Хоёр жилийн хугацаанд бага насны хүүхэд хүчирхийлсэн 52 хэргийг шийдвэрлэжээ
Монгол Улс хүүхдийн эрхийг хэрхэн хамгаалж байна вэ? Хүүхдээ хүчирхийллээс ангид байлгаж чадаж байна уу?
Монгол Улс 1998 оноос Хүүхдийн эрхийн конвенцод нэгдэж, Олон улсын эрх зүйн баримтуудыг хэрэгжүүлж, нэгдэж иржээ. Монголын хуулиуд ч бий. Хууль, эрх зүйн хувьд хэргүүдийг шийдвэрлэх боломжтой. Гэвч бодит амьдрал дээр тийм ч хангалттай хэмжээнд хэрэгжихгүй байгаа нь анзаарагддаг. Бага насны охидыг хүчирхийлсэн, амь насыг нь хохироосон сэтгэл сэрдхийлгэм хэргүүд ойр давтамжтай гарсаар байна. Шүүх, шүүгчид хэргийг хэрхэн шийдвэрлэдэг вэ? Сэжигтэнд ял шийтгэл оноохдоо хуулийн дагуу зүйл, заалтуудыг зөв ашиглаж чаддаг уу гээд олон асуултыг бид хөндөн тавьж болох юм. Тэгвэл хуульч, судлаачид энэ талаар судалгаа хийжээ. Энэ нь шүүгчийн хараат бус байдалд хөндлөнгөөс нөлөөлөх гэсэн зүйл, ухагдахуун биш л дээ. Нээлттэй нийгэм форумын хуульч, докторант Б.Баттуул энэ тухай дэлгэрэнгүй танилцуулсан юм. Шүүхийн ерөнхий зөвлөлийн Шүүхийн судалгаа, мэдээлэл, сургалтын хүрээлэнгээс гаргасан мэдээлэлд “Насанд хүрээгүй болон бага насны хүүхдийг хүчиндсэн хэрэг 2015 онд 30, 2016 онд 22, 2017 оны эхний хагас жилд 11-ийг шийдвэрлэсэн" тухай дурьдагджээ. Үүнээс 10 хэргийг шийдсэн тогтоолд дүн, шинжилгээ хийхэд хуулийн зүйл, заалтыг буруу зүйлчилсэн, логикийн хувьд зөрчилтэй, эргэлзээ төрүүлэхээр, үг, үсэг алдсан, утга нь ойлгомжгүй бичигдсэн зэрэг алдаа ажиглагдсан байна.
Шүүх ямар алдаа гаргадаг вэ?
Судалгаанд тодорхой хэргүүдийг шийдсэн тогтоолыг үндэслэсэн гэдгийг дурьдсан. Нийслэлийн Хан-Уул дүүрэгт 2017 онд гарсан, дагавар охиноо хүчирхийлсэн хэргийг шүүх шийдвэрлэхдээ ямар алдаа гаргасан бэ гэдэгт судлаачид анхаарал хандуулсан байв. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2.1-д “... Гэмт хэрэг үйлдэгдсэн газар, цаг, хугацаа, тогтоосон хэргийн талаарх нөхцөл байдлыг тодорхойлох хэсэгт тусгана” гэж заасан байдаг. Гэвч шүүхийн тогтоолд ... Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо, ...тоотод оршин суух өөрийн дагавар охин болох насанд хүрээгүй буюу 16 нас найман сар, 13 хоногтой ...-ийн биеэ хамгаалж чадахгүй байдлыг далимдуулан хүч хэрэглэж, 2017 оны хоёрдугаар сараас 2017 оны гуравдугаар сарын 9-ний өдрийг хүртэлх хугацаанд хүч хэрэглэн, хүчирхийлж жирэмсэн болгосон” гэсэн нь гэмт хэрэг яг хаана үйлдэгдсэнийг орхигдуулсан алдаа гаргасан гэж судлаач дүгнэжээ. Хохирогчийн оршин суух хаягийг бичсэн гэж үзсэн байна.
2017 онд энэ төрлийн хэргүүдийг шийтгэх тогтоолуудын талаас илүү хувьд нотлох баримтыг үнэлж тогтоосон улсын яллагчийн дүгнэлт, өмгөөлөгчийн саналын үндэслэл болгосон баримт, иргэдийн төлөөлөл ямар дүгнэлт гаргасан, үүнийг нь няцаасан ямар үндэслэл байгаа зэргийг огт дурьдаагүй байсан ажээ.
Бас нэгэн нийтлэг алдаа
Судлаачдын анзаарсан бас нэгэн зүйл нь шүүгч шийдвэр гаргах тогтоолдоо заавал “.. Биеэ хамгаалж чадахгүй байдлыг нь далимдуулж...” гэдэг үгийг оруулдаг гэнэ. Насанд хүрээгүй, таван настай, 10 настай хүүхэд биеэ хамгаалах чадваргүй нь тодорхой учраас заавал тогтоолд энэ тухай давтах хэрэггүй гэж судлаач дүгнэсэн байсан. Асуултгүй, нүдний өмнө ил байгаа бодит дүгнэлт гэмээр юм уу даа. Судлаач үүнийгээ “Хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй байгаа байдлыг далимдуулж” гэдэг нь Эрүүгийн хуулийн 126,1-д заасан гэмт хэргийн шинж. Тэгвэл бага насны хүүхдийг хүчиндсэн гэдэг нь “Хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй байдлыг далимдуулж” гэсэн шинжийг заавал агуулсан байх шаардлагагүй, шууд илэрхийлж буйгаараа бусад хэргээс ялгаатай” хэмээн тайлбарлажээ.
