ОРЛОГО нь ч, ЗАРЛАГА нь ч 2 их наядаар илүү гарсан ТӨСӨВ

2018 оны 10 сарын 03

Зарлагын реформ хийгдэнэ гэсэн хүлээлт дагуулсан төсвийн төсөл спикерийн ширээн дээр 6 хоночихлоо. Ингэж хэлэхийн учир нь өргөн баригдсан төсвийн төслийг  бүтнээр нь гар дээрээ авч, бүх задаргааг нарийвчлан харсан гишүүн яг өнөөдрийн байдлаар таарахгүй байна. Төслийн агуулгыг, том тоонуудыг харсныхаа дараа үгээ хэлэхээр тэд дуугүй байна. Ямартай ч ирэх 2019 онд төсвийн орлогыг   9 их наяд 676.5 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 27.4 хувьтай тэнцүү байхаар тооцов. Тэгвэл энэ 2018 онд төсвийн орлогыг 7.2 тэрбум төгрөг байхаар тооцон батлаж байсныг эргэн сануулъя. Төсвийн зарлагыг 2019 онд 11 их наяд 589.8 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 32.8 хувьтай тэнцүү байхаар тооцсон байна. Улирах дөхөж буй 2018 оны хувьд зарлага 9.6 их наяд төгрөг,  төсвийн алдагдал 2,4 их наяд төгрөг  байхаар батлагдаж байсан юм.

Тэгэхээр ирэх жилийн төсвийн орлого энэ оныхоос 2 их наяд 276.5 тэрбум төгрөгөөр илүү байгаа бол зарлагыг мөн л 2 их наядаар нэмж оруулж иржээ. Энэ жилийн хувьд ТОДОТГОХГҮЙ гэгдсэн төсөв ирэх онд, орлого хийгээд зарлагын тооцоолол дээр 2 их наядын нэмэгдэлтэй орж ирж байгаа нь, ЗАРЛАГЫН РЕФОРМ гэх ойлголттой хэр нийцэх вэ гэдэг нь анхаарал татаж буй.

Эдийн засгийг тогтвортой өсөлтөөр хангаж, төсвийн үр ашгийг дээшлүүлэхэд чиглэсэн “Цахим, ил тод, үр ашигтай” төсвийн бодлогыг хэрэгжүүлэх төлөвлөгөө Сангийн яаманд бий. Тэгвэл чуулганаар ороод хуульчлагдаад гарахдаа САХИЛГА БАТ-ыг хэрхэн сахих нь гол. ОУВС-ийн хяналт мэдээж дагаж байгаа. Тэр үүднээс харвал төсвийн орлого, зарлагын төсөөлөл энэ жилийнхээс нэмэгдэх нь муу мэдээ биш. ОУВС-гийн хөтөлбөрийн хүрээнд зардлыг нь  танаад байсан салбаруудад очих мөнгөний хэмжээ нэмэгдэж буй. Жишээ нь МСҮТ-д суралцагчдад ирэх жилээс сар бүр мөнгөн тэтгэмж олгохоор тусгаж оруулж ирлээ. Энэ нь бодит зах зээлд эрэлттэй байгаа нарийн мэргэжлийн боловсон хүчний тоог нэмэгдүүлж бүтээмжийг өсгөхөд хөшүүрэг болно гэж бодлого боловсруулагчид тооцжээ.

Зарлагын хэмжээг нэмэгдүүлсэн бодлого боловсруулагчид 550 тэрбум төгрөгийг Ирээдүйн өв санд хадгалчихна гэсэн тооцооллыг мөн хийсэн. Чадаж байвал болж л байна. Гэхдээ эдийн засаг төрөлжөөгүй, гадаад ханшийн зах зээлийг дагаж савладаг манай улс эрсдэлийг тооцож харах нь зөв.  Намрын чуулганы эхний өдөр М.Энхболд дарга хэлэхдээ “Төрийн алба цомхон, чадварлаг байх учиртай. Хоёр жилийн өмнө төсөв зардлаа хэмнэх шийдвэрийг УИХ гаргаж байсан. Энэ дагуу УИХ-ын Тамгын газар орон тоо зардлаа 10 хувь бууруулснаар урсгал зардлыг  546.4 сая төгрөгөөр хэмнэжээ. Харин төрийн бусад байгууллага орон тоо зардлаа бууруулах дорвитой арга хэмжээ авсангүй. Энэ жилийн төсвийг хэлэлцэхдээ төрийн бүх шатны байгууллагад орон тоо зардлыг 10 хувиар бууруулах бодлого баримтлахыг уриалж байна. Төсвийг батлахдаа дэлхийн эдийн засгийн төлөв, хандлагыг сайтар тооцох шаардлагатай байгааг зориуд сануулъя. Олон улсын худалдаа, эдийн засгийн харилцааны эрсдэл төсөөлснөөс хурдацтай нэмэгдэж байна. Том гүрнүүдийн гадаад худалдааны харилцан хязгаарлалт, нефтийн бүтээгдэхүүний хориг, бодлогын хүүгийн өсөлт, голлох валютын ханшийн сулралт ирэх онд үргэлжилнэ гэж шинжээчид үзэж байна.  Энэ нь дэлхийн эдийн засгийн өсөлтийг хязгаарлан, гадаад зах зээлийн тодорхой бус байдлыг нэмэгдүүлж, хөгжиж буй орнууд, ялангуяа эмзэг эдийн засгийн бүтэцтэй улс орнуудад нэлээд дарамт учруулах магадлалтай”  гэсэн юм.

Эхэнд хэлээд байсанчлан, Төсвийн зарлагын реформыг хийхдээ төсвийн тэгш бус хуваарилалтыг арилгах, ил тод болгох, агаарын бохирдлыг бууруулах бодитой арга хэмжээ авч хэрэгжүүлэх, эмнэлгийн бие даасан байдлыг хангаж, санхүүжилтийн тогтолцоог зөв болгох, өрх, сумын эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг эрс сайжруулах, малыг эрүүлжүүлж махны экспортыг нэмэгдүүлэх, хөдөлмөрийн зах зээлд эрэлттэй, мэргэжилтэй ажилтан бэлтгэх, цалингийн зардлыг үр ашигтай зарцуулах, нийгмийн тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, үр ашгийг сайжруулах, гадаадын хөнгөлөлттэй зээлийг эдийн засаг, нийгмийн үр ашигтай төсөлд зарцуулах зэрэг үйл ажиллагааг хэрэгжүүлнэ гэж буй. Төсвийн тогтворгүй байдлыг тогтворжуулах чиглэлд ажиллах ёстой Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн гишүүд өнөөдөр томилогдсон.

Тэгвэл парламент энэ мэт шаардлагатай асуудлуудыг шийдэхийн зэрэгцээ эрсдэлээс сэргийлсэн,  үнэхээр  “бай”-гаа оносон тоонуудыг төсвийн төсөлд зоож чадсан эсэхийг тодруулж, нягтлан хүргэх болно.

Э.Болор

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top