ТОЙМ: Хувьцаатай, Таамаглалтай, Хүлээлттэй 7 хоног

2018 оны 10 сарын 06

Эдийн засгийн салбарт энэ долоо хоногт өрнөсөн үйл явдлуудыг тоймлон хүргэж байна. 

 Танд ч, надад ч хамаатай СЭДЭВ


Ерөнхий сайдын Америк дахь айлчлалаас болж өмнөх долоо хоногт  завсарласан засгийн хуралдаан энэ долоо хоногт тогтсон өдрөө болохдоо  “Эрдэнэс Тавантолгой”-н хувьцаатай холбоотой шийдвэр гаргав. Иргэн бүрт хамаатай 1072 хувьцааны ирээдүйтэй холбоотой учраас энэ мэдээллийг тоймд онцолж байна. IPO гаргах бэлтгэл ажлыг хангах үүрэг бүхий Ажлын хэсгийг ахалж буй Д.Сумьяабазар сайдад  “Эрдэнэс Тавантолгой”-н хувьцааг Нью-Иорк болон Хонгконгийн Хөрөнгийн биржээр арилжаалах талаар судлан танилцуулахыг засгаас даалгасан юм. Дэлхийн хөрөнгийн зах зээлд эхэнд эрэмбэлэгддэг Нью-Иорк,  Хонгконгийн хөрөнгийн биржид IPO гаргачихвал, Тавантолгойн орд бодит утгаараа эдийн засагт үр ашиг дагуулах боломж нээгдэнэ гэж харж байгаа юм.

Дэлхийн банк ингэж ТААМАГЛАВ


Дэлхийн банк манай улсын эдийн засгийн төлөв байдал, өсөлтийн хэмжээг хэрхэн харж буйгаа энэ долоо хоногт танилцуулсан юм. Тэдний тооцооллоор хагас жилийн байдлаар 6.3 хувьд хэмжигдэж байсан өсөлт оны төгсгөлд 5.9 хувь болж буурахаар байна. Гэхдээ ирэх 2019 онд 6.6 хувийн өсөлттэй байна гэж тэд таамаглалаа. Манай эдийн засаг өссөн үзүүлэлттэй байгаагийн учиг шалтгааныг уул уурхайн бүтээгдэхүүний экспортын тогтвортой байдал, гадаадын хөрөнгө оруулалтын өсөлт, бизнесийн үйл ажиллагааны идэвхжилтэй холбоотой гэлээ. Уг нь тэд төсвийн нөхцөл байдал сайжирсныг онцолсон. Гүйцэтгэл муутай улсын хөрөнгө оруулалтыг эрэмбэлэх зэргээр зарлагад хяналт тавьж ажилласан гэж магтсан. Тэгвэл шинэ оны төсөв хуульчлагдсаны дараа энэ магтаал хэвээрээ үлдэх үү гэдэг нь анхаарал татаж буй. Бидэнд тулгарч болох эрсдэлүүдийг мөн Дэлхийн банк нэрлэлээ. Сонгуультай холбоотой гарах улстөрийн эрсдэл, тэргүүлэгч улс орнуудын худалдааны маргаан, түүхий эдийн зах зээлд гарч болзошгүй савлагаа зэргийг тооцож орлого, зарлагаа төлөвлөх хэрэгтэйг анхааруулсан юм.