Шүүгчийн ойлгомжгүй тогтоол
Шүүгч хэргийг шийдвэрлэж, тогтоол гаргахдаа ойлгомжгүй, салаа утгатай зүйл бичдэг алдааны тухай судалгаанд цухас дурьдагдсан. 2017 онд шийдэгдсэн нэгэн хэргийн тогтоолд яг ийм ойлгомжгүй байдлаар тусгасан байх юм. Шүүгч шийдвэр гаргахдаа “Шүүгдэгчээс эмчилгээний зардал гаргуулж тооцох нь зүйтэй” гэсэн байтлаа араас нь “Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдаж байна” гэж өөрийнхөө шийдвэрийг өөрөө үгүйсгэжээ. Тодруулбал, хохирогч хүүхдэд эмчилгээний зардал гаргуулах тухай. Шүүгчийн тогтоолд ... Шүүгдэгч... ээс эмчилгээний зардал гаргуулж олгох нь зүйтэй байна. Эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж байна” гэжээ. Ойлгоход хэцүү, салаа утгатай шийдвэр. Энгийнээр хохирогчид эмчилгээний мөнгө өгөх ёстой. Гэхдээ шүүгдэгч мөнгөгүй учраас өгөхгүй байх нь зөв гэсэн үг юм уу даа.
Утгын алдаатай тогтоол
Шүүхийн шийдвэр, шүүгчийн тогтоолыг энгийн иргэн уншихад ямар ч эргэлзээгүй ойлгохоор бичих, бичигдэх ёстой байдаг. Гэвч зарим шүүгч тогтоолоо үг, үсэг, утга найруулгын алдаатай, ойлгомжгүй бичдэг байна. Энгийн иргэн байтугай мэргэжлийн судлаач, хуульч ч ойлгоход амаргүй байдаг тохиолдол цөөнгүй ажээ. Найруулгын оновчгүй тогтоолын жишээ хэлье. Яллах дүгнэлтэд "2015 оны гуравдугаар сарын 30-ны өдөр ... дүүргийн 28 дугаар хорооны нутаг дэвсгэр ... тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 13 настай бага насны ... овогтой ... хүчиндсэн гэмт хэрэгт холбогджээ" гэсэн байна. Эндээс шүүгдэгч ... тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэж ойлгогдоно. Бодит үйл явдал гэвэл сэжигтэн гаднаас согтууруулах ундаа хэрэглэсэн байдалтай орж ирж, хэрэг үйлджээ. Тогтоолд “...Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ... тоотод бага насны хүүхдийг хүчиндсэн” гэж ойлгомжтой бичих байсан ажээ.
Хүчиндэгч этгээдүүд хойд болон төрсөн эцэг, ах, ураг төрлийнхөн нь байдаг
Хүүхдийг хэн хүчирхийлдэг вэ? Иргэд танихгүй хүн гэж боддог, хариулдаг хэдий ч хамгийн ойр дотны хүмүүс нь байдаг учраас энэ төрлийн хэрэг дарагдах, хохирогч үүрд сэтгэлийн шархтай үлдэх тохиолдол байдгийг үгүйсгэх аргагүй. Судалгаагаар насанд хүрээгүй буюу бага насны хүүхдүүдийг хүчирхийлэгчдийн 60-70 хувь нь төрсөн эцэг, хойд аав, ах, садан, танил хүмүүс байдаг нь тодорхой болгосон байна. Хүчирхийлэгч харь хол биш хажуу, дэргэд байдгийг мартаж болохгүй гэсэн сануулга гэлтэй. Энд эцэг, эх хохирогчийн талынхны нэг нийтлэг алдаа ажиглагддаг нь “Хүүхэд хүчиндүүлж хохирсон нь үнэн юм чинь шүүх ял онооно” гэж үзээд, шүүх хуралд өмгөөлөгчгүй ордог үзэгдэл. Энэ нь эх, эцэг нь хүүхдэдээ хэрхэн анхаарал хандуулж байгааг давхар дүгнэж болох нэг үндэслэл гэж болмоор. Шүүх хурлын 70 хувьд нь хохирогч хүүхдүүд өмгөөлөгчгүй оролцсон байдлаар хэргийг шийдвэрлэжээ. Өмгөөлөгчдийн зарим нь “Шүүх хурал дээр өмгөөлөгчийн үгийг тоож сонсдоггүй” гэсэн гомдол гаргахыг нэг бус удаа сонсч байсан. Ийм байдал ч нөлөөлсөн байхыг үгүйсгэхгүй. Гэвч хүүхэд хүчирхийлэлд өртсөн гэж хэрэгтэнд ял оноогоод, бүх зүйл сайн сайхан боддоггүй. Хүчирхийлэлд өртсөн хүүхэд насан туршийн хохирогч болж үлддэг нь аюултай. Сэтгэл, санаанаас нь тэр үйл явдал гарахгүй, мартагдахгүй гэсэн үг. Энэ бол хүүхдийн эсрэг гэмт хэрэг, хүчирхийллийн хамгийн аюултай нөлөө юм.
Д.Дамдин
Сэтгэгдэл ( 1 )
hamgiin hund yal ogno