Манай улс эрдэс баялагт тулгуурласан орлоготой улс учраас гадаад зах зээлээс шалтгаалсан хөдөлгөөн эдийн засагт их, бага хэмжээгээр үргэлж гарч байдаг. Тэгвэл тэргүүлэгч гүрнүүдийн хоорондох гадаад худалдааны хязгаарлалтын бодлогууд, зарим улс орнуудад хэрэгжүүлж буй олон улсын хориг арга хэмжээтэй холбоотойгоор эрдэс бүтээгдэхүүний үнэд орж байгаа өөрчлөлт, хөгжиж буй орнуудаас гадагшилж буй хөрөнгийн урсгал, ам.долларын ханш бусад валютуудын эсрэг чангарсан хандлага, мөн импортын хэмжээ өндөр байгаа зэрэг хүчин зүйлс нь төгрөгийн ханшийг сүүлийн улиралд сулрахад хүргэлээ. Ханш 2500 болж, эдийн засагчид байр сууриа илэрхийлж буй энэ үед Монголбанкны Мөнгөний бодлогын хорооноос Бодлогын хүүг хөдөлгөх үү гэдэг асуудал яригдаж байв. Тэгвэл хорооны гишүүд хүүг 10 хувьд хэвээр үлдээлээ. Нөхцөл байдлын талаар түлхүү дуугардаг, эдийн засагчдын дийлэнх нь Бодлогын хүүг хэвээр хадгалж үлдэх байх гэсэн таамаглалтай байсан. Дотоодын хүчин зүйлсийн хувьд зээлийн хэмжээ өсөлттэй, төгрөгийн ханш сулрах эрсдэл бий. Гол нь гадаад орчны тодорхой бус байдал нэмэгдэж байгаа үед зах зээлд оролцогчдын санхүүгийн эрсдэл даах чадварыг нэмэгдүүлэх, эдийн засгийн гадаад болон дотоод тэнцвэртэй байдлыг хангах нь дунд, урт хугацааны тогтвортой байдалд чухал болоод байгаа тул Бодлогын хүүг хадгалах шийдвэр гараад байна.
Ханшийн өсөлт анхаарлын төвд байгаа ч, макро эдийн засгийн ерөнхий төлөв байдалд эерэг үзүүлэлтүүд байгааг эдийн засагчид сануулж буй. Хэдийгээр төлбөрийн тэнцэл алдагдалтай гарсан ч, экспорт том зургаараа долдугаар сарын байдлаар өмнөх оны мөн үеэс 17 хувийн өсөлттэй гарсан. Гадаадын шууд хөрөнгө оруулалт өссөн. Үүнийг даган импорт өсч буйг хэлж байгаа юм. Ер нь бол ОУВС-ийн зүгээс манайд эдийн засгийн нөхцөл байдлыг тооцон харж буй төсөөлөл эерэг байгаа аж. Цаашдаа экспортод цочмог их өсөлт гарахгүй ч, жилийн өсөлтийн төлвөө хадгалах дүр зурагтай бол импортын өсөлтийн хувьд тогтвортой байх төлөв ажиглагдаж буй юм байна.
Бодлогын хүүг хэвээр хадгалах энэ удаагийн шийдвэр нь инфляцийг дунд хугацаанд зорилтот түвшний орчимд тогтворжуулах зорилготой нийцэж, эдийн засаг, бизнесийн идэвхижлийг дэмжинэ гэсэн төсөөлөл Мөнгөний бодлогын хороонд байна. Тэгэхдээ Мөнгөний бодлогын хороо гадаад секторын нөлөөгөөр эдийн засагт үүсч болзошгүй эрсдэл, түүний цаашдын төлөв, дотоодын санхүүгийн зах зээлд үзүүлэх нөлөөг харгалзан үзэж, бодлогын хүүг өөрчлөх, макро зохистой бодлогын хязгаарлалтыг зөрчсөн тохиолдолд авах арга хэмжээний асуудлыг хэлэлцэнэ гэсэн байр суурьтай байна.
Ер нь бол Төв банк ч, эдийн засагчид ч нөхцөл байдлыг тайлбарлахдаа манай улс эдийн засгийн бүтцээ төрөлжүүлэхгүй, экспортын дэд бүтцээ стратегийн түвшинд харж, сайжруулахгүй байгаа нь эдийн засгийг эмзэгшүүлчихээд буйг хэлж байгаа. Тухайлбал, валютын ханшийн хөдөлгөөнд ямар хүчин зүйлс нөлөөлөөд байгааг эдийн засагч Ж.Дэлгэрсайхан хэлэхдээ: Урт хугацаанд бидний сайжруулж чадаагүй суурь нөхцлүүд болох эдийн засгийн бүтцийг сайжруулж, валютын тогтвортой орох урсгалыг бий болгоогүй. Мөн 2016 он хүртэл эдийн засаг гадаад дотоод хүчин зүйлсийн нөлөөгөөр хүчтэй унаж, хямралын нөхцөл байдалтай байсан. Үүнээс шалгаалж гадаад дотоод өрийн дарамт нэмэгдсэн байсан. Үүнээс үүдээд өнөөгийн валютын ханшийн өөрчлөлтийн богино хугацааны шалтгаанууд бий болж байна. Үүнд, 2017 оноос эдийн засаг эргэн сэргэхийн хэрээр эдийн засгийн идэвхжил нэмэгдэж, бизнесийн болон өрхийн тодорхой хэсэгт долларын эрэлтийг нэмэгдүүлэх хүчин зүйлс бий болсон. Энэ нь гадаад худалдааны тэнцэл, импортын өсөлтийн мэдээнээс харагдаж байна. Улс орны эдийн засаг сайжирч, төсвийн тэнцэл эерэг байгаа ч өмнө бий болсон өрийн дарамтаас шалтгаалж, энэ орлого зарим талаар валютын урсгалыг бууруулах чиглэлд буюу өр дарахад зарцуулагдаж байна. Сүүлийн үеийн нөхцөл байдалд энэ өсөлт улирлын нөлөөлөлтэй холбоотой. 8-9 сард эдийн засаг, нийгмийн идэвхжил бий болдог болон газар тариалангийн салбартай холбоотой тоног төхөөрөмж, нефтийн бүтээгдэхүүний эрэлт нэмэгдсэн зэрэг шалтгаантай” гэж байгаа юм.
Э.Болорхажид
Сэтгэгдэл ( 0 )