Италийн зохиолч, философич, дундад зууны түүх судлаач, Умберто Экогийн "Дугаар тэг" романыг түүний амьд ахуйдаа бичсэн хамгийн сүүлчийн зохиол гэдэг. Умберто Экогийн зохиол монгол хэлнээ анх удаа орчуулагдаж байгаа билээ. "Дугаар тэг" зохиолыг П.Энхтуяа орос хэлнээс хөрвүүлэн, ЧҮНДЖ паблишинг эрхлэн гаргаад байна.
Зохиолч, яруу найрагч Л.Өлзийтөгс: "ҮЙЛ ЯВДАЛ Л ХӨӨЖ УНШДАГ уншигчид бол энэ ном ойлгомжгүй санагдаж мэднэ. Гэвч оюун санааны хувьд ахиж дэвшихийг хүсдэг уншигчийн хувьд УМБЕРТО ЭКО бол шат билээ" гэжээ. Ингээд та бүхэнд тус номоос онцолж буй 10 эшлэлийг хуваалцая.
1. Уншигчид биднээс өндгөн толгойт, сэхээтнүүдийн биш үгийн урлагийн жинхэнэ шилдгүүдийн хэллэгийг л хүлээж байдаг юм шүү дээ.
2. Ямар нэгэн аюумшигт гамшгийг биеэрээ үзэж туулсан улс бодит байдлыг байнга хэтрүүлэн төсөөлж, тусгаж авдгийг тооцох хэрэгтэй. Жишээ нь, аливаа нэгэн дайн байлдаан, зэвсэгт мөргөлдөөний тухай ярихдаа, тэнд гол мөрөн шиг их цус урссан гэж ярьдаг аа даа. Гэтэл хэн ч жинхэнэ гол мөрөн, тухайлбал, Амазон мөрнийг төсөөлөн хэлээгүй шүү дээ.
3. Үргэлж мөнхийн худал хуурмагийн балчигт шигдэн амьдарч, өөрсдөө үүнийгээ тун сайн ойлгож байгаа хэрнээ, дээр нь бас мөнхийн хар сэртэй. Би үргэлж хардаж сэрдэж явдаг хүн. Хаана ч явсан, хэзээ ч гэлээ, бүхнийг хардаж сэжиглэдэг.
4. Хэн нэгэн үзэл бодлоо хэлсэн нь үнэн шүү дээ, энэ бол хөдөлшгүй баримт. Гэвч сэтгүүлч хүн зөвхөн өөрийнхөө баримталдаг зарчим, байр суурьтай нийцэх баримтуудыг цуглуулдаг байх учиргүй. Ийм учраас нэг зүйлийн талаар олон талт харах өнцөг байгааг батлан харуулахын тулд “санал нэг” болон “эсрэг” агуулгатай хоёр өөр яриаг хоёуланг нь ашиглах хэрэгтэй болдог. Сонин өөрөө обьектив байр суурьтай байна. Эхний тохиолдолд ямар ч утга авцалдаагүй зүйл бичээд, араас нь ухаалаг зүйл хэлэхэд л хамаг заль мэх оршино. Тэгж гэмээ нь л нийтлэл бичигчийн онолыг бататгаж номлох нигууртай.
5. Тойм уншчихаад, дараа нь тэр номыг гүйцэд уншдаг хүн одоо үед ер нь байдаг юм уу? Цаг хугацааг шал дэмий үрж байгаа хэрэг бус уу? Тойм бичигч нь ч ялгаагүй тэр номуудаа уншдаггүй гээч. Зохиогч нь өөрөө уншсан бол дээдийн заяа юм даа. Тэгж хэлэхээргүй номууд ч бас харагдаад л байна даг.
6. “Чи маанаг ч гэлээ, би чамд хайртай” гэж хэлэхийг нь анх сонсоод л эхнэртээ тэр чигтээ сэтгэл алдарсан тухайгаа ч дурсав. Иймэрхүү үг хүний ухаан санааг балартуулж, дурлал хайранд бялхуулж байдаг билээ. Гэвч дараа нь эхнэр маань намайг үнэхээр мулгуу амьтан болохыг сэхээрч сэнхэртэл ойлгосон юм даг уу даа. Үнэхээр ойгүй тэнэг амьтан юм гэж эхнэрт маань санагдаа байлгүй. Тэгээд л хамаг түүх дуусчихсан.
7. Ер нь өөрийнхөө бодит нөхцөл байдлыг хүн болгон л голж гоочлох юм аа даа. Хэнд юу байна, түүндээ л гоморхож гомдоллож явдаг юм шив дээ.
8. Бусдын зовлонг хараад баясахыг илэрхийлдэг "Schadenfreude" гэдэг нэг аятайхан герман үг бий. Өөрийгөө үнэлж, хүндэлдэг хэвлэлийн газар болгон уншигчдынхаа яг энэ мэдрэмжийг хөглөхийг зорьдог.
9. Майя надад амар амгаланг эргүүлэн авчирсан. Өөртөө итгэх итгэлийг минь ч бас өдөөн сэрээсэн. Орчлонгийн аливаа үйлд сэтгэл түвдэхгүй болсон гэж хэлбэл илүү онох байх. Хэтийдсэн их зүйл хүсэхгүй бол хорвоогийн амьдрал гэдэг чинь хөнгөхөн эд юм.
10. Том далайцтай соёл урлагийн хөтөлбөртэй байх боломж бидэнд алга. Ойлгож байна уу, манай захиалагчид огт ном уншдаггүй юм. Тэд зөвхөн спортын сонин, сэтгүүл л гарчигладаг юм. Гэхдээ би ойлгож байна л даа, нэр төрөө эрхэмлэдэг хэвлэлийн газарт нэг тийм нүүр байх ёстойг…
Сэтгэгдэл ( 0 )