Өссөн ТӨСӨВ  


Ирэх 2019 онд улсын төсөвт төвлөрөх тооцоолтой 9 их наяд 676.5 тэрбум төгрөгийг хэрхэн яаж хуваарилахыг чуулганаар хэлэлцэж эхэллээ. Зарлагыг  11 их наяд 589.8 тэрбум төгрөг байна гэж урьдчилсан байдлаар Сангийн яам тооцож оруулж ирсэн. Төсвийн орлогын бүрдүүлэлтээс харахад 1.3 их наядыг гадны зээл тусламжаар бүрдүүлнэ гэж байгаа юм.  Нэгэнтээ орлогоосоо давсан зарлагыг төлөвлөж дадсан жишиг энэ удаа давтагдав. Ер нь бол орлого, зарлагын аль аль нь өмнөх оныхоос  2 их наядаар илүү гарсан төсөл хэлэлцэгдэж байна. Зарлагын реформ хийнэ гэж Сангийн сайдын онцлоод байгаа төсвийн төслийг ханш хөөргөх ХЭТ ӨНДӨР ЗАРДАЛТАЙ байна гэж эдийн засагч Ж.Дэлгэрсайхан хэлж байсныг сануулъя. Харин төсвийн төслийг бүтэн жилийн туршид боловсруулах үүргийг хүлээсэн Сангийн яам ИЛ ТОД, ҮР АШИГТАЙ төсөвтэй байхын тулд  Эдийн засгийн өсөлтийг дэмжиж, төсвийн сахилга батыг чанд баримтлан төсвийн алдагдлыг бууруулж, өрийн дарамтыг багасгана. Экспортод гарч буй эрдэс баялаг, импортын бүтээгдэхүүнд тавих хяналтыг цогцоор шийдвэрлэж төсвийн орлогыг нэмэгдүүлна. Бизнесийн орчныг дэмжсэн татварын хуулийн шинэчлэлийг хэрэгжүүлнэ. Төсвийн зарлагын реформыг хэрэгжүүлж, төсвийн үр ашгийг нэмэгдүүлнэ. Нийгмийн тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, үр ашгийг сайжруулна. Гадаадын хөнгөлөлттэй зээлийг эдийн засаг, нийгмийн үр ашигтай, өгөөжтэй төсөлд зарцуулна хэмээн мэдэгдээд байна. Ямартай ч шинэ төсвийг дагаад нийгмийн зүгээс "оноо авах" боломжтой тоонууд бас яригдаж байна. Тухайлбал, хүсэлт гаргасан хүүхэд бүрт "Хүүхдийн мөнгө" олгох тухай тогтоолын төсөл М.Энхболд даргын гарт энэ долоо хоногт очсон юм.

ТЭРБУМ ам.доллараар хэмжигдэх орлого ХҮЛЭЭНЭ


 Эдийн засгийн дархлааг сайжруулахын тулд алтны салбарын бодит өгөөжийг нэмэгдүүлэх шаардлага бий. Энэ оны есөн сарын байдлаар Төв банкны худалдаж аваад буй алтны 63 хувийг нь иргэд нийлүүлж буй гэсэн статистикийн цаана алтны салбараас төсөвт төвлөрөх  ёстой татвар бүрэн хэмжээгээр очиж чадаж байна уу гэсэн асуулт тавигдаж таарна. Тэгвэл УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар “Алтны форум”-ын индэр дээрээс “Алтны салбарыг тэрбум давсан ам.долларын орлого бүрдүүлдэг, тэрбум долларын салбар болгож, Монгол Улсын тогтвортой хөгжлийн зорилт 2030-д хүрэх нэг тулгуур болгон хөгжүүлэх тухай” гэгээлэг үгсийг хэллээ, энэ долоо хоногт. Тэрбээр “Алт олборлогч та бүхний өнөөдөр тушаасан грамм алт бүр Монголын өрх бүрийн идэх талхны үнийг бага ч гэсэн хямдруулж, таны өнөөдөр нөхөн сэргээн ургамалжуулсан шоо дөрвөлжин газар бүр иргэдийн итгэлийг нэмэгдүүлэх тул эх оронч байж, Монголбанкиндаа алтаа тушааж, олборлолтоо хадгалж ажиллахыг уриалж байна” гэсэн бол Төв банкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан  “Үндэсний алт үйлдвэрлэгчдийг төрийн бодлогоор дэмжиж, тулгарч буй хууль эрх зүйн зохицуулалтын шинжтэй хүндрэл бэрхшээлийг төрийн байгууллагууд хамтран шийдвэрлэх нь алтны салбарын хөгжил төдийгүй Монгол Улсын эдийн засгийн хөгжилд чухал" гэлээ. Дэлхийн улс орнууд валютын нөөцийнхөө 10-aaс доошгүй хувьтай тэнцэх хэмжээний алтыг нөөцөлдөг. Тэгвэл энэ үзүүлэлт манай улсад  15 орчим хувьтай байгаа ч, нэмэгдүүлэх шаардлагатай байгаа гэсэн юм.

