Г.Занданшатар: Оюутолгойгоос 35 сая ам.долларыг төлөхөөр боллоо

Автор | Zindaa.mn
2018 оны 10 сарын 10

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, Монгол Улсын нийгэм эдийн засгийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн хэрэгжилтийн явцын талаар хэлэлцсэн байна. Мөн Оюутолгойн гэрээг сайжруулах чиглэлээр хэрэгжүүлэх ажлын талаар хэлэлцжээ.

Монгол Улсын Засгийн газраас 2018 онд нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх үндсэн чиглэл, Засгийн газрын 2016-2020 онд хэрэгжүүлэх мөрийн хөтөлбөрийг судалж, гүйцэтгэлийн хяналт хийхэд эдийн засгийг хөгжүүлэх үндсэн чиглэл 50.9 хувийн дүнтэй хэрэгжсэн байна. Монгол Улсын эдийн засгийн өсөлт 6.3 хувьд хүрсэн бол нэгдсэн төсвийн тэнцэл 291.3 тэрбум төгрөгийн ашигтай гарчээ. Инфляцийн төвшин 8 хувьд хүрсэн нь дэлхийн худалдааны дайнаас шалтгаалсан валютын ханшийн өсөлттэй холбоотой гэв. Гадаадын шууд хөрөнгө оруулалт 879 сая ам.доллараар өссөн ба Монгол Улсын гадаад өр 21.1 их наяд төгрөг болж 1.6 их наяд төгрөгөөр буурсан тухай ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар мэдээлэв. Тэрбээр “Хилийн боомтуудын нэвтрэх чадвар сайжирснаар улсын хэмжээнд нүүрсний экспорт хоёр дахин нэмэгдсэн байна. Оны эхний хагас жилийн байдлаар 1.4 тэрбум ам.долларын нүүрс экспортлоод байна. Нүүрсний экспортоос оны төгсгөлд 4 тэрбум ам.долларт хүргэхийг зорьж байна” гэсэн юм.

Мөн Г.Занданшатар сайд “Оюутолгойн гэрээг сайжруулах ажлын хүрээнд өнгөрөгч нэгдүгээр сараас эхлээд олон удаагийн яриа хэлцэл хийсний үр дүнд Монгол улсын ноогдол ашиг хүртэх хугацааг наашлуулах, Монголын талд үзүүлж байгаа санхүүгийн дарамтыг бууруулахаар тохиролцсон. Ингэснээр Оюутолгойн гэрээ илүү ашигтай болох нөхцөл бүрдэж байна. Монгол Улсын эзэмшиж байгаа 34 хувь нь хувь нийлүүлэгчдийн зээлээр санхүүждэг байсан ба зээлийн хүү буурснаар Монгол Улсын хүртэх үр өгөөж нэмэгдэнэ. Мөн Оюутолгой компанитай 35 сая ам.долларын татварын төлбөрийг зарчмын хувьд тохирсон. Гэхдээ нийт тавигдаад байгаа 150 сая ам.долларын татварын актыг арбитрын шүүхээр шийднэ” хэмээн мэдээлэл хийлээ. Уг мэдээллийн үеэр ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатараас дараах тодруулгыг авсан юм.


-Эдийн засгийг хөгжүүлэх үндсэн чиглэл 50.9 хувьтай хэрэгжээд байгаа нь хангалтгүй биш үү? Он дуусахад хоёрхон сар үлдээд байна шүү дээ?

-Энд дурдагдсан тайлан тооцоо эхний хагас жилийн байдлаар гарсан. Тэгэхээр үндсэн чиглэл амжилттай хэрэгжинэ. Мэдээж хөрөнгө мөнгөний асуудал яригдана. Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн хэрэгжилт 47.2 хувьтай явж байгаа. Мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд 67.6 их наяд төгрөг хэрэгтэй гэсэн тооцоо гарсан. Бид гол ажлууддаа анхаарч ажиллах болно.

-Эдийн засгийн өсөлт хувь хүний амьжиргааны төвшинтэй хэр уялдаж байгаа вэ?

