түүхий эдийн үнэ унах тоолонд валютын ханшийн ѳсѳлт санаа зовоосон асуудал болсоор ирсэн. Энэ байдлыг өөрчлөхийг хүсвэл өрсөлдөх чадвартай холбоотой дээр дурдагдсан суурь асуудлуудаа шийдэх шаардлагатай.
Үүний тулд мэдлэг чадвартай боловсон хүчин бэлтгэж, дэлхийн зах зээлд зарагдах бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэх компаниудыг бий болгож, олон улсын шилдэг туршлагыг эх орондоо нутагшуулах ёстой. Тэгвэл “Хэн юу хийвэл эдгээр зорилго биелэх вэ?” гэдгийг Монгол хүн бүр анхаарах нь зүйтэй байна.
Эх сурвалж: Монголбанк
Сэтгэгдэл ( 2 )
эрх багигч нам төгрөгийн ханшийг унагах замаар ард түмнийг мөлждөг. сонгуулийн зардлаа ийм маягаар нөхөж ирсэн нь гол хүчин зүйл юм биш үү
TRAMP DAYARCHLALTAI TEMTSEED DOLLAR OSOOD