Чангарсан Ханшийн тухай...


Төгрөг ам.долларын эсрэг ингээд унаад байх уу? Ханшийн өөрчлөлтийг тогтворжуулах боломж ойрын болон урт хугацаанд юу байна вэ гэдгийг эдийн засгийн салбарын төлөөллүүд хэлэлцсэн юм. Ам.доллар чангарсан шалтгааныг дотоод, гадаад аль аль хүчин зүйлээс болж байна гэж эдийн засагчид тайлбарлалаа. Бодит бус эрэлтийг хөөргөдөж, хүлээлт үүсгэж, ханш өсгөх хандлага байгаа тэд хэлсэн. Мөн салбар бүрээс  ам.долларын урсгал гадагшаагаа чиглээд байхаар тогтворгүй байдал үүсч л таарна. Тиймээс олсон валютаа бүгдийг нь буцаад гаргачихаад байлгүй, шингээгээд үлддэг болох хэрэгтэй. Үүний тулд хүнд аж үйлдэр болон бусад аж үйлдвэрийн салбарыг хөгжүүлэх хэрэгтэй, эдийн засаг бүтцээрээ өөрчлөгдөх шаардлагатай байгааг эдийн засагчид хэлж байна. Мөн эрх баригчид элдэв амлалт, тодорхойгүй төслөөр түрий барин гаднаас зээлсэн өр нь эргэж төлөгдөхдөө эдийн засагт дарамт үүсгэж, валютын нөөцөөс том томоор өм татаж буйг хаа хаанаа анхаарах ёстой ярьж байна.

Хөрөнгийн захыг ТЭЛЭХ шинэ боломж...


Хувьцаанаас гадна хөрөнгийн зах зээлийн үндсэн бүтээгдэхүүнүүдийн нэг болох өрийн хэрэгслийн арилжааг идэвхжүүлэх нь хөрөнгийн захад том ач холбогдолтой. Тэгвэл энэ долоо хоногт Монголын хөрөнгийн бирж болон Зээлийн батлан даалтын сан нь жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн гаргах өрийн хэрэгсэл буюу бондод батлан даалт гаргах эрх зүйн орчин бүрдүүлэх, үнэт цаасны зах зээлд батлан даалттай шинэ бүтээгдэхүүн бий болгох талаар хамтран ажиллах, мэдээлэл солилцох чиглэлээр “санамж бичиг” байгуулсан юм. Зах зээлд өрийн хэрэгсэл гаргах нь банкны зээлээс хямдаар санхүүжилт татах, хөрөнгө оруулагчдын хувьд хадгаламжийн хүүгээс өндөр хувиар мөнгөө өсгөх боломжийг олгосноор бүх оролцогчдод харилцан ашигтай гэдгийг талууд онцолсон. Үнэт цаасны зах зээлийн тухай хуулиар компанийн нийтэд санал болгон гаргах өрийн хэрэгслийн үнийн дүн нь тухайн компанийн өөрийн хөрөнгийн хэмжээнээс илүүгүй байх шаардлага тавигддаг. Харин дээрх нэр бүхий хоёр  байгууллагын зүгээс  санамж бичигт байгуулахдаа хуулийн холбогдох шаардлагыг хангахгүй байгаа бизнес эрхлэгчид Зээлийн батлан даалтын сангаас олгох батлан даалтын тусламжтайгаар өөрт шаардлагатай санхүүжилтийг бүрэн татах боломж бүрдэнэ гэж үзэж буйгаа илэрхийлсэн. Монголын хөрөнгийн биржийн захирал Х.Алтай хэлэхдээ  "Эрх зүйн орчны өөрчлөлт шаардагдана. Зээлийн батлан даалтын сангийн тухай хуульд хаалттай өрийн хэрэгсэл гаргахад батлан даана гэсэн заалттай байдаг юм байна лээ. Тэгэхээр нээлттэй өрийн бичигт батлан даалт гаргана гэсэн өөрчлөлтийг хуульд оруулснаар манай хөрөнгийн бирж дээр гарч буй аливаа өрийн хэрэгслүүд дээр батлан даалт гаргах боломжууд үүснэ” гэж байсан юм.

 Э.Болорхажид

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top