-Ард түмний амьжиргааны төвшин эдийн засгийн өсөлт хоёрын уялдаа шууд гардаггүй. Уначихсан байсан эдийн засаг нэг өдөрт босчихдоггүй. Гэхдээ бид эдийн засгийн өсөлтийг ард түмэнд хүргэхийн тулд 2014 оноос хойш нэмэгдээгүй байсан тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлж байна. 2014 онд бид нэг ч цэцэрлэг барих мөнгөгүй байсан. Өнөөдөр бүх хүүхдийг цэцэрлэгт хамруулах, сургуулийг хоёр ээлжээр хичээллүүлэх ажил амжилттай хийгдэж байна. Энэ бол хүндээ хүрсэн үзүүлэлт гэж үзэж байна. Багш, эмч нарын цалинг нэмэгдүүлсэн. Нэгдүгээр эмнэлгийн сувилагч 498 мянган төгрөг авдаг байсан бол 630 мянган төгрөгийн цалин авдаг болсон. Ирэх жил дахиад 20 хувиар нэмэгдээд 760 орчим мянган төгрөг авна. Дээр нь хоол, унааны мөнгө авдаг юм билээ. Ингэж жирийн иргэдийн амьдралд наалдаж байна.

-Шатахууны үнийг бууруулах чиглэлээр Засгийн газар ямар ажил хийж байна вэ?

-Дэлхий даяараа Иранд тавьсан хоригоос шалтгаалан нефтийн хомсдолд орсон. Биднээс хамаарахгүй хүчин зүйлсээс шалтгаалж нефтийн үнэ өссөн. Тиймээс Засгийн газраас нефть боловсруулах үйлдвэр барихаар эрчимтэй ажиллаж байна. 2022 он гэхэд бид шатахууны үнийг зохицуулах боломж харьцангуй бүрдэнэ. Өмнө нь төрийн зүгээс үнэ тогтворжуулах замаар шатахууны үнэд хэт ордог байсан нь буруу гэдгийг Олон улсын валютын сан зөвлөсөн.

-Та Оюутолгойн зээлийн хүүг бууруулсан гэж хэллээ. Яг хэдэн хувиар бууруулсан бэ?

-Зарчим нь Монгол Улсын хүртэх ашиг наашилж байгаа юм. Яг хэд болж буурахыг олон улсын банк санхүүгийн байгууллагуудтай хамтарч шийднэ. Одоогоор тодорхой тоо хэлэх боломжгүй. Хөрөнгө оруулалтын гэрээ болон Дубайн төлөвлөгөөний дагуу татвараас чөлөөлөгдсөн асуудлууд дээр шийдэмгий акт тавьсан. Ямар ч байсан Оюутолгойгоос 35 сая ам.долларыг төлөхөөр боллоо. Ер нь татварын асуудлаар арбитрын шүүхэд ханддаг байдал түгээмэл юм билээ. Шүүхээр шийдэгдсэнээр Монгол Улсын хүртэх үр өгөөж нэмэгдэнэ. Энэ нь 35 сая ам.доллар мэт харагдах боловч цаанаа төслийн бүх амьдралын хугацаанд маш их дүн гарна.

-Оюутолгойн эрчим хүчний хэрэгцээг хаанаас хангахаар болсон бэ?

-Яриа хэлэлцээрийн төвшинд Оюутолгой компани усны нөөц, ТЭЗҮ-гээ Оюутолгой дээр хийсэн учраас цахилгаан станцыг Оюутолгой дээр барья гэсэн санал тавьсан. Засгийн газрын зүгээс Тавантолгойд цахилгаан станц барих санаатай байсан. Ингээд эцсийн дүндээ Тавантолгой дээр барихаар тохиролцсон. Цаашдаа Оюутолгойн эрчим хүчний хэрэглээ нэмэгдэнэ гэж тооцож байгаа. Одоо 120-150 сая ам.долларын эрчим хүч хэрэглэж байна. Энэ мөнгө Монголд үлдэнэ гэсэн үг.

М.Бүүвэй

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ичээч(202.9.41.77) 2018 оны 10 сарын 10

200-аад саяаа авахгүй яахаараа 35 гэж яриад бѳгс долоогоод бгаа чавганц царайт вэ

0  |  0
Зочин(202.179.4.242) 2018 оны 10 сарын 10

Засгийн гхзрын сайндаа ч оюутолгой буулт хийгээгүй байхаа.Хэдэн тэмцэгчдын мөн Даваасүрэн гишүүний нөлөө их ороо байлгүй дээ.Гэхдээ ор үгүйсгэж болохгүй цаашид ч наад муу шар толгойтой луйварчидаа амар байлгахгүй байх хэрэгтэй шүү.Тал талаасаа сайн тэмцэж хуйвардсан нөхдүүдийг нь сайн шоронд хийгээд байвал наад луйварчид чинь буулт хийнэ.

0  |  0